Монголыг өөд нь татах арга

Аливаа ард түмэн өөрсдийгөө тодорхойл гэвэл голыг нь олоод хэлэх нь ойлгомжтой. Мэдээж өөрсдөө л өөрсдийнхөө тухай мэдэхээс ямар Оросууд Япончуудын тухай жишээ нь хэлж мэдэхгүй шүү дээ. Бидний Монголчууд мөн өөрсдийгөө их сайн ``таньдаг`` нь илэрхий. Энэ тухай мөн ч олон эх сувгаар олж мэдэж болно доо.
Ой мод урттай богинотой байдгийн адил ямар ч ард түмэн дотор сайн муу аль аль нь бий, гэхдээ нэг нийтлэг чанар буюу бусдаас ялгарч харагдуулах нэг онцлог бас үндэстэн болгонд байдаг юм шиг. Сайн нь ч тэр, муу талаасаа ч тэр.

Монголчуудын хамгийн муу нийтлэг чанар бол эвсэг байж чаддаггүй явдал. Энэ чанар мах цусанд нь шингээстэй, удамшиж явдаг бололтой. Тэгсэн мөртөө ``Эвтэй бол хүчтэй`` гэж мэдэмхийрэхийг нь яана! Цагаа болохоор хар амиа хоохойлоод явчихдаг.
Биеэ даасан, бусдаас хараат биш ахуй амьдралтай, бүлэглэж биш харин тасарч салангид амьдрах дуртай ийм хүмүүст хамтач амьдралын дур сонирхолыг ой тойнд нь суулгана гэдэг тун хэцүү бололтой. Ах дүү хамаатан саднаараа нийлж амьдрах тухай биш, нийтээрээ эвсэж амьдрах тухай нийтлэг байдлаар яриад байгааг ойлгож байгаа биз дээ.

Ийм сэтгэхүйтэй хүмүүсийг яаж нэг хүн шиг болгох вэ гэвэл ганц л арга бий. Тэр бол эрт үеэс хэрэгжүүлж ирсэн уламжлалт арга болох нэг гар дор зангидах явдал юм. Энд хамгийн тохирох хэллэг бол захиргаадалт. Хатуу захиргаан дор Монголчууд эвсэг, хүчтэй байж ирсэнийг түүх гэрчилнэ. Харин тархай бутархай, салангид байсан үедээ үргэлж бусдын эрхшээлд орж байсныг нотлох шаардлагагүй.

Тэгвэл яаж бид зангидсан гар шиг болж чадах вэ? Чингис хаан дахин төрөхийг хараад бүтэхгүй байх, тэгээд ч хаант төрт улс дахин байгуулах боломжгүй. Харин түүнтэй дүйцэхүйц нэг засаглалын хэлбэр бол Ерөнхийлөгчийн засаглал юм. Хаант засгийн орчин үеийн хувилбар юм уу даа. Бидэнд бэлэг тэмдэг төдий Ерөнхийлөгчийн хэрэг алга. Бидэнд парламентын засаглал таарахгүй юм байна гэдгийг энэ олон жил айл гэр болж тоглохдоо мэдэрлээ.

Хүчтэй эрх мэдэл бүхий Ерөнхийлөгчтэй, түүний харъяанд хууль цаазны албатай (одоогийн УИХ-ын үүргийг гүйцэтгэж хууль үйлдвэрлэх юм), мөн шүүхийн албатай байхаар бүтцээ зохиогоод ажиллавал болох юм шиг. Ерөнхийлөгч маань засгийнхаа ажлыг гардаад удирдаад явдаг , өөрийнхөө хажууд мэргэжлийн шилдэг хүмүүсээс бүрдсэн туслах албадтай байх юм. Харин Ерөнхийлөгчийг сонгох эрх, огцруулах эрхийг ард түмэн эдлэх ёстой. Эзэн хаанаас ялгаатай нь Ерөнхийлөгчийг ард түмэн огцруулж чаддагт л байх юм.
Ерөнхийлөгчийн гэрээ-тангарагт түүний хүлээх үүрэг, хариуцлага зэргийг нарийн тодорхой заагаад , тэр гэрээ-тангарагийг өргөж гарын үсгээ зурсанаар ард түмэн ба Ерөнхийлөгчийн хоорондох харьцаа үүсэж байгаа юм.

Угаасаа хоорондоо таарамж муутай Монголчуудыг нам хөдөлгөөн гэдэг зүйлээр хэсэгчлэн тасчин хувааж, өөд өөдөөс нь сөргүүлэн боргуулж байна. Ард түмний эв нэгдэл угийн муу дээр бүр байхгүй болж байна. Иймээс энэ нам гээч юмыг бүрэн устгаж , цаашид аливаа үзэл бодлоор нэгдэж бүлэг байгуулах, талцахыг хориглох хэрэгтэй. Нам нэрээр хэдэн хүн сонгогчдын толгойг эргүүлж эрх мэдэл олж аваад ард түмнийхээ төлөө биш хувийнхаа эрх ашгийн төлөө ажилладаг болсоор удаж байна. Намгүйгээр улс нийгмийн амьдралыг зохицуулаад явах бүрэн боломжтой. Нам байхгүй болох учраас сонгуульд нэр дэвшигчид бүгд бие даан нэр дэвшигч маягаар нэрээ дэвшүүлээд өрсөлдөөд явах юм.

Нэг намын дарангуйлалд, үл бүтэх нийгмийг байгуулж байна гэж Монголчууд 70 гаруй жил зүдэрсэний эцэст ардчилал эрх чөлөөг тогтоож 20 гаруй жил бас өөр нийгэм байгуулахаар шамдсан боловч тогтолцоо нь ерөөсөө манайд таарахгүйн улмаас бэрхшээл сааталд түүртээд урагшаа ахиж өгөхгүй зүдэрч байна. Хүний эрх, эрх чөлөөг чөдөрлөхгүйгээр ард түмний амьдралыг сайн сайхан болгох бүрэн боломжтой. Мэдээж хэрэгцээтэй цаг үед, нөхцөл байдалд төрийн төмөр нүүрийг цалгарлалгүй харуулж, дэгтэй журамтай, чанд хатуу сахилга баттай байж, дор бүрнээ хүлээсэн үүргээ чанартай биелүүлж, чадахгүй бол хариуцлагаа хүлээж сураад явбал бидний амьдрал сайжирч, улс орон маань хөгжин дэвжих нь тодорхой.

Бидэнд эх орноо, ард түмнээ гэдэг шударга хүчтэй Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Одоогийн учир нь олдохгүй, идэх уух болохоор ухасхийдэг, хариуцлага ярихаар алга болдог бирд олноор шавж цугласан, нам нэртэй хий үзэгдлээр халхавч хийж төр засгийн ажлыг амин хувийн наймаа болгосон луйварчидаар дүүрсэн тогтолцоог эвдэж эрс өөрчлөлт хийхгүй бол бидний ирээдүй үеийн маань амьдрал ч бүрхэг, улс орны байдал ч тодорхой бус харагдаж байна шүү. Сэрцгээгтүн.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө