МАНАН-гийн Засгийн газрын заль мэх , 2-р хэсэг

Энэний  өмнөх  ``МАНАН-гийн Засгийн газрын заль мэх`` гэсэн 1 дүгээр хэсэгт  Засгийн газар сонгуулиар амалсан 1.5 сая төгрөгөө бүрэн эрхийнхээ хугацаанд багтааж яаж өгөх гэж байгаа тухай болон яаж аргалж байгаад сонгууль өнгөрөөх санаатай байгаа тухай бичсэн билээ.
Тэгсэн чинь  Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга  Ч. Хүрэлбаатарын  (зураг) яриагаар бол аймаар заль бодож олсон юм байна.  Юу гэхээр, нөгөө амалсан мөнгөө Таван Толгойн хувьцаагаар барьцаалчихаж.

Би уг нь иргэддээ үнэгүй олгоно гээд байгаа 536 ширхэг (саяхан  нэмэгдээд 1072 болов уу даа?) хувьцааг  тэр өгнө гээд байгаа 1 сая төгрөгтэй  ямар ч хамаагүй  тусдаа юм гэж бодсон чинь буруу байжээ.  1 сая төгрөгийг бэлэн бусаар олгоно гээд байсан биз дээ? Оюутны  сургалтын төлбөр, орон  сууцны зээл, даатгал гэхчлэнгээр ашиглаж болно гэж хэлж байсан даа. Тэр Таван Толгойн хувьцаа бол  1 сая төгрөгнөөс тусдаа  ``бэлэг``   байсныг манай хашрууд сэтгээд тэр 1 сая төгрөгтэй холбочихжээ. Зоосны хоёр тал болгочихсон гэсэн үг.

Одоо тэгэхээр эсвэл 1 сая төгрөгөө  бэлнээр авна, эсвэл  1 сая төгрөгөөр үнэлэгдсэн   тодорхой тооны хувьцаа авах  ийм л ``ацан шалааны`` өмнө ирээд байна.  Нөгөө иргэддээ үнэгүй хишиг хайрлаж байгаа гэсэн худлаа болж таарлаа. Хувьцааны үнэ тодорхой болж гайгүй үнэлэгдээд ирсэн хойно төдөн жилийн дараа хувьцаагаа худалдаж болохоор хуулиндаа заагаад өгөх  учраас нөгөө цэнхэр ягаан тасалбар шиг юм болохгүй гэж ирээд л сүржигнээд байсан нь жүжиг байжээ.

Одоо нөгөө амалсан 1 сая төгрөгөнд чинь  бодоод   үнэгүй эх орны хишиг гээд байсан хувьцаануудыг чинь буцаагаад хурааж авах нь байна шүү дээ. Засгийн газар төсөвт суулгасан 400 тэрбумаа дуусаад ирэхийн цагт маниусын хувьцааг худалдаж авах компаниудад хувьцааг чинь зараад л мөнгийг нь чамд шууд өгөх юм байна.

МАН  2008 онд 1.5 сая төгрөг бэлэн өгнө гэж амалсан. АН болохоор 1 сая төгрөгтэй тэнцэх хувьцааг үнэгүй олгоно гэж хэлсэн. Үүнээс харвал энэ хоёр намын амлалтуудыг нийлүүлээд дундаас нь ``эрлийз`` хувилбар гаргаж ирээд  иргэдийнхэ амыг таглаж байгаа юм байна.
МАН-ын амалсан 1.5 сая төгрөгнөөс 70 мянгаар нэг өгөөд, 21 мянгаар сар бүр цувуулж  тараасаар  байгаад  хүн бүрд 500 мянган төгрөг  өгөх юм байх. Үлдсэн 1 сая төгрөгийг АН-ын хувилбараар аргалах мэргэн ухаан гаргасан нь энэ юм байна. Өөрөөр хэлбэл,  АН-ын анх амалж байсан шиг 1 сая төгрөгийг  бэлнээр биш хувьцаагаар олгоё гэж.

Ингээд МАН үлдсэн 1 сая төгрөгөө тарааж өгөх зовлонгоос цэвэрхэн салж байгаа юм байна.
Ядуу иргэдийнхээ хувьцаануудыг Засгийн газар худалдаж аваад, эсвэл мөнгөтэй компаниудад зуучилж зарж өгөөд дуусгах юм байна. Эх орныхоо эд баялагт эзэн сууж хувь  хүртэж байх  аз нь дутсан Монголчууд  үнэгүй хувьцаанд нэг хэсэг баярлаж хөөрөөд, дараа нь ядуугийн эрхээр нөгөө байнгын талх өгч байх ёстой хувьцаагаа зарж идээд хоосон хоцрох тавилантай ажээ.

Мэхт луйварчдын мэхэнд ойчиж ханахгүй, хашрахгүй хүмүүс юм даа. Бид өөрсдийнхөө төлөө дуугарахгүй бол хэн дуугарах билээ. Дугтруулсан мал  шиг хаашаа гэнэв тийшээ яваад байвал нэг мэдэхэд бойны гадаа ирчихсэн мааниа уншуулаад зогсож байх вий.
Нойрноосоо сэрэх болоогүй юу?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө