Сэтгэл сэргэж , итгэл ирлээ

Нямдорж сайд өрөөгөө суллаж өгөхгүй байна л гэнэ. Их Хурлын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ зөвшилцөөгүй учраас анхны хуралдаанд оролцож  чадахгүй л гэнэ. Архи, ундаа, мөнгө тарааж гарч ирсэн хүмүүсийг нь тангарагийг нь өргүүлсэнгүй л гэнэ.  Энэ Ардын Нам алиалж дуусахгүй юмаа.

Ирэх 4 жилд энэ нам энэ мэтээр их гай төвөг болж , "хорлон сүйтгэх" үйл ажиллагаагаа эрчимтэй хийж саяын сонгуульд ялагдсаныхаа "өшөөг" авах бизээ. Тэдэнд Монгол улсын хөгжиж дэвжих, хүн ардынх нь амьдрал сайжрах зэрэг асуудал чухал биш бололтой. Алдсан эрх мэдлээ яаж эргүүлж олж авах, түүний тулд Ардчилсан Намыг гутаах, хийх ажилд нь  зориудаар саад болж нэр хүндийг нь унагаах ажлыг яаж хийх вэ гэдгээ л бодож боловсруулж суугаа юм шиг.

Саяын сонгуулиар мөнгө тарааж улаан цагаандаа гарсан үйлдлүүдийг  Увс аймагт нэр дэвшиж гарсан МАН-ын Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар болон Өвөрхангайгаас "сонгогдсон"  Чинзориг, Төмөрхүү нар гаргалаа.  Гэвч шүүхээр буруутай нь тогтоогдсон Өвөрхангайн хоёр тангарагаа өргөж чадаагүй бол нөгөө Увсын хоёр гишүүн болчихлоо. Хэрэв хуулиа  мөрддөг бол тэр хоёр ч мөн удахгүй Их Хурлын гишүүнийхээ үнэмлэхийг хураалгах бизээ. Зохих байгууллагууд нь шалгаж тогтоотол хэд хоног ч гэсэн мөрөөдөлдөө умбаад үнэмлэхээ хармаалаад явж л байг.

АН сая зөв шийдвэр гаргаж МАН-аас өөр нам, эвсэлтэй   хамтран  засгаа байгуулж байна. МАН-тай дахин эвсэж МАНАН-2 гээчийг бий болгоод яахав. МАН гэдэг хүчин даанч увайгүй загнаж , тулхгүй бөгөөд найдваргүй этгээд гэдгээ ялагдсаныхаа дараа ч харуулж тараа таниулж байна. Хуулиа баримталж шударга өрсөлдөхийг уриалаад байсан нам шүү дээ! Хаа байна  тэр нь? Шал худлаа жүжиг байжээ гэдэг нь дээр нэр дурдсан 4 хүний үйлдлээс харагдаж байна даа.

Тэр Увсын Чойжилсүрэн бол 2008 оны сонгуулиар хүмүүсийг цуглуулж илэрхий мөнгө тарааж сонгогдож байсан туршлагатай "санал худалдан авагч" билээ. Тэр мөнгө тарааж байгаа бичлэг нь Ю-Тюүб дээр тавигдаж "од" болж байсан даа. Энэ жил дахиад л тэр "дархан мэхээ" хэрэглээд гараад ирсэн байгаа юм. Ядуу ард түмэн яахав дээ, хүний "юм" зүгээр авалтай биш хөөрхий гээд л саналаа өгчихсөн хэрэг.

МАН-хан олон жил энэ аргаа хэрэглэж ирсэн улс даа. Энэ жил харин хууль өөрчлөгдөөд иймэрхүү зүй бус үйлдлийг  чангалаад, хориод байхад л зөрчөөд мөнгө тараах аргаа ил тод, нууцаар хэрэглээд байсан байгаа юм. Юу ч гэхэв дээ. Ам, ажил хоёр нь жинхэнэ зөрдөг нам даа.  2008 оны сонгуулиар нөгөө С.Баяр дарга нь юу гэж хэлж байсныг санаж байна уу? АН 1 сая төгрөг тараана гэж юугаа яриад байгаа юм? Тэгэх юм бол Монголын эдийн засаг шууд сүйрнэ гэж хэлж байсан Баяр төд удалгүй дараа нь ярицлага өгөхдөө намынхаа амалсан 1.5 сая төгрөгийг өгөхөд бүрэн  боломжтой гэж ирээд л нүүр нь улайхгүй залж байв даа.  Өөр нам мөнгө өгөхөөр сүйрдэг, харин МАН мөнгө тараахад сүйрдэггүй эдийн засагтай улс юм биз дээ, Монгол. Тэгээд ч АН бэлэн мөнгө амлаагүй харин 1 сая төгрөгний үнэ бүхий хувьцаа амалсан гэдгийг Баяр гуай мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч зориуд ингэж бэлэн мөнгө хэмээн гуйвуулж байгаа нь бас л санаатай үйлдэл бөгөөд  хорон муу аргаа хэрэглэж байгаа нь тэр.

Ингэж аливаа  асуудлыг гуйвуулж эсвэл буруугаар тайлбарладаг нь энэ намынхны гэм биш зан юм. Хамгийн сүүлийн үеийн жишээг дурдвал:  Дээр дурдсан Өвөрхангайн тойрогт  архи, мөнгө тараасан шалтгаанаар шүүхийн шийдвэрээр  буруутаж гишүүн болж чадаагүй МАН-ын  хоёр нэр дэвшигчийн хэргийг харъяалалын бус шүүхээр шийдүүлсэн нь буруу гэж МАН-ын удирдлага тайлбарлаад байгаа. Тэдний яриагаар бол Өвөрхангайн шүүх уг асуудлыг авч хэлэлцэх ёстой гэнэ. 

Тэгвэл мэргэжлийн хуульчид хуулиас иш татаад хэлж байна. Гомдол, нэхэмжлэл гаргахдаа тухайн этгээд 2 газраас сонгож болох хуультай юм байна. Нэгбол тухайн этгээд өөрийн оршин суудаг газрынхаа харъяалдаг шүүхэд, эсбол тухайн хэрэг гарсан газар нутгийн харъяалах шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болдог аж. Ингэхээр Өвөрхангайн тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг хууль зөрчсөн тухайд гомдол гаргасан этгээд нэгбол өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн шүүхэд, үгүй бол Өвөрхангайн шүүхэд  хандаж болох 2 сонголттой байх нь. Нэхэмжлэгч этгээд сонголтоо хийж өөрийн оршин суугаа дүүргийнхээ шүүхэд (Хан-Уул) гомдлоо гаргажээ.

Үүнийг л МАН-ын удирдлага гуйвуулж тайлбарлаад байгаа юм. Тэд мэдэж байгаа боловч зориуд иймэрхүү үйлдэл хийж мэдээлэл, мэдлэг тааруу ард иргэдийнхээ тархийг эргүүлж даапаалдаг туршлагатай улс. Олон жил харанхуй байлгаж, худлаа хэлж төөрөгдүүлэн, мөнгөөр угжиж бэлэнчлэх сэтгэлгээг нь арилгах биш харин улам дэвэргэж, худалдаж авахад амар хэмээн ядуу байлгаж ирсэн туршлагатай нам. Ард түмнээ олон жил доромжиллоо доо. Одоо цаг нь болсон байхаа. Сайхан цаг ирж ард түмэн нуруугаа гэдийлгэж ирээдүй өөдөө итгэлтэй харан урагшлах боломж ирлээ. Тэнгэр заяа нь тэтгээ биз ээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө