МАНАН-гийн Засгийн газрын заль мэх, 1-р хэсэг

Сангийн сайд Баярцогт, ``Бид амлалтаа давуулан биелүүллээ`` гэж сайрхлаа.  2012 оны төсөв баталсаны дараа тэрээр ингэж хэлжээ. Ямар амлалтаа давуулан биелүүлсэн гэж яриад байгааг сайн ойлгохгүй байна, гэхдээ нөгөө 2008 оны сонгуулиар амалсан мөнгөө яриад байгаа юмдаг уу даа.  Харин  яаж ``давуулсаныг`` нь мэдэхгүй  гайхаад л сууж байна.

МАН тэр үед АН-аас давах гэж 1.5 сая төгрөг иргэн бүрд бэлэн өгнө  хэмээн сүүлийн мөчид   амалж байж олонхийн санал авч билээ. Хуучны  МАХН-ын (одоогийн МАН-ын) дарга асан С.Баяр  тэр үед АН 1 сая төгрөг амаллаа, пүү паа гэсэн мөртөө  төд удалгүй 1.5 сая болгон өсгөж  АН-ыг тонгорч билээ.
Одоо тэр амлалтаа биелүүлэхгүй бол 2012 оны сонгуульд баларна гэдгээ мэдээд МАНАН нэгэн  мэргэн арга бодож олжээ.

Энэ мэргэн аргын тухай  ярихаас өмнө  жаахан тоо бодъё.
Одоо тарааж байгаа 21 мянган төгрөгийг хүн бүрд тараагаад 500 мянгаа өгчихлөө гэж бодъё.  Харин үлдэх 1 сая төгрөгийг 2012 ондоо багтааж  өгөхийн тулд манай эрх мэдэлтнүүдэд хэдэн төгрөг хэрэгтэй болохыг тооцож үзье:

2.7 сая хүнийг 1 сая төгрөгөөр үржүүлбэл 2.7 их наяд (2.7-г үржих нь арвын 12 зэрэгт)  төгрөг болж байна.
(2`700`000`000`000 төгрөг)
2012 оны нэгдсэн төсвийн орлогыг  5.8 их наяд, зарлагыг 6.3 их наяд төгрөгөөр баталжээ.
Тэгвэл 2.7 их наяд гэдэг чинь бараг бүхэл бүтэн жилийн төсвийн орлогын 50%-тай тэнцэх мөнгө болж байгаа биз? Тэгэхээр ийм их мөнгө яаж тарааж чадах билээ дээ. Бусад бүх бүтээн байгуулалтаа зогсоогоод хүн бүрт 1 сая төгрөг тараачихаад амар сайхандаа жаргах юм уу?

Тийм  учраас амлалтаа биелүүлээгүй нэр зүүхгүйн тулд аятайхан арга бодож олжээ. Сангийн сайдын хэлсэнээр үлдэж байгаа 1 сая төгрөгний оронд түүнтэй тэнцэхүйц үнэлгээтэй хувьцааг хүн бүрт өгөхөөр шийдэж гэнэ. Бэлэн мөнгөний оронд 1 сая төгрөгний хувьцаа өгнө гэнэ.
Гэтэл хүмүүс дургүйцэж мэдэх учраас тэднийг тайвшруулахын тулд  хэрвээ мөнгөө бэлнээр авъя гэвэл Засгийн газар тэр хувьцааг нь  1 сая төгрөгөөр худалдаад авчих юм байх.

 Монголын хүн амын 40% нь ядуу амьдралтай гэдгийг албан ёсоор статистик  мэдээгээр батлаад, Ерөнхий сайд Батболд энд тэнд тэр тоог хэлээд явж байгаа.

За одоо анхааралтай уншаарай. Тэр ядуу 40%  өөрт оногдох 1 сая төгрөгөө бэлнээр авна гэж дайрна. 5 ам бүлтэй айл жишээ нь 5 сая төгрөгөө бөөн аваад наймаа хийдэг ч юм уу ямар нэгэн аргаар амьдралаа өөд нь татахад зориулахаа бодохоос биш тэр сая төгрөгний хувьцааны ногдол ашгийг хүлээгээд турж үхэхийг бодохгүй. Хэзээ ирэх ч ашиг юм, хэдэн төгрөгний ногдол ашиг ч авах юм бүү мэд. Ийм харанхуй юмыг хүлээдэг тэнэг амьтан байхгүй. Дээр нь өнөө маргаашаа яахав гэж байгаа хүмүүст бэлэн мөнгө хэрэгтэй. Малчид маань бэлэн мөнгөө авч зээлээ төлөхөө бодно. Эцэг эхчүүд тэр мөнгөөр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийхээ бодно.

Би энд ядуу гээд байгаа хамгийн ``доод`` давхаргын 40%-ийн тухай ярьж  байгаа шүү. Цаана нь үлдсэн 60%-ийг орхиё. Нарийн  яривал тэр үлдсэн 60%-ийн ихэнх нь бас л санхүүгийн хувьд асуудалтай л байгаа. Яахав, ``доод давхаргын`` 40%-ийг бодвол эрхбиш ажилтай төрөлтэй, цалин авдаг юм байх л даа. Гэхдээ л цалингаас цалингийн хооронд л явж байгаа. Санхүүгийн хувьд айх аюулгүй болсон хэсэг чинь нөгөө ``дээд давхаргын``  чинээлэг хэсэг болон цөөхөн баячууд маань шүү дээ. Тэд нар бол үсрээд хүн амын 10%-ийг л эзлэх байх.

За тэгээд цааш нь бодъё. Ядуу 40% -ийг  бодит  тоогоор  гаргавал  (2.7 сая хүний 40%) 1.08 сая хүн болж байна.  Тэгэхээр энэ үгээгүй ядуу 1.08 сая хүн  хувьцаа авахгүй бэлэн мөнгөө авна гэж  үзвэл хэдэн төгрөг хэрэгтэй болох вэ гэж.
1.08 саяыг 1 сая төгрөгөөр үржүүлбэл 1.08 их наяд төгрөг болж байна. Ийм мөнгө 2012 оны төсөвт ядаж суусан уу гэвэл үгүй юм аа. Баярцогт сайд хэлэхдээ, бэлэн мөнгөө авъя гэсэн хүмүүст  зориулж 400 тэрбум төгрөг  төсөвт суулгалаа гэсэн.

Тэгвэл 1.08 их наядаас 400 тэрбумыг хасвал 600 тэрбум болно. Ингээд 600 тэрбум төгрөг сох дутаж байгаа биз?  Тэгэхээр Засгийн газар нэг муу  заль  зохиогоод ард түмнээ  аргалаад сонгууль  өнгөрөөх санаатай  байгааг төсөөлөхөд хэцүү биш.  Тэдний төлөвлөгөөг дараах маягаар  тайлбарлаж болох  юм:

1Ерөнхийдөө хүн бүрт бэлэн  1 сая төгрөг  өгөх ямар ч  боломжгүй учраас  бэлэн мөнгөний оронд хувьцаа өгөх
2. Хувьцаа авахгүй бэлэн мөнгө авна гэж ``муйхарлах``  хүмүүс гарч ирж мэдэх тул тэр хүмүүст зориулж 400 тэрбум төгрөг бэлэн байлгах
3. Хувьцаагаар аргалж цаг хожихын  сацуу, ард иргэдэд болж өгвөл хувьцаагаар нь эзэмших нь бэлэн мөнгө авсанаас хамаагүй дээр бөгөөд ашигтай гэдэг ухуулгыг хүчтэй хийх;  бэлэн мөнгө авах хүмүүсийг болж өгвөл цөөхөн байлгах

Сангийн сайд энэ мэргэн аргаа тайлбарлахын хажуугаар ухуулгын ажлаа өөрийн биеэр хийж эхэлжээ. Тэрээр, хэрэв хувьцаагаар нь байлгаж байвал хожим ``чулуу`` болох тухай ярьж бэлэн  мөнгөөр нь авбал идээд дуусна гэлээ. Гэвч хүмүүс, ялангуяа нөгөө ядуу 40% маань Баярцогт сайдын хэлсэнийг тоохгүй мөнгөө авна гэж  зүтгэх нь мэдээж.

Энэ тохиолдолд Засгийн газар яаж аргалах вэ?  Их амархан. Хувьцааг нь хүн бүрийн дансанд хийх , тэгсэний дараа  ``буцааж`` Засгийн газарт зарж бэлэн мөнгө болгох энэ бүх үйл ажиллагаа тодорхой цаг хугацаа шаардах бөгөөд  дээр нь эрх мэдэлтнүүдийн хүнд суртал хөшүүн байдал нэмэгдвэл  ихээхэн сунжрах магадлалтай. Баахан юм болж байж арайхийж хувьцаагаа авсаны дараа зараад мөнгө авах гэсээр байтал сонгууль явагдаад өнгөрөх ба  амлалтаа биелүүлсэн гэж  сагсуурах нөгөө хуучин  нөхдүүд дахиад сонгогдчихсон маадгар  сууж байна.

Түргэн шуурхай хөдөлсөн цөөн хэдэн хүн хувьцаагаа ``зарж`` бэлэн мөнгө болгож авах ба олонхи нь хувьцаагаа мөнгө болгож хувиргаж чадахгүй хоцорно.
Учир нь 12 оны төсөвт суулгасан ёсоор 400 тэрбум төгрөг  л хувьцаа худалдаж авахад зориулагдах  юм.  400 тэрбум төгрөгөөр хэдэн хүний хувьцаа худалдаж авч чадах вэ?
400 мянган хүний хувьцааг авч болох мөнгө.  Гэтэл нөгөө ядуу 40% маань 1 сая 80 мянган хүн байгаа шүү дээ.  Үүнээс 400 мянгаа хасчихвал  680 мянган хүн үлдэж байна.
 (1`080`000 - 400`000 = 680`000  )

Ингээд 680 мянган хүн хувьцаагаа бэлэн мөнгө болгож чадахгүй хоцрох нь. Засгийн газрын төсөвт суулгасан 400 тэрбум төгрөг дуусчихсан болохоор яаж ч чадахгүй.
Шинэ Засгийн Газар  ингэж хэлнэ: ``Уучлаарай, тун харамсалтай юм болжээ. Манай мөнгө дууссан учраас таны  хувьцааг бид дараа оны ( 2013)  оны төсөвт мөнгө суулгаж байж  худалдаж   авахаас өөр арга алга. Та тэр болтол хувьцаагаар нь  сайхан хадгалаад байж бай. Ер нь наад хувьцаанууд чинь яваандаа чулуу болох учраас та шийдвэрээ эргэж сайн бодоорой``   гэж хэлээд амыг чинь таглана.

Дээрх жишээ бол   хүн амын маань  зөвхөн ядуу 40%  нь хувьцаагаа  Засгийн газарт зарж бэлэн мөнгө болговол ямар нөхцөл байдал үүсч болохыг харуулж байна.  Зөвхөн 40% нь бэлэн мөнгө авна гэхэд өгч чадахгүй байгаа юм чинь Монголчууд бүгдээрээ авна гэвэл аюул болох юм байна. (За тэр хэтэрхий баян 10% нь бодвол тоохгүй биз ээ.)
Бухимдсан  иргэд  баахан хараана. Тэгээд яахав дээ, сонгууль болоод бүх  зүйл өнгөрнө. Амлалтаа биелүүлсэн үү гэвэл биелүүлсэн л гэнэ. Та нарт 1 сая төгрөгөнд чинь хувьцаа өгөө биз дээ? гэж өөдөөс асууна. Бэлэн мөнгө олгох тухайд  шинэ Засгийн газар хуучин  Засгийн газар руугаа бүх бурууг чихээд  булзааруулаад л өнгөрнө. Ийм л дүр зураг харагдаад байна даа.
Бид ч молиго үмхэж ханахгүй юм даа. Тарвага шиг хошгируулж байгаад л нам буудчих юм даа.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө