Нүүдэлчин Монголоос суурин Монголд хувирахуй
Өнөөдөр суурин соёлын тухай ярина аа. Нүүдэлчин Монголчууд суурин амьдралд суралцах гэж үйлээ үзэж байна. Олон давхар бетонон шорон гэмээр орон сууцанд жоом мэт шавалдан амьдарч сурч байна. Морь тэмээнийхээ оронд машин хэмээх төмрөөр хийсэн тээврийн хэрэгсэл жолоодож сурч байна.
Бид чинь нүүдэлчин соёлтой ард түмэн. Дэлхийн жишгээр суурин соёлд суралцаж, хот суурин барьж тэндээ бөөнөөрөө бүгэн амьдардаг болж эхэлсэн нь саяхных. Суурин амьдралд суралцах гэж их л хичээж байгаа ард түмэн дээ, даанч сурсан юмыг сураар гэдэг шиг нүүдэлчин зан маань хатгаад ерөөсөө болохгүй байх нь олонтаа.
Паартай байшинд амьдарч , паалантай жорлон хэрэглэж сурах тийм ч амар зүйл биш бололтой. Гэвч бид бага багаар дассаар, сурсаар. Дээд давхарын айлынхан толгой дээр минь бааж шээж байгаа гэж бодохоо ч больсон нь дасаж байгаагийн шинж нь юм уу даа. Хальс шиг нимгэн хананы цаанаас хөрш айлын эхнэр нөхрийн хэрүүлийг сонсоод ажрахаа ч байж. Гэвч нүүдэлчин зан маань хөдлөөд дээр доороо айл байгааг үл тоогоод хааяадаа чанга дуугаар Будантай юу буурал хорвоог дуулж шөнөжин наргичих юм. Одоо ч хууль дүрэм нь чангараад цагдаа дуудчихдаг болж.
Энд тэндгүй камер тавьчихсан болохоор 5 алхаад хогоо бункерт хийхээсээ залхуураад буланд хаячихдаг зарим нэг нь маргааш нь фэйсээр нэг од болчихсон тууж явах. Зарим нэг давсаг султай нь цахилгаан шатан дотор бие засчихдаг тал бий, өрөвдөх хэцүү, байх хэцүү.
Бид чинь уламжлалт тээврийн хэрэгслээ солиод жигтэйхэн хурдан төмөр хүлэгтэй болоод их удаагүй дээ. Богд хаанаас дутахааргүй хүн бүр шахуу машинтай болжээ. Мэдээж иргэд маань баян тансаг биш болохоор хуучин машин л авна. Бэл муутай маниуст зориулаад эдэлгээний хугацаа нь дуусах дөхөж байгаа (машин 20 жил явсан бол тэтгэвэрт гарах ёстой гэдэг юм билээ) машинуудыг манай наймаачид Японоос голдуу оруулж ирсэний буянаар бүгд л хувьдаа машинтай болцгоосон. Приусын эх орон билээ гэж.
Харин хурдан унаагаа зөв эдэлж, замын хөдөлгөөнд зөв оролцож сурах гэж их зовж байна даа. Ядаж байхад жолооч бэлддэг сургуулиуд нь "хагас боловсруулсан бүтээгдэхүүн" их үйлдвэрлэх юм. Манийг чинь жолооч болох гээд курст явж байх үед л манай ангиас хулхины жолооч лав 2 ширхэг төгссөн юмдаг. Хоёулаа ээмэгтэй хүн байж билээ.
Тэр үед машины эд анги, төхөөрөмж зэргийг модель, эсвэл биетээр нь таниулж шалгалт авдаг байсаныг санаж байна, одоо тэгдэг эсэхийг мэдэхгүй юм. Тэр шалгалтыг хуучин авто сургууль (одоо ШУТИС-ын салбар сургууль болсон) дээр очиж өгч билээ. Тэр үеийн нэг болсон явдлыг яръя. Манай курсын нэг эмэгтэйгээс шалгагч багш асууж байнаа. Энэ юу гэдэг эд вэ, юунд хэрэглэдэг юм гэж. Шалгагч багш ширээн дээр байгаа машины аккумуляторыг заагаад асууж байгаа нь энэ. Шалгуулагч эмэгтэй маань мөнөөх аккумуляторыг тал талаас нь их л нухацтай шинжиж байна. Мэдэхгүй байгаа нь илт, гэвч юу гээд буудчихдаг юм билээ гээд л тархи нь зогсоо зайгүй ажиллаж байгаа бололтой. Зөв хариултыг болгоож чадаагүй юмдаг, хажууд нь байсан гэрч нь би байна.
Дүрмийн шалгалт дээр яаж тэнцсэнийг нь бурхан л мэдэх байх. Сүүлд нь жолооны шалгалт авахад тэр хоёр эмэгтэй хоёулаа тэнцээгүй, давтаж өгөөд ч тэнцээгүй юм. Гэвч хожим нь гудманд таарахад хоёулаа жолооны үнэмлэхээ авчихсан гээд инээд алдаад явж байж билээ.
Нэг инээдтэй юм санаанд ороод. Жолооны шалгалт өгөх өглөө манай ангийн эмэгтэйчүүд сандралдаад л, жолооны шалгалт авах байцаагч нь хэн гэдэг хүн ирэх бол гээд л ийш тийшээ утасдаад л, сураглаад л жигтэйхэн хөдөлгөөнтэй байж билээ. Тэгсэн чинь жолооны шалгалт авах хүний нэр тодорлоо! Заазуур Баяраа гэдэг автын байцаагч ирнэ гэнээ! (Бодит хүн шүү) Нөгөө эмэгтэйчүүд маань бөөн паник. Зарим нь эмийн сан руу гүйлдээд л. Зүрхний дусаалга авч үнэрлэх гэж байгаа нь тэр. Заазуур Баяраа гэж жолооны курсын төгсөгчдийг заазуурддаг чанга гар байсан бололтой, ямар сайндаа тийм нэр авах вэ дээ. Мань чинь харин заазуурдуулалгүй тэнцээд үнэмлэхээ авч байсан юмдаг.
Одоогийн энэ жолооны курсууд бүр дордсон биз ээ. Хотын замын хөдөлгөөнд дүрмээрээ биш дураараа тонгочдог жолооч нар их байгаа нь ямархуу чанартай төгсгөж байгаагийн нотолгоо биш үү?
Давуу эрхтэй зам дээр явж байж давуу биш эрхтэй зам дээр яваа маньд зам тавьж өгч байгаа тэр жолооч сайхан загнаж байгаа юм биш, дүрмээ мэдэхгүйдээ ингэж байгаа юм шд. Зэрэгцэж ирчихээд дохиогоо өгөөд урдуур дайрч орох гэнэ. Хажууд яваа машины дохиог би яаж харах юм? Урд харагдах зайнд дохио өгчихөөд оръё гэвэл бас яая гэхсэн.
Эргэх дохиогоо тэр газраа тулж ирээд (яг эргэхдээ!) өгдөг тэнэгүүдийг бас бурхан өршөөг. Уг нь эргэх газраасаа 100 метрийн зайнаас эргэх дохиогоо өгөөд анхааруулж эхлэх ёстой юм шд. 100 метрээ байг гэхэд ядаж 10 метрийн зайтай байхдаа дохиогоо өгөөд сурахсан.
Эгнээ солихдоо дохиогоо өгөхгүй гэнэт дайрдаг "соёл" их дэлгэрчээ. Дохио өгчихвөл намайг оруулахгүй гэж боддог учраас гэнэдүүлэх тактик хэрэглэж байгаа нь тэр. Манай дийлэнх төмөр хүлэгтэнгүүд урдуураа оруулах үнэхээр дургүй учраас гэнэдүүлдэг биз ээ. Хажуу эгнээнд чинь чамаас урд явж байгаад, дохиогоо өгсөн бол чи оруулчихаж бай л даа. Чамд ч мөн эгнээ солих шаардлага гарвал бусад чинь адилхан оруулна шд. Насаараа нэг эгнээнд явах юм шиг, насаараа эгнээ солихгүй явах юм шиг аашилдаг тэнэглэлээ больцгоовол яасан юм? Надад ч бас эгнээ солих шаардлага гарна гэж бодож болохгүй юу? Харилцан бие биедээ хүндэтгэлтэй харьцаж байвал хэн хэндээ амар бус уу? Дохио өгөөд байхад л урдуураа оруулахгүй гэж үхдэл царайлаад ухас ухас хийж шахдаг тэнэгүүдийг бас бурхан өршөөг.
За тэгээд сайн хүн болоод урдуураа оруулчихаар араас нь яваанууд нь бас орох гээд дайрчихна. Би уг нь нэгийг оруулчихаад чигээрээ явмаар байдаг! Дараагийнхийг нь миний арын машинууд ээлжлээд л оруулчихдаг бол "боломжийг ашиглах" гээд бүгд дайрахгүй л байсан байх. Даанч тэгж оруулдаг тэнэг нь ховор учраас дайрдаг аж.
"Юм үзээгүй" нүүдэлчин удамт бидний зарим нь машин биш онгоц жолоодож яваа аятай хурдалж давхих юм. Махан биегүй төмрөөр хийгдсэн, эсвэл запас амьтай гэж итгэдэг тэнэгүүд хурд хэтрүүлж өөрийн болон бусдын амийг хөнөөгөөд сайн дураараа тамд очицгоох юм. Тамд очсон хойноо запас амьгүй байжээ гэдгээ ухаардаг биз. Өөрөө ч яахав там руу яараа биз, харин гэмгүй явсан бусдыг чирдэг нь яаж байгаа юм?
Согтуугаар морь "жолоодох" , машин жолоодох хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг бид сайн ойлгохгүй л байна. Согтуу явж байгаад мориноос ойчих бол тэр болгон аминд халтай биш, үсрээд л үе мөчөө хугална. Харин согтуугаар машин барьж яваад "ойчвол" амиа ч алдаж мэднэ. Зөвхөн өөрийнхөө ч биш бас өрөөлийн амийг хөнөөнө. Цуг машинд яваа хүмүүс нь чирэгдээд хамт тэнгэрт одно.
Өөрөө явах мөрөөрөө явахгүй бусдыг чирдэг нь гачлантай. Хууль дүрэм нь дэндүү зөөлөн учраас тоохгүй байна л даа. Толгойг нь илээд байгаа юм. Жолоодох эрхийг нь хасна ч гэх шиг, торгоно ч гэх шиг, хэд хоног баривчлана ч гэх мэтийн алиа шийтгэлтэй байхад хэн тоох юм? Эрхийг нь хасаад байхад л дахиад л согтуугаар машин барьдаг л байхгүй юу! Эрхийг нь хасах биш, шоронд тодорхой хугацаагаар суулгачихсан бол гарч ирээд дахиж согтуу барихгүй л дээ, усан тэнэг л биш бол. Тийм учраас согтуугаар машин барьсан бол шууд хорих ялтай байвал согтуу хүн сохор ухаантайн үлгэрээр согтуудаа машин жолоодож шоронд орохгүйгээ мэднэ. Ер нь бол согтуу жолоочийг хутга барьсан алуурчинтай зүйрлэдэг юм билээ. Ийм алуурчдыг анхны зөрчил дээр нь нарсанд суулгаж хашрааж байвал хожим давтан үйлдэж хүний амь хөнөөхөөс сэргийлнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой нэг том асуудал бол машин барьж явахдаа гар утсаа хэрэглэдэг явдал. Уг нь урдах зам, ойр орчныхоо байдлыг анзаарч, анхааралтай, болгоомжтой хөдөлгөөнд оролцож, анхаарлаа сарниулахгүй явах ёстой юм. Гэвч утсаа ухдаг жолооч маш олон болжээ. Бараг "замын соёл" болчихсон юм биш үү? Зарим нь утсаа чихэндээ наачихсан, эсвэл гартаа барьчихсан чанга яригчаар нь ярьж явах юм. Зарим нь утсан дээрээ эсэн бусын бичлэг үзээд сошиалдаад явж байх юм. Ялангуяа ингэж утсаараа юм үзэж яваа жолооч нар андашгүй, илт удаан явж байдаг. Манай цагдаа нар ч тоож байгаа юм алга. Согтуу жолооч нараа яаж ч чадахгүй байгаа тэд гар утастай орооцолдохгүй нь ойлгомжтой. Замын хөдөлгөөний соёл өндөртэй улсад хуулиар хориглоод, цагдаа нар нь хянаж байдаг бөгөөд иргэд нь ч мөн гар утсаа явж байхдаа хэрэглэж байгаа жолоочийг харвал цагдаад дуудлага өгчихдөг юм билээ. Явж байгаа байршил, машиных нь дугаарыг өгөөд л болоо. Тэр газар ойрхон явж байгаа цагдаа дор нь олоод очдог. Хүний мууг үзэх биш л дээ, тэр жолооч анхаарал нь сарнисан явж байгаад осол гаргаж, өөрийгөө болон бусдыг хохироох вий гэдгээс сэргийлж байгаа юм.
Төмөр хөлөгтөнгүүд маань аюулгүйн бүсээ зүүж хэвших гэж махаа идэж байнаа! Угаасаа хүлээтэй, баглаатай байх дургүй, эрх чөлөөтэй дураараа байгаад сурчихсан нүүдэлчид маань бүсээ зүүх үнэхээр дургүй.
Цагдааг молигдох арга сэдээд, зарим нь гаднаас нь харахад бүсээ зүүчихсэн юм шиг харагддаг ШБОС нэвтрүүлчихсэн ч явдаг. Өөрийгөө л хуурч байгаа гэдгээ хөөрхий нүүдэлчин Монгол мэдэхгүй л яваа хэрэг.
Бүсээ зүүдэг болгож сургахын тулд цагдаа нар сайн ажиллах хэрэгтэй л дээ. Тэр молиго бүснүүдийг шалгавал амархан баригдана. Жолооч нараас гадна тухайн машинд зорчиж яваа хүмүүс ч бас зүүж хэвших ёстой юм.
Машин онхолдлоо гэж бодоход бүсээ зүүгээгүй нь машин өнхөрч байх явцад цонхоор шидэгдэж унаад машинд дарагдаж үхдэг тохиолдол олон гардаг. Бүсээ зүүсэн нь суудалтайгаа хүлээтэй амьд үлддэг, үсрээд л бага зэргийн гэмтэл авна.
Миний нэг дүү маань 2 удаа зорчигчийн шугамаар машинтай явж байгаад осолдож, бүсээ зүүгээгүй явсаны балгаар эхний удаад нь эгмээ хугалж, удаахад нь өвчүүгээ хугалсан юмдаг. Өвчүүгээ хугалдаг ослын үед тэрээр машины арын суудалд сууж явсан бөгөөд азаар машин өнхөрсөн ч гадагш шидэгдээгүй. Өвчүү цуурч, эдгэх гэж маш удсан, яс шиг амархан бороолдоггүй юм билээ, одоо ч эмзэг хэвээрээ. Ер нь машины аюулгүйн бүсийг зөвхөн жолооч ч биш, урд болон ард сууж яваа зорчигчид бүгд хийж хэвших хэрэгтэй. Хэрэгтэй учраас л машинд чинь урд ардгүй суудлын бүс байгаа биз дээ? Дүү маань одоо хаширсан учраас бүсээ хийж явдаг болсон доо, уг нь заавал өөрийн бие дээр үзэж хаширч байж хэвших шаардлагагүй юм шд.
Манайд хууль дүрмээрээ заагаад өгчихсөн боловч хэрэгжүүлдэггүй нэг дүрэм байна аа. Тэр бол бага насны хүүхдийг машинд авч явахдаа зориулалтын суудалд суулгаж явах заалт. Ихэвчлэн урд суугаа, эсвэл ард суугаа том хүн өвөр дээрээ авч явдаг. Зарим томхон хүүхдүүд өвөр дээр ч суухгүй. Ер нь өвөр дээрээ суулгасан ч гэсэн осол болоход хэн ч яаж ч чадахгүй. Осол болох үед хүүхэд мөргөлтийн хүчинд чиний өврөөс суга шидэгдэж, эсвэл шил мөргөж тархи нугасаа гэмтээнэ, үгүй бол онгорхой цонхоор гадагш шидэгдэнэ. Чи хүүхдээ хамгаалах нь байтугай өөрийгөө ч хамгаалж чадахгүй бэртэнэ, эсвэл чад болно. Хамгаалах бүсээ зүүж яваагүй бол баталгаатай. Бүсээ зүүж явсаны хүчинд өөрөө бэртэл аваад амьд үлдэж болох ч ямар ч хамгаалалтгүй чиний өвөр дээр сууж явсан хүүхэд чинь эндвэл чи амьд үлдсэндээ баярлах уу, эсвэл хүүхдээ алдсандаа гашуудах уу? Гашуудах ч багадна! Яг үнэндээ бол, хатуухан хэлэхэд, чи өөрөө хүүхдээ хөнөөчихөж байгаа юм. Цусаар уйлаад ч оройтсон байх вий! Тэгээд л ойлгочих!
Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэж байгаа эсэхийг шалгаж, мөрдүүлж байгаа цагдаа ч гэж алга. Хүүхдийн суудал үнэтэй учраас улны амьдралтай иргэд маань худалдаж авахад хүнд тусдаг байж болох юм. Суудал өндөрлөгч нь 50 мянга орчим, суудал нь 200 мянга гаран үнэтэй юм байна. Амьдралын боломж муутай өрхөд улсаас аваад өгчихөд болохгүй нь юу байна? УИХ-ын гишүүдэд орон сууц авахад нь дэмжлэг нэрээр олон зуун саяар нь гишүүн бүрд өгөөд л тэтгээд байгаа биз дээ? Балчир иргэдээ хамгаалж л байгаа хэрэг юм шд уг нь.
Машинаа зогсоолд зөв тавих гэдэг нь яалт ч үгүй хэвшихэд хэцүү дадал бололтой. Унаж яваа морио хаа зогссон газраа хааш нь ч хамаагүй харуулаад тушчихдаг уламжлалтай ард түмэнд машинаа тавихдаа зөв байрлуулах нь их хэцүү гэдгийг ойлгож байна аа, гэвч сурах л хэрэгтэй.
Дэлгүүр хоршоо, албан газруудын зогсоолын талбайд шугам татаад, эгнээ гаргаад заагаад өгчихсөн байхад л тэс хөндлөн, эсвэл муруй далий тавьсан байх нь даанч элбэг дээ. Тэрийг нь хэлж ярьж анхааруулдаг, засдаг зогсоолын ажилтан ч гэж алга. Хоёр машин тавих байршил дээр ганцаараа эзэгнээд машинаа тавьчихсан хүнийг яах ёстой юм? Иргэд л өөрсдөө хэл ам хийхээс өөр ямар ч аргагүй л дээ. Дуртай газраа, дуртай байрлалаар машинаа тавьчихаад алга болно, утсаа ч тавиагүй. Автобусны зогсоол дээр хүртэл бөгсөө 1-р эгнээнээс бүрэн чөлөөлөлгүй цухуйлгаад тавьчихна. Уг нь машин тавих хориотой л газар.
Ер нь энд тэнд машинаа тавихдаа бусдад саад болох вий гэж боддоггүй жолооч нар яасан олон байна аа? Би л болж байвал бусад нь надад хамаагүй гэдэг бэртэгчин, хувиа бодсон зан хэзээнийх юм бэ? Бусдад гай болохгүй амьдарцгаая гэдэг чинь бидний өнөө цагт баримтлах ёстой уриа, философ юм шүү дээ. Хүн бүр үүнийг ягштал баримталж чадвал энэ нийгмийн нэг том стресс алга болох юм. Тэртэй тэргүй стресс ихтэй энэ цаг үед нервийнхээ эд эсийг ингэж үхүүлээд байхаар чинь богино наслах нь ойлгомжтой биз дээ?
Стресс дүүрэн нийгмийг бий болгож байгаа эрх баригч бирдүүдээ муулаад стресс багасахгүй ч ядаж өөрсдөө бие биендээ гай болохгүй, саад болохгүй байх юмсан гэж хичээгээд явбал яасан юм?

Comments
Post a Comment