Монголчуудын гурван буруу

Боож үхэж босож хараймаар юм их болж байнаа.

НЭГ.

Их Хурлын тогтоолын дагуу Монголчуудын эзэмших хувийг хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50% болгох заалттай гэрээг Айвенхо Майнз-тай байгуул гэснийг биелүүлээгүй Засгийн газрыг буруушааж, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан бичигний бэх нь хатаагүй байхад Рио Тинто хэмээх аварга компаниас манай нэр бүхий 20 ``дэвтаат``-ыг маань ``шуналын тулам`` гэж хараалаа.

Хараах нь ч яамай . Хамгийн гол нь гэрээгээ нөгөө талд (Айвенхо Майнз) ашигтай байдлаар зөвшөөрч гарын үсэг зурчихаад 2 жилийн дараа ухаан орсон юм шиг дахиж шуугиан гаргасан нь манай нэр хүндэд муугаар нөлөөлсөнд байгаа юм. Унгасан хойноо хавчаад яахав дээ.
Буруутан нь Засгийн газар, бүр цаашилбал Засгийн газраа захирч чаддаггүй Их Хурал.
Хэн ч ашигтай гэрээгээ өөрчлөхийг хүсэхгүй шүү дээ. Иймээс Айвенхо Майнз, Рио Тинто нарыг буруутгах ямар ч үндэс байхүй. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмших хувийг 50% болгохоор гэрээндээ оруулж зөвшөөрүүлж чадаагүй манай Засгийн газрын арчаагүйнх.

ХОЁР.

Маш муу бас нэг мэдээ бол 3 компани Дорнод, Дорноговийн нутаг дэвсгэр дээр ураны орд ашиглаж эхлэхэд үндсэндээ бэлэн болчихоод Техник эдийн засгийн үндэслэлээ (ТЭЗҮ) өгсөн явдал. Цөмийн энергийн бодлогыг өөрчлөхгүй бол болохгүй. Хэрвээ Монгол улс уран олборлоод, баяжуулаад, түлш үйлдвэрлээд гадаадад гаргаад эхэлбэл бид цөмийн хаягдалтай болж эхэлнэ гэсэн үг. Гаднаас авсан ба дотоодын эх үүсвэртэй цөмийн хаягдал хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй, адилхан аюултай.

Өөрийн нутагт АЦС барих болон гадаадад цөмийн түлш экспортлоход бид цөмийн хаягдалтай болох ба энэ маань бид нутагтаа цөмийн хаягдал хадгалах болно гэсэн үг билээ.
Цөмийн хаягдалгүй улс хэвээр байя гэж байгаа бол бид уран олборлож түлш хийгээд гадаадад гаргах ба АЦС нутагтаа барихаас татгалзах ёстой. Бид бусад аюулгүй эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь өлзийтэй. Нар салхины хүчийг, мөн уламжлалт нүүрсээ ашиглаад явахад бидэнд хангалттай нөөц бий. Ийм байхад заавал аюултай, маш хортой эх үүсвэрийг сонгох нь тэнэг хэрэг. Үүний цаана зөвхөн тодорхой хүмүүсийн бизнесийн сонирхол яваа хэрэг. Монголд газар хөдлөхгүй гэдэг баталгааг гаргаж өгч чадах уу? гэж АЦС барихыг дэмжигч хүмүүсээс асуумаар байна. Чадахгүй гэвэл цацрагаар хордох аюулаас ард түмнээ холхон байлгая гэж уриалж байна.

ГУРАВ.

Эх оронч сэтгэл, нийгэмч зан чанар Монголчуудад маань дутагдаж байгааг харах бүрдээ гутрах юм. Шадар гурван цэргийн уриаг дагаж баримталж явахгүй цагт бид ер нь өөдлөх үү? Зөвхөн хар амиа, хувийн эрх ашгаа бодсон энэ арчаагүй сэтгэлгээ бидэнд гай л авчрана гэдгийг хэзээ ухамсарлах вэ? Энэ арчаагүй байдлыг батлах хоёрхон жишээ хэлье.
Төр засгийн харалган бөгөөд үхээнц бодлогын үр дүнд хөдөөнөөс хот руу нүүгчид эрс ихэсч нийслэлийн эргэн тойронд гэр хороололууд бий болгосон бөгөөд тэндээс гарч байгаа утаа үндсэндээ агаарыг маш ихээр бохирдуулж өнөөг хүргэжээ. Энэ гайтай утаа эрүүл мэндийг маань баллаад дууслаа гэж амтай бүхэн бухимдаж шагшрах боловч нийтээрээ тэмцээд багасгая гэхээр өчүүхэн эрх ашгаа бодоод хөдөлж өгдөггүй нь даанч гачлантай.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн зураг дээр танай газар багтсан тул газраа чөлөөлж өгнө үү, бид худалдаж авъя, эсвэл орон сууцаар солих тухай тохиролцоё гэсэн санал тавиад байхад л өндөр үнэ нэхээд нүүхгүй байгаа хүмүүсийг бэртэгчин гэхгүй бол өөрөөр юу гэж нэрлэх вэ? Бүрэн шаталттай учраас хортой утаа бараг гаргадаггүй зуухыг хэрэглэвэл түлшинд хэмнэлттэй, хэрэглэхэд цэвэрхэн учраас худалдаж аваач гээд боломж олгоод маш хямдаар санал болгоод байхад л хөдлөхгүй байгаа улсыг юу гэх вэ?

Оронд нь хуучин зуухаа өгөх ёстой гэсэн чинь түүгээр шалтаглаад л гал голомтоо өгөх юм бол төслийн зуухыг чинь авахгүй гэж мулгуутдаг гэж байгаа. Гал голомт гэдэг чинь хийсвэр ойлголт. Зуухыг гал голомт гэж байгаа бол одоо байгаа зуух чинь муудаад солих болбол гал голомтоо сольчихлоо гэж ойлгох болж байна уу? Энэ бол зүгээр л хуучин зуухаа хэвээр нь авч үлдэх гэсэндээ бодож олсон тэнэг шалтгаан. Болж өгвөл зараад хэдэн төгрөг болгочих, эсвэл шаардлага гарвал бас хэрэглээд явж байя гэсэн далд санаа.
Бүгд хуучин зуухаа төслийн шинэ зуухаар солиодохвол энэ утаа гээч нь эрс багасч бид цэвэр агаарааг амьсгалах боломжтой болно гэдгийг ойлгохгүй биш ойлгож байгаа. Гэтэл нөгөө амиа бодсон сэтгэлгээ нь дийлээд хөдлөхгүй байгаа байхгүй юу.

Иймэрхүү маягаар аяглаж байгаа хүмүүс яавч өөдлөхгүй. Нүүдэлчний хувиа бодсон сэтгэлгээ Монголчуудаас мөд салахгүй дэгээ. Монголчуудын энэ бэртэгчин чанар, хамтач бус сэтгэлгээнд өөрчлөлт ороогүй цагт бидний ``бар`` болох мөрөөдөл мөнхийн зүүд хэвээрээ л байх вий.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө