Энхбаярыг гүндалайдав

Манай урт шар дээлт хочит Ерөнхийлөгч Энхбаярыг саяхан Авилгатай Тэмцэх Газрын захиалгаар цагдаагийнхан очиж ``гүндалайджээ.`` Гүндалайдах гэдэг нь нөгөө Хөвсгөлийн алдарт хөвгүүн Гүндалайг  тэр жил цагдаа нар онгоцноос хүчээр дамжлан авч явсан ажиллагааг нэрлэсэн хэрэг.  Эрхэм гишүүн Гүндалай маань   тэгэхэд дөрвөн мөчнөөсөө өргүүлсэн шиг тэнгэр хараад хашгирч явсан билээ.
Харин манай ``номер нэг`` (Number one) гэж алдаршсан экс-Ерөнхийлөгч маань  дамжлагдаад явж байхдаа Гүндалайг бодвол  элдвийг хэлж орилж хашгирсангүй, сарвалзсангүй, загас шиг дуугүй  байсныг  бичлэгнээс  харлаа.

Зарим хүн хэлж байнаа. Энхбаяр өөрөө ийм шоу зохиож нэр хүндээ өсгөлөө гэж. Ард түмэн өрөвдөөд түүний талд орсон юм биз дээ.  Гэхдээ минийхээр бол мань эр өөрөө зохион байгуулах нь ч хаашаа юм, харин манай цагдаа нарын унхиагүй бөгөөд бүтэл муутай, инээдтэй ажиллагааг өөртөө ашигтай байдлаар хувиргаж хэдэн оноо авсан гэвэл зөв байх.
Манай цагдаа ч гэж цагдаа. Формны гол болсон удирдлага гээд байгаа хэдэн унхиагүй мал шиг дарганцаруудаас бол жирийн цагдаа инээдтэй байдалд орж элэг доог боллоо.

Энхбаярын машины хаалганы шил. толийг  баривчлах гэж оролдох үедээ хагалжээ
Эхний удаад Энхбаярыг машинтай явж байхад нь баривчлах гээд машиных нь толь шилийг хагалаад ч бүтсэнгүй. Дараа нь үүрээр 350 цагдаа цуглуулж байж арайхийж нэг юм авч явав даа. Ганц хүнийг баривчлах гэж ингэж уймарч байгаа юм чинь зэвсэгтэй хэдэн дээрэмчин байсан бол балрах юм байна л даа. Их буу чирж авчрах юм уу хаашаа юм?

Энхбаярыг дамжлаад авч явж байна
За ингээд урт шар дээлт маань яваад өглөө. Сонгуульд оролцуулахгүй гэж МАН-ын зүгээс хийж байгаа томоохон ажиллагаа амжилттай нэг юм дууслаа. Шинэ Ху нам ч удирдагчаа алдсан учраас хэцүүдэх байх, гэхдээ саяын өрөвдүүлэх ажиллагааны ачаар  болон угаасаа  хот хөдөөгийн цөөнгүй хуучинсагуудыг эгнээндээ нэгтгэсэн болохоор хэдэн суудал авч мэдэх л байх.  Одоогийн МАН ч арчаагүйдээ намаа хуваагаад, дээрээс нь саяын үйл явдлаас болж нэр хүндээ нэмж унагалаа.

Эрхэм гишүүн Чулуунбат
Эрхэм гишүүн Тэрбишдагва
Эрхэм гишүүн Улаан
Эрхэм гишүүн Шинэбаяр
Их Хурлын 4 гишүүн (Тэрбишдагва, Улаан, Чулуунбат, Шинэбаяр) тэнд цохиж явна лээ.  Энхбаярыг  ``хүчиндэх`` ажиллагааны үеэр тэд нар бас хэлмэгдсэн юм уу даа. Улаан гишүүний нүдний шил эвдэрч (овоо мөнгөжсөн л баймаар юм, юун хулхи шил зүүдгийн?),  бусад нь жаахан ``шанаа`` авсан юм даг уу даа. Гомдол гаргана л гэнэ.  Тэгээд юу олж долоогоо аж дээ.
Эдгээр цочирдсон  эрхэм гишүүд МАН-аас гарч  магадгүй л юм. 
Сумогийн их аварга Аса бас дутахгүй очсон байна.  Ирээдүйд Ерөнхийлөгч болно гэж мөрөөддөг нөхөр гэж байгаа биз?

Сонгуулиас өмнө ийм том ``тул`` дахиж барихгүй. Нөгөө цагдаагийн генерал, хурандаа нарын хэргийг шүүх хурал ч сонгуулиас өмнө болох эсэх нь эргэлзээтэй болчихсон. Энхбаяр тэнд уг нь гэрчээр очих ёстой хүний нэг. Гэтэл өөрөө шүүгдээд явчихдаг. За тэгээд үйл явдал яаж өрнөхийг харж л байя. Хэрэв сонгуулиар Ардчилсан нам болон бусад гуравдагч жижиг намууд олонхи суудлыг  авч МАН цөөнх болчихвол ``гүндалайдуулах`` хүмүүс ч их олон  байгаа даа.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө