Хувьсгал хэрэгтэй юу?

Би сая нэг нэвтрүүлэг үзлээ.  Нэвтрүүлгийн нэр:  ``Траншейн дэх Монгол гэр бүл``. 
Нууц хуаран ТВ нэвтрүүлгийн ээлжит дугаарын нэг юм байна.  Үзээгүй хүн байвал дараах хаягаар ороод үзээрэй.

http://www.mglradio.com/main/index.php?document_srl=188461&act=trackback&key=b64

Энэ нэвтрүүлгээр  хөндсөн  сэдэв  бол Монгол Улсад  тулгарч байгаа хамгийн гол асуудлуудын нэг:   Ядуурал.
Монголын хүн амын 30% нь  2008 оны мэдээгээр ядуу  байсан бол одоо тэр үзүүлэлт бараг 40%-д хүрсэн тухай Ерөнхий сайд нь  өөрөө хэлсэн. Уг нь энэ тоо буурах ёстой байтал өсөөд байна гэдэг чинь энэ засаг ажлаа муу хийснийг баталж байгаа хэрэг. Гэтэл улс маань их мөнгөтэй болоод байна, манайх ядуу орны жагсаалтаас гарч дундаж орлоготой  орнуудын эгнээнд орлоо, эдийн засгийн хөгжлөөр дэлхийд тэргүүн  байранд шахуу явж байна гээд л сурталчлаад байх юм.
Хоосон сурталчилгаа, ярианд  итгэхээсээ илүү нүдэнд харагдаж байгаадаа итгэмээр байдаг.
Үнэхээр ядуурал 10% нэмэгдчихсэн юм бол юуных нь хөгжил дэвшил байхав дээ.

Дээр өгүүлсэн нэвтрүүлгээр харагдаж байгаа нэг том асуудал бол хүүхдийн эрхийн тухай юм. Уг нэвтрүүлгийн гол баатар болсон 4 ам бүлтэй траншейнд амьдардаг нэгэн гэр бүлийн 2 хүүхэд бол насанд хүрээгүй бөгөөд эцэг эх нь  асрамжилж, шаардлагатай нөхцлөөр хангаж (эрүүл мэнд, зөв хооллолт, сургуульд явах гэх мэт) үүргээ биелүүлж чадахгүй байгаа учраас шууд улсын асрамжинд  очих ёстой хүмүүс юм. Гэвч  эрхэм дээдсүүд маань  энэ айлын 2 хүүхдийн адил  гудамжинд гарсан насанд хүрээгүй бусад хүүхдүүдээ ч  хайр халамжиндаа авч  ``чадаагүй`` өдий хүрчээ.

Улс хөгжөөд байна л гэдэг, ард түмэн нь ядуураад л байдаг. Нэг л зохицолдохгүй байгаа  биз?
Манайх шиг хүүхдүүдээ (тэд чинь  улс орны ирээдүй гэдэг биш бил үү?)  зөнд нь хаячихсан орон дэлхий дээр цөөхөн  л байдаг  байх. Энэ бол яалт ч үгүй эдийн засгийн хөгжлөөр суга хоцорсон туйлын ядуу улсын нүүр царай.
Хүүхдийн  нэрээр  талхаа  олж иддэг нөгөө олон  хүүхдийн нэртэй байгууллагууд, албан тушаалтнууд  хаана юу хийж, ямар  дүр эсгэж явдаг нь ойлгомжтой.

Бодит байдал  дээр   хүүхдийн төлөө юм хийж харж ханддаг газрууд гэвэл улсын байгууллагууд гэхээсээ илүү гадаад орны иргэдийн  Монголд байгуулсан буяны, асрамжийн  газрууд л байгаа.
Тэдгээрийн дотор шашны чиглэлээр байгуулагдсан ч байгаа байх, мөн цэвэр хүмүүнлэг ёсоор, сэтгэлээрээ байгуулсан ч байгаа. Ямар ч байлаа гэсэн тэд Монголын ирээдүй  болсон балчир хүүхдүүдийг минь эдүгээгийн хэцүү бэрх үед, засгийн газар нь ямар ч чадваргүй арчаагаа алдсан үед, төр засгийн дээдэс түшмэд нь  өчүүхэн хар амь болон зөвхөн  өөрийнхөө  үр хүүхдийг бодож бэртэгчин царайлж байгаа энэ үед хооллож ундалж байгаагаараа буян болж байгаа хүмүүс. Үүний төлөө тэдэнд Монголын ард түмэн  насан туршдаа  талархаж , дурсаж явах ёстой юм.

Энэ байдал  өчигдөр уржигдар бий болчихоогүй бөгөөд өдийг хүртэл төр засгийн эрхийг барьж байсан хүчний буруу, ялангуяа  1990 оноос хойш бараг дангаараа засаг барьж байсан өнөөгийн Монгол Ардын Нам (хуучнаар МАХН) -ын арчаагүй бодлогын гай, үр дүн юм. О.Магнайгийн хэлдэг  үнэн. Энэ хачин байдлыг өөрчлөх ганц арга бол хувьсгал хийх явдал. Хувьсгал гэхээр заавал цус гаргах албагүй юм. 90 оны хувьсгал илүү цус гарах магадлалтай байсан юм, тэгж ярьвал.  Ээлжлэн төр барьж байсан МАН ба АН хоёр өнөөг хүртэл Монголчуудаа ядуурлаас гаргах чадваргүй гэдгээ ийнхүү  нотолсон учраас бидэнд  сонголтоо зөв хийх шаардлага тулгарч байна.

АН-ын хувьд харьцангуй цөөн жил (нэг удаагийн сонгуулийн хугацаанд)  засгийн эрх барьж байсан болохоор оногдох ял нь  хамаагүй бага байж болох  талтай. Нөгөөтэйгүүр АН илүү дэвшилттэй санаа, зорилт дэвшүүлж ярьдгаараа МАН-аас илүү дээр гэж хэлж болох боловч харамсалтай нь энэ нам дотор бас бэртэгчин хүмүүс их бий болжээ. Иймэрхүү бэртэгчингүүд ард түмнээ гэхээсээ илүү хувийнхаа амьдралыг л боддог.
Иймээс бас хүнээ зөв сонгох, нэгэнт танигдсан, тараа таниулсан хүмүүсийн дахиж гарах боломжийг хаадаг байх хэрэгтэй байна.

Хэрэв одоо ирэх сонгуулиар МАНАН-гийнхан, ялангуяа МАН-ынхан элдэв муу башир аргаар дахин луйвардаж засгийн эрхэнд гарах гэвэл ард түмэн сонгогч нар минь босож тэмцэхээс өөр аргагүйд хүрэх нь байна шүү гэдгийг  хэлмээр санагдлаа. Нэгэнт тараа таниулсан нам  хүчнийг дахин  сонгох ямар логик байна? Монголчууд  сайн сайхан амьдрах заяагүй ард түмэн гэж үү?
Өөрсдийхөө болон ирээдүй хойч үе, улс орныхоо сайн сайхны төлөө  хувьсгал хийхэд юу нь болохгүй гэж? Шаардлагатай бол 100 дахин хийсэн ч яадаг юм!


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө