Би Хүрэлсүхтэй барьцаж байна

Би Хүрэлсүхтэй барьцаж байна.
Манай Ерөнхийлөгчийн толгой нь яаж эргэхээрээ МАХН-ын Генеральный секретарь Хүрэлсүхийг ( зураг үз) Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулж "Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон"-гоор шагнадаг байнаа? Генсек болохоор манжилж байгаа юм уу? Өөр баяр маяраар шагнасан бол ч одоо яая гэхсэн. Долигоноод өнгөрч гэж бодохсон. Тэгсэн чинь хамгийн заналт дайснаа өөрсдийнхөө баяраар төрийн том бялуугаар мялаадаг гэж байгаа!

Тэгж ярих юм бол тэр үеийн МАХН-ын хуучин удирдлагууд ухаалаг загнаж буулт хийсний хүчинд цус урсаагүй хувьсгал хийж чадсан юм. Тийм учраас шагнал авах ёстой улсууд чинь тэр үеийн төр засгийн толгойд байсан хүмүүс. Батмөнх гуай, Очирбат гауй, Бямбасүрэн гуай, Жасрай гуай гээд л. Даш-Ендон даргад өгчихсөн ч барьцаад байх юм алга.

Тэгсэн чинь юу вэ, энэ Хүрэлсүх гэдэг нусгай бацаанд өгдөг байна шүү! Энэ хүүхэд тэр үед юун одон авахаар гавъяа байгуулах манатай, жихэвчиндээ шээс алдаад сууж байсан байх. Энэ хүн өнөөдөр одонгоор шагнуулаад сууж байна гэдэг чинь миний хувьд нар нэг удаа баруунаас мандсантай адил юм боллоо. Зөвхөн миний хувьд ч биш, олон хүн ингэж бодож байгаа нь лавтай. Үнэндээ энэ ойгоор шагнуулаад байх хүн МАХН-д цөөхөндөө. Дээр хэлсэнчлэн, МАХН-ын тэр үеийн хууччуул байна.

Сүүлийн үеийн МАХН-ын залгамж халаа бол авилгалыг цэцэглүүлсэн, шударга ёсыг мөнгөөр хэмждэг болгосон, ууж идэхдээ уургын морь ч атаархмаар болсон, шунал хүсэл нь Алтан загасны эмгэнийхээс ч давсан, ядарсан ардуудаа араас нь хөөж буудаж алсан, зуу зуугаар нь шоронд хатааж олон ээж эхчүүдийн нулимсаар гараа угаасан, хар амиа бодсон тийм л шаарнууд байна. Тэд бол улс орны эрх ашиг, ард түмний сайхан амьдралыг огтоос үл сонирхох бөгөөд хамгийн түрүүнд өөрсдийн эрх ашиг, сонирхолыг тавьж сүнсгүй загнадаг адгийн луйварчингууд юм.

Тавын таван хүн нохой шиг буудаж алчихаад, бас хэдийг зэрэмдэг тахир дутуу болгож шархдуулчихаад, бөөнөөр нь хорьж эрүүдэн тамалчихаад сүүлд нь ерөөсөө гэм хийгээгүй, харин ч зөв юм хийсэн аятай донгосч суугаа С.Баяр, Ц.Мөнх- Оргил болон бусад Цагдаагийн мөрдөсний голууд, МАХН-ын гар хөл болсон шүүгчид, прокурорууд нэртэй сүгнүүд одоо Ардчилалын 20 жил бол бид бүхний баяр юмаа гэж шогтож байгаа гэж бодохоор бөөлжис хүрч байна шүү.


Монголын ардчилал 20 дахь жилийнхээ ойн босгон дээр МАХН-ын яргалалд дахин өртөөд авлаа. Энэ бол ардчилал байгаа гэж итгэж үнэмшиж байсан хүмүүсийн толгой дээр хүйтэн ус асгаж сэрээсэн хэрэг боллоо. Өнөөдөр бид 20 жилийн дараа эргээд харахад Монгол улс урагшаа биш хойшоо, эсвэл хадуурсан морь шиг буруу зүг рүү яваад байна гэж хэлэхээр болжээ.

Аль 2006 онд МоАХ-ы 3-р Их Хурал дээр Элбэгдорж хэлсэн үгэндээ, " ...Өнөөдөр чөлөөт нийгэмд байх ёсгүй олон хөнөөлтэй үзэгдэл газар авчихаад байна. Та бидний зорин тэмүүлж байсан чөлөөт нийгмийн үнэт зүйлс бараг бүгд гажууджээ. Хүний эрх ДАРГЫН эрх боллоо. Шударга ёс НУДАРГА ёс боллоо. Ийм новшийн нийгэм байгуулах гэж бид яваагүй..." гэжээ. Одоо тэр новшийн нийгэм чинь улам л новшийн болоод байна.

Тэр 2006 онд төр засаг нь иргэнээ буудаж хөнөөдөггүй байсан бол 3-хон жилийн дараа фашист шиг аашилж эхэллээ. Одоо Баяр сайд ажлаа өгчихсөн шиг, "Би ямар ч буруугүй" ч гэх шиг ярилцлага өгөөд өөрийнхөө гэмийг хоохойлох юм хийгээд явж байна. Тэрээр нэг ярилцлагандаа, "...Оготны хамраас цус гаргалгүй хувьсгал хийдэг ард түмний улс төр ...цустай болсоныг гадаад ертөнц таньсан..." гэжээ. Тиймээ, гадаад ертөнц МАХН цус урсгахад хэзээд бэлэн гэдгийг таньсан. Нөгөө Мөнх- Оргил сайд нь "Анархизмын хаалгыг нээгээд хаасан" ч гэх шиг солиотой гажиг юм яриад сууж байна.

Энэ улсуудад ичих нүүр, совесть, хүн чанар, улс төрийн соёлын анхны мэдэгдэхүүн, төрийн хүнд байх эрхэм чанар гэж юм ерөөсөө алга! Бүр юу ч алга! Амиа хоохойлсон адгийн шаарнууд. Ард түмний хараал зүхэл, тэр алуулсан бөгөөд буудуулж бэртсэн хүмүүсийн ар гэрийнхэн, үр хүүхдийнх нь хараал та нарт хэзээ нэгэн цагт хүрэх вий. Тэр цагт та нар тамд заларч байх нь тодорхой.

Та нар нүглээ наминчилж, ард түмнээсээ уучлал гуйгаагүй цагт, Монголын улс төрийн тавцангаас үүрд зайлж далдраагүй цагт энэ хийсэн хэрэг чинь нүүрний чинь алгын чинээ үрчгэр арьсан дээр чинь бичээстэй хэвээр байж, насан туршид чинь талийгаачдын сүнс дагаж явах болно гэдгийг санаарай. Хараал идмэрүүд!

Байдал ерөөсөө дээрдэж байгаа юм алга. Одоо баахан бэлэн мөнгө амлаж ядуу гуйлгачин ард түмнээ хууран аргацааж, олигтой юм хийж гийгүүлж байгаа юмгүй, харин ч өөрсдөө улам шуналтаж баяжих хүсэлдээ автан тэмтчиж байна. Сонгуулиа ч луйваргүй хийж чадахаа болилоо. Төр засгийн эрхийг ерөөсөө мөнгөөр худалдаад авчихаж байна шүү дээ. Бас дээр нь хууль бус луйвар арга хэрэглээд. Тэрэнд дургүйцэж эсэргүүцсэн хэдийг нь буудаад л , шоронд хориод л.

Ийм новшийн улс төрийн хүчний нарийн бичгийг одонгоор шагнана гэдэг чинь миний нүүр лүү нулимахтай адил юм болоод явчихаж байгаа юм шүү дээ. Би Хүрэлсүх гэдэг сагсуу жулдрайтай өөрийгөө харьцуулахгүй. Энэ бандийг бодвол би 90 онд тэр хувьсгалийг чинь гардан хийлцэж явсан хүн. Тэгэхээр би хийсэн юмтай, энэ ойг тэмдэглэж дурсах юмтай хүн.
Би одон горьдож байгаа юм биш. Намайг бодвол МоАХ-оос "Ардчилсан Хувьсгалын Анхдагч" батламжтай, гавъяагаа магтуулж байх ёстой тэр үеийн анд маань 20 жилийн дараа ойн медаль ч үгүй хоосон сууж байна. Биднээс гадна олон олон хүмүүс мартагдаж, орхигдож , хаягдаж байгаа биз ээ.

Өмнөхөө мартаж, одоогийн луйварчидаа дээдлэж байгаа Ардчилсан нам хөөрхий болжээ. Ёстой андын маань нэг мундаг ухаантай хүний хэлсэнийг иш татсан шиг, " Хувьсгалыг ухаантай нь сэдэж, зоригтой нь хийж, үр дүнг нь адгийн шаарууд хүртдэг" гэдэг л амьдрал дээр үнэхээр нотлогдож байгаа бус уу? Ухаантай хүн гэдэг чинь үнэн л хэлдэг юм байна.

Жич: Энэ нийтлэлийг нэлээн олон сарын өмнө бичсэн бөгөөд одоо өөрийн блогтой болсон тул  энэ мэт хуучин ганц нэг бичлэгээ энд тавих болно.  Бодон

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө