Зүй бус хорогдол


Сар шинийн мэнд! Баярын үеэр таагүй бичвэр оруулах нь жаахан тиймэрхүү боловч бичмээр санагдаад болдоггүй. Бичвэрийн нэр нь Зүй бус хорогдол. Малын зүй бус хорогдол биш юм шүү. Хүний тухай юм.

Цагаан сараар олон зочин хүлээж авлаа. Мэдээж гэр бүлээрээ ирж золгож байгаа хүмүүс маань том жижиг хүүхдүүдтэйгээ иржээ.  Ирж золгосон 2 айлын жижиг хүүхдүүд машиндаа тусгай суудалгүй явж байна! Хүүхдийн суудалгүй! Эцэг эх нь урдаа суугаад жижгүүдээ арын суудалд суулгаад л яваад өгч байна. Яагаад суудалгүй явдаг юм бэ, аюултай биш үү гэж асуухад Зүгээр ээ гээд л үл тоох юм. Бага насны хүүхэд байтугай том хүн бүсээ зүүхгүй явахад л эрсдэх аюултай байдаг. 

Өнөөдөр мэдээгээр ярьж байна: Авто ослоор саяхан 4 настай хүүхэд эндлээ гэж. Гол зураад л явчихлаа. Бид чинь өөрсдөө хүүхдүүдээ санаатай бус хөнөөгөөд байгаа юм биш үү? Балчирууд маань томчуудын хэнэггүй бөгөөд тэнэг үйлдлээс болж зүй бусаар хорогдоод байгаа юм биш үү? Малын зүй бус хорогдол бол байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлээс болдог бол хүүхдийн зүй бус хорогдол бол томчууд бидний тэнэглэлээс болж байна.

Хөгжингүй орнуудад иймэрхүү үйлдэлд маш хатуу ханддаг. Хууль нь тийм. Зөвхөн хүүхдийн тусгай суудлын асуудлаар ч биш, өөр шалтгаанаар ч бас эцэг эхийн хариуцлагагүй, хэнэггүй байдлаас болж хүүхэд нь эндвэл шоронд ял эдлэх шийтгэлтэй байдаг. Ер нь хүүхдийн тал дээр маш их анхаардаг. Аргагүй юм даа, хүүхэд бол тухайн улсын ирээдүй юм шүү дээ. 

Манайд ирсэн нэг гэр бүл 4 ба 2 настай хүүхдүүдээ арын суудалд зэрэгцүүлж суулгаад л яваад өгсөн, нөгөө нэг гэр бүл нь 8-р ангийн, 4-р ангийн ба 3 настай охидуудаа мөн арын суудалд чихэж аваад л явсан, тусгай суудалгүй, бүсээ ч зүүгээгүй. Ийм л байна.


 

 

Уг  нь  замын хөдөлгөөний дүрэм журмандаа бага насны хүүхэд  тусгай суудал дээр зорчих тухай заасан байдаг юм билээ, гэвч  Монголын хуулиуд зөвхөн цаасан дээр л байдаг, амьдралд хэрэгждэггүйн нэг жишээ энэ. Зам тээврийн осолд  жил бүр дунджаар 3000 хүүхэд өртөж, хүүхдийн нас баралтын хамгийн их хувийг авто осол эзэлдэг тоо баримт байна! 


Дунджаар жилд 80 хүүхэд авто ослоор энддэг гэнэ. Сар бүр 6-7 хүүхэд!  Монголын үрс маш олон болтугай гэж хоосон ерөөгөөд яах юм? Бид ийм байж яаж олуулаа болох юм? Арчаагүй төр засаг нь гаргасан хуулиудаа хэрэгжүүлдэггүй, мөрдүүлдэггүй учраас энэ улсад зах замбараа гэж алга. Эрх барьж байгаа луйварчид нь идэж уухаа л бодохоос биш иргэдээ амар жимэр, тарган цатгалан, бүрэн бүтэн байлгаж, улс орноо өөд нь татаад хөгжүүлье гэсэн өчүүхэн ч сэтгэл алга гэдэг нь илт. Ийм байхад энэ улс хөгжих үү? Хүн ам нь өсөх үү?      

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө