Мэргэн жараахайд хууртсан нь

``Коммунистуудад итгэснээс көлийнхөө хуруунд итгэ`` гэсэн шинэ зүйр үг зохиолоо байз. Хүүхнүүдийн хэлдэг нэг муухай үг байдаг шдээ. ``Эр хүнд итгэснээс эрхий хуруундаа итгэ`` гэж. Эрчүүд маань хүүхнүүдээ их хулхиддаг болохоор аргаа барахдаа ийм үг гаргаа биз ээ. Тэгвэл  экс Ху нам буюу одоогийн Ардын нам (МАН) манийгаа бас сайхан хулхидах мэргэн арга олжээ.

Энэ тухай өмнөх  өгүүлэлдээ бичсэн байгаа, гэхдээ саяхан МАН-ын бүлгийн дарга
Ө. Энхтүвшин (зураг)  1 сая төгрөгтэй холбоотой намынхаа шийдвэрийг албан ёсоор зарласантай холбогдуулж дахин нэг хөндөж ярихаас болохгүй нь. Манайхан  чинь ер нь яасан ч тайван амгалан улс байдгийн. Гайхаад сууж байна.

Дахиад л нуршихаас болохгүй нь. . МАН 2008 оны сонгуулиар 1.5 сая төгрөг бэлэн өгнө гэж амалсан.  АН харин 1 сая төгрөгний үнэ бүхий хувьцаа өгнө гэж амалсан. МАН илүү мөнгөн дүн амалж байж, бас луйвардан байж  ``ялалт`` байгуулсан. С.Баяр холч бодлоор дайсантайгаа (АН) хамтарч Засгийн газар байгууллаа.  Ард түмэн 2.5 сая төгрөгний  (МАН-ын 1.5 сая + АН-ын 1 сая төгрөгний хувьцаа) ``хишиг`` хүлээж эхэлсэн. Хамтарсан Засгийн газар 1.5 сая төгрөгөө ч өгнө, эх орны хишиг болох хувьцаагаа  ч өгнө гэж  тайвшруулсаар.


70 мянга, 21 мянга гэхчлэн сар бүр бага багаар тасалж өгсөөр 500 мянган төгрөгөө ирэх  5 сар гэхэд тараагаад дуусах юм уу даа. Хүний хөгжил  сангаас олгож байгаа мөнгө шүү дээ. Энэ бол МАН-ын амалсан 1.5 сая төгрөгний гуравны нэг нь. Үлдсэн 1 сая төгрөгийг ахмадууддаа бэлнээр, оюутан залуустаа сургуулийн төлбөрт нэмэр болгож, эсвэл байр авах хүмүүст байрны урьдчилгаа төлбөр болгож өгнө гэхчлэн баахан рекламдлаа. Хажуугаар нь Таван Толгойн  хувьцааг хүн бүрд өгнө гээд бүр тоо ширхэгийг нь гаргаж ирээд өглөгийн эзэн шиг аашилж өөрийгөө нэлээн сурталчиллаа.  Бүр  УИХ-аар 39-р тогтоол гэдгийг баталж  иргэн бүрд 536 ширхэг хувьцааг үнэгүй олгосугай гээд заачихсан гэж байгаа.


Манайхан яахав дээ, үнэгүй юманд нугасгүй улс болохоороо 1.5 сая төгрөгөө ч аваад , дээрээс нь бас эх орны хишиг гээд баахан хувьцаа аваад түүнийхээ ноогдол ашгийг идээд хэвтчихнэ гэсэн бодолтой маасайж байсан чинь  Ардын нам дархан мэхээ хийгээд манийгаа тас гэдрэг нь унагалаа.
Нөгөө 39-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулна гээд  урьд өмнө ярьж байснаасаа 180 градус эргээд шал өөр юм яриад  эхэлж байна.


МАН  анх 1.5 сая төгрөгийг хүн бүрд  бэлнээр өгнө гэж уг нь амлаа биз дээ?  Амалсан юм бол тэгээд хэлсэндээ хүр л дээ, МАН-ынхаан!  Хувьцаа мувьцаагаар орлуулж өгнө энэ тэр гэсэн юм ерөөсөө байгаагүй биз дээ?   Оюутнуудад  сургалтын төлбөрт нь тооцож шилжүүлнэ гэдэг бол бэлнээр өгснөөс ялгаагүй зүйл. Гэтэл одоо үлдсэн 1 сая төгрөгөө өгч чадахгүйдээ тулаад ирэхээр  нөгөө үнэгүй өгнө гэсэн хувьцаагаар нь барьцаалж аргалах  зальтай арга сийлжээ. Иргэн бүрд олгох 536 ширхэг хувьцааг нэг дахин нэмэгдүүлж 1072 ширхэг болгоно гэдэг нь сайндаа ч биш, харин нөгөө нэхэгдээд байгаа 1 сая төгрөгөнд дүйцүүлж байгаа аж. Зарим хүний хэлж байгаагаар нэг хувьцааны нэрлэсэн (анхны) үнэ нь 900 төгрөг хавьцаа байна гэвэл түүнийгээ 1072-оор үржүүлчихээр бараг 1 сая төгрөг болж байгаа биз? Ингээд ``Та шагналаа авах уу, эсвэл  тэмцээнээ  үргэлжлүүлэх үү?`` гэдэг шиг одоо иргэдээс ``Та 1 сая төгрөгөө авах уу, эсвэл  1072 ширхэг хувьцаагаа авах уу?``гэж асуух юм байна.


Үнэндээ бол  1 сая төгрөгний үнэ бүхий хувьцааг эх орны хишиг болгож  иргэддээ үнэгүй өгнө гэсэн санаа чинь АН-аас гарсан эд. Энэ бол МАН-ын 1.5 сая төгрөгтэй огт хамаагүй тусдаа асуудал. Гэтэл  Энхтүвшин дарга (дарга гэж  авгайлахгүй бол бас  гомдох байх) хэлэхдээ, 1.5 сая төгрөг ба  хувьцаа хоёр бол нэг юмны 2 тал гэж ичихгүй айлдсан байх юм. Хоёр өөр намын хоёр өөр амлалт  яахаараа ``нэг юм`` болчихдог билээ?  Хамтарсан Засгийн газар байгуулсан учраас  ``нэг юм`` болсон гэж үү?  Тэгвэл нөгөө эх орны хишиг болох үнэгүй хувьцаа маань ``үнэтэй`` болж байгаа хэрэг үү? АН тэр хувьцааг  байгалийн баялагаасаа хүн бүр хишиг  хүртэх ёстой гэж үзээд  үнэгүй өгнө гэсэн шүү дээ. МАН тэр ``үнэгүй`` хувьцааг 1 сая төгрөгөөр ``худалдаж`` авах юм гэнэ.


Эх орны хишиг болох хувьцааг иргэн бүрт ялгаварлахгүйгээр ижил тэнцүү өгнө гэж сайхан ярьчихаад одоо шал эсрэг юм ярьж байна. Оюутнууд  МАН-ын 1.5 саяас үлдсэн 1 сая төгрөгийг сургуулийн төлбөрт хийчихсэн бол хувьцаагүй хоцрох нээ. Нөгөө иргэн бүр хувьцаа авна гэсэн чинь ингээд худлаа болж байгаа биз? Оюутнуудыг хувьцаа авах хүсэлтэй бол худалдаж аваарай гэж хэлэх нь л дээ. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгөө одоо авбал бас хувьцаа авах эрхгүй болж байна.


Иргэн бүр мөнгөө авъя гэвэл тэр их мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг асуудлыг  санаа зоволтгүй шийдсэн байна. Хувьцаа худалдаж авъя гэсэн компаниуддаа бидний хувьцааг зараад л мөнгийг нь бидэнд өгөөд л болоо. Засгийн газар зуучлагчийн үүрэг гүйцэтгээд л сууж байна гэсэн үг.
Өөрөөсөө ганц ч мөнгө гаргахгүйгээр 1 сая төгрөг тараах ажлаас мултарч чадсан байгаа биз?
Даруйхан мөнгөө авъя гэсэн иргэдэд өгөх мөнгөө 12 оны төсөвт суулгачихсан маадгар байгаа. Сүүлд  нь тэр хувьцаануудыг нь  компаниудад зараад л нөгөө мөнгөө буцаагаад олоод авчих учраас Засгийн газарт алдах юм байхгүй.


Уг нь иргэдээ хувьцаатай болгосон бол маш их хэрэгтэй зүйл болох байлаа. Гэвч мунхаг (Мунхаг гэдэг нь ард түмнээ боддоггүй гэсэн утгаар шүү. Дээр тайлбарласан мэргэн арга олсоныг нь бодвол яавч мунхаг гэхээргүй байгаа биз?)  эрх баригчид маань бий болох байсан сайхан зүйлүүдийг ийнхүү хаалаа. Иргэд маань хувьцаатай байсан бол үнэт цаасны зах зээлийн талаар мэдлэгтэй болохоос гадна хамгийн гол нь хүн бүр тодорхой хэмжээний орлоготой болж амьдралд нь их нэмэр болох байлаа. Мөн хувьцаа эзэмшигчийн хувьд тухайн компаны үйл ажиллагаанд оролцдог, нөлөөлдөг, хяналт тавьдаг болж энэ  нь эргээд тэр хүнээ хөгжүүлэх, мэдлэгжүүлэх  гэх мэт сайн талууд бий болох байжээ.


Гэвч харамсалтай нь энэ бүгд үлгэр болж, нөгөө цэнхэр ягаан тасалбарын түүх давтагдах бололтой.   Нэг ялгаа нь иргэд өөрсдөө биш, Засгийн газраараа дамжуулж хувьцаануудаа зарах юм.  Олсон 1 сая төгрөгөө  мэдээж идээд  дуусах нь тодорхой.  Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэдэг шиг.
Цагаан сараас өмнө нийгмийн эмзэг хэсэг, ахмадууддаа 1 сая төгрөгөө бэлнээр өгнө гээд байсан ч одоо болтол өгөөгүй шалтгаан ойлгомжтой. Хэрвээ өгчихвөл дараа нь ахмадууд хувьцаагаа нэхээд, хэл ам хийгээд  салахгүй байж мэдэх тул өгөлгүй байж байгаад албан ёсоор шийдвэр гарсаны дараа ам өчгийг  нь сайн асууж, гар хөлийнх нь үсгийг авч  байж өгөх санаатай аж.


МАН-ын энэ ичгүүргүй үйлдлийг эсэргүүцэж амалсан амлалтыг нь  шаардаж дуугарч байгаа хувь  хүн, бүлэг, байгууллага харагдахгүй л байна. Байсан ч маш сулхан дуугарч байгаа учраас нийгэм цочроо авахгүй байгаа бололтой. Монголчуудын мэдлэг нимгэн, хүлцэнгүй дорой байдлыг мэргэн жараахайнууд ийнхүү ашиглаж амныхаа зоргоор дуугарсаны балгаар унасан том ялнаасаа  эвтэйхэн мултарч байх шиг байна даа.  Хүн бүрд (хүн болгон авсан эсэх нь бас эргэлзээтэй) 500 мянган төгрөгийг бутархайгаар тараачихаад үлдсэн 1 саяыг нь  1072 ширхэг хувьцаатай дүйцүүлсэнээр  амлалтаа 100%  биелүүлсэн гэж ам таглах үгтэй болжээ, Ху намынхан.  Мэргэн жараахайнуудад хэдий болтол хууртаж арчаагаа алдах улс юм бол доо, бүү мэд.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө