Трамп гэж хэн бэ?

Дональд ТРАМП

Трамп гэдэг хүний тухай бид юу мэдэх вэ? Янз бүрийн л мэдээлэл явдаг. Интернетээр хайгаад олж болно. Энд бүгдийг нь нуршихгүй, гэхдээ чухал гэсэн өнцгүүдийг харуулахыг хичээнээ.

1946 онд төрсөн. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч. 2016 оны сонгуульд Хиллари Клинтоны эсрэг өрсөлдөж ялсан. Хэдийгээр Клинтон авгай  Трампаас 3 сая хүний санал илүү авсан боловч Төлөөллийн санал (electoral votes) нь дутуу байсан учраас ялагдсан юм. Ийм тохиолдол ховор боловч гардаг.

Трамп улс төрийн ямар ч туршлагагүй, бизнесмен хүн. "Дадлагажигч" буюу "The Apprentice" хэмээх телевизийн реалити шоугаар танил болсон. Үл хөдлөх хөрөнгийн бизнесээр хөлжсөн. 

Цэргийн академи төгсөөд Пенсилвань мужийн их сургууль дүүргэж эдийн засагч мэргэжилтэй болсон.

Аав нь Герман гаралтай уугуул иргэн байсан бол ээж нь Шотландаас ирээд "харлачихсан"  цагаач байжээ. Тэд 1936 онд гэр бүл болж 5 хүүхэд өсгөжээ. Дональд 4 дэх хүүхэд нь. 

Тэрээр 1977 онд анхны эхнэр Ивана-тай гэрлэжээ. Ивана нь 1972 онд цанын спортын төрөлд Чех улсын Олимпийн шигшээ багт орж байсан бөгөөд Нью Иорк хотод загвар өмсөгч байсан. Дундаасаа 3 хүүхэдтэй (Дональд жуниор, Иванка, Эрик) болсон. Тэд 1992 онд салсан.

1993 онд Трамп хоёрдахь эхнэрээ авсан. Жүжигчин Марла-тай нийлээд нэг охинтой (Тиффани) болсон. 1999 онд 2 сая доллар Марла-д төлж гэрлэлтээ албан ёсоор цуцалсан.

2005 онд одоогийн эхнэр Меланиа-тай хуримаа хийсэн. Меланиа бол хуучин Югослав улсын нэг хэсэг байсан Словени улсаас гаралтай, загвар өмсөгч. Тэр 1970 онд төрсөн, нөхрөөсөө 24 насаар дүү. Энэ хоёрын дундаас Баррон гэдэг хүү 2006 онд төрсөн, одоо 14 настай.

Меланиатай гэрлэдэг жил болсон ярианы бичлэг 11 жилийн дараа нийтэд цацагдаж Трампын сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлж сандаргаж байсан юм. 2005 оны бичлэг л дээ. Тэрээр нэгэн шоунд оролцох гэж автобусаар ирж байхдаа хамт явсан хүнтэйгээ ярилцаж байсан нь бичигдсэн аж. Уг бичлэг дээр мань эр эмэгтэйчүүдийг хэрхэн үздэг гэдгээ харуулсан. Мэдээж албан ёсны дүрээрээ бол эмэгтэйчүүдийг хүндэлдэг гэх мэтээр ярьдаг, гэвч амьдрал дээр шал өөр дүр харагдаж байгаа юм.

Эмэгтэйчүүдийг гадаад харагдах байдал, галбир,  үзэмжээр нь ялгаж үздэг. Бичлэг дээр мань эр "Би гоо эмэгтэйд дуртай, шууд л хандарч эхэлдэг" гэж ярьдаг. Тэрээр, "Би шууд л тээнэгэлзэхгүйгээр үнсдэг, хэрвээ чи од бол эмэгтэйчүүд татгалздаггүй. Чи тэд нарыг яаж ч болно, зүгээр л бэлэг эрхтэнийг нь базаад ав" гэж  зөвлөөд, нэгэн эмэгтэйтэй хурьцах гээд чадаагүй тухайгаа тэр бичлэг дээр бахархалтай хуучилдаг.


Трампыг дэмжигч улаан фенүүд нь (Бүгд Найрамдах Намынхан) нэгэн цуглаан дээр "Ерөнхийлөгч өө, Ta миний доодохыг базаж болно шүү" (You can grab my pussy, Mr.President) гэсэн бичиг барьж, тийм утгатай бичиг бүхий цамц өмссөн нь шуугиан тарьж байсан. Намчирхана гэдэг чинь ичих зовох булчирхайг ч ажилгүй болгож чаддаг жишээ энэ буюу. Өөрийн нэр хүндийг уландаа гишгэж хэн нэгний буруу авирыг өмөөрч байна гэхэд гайхмаар. 

Трамп гэгч энэ нөхөр нэг тийм донтой, хүүхэмсэг этгээд гэдэг нь тодорхой. Анхны эхнэрээ араар нь тавьсанаас болж гэр бүлээ цуцалж байсан гэдэг. 1970 оноос эхлэлтэй, нийт 26 эмэгтэй бэлгийн дарамтанд орсон хэргээр Ерөнхийлөгч Трампыг шүүхэд өгсөн байгаа.  ЭНД дарж үзнэ үү. 

Сторми Даниелс

Порно киноны жүжигчин Сторми Даниелс (Stormy Daniels) гэгчийн амыг таглахын тулд өмгөөлөгчөөрөө дамжуулан 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тэр эмэгтэйд 130 мянган доллар өгч байжээ. Аль 2006 онд тэрээр энэ эмэгтэйтэй явалдаж байжээ. Тэр үед Меланиатай гэрлэсэн (2005 онд) байсан цаг. Мөн Плей-бой сэтгүүлийн модел Карен Мкдогаль болон бусад 3 эмэгтэйд мөнгө төлж амыг нь тагласан тухай Стормигийн өмгөөлөгч мэдэгдэж байсан. 

Трамп Ерөнхийлөгч болсоныхоо дараа олон өөрчлөлт хийж дураараа тонгочсон хүн. Тэр хэрээрээ олон улсад муу нэртэй болсон нэгэн. Обама Ерөнхийлөгчийн батлуулсан эрүүл мэндийн даатгалын хуулийг хүчингүй болгож, Мексикийн хил дээр хана босгож, муслим шашинтай нэр бүхий орнуудаас АНУ-д нэвтрэхийг хориглож, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллын гишүүнээс татгалзаж, НАТО-гийн түнш орнуудтай муудалцаж, дэлхийн цаг уурын тухай Парисын Гэрээнээс гарчээ. 

Мексикээс голдуу АНУ-д нууцаар орж ирсэн болон завдаж буй цагаачдыг өвчин авчирч тараагчид, ажлын байр булаагчид гэж доромжилдог. 

Трампын байр суурь арьсны үзэлтэй бүлэглэлүүдийг зоригжуулж, нийтэд ил тод гарч үйл ажиллагаа явуулах боломжийг илүү чөлөөтэй тавьж өгсөн юм. Цагаан арьстан бол ноёлох хүмүүс гэдэг үзэл бодолтой бүлгүүд Трампыг илт дэмждэг болсон. (White supremacy groups, Neo-Nazis гэх мэт).

Энэ үзлийг дэмждэг энгийн иргэд цагаан бус арьстануудыг элдэв шалтгаанаар ад үзэх, гадуурхах, нутаг руугаа буц хэмээн дайрах явдал олширч, үзэн ядах  гэмт хэргийн тоо  2018, 2019 онд  тус бүр 7000 давж, түүний дотор хүний амь хөнөөсөн хэрэг 2019 онд 51 гарчээ. Үзэн ядах гэмт хэргүүд дотор арьсны өнгө, угсаа гарлаар нь шалтгаалж халдсан хэрэг нь бараг 60% эзэлж байна. 20% нь шашны улмаас болсон байна. 

Ерөнхийдөө Трампын засаглалын үеэр Америкчууд нэгдэх биш, харин улам хуваагдаж, гадаад ертөнцөд АНУ-ын нэр хүнд буурчээ. Гадаад бодлогын хувьд ч алдаа гаргаж, түншүүддээ нэр хүндээ алдаж, ганцаардсан байдалтай болжээ. Америкийн эрх ашгийг нэгдүгээрт тавина гэсэн сүртэй лоозогнолоор иргэдийн талархлыг татсан боловч гадаад ертөнцөөс тусгаарлагдаад бие даан орших нь өнөө цагт боломжгүй гэдгийг ойлгохыг хүсээгүй гэлтэй.

Эдийн засгийн хувьд гарсан өсөлт, ажилгүйдлийн бууралт зэргийг тэрээр өөртөө наадаг боловч энэ нь үндсэндээ Обама Ерөнхийлөгчийн үед суурь нь тавигдсан арга хэмжээнүүдийн үр дүн юм.

Ковид тахлын эсрэг шаардлагатай арга хэмжээ авалгүй, харин ч эсрэгээрээ амны хаалт зэрэг халдвар авахаас сэргийлэх хамгийн энгийн аргыг хүртэл үгүйсгэж, үл тоомсорлосноос болж өнөөдөр АНУ хамгийн их халдвар авсан, үхэлтэй орноор тодроод байна.  

Обамагийн эрүүл мэндийн даатгалын хуулийг хүчингүй болгосон боловч өөрийнхөө хувилбарыг санал болгосон юм ч байхгүй суудлаа тавьж өгч байна.

Татварын багц хууль батлуулсан нь баячуудын татварыг ихээр бууруулж тэдэнд  маш их ашиг өгсөн бөгөөд тиймдээ ч том том ноёлох компани, корпорацуудын дэмжлэгийг авсан юм.

Энэ удаагийн сонгуулиар өрсөлдөгчөөсөө 7 сая саналаар дутуу дэмжлэг авчээ. (Байден- 81 сая 271 мянга, Трамп- 74 сая 209 мянга)

Мань эр 2016 онд анх Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо ч мөн өрсөлдөгч Хиллари Клинтоноос 3 сая саналаар дутуу дэмжлэг авч байсан. (Клинтон- 65 сая 853 мянга, Трамп- 62 сая 984 мянга)

2020 оны сонгуульд өмнөх жилүүдээс олон сонгогч саналаа өгч идэвхитэй оролцлоо.  Байден энэ жил ийм олон санал авч илт давамгай ялсан нь Америкчууд Трампаас залхсаныг гэрчилнэ. 

Трампын сонгуулийн штабаас зарим нэг мужид (Пенсилвани, Жеоржиа, Невада, Мичиган, Аризона г.м) гомдол гаргаж мужуудын шүүхэд хандсан боловч одоогийн байдлаар ганц ч шүүх дээр заргаа авч чадаагүй байна. Трампын штабаас гаргасан гомдлууд дотор нас барсан хүмүүсийн нэр дээр санал өгсөн хэрэг, санал тоолох хар машины программ дээр ажиллаж санал луйвардсан гэх хэрэг, гадны улс орнуудаас (Венесуел, Куба, Хятад) сонгуульд нөлөөлсөн гэх хэрэг багтжээ. Гэвч яг тухайн мужийн шүүх дээр очоод нотлох баримтгүйн улмаас ойчсоор байгаа гэнэ. Шүүхээс гадуур болохоор аймшигтай том луйвар явагдаж, санал хулгайллаа л гээд хэвлэлийн бага хурал хийгээд л сүржигнээд байх мөртөө яг шүүх хурал нь болоод нотлоодох гэхээр таг. 

Хуулийн дагуу хүсэлт гаргасан нэр дэвшигчийн гомдлыг барагдуулах үүднээс саналын хуудсыг гараар дахин тоолох зохицуулалт байдаг. Тэр ёсоор ч хүссэн муж, тойрогт нь саналын хуудсыг дахин гараар тоолсон. Гэвч гар тооллогын дүн хар машинаар тоолсон дүнгээс зөрөөгүй юм билээ. 

Нөхцөл байдал ийнхүү өөрт нь муугаар эргэж, сонгууль луйвардсан хэмээх гүтгэлэг нь нотлогдсоор байхад л сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гүрийгээд байгаа хүнийг юу гэхэв?

Өөрийнх нь намын хүмүүс хүртэл залхаж байна шүү дээ. Дээр дурдсан мужуудын захирагч, шүүгч нар ихэнх нь Бүгд Найрамдах Намын хүмүүс бөгөөд Трампаас томилогдсон хүн ч цөөнгүй бий. Тэд хуулиа баримталж ажлаа хийснийхээ төлөө одоо Трампын хараалыг хүртэж сууна. Жеоржиа мужийн Төрийн нарийн бичгийн дарга Брад Раффенспергер 11 сарын 30-нд тус мужийн сонгуулийн дүнг дахин баталгаажуулж, Байден ялсан гэдгийг хэллээ. Энэ мужид жишээ нь саналын хуудсын тооллогыг 3 удаа явуулж шалгасан байх юм.

Трампын төлөө тэргүүн фронтод явж муж болгоны шүүх дээр баримт нотолгоогүй байж зарга мэдүүлж яваа Сидни Паул гэгч хуульч авгайг Трампын штабт хамааралгүй болсон гэдгийг зарлалаа. Тэр авгай бас л баахан луйвар явагдсан гэж хаа сайгүй зарлах боловч баримт нотолгоо байвал хэлээч гэхээр хэлдэггүй булзааруулдаг нөхөр. Энэ авгай бүр Хюго Чаавесын заавраар Венесуелээс сонгуульд нөлөөлсөн гэж туусан гэж байгаа. Венесуелийн Ерөнхийлөгч Хюго Чаавес гэгч чинь аль 2013 оны 3 сард нас барсан юм шүү дээ. Трампын штаб бодвол энэ авгайгаас ичээд багаасаа гаргасан байх л даа.

Одоо муу Руди Жулиани л Ерөнхийлөгчөө ялагдсанд итгэхийг хүсэхгүй муж хэсээд л нисээд байгаа. Руди бол дээхэн үед Нью Иорк мужийн захирагч байсан хүн. Хуульч. Хамгийн сүүлийн мэдээгээр амны хаалтыг үл тоодгийн балгаар мань хүн бас Корона туссан сурагтай. Трамп бас саявтархан Корона тусаж эмчлүүлсэн билээ. 

Хэдийгээр Трамп тахимаа өгөхийг хүсэхгүй байгаа боловч тэр хэдий болтол тээг болж чадах билээ? Хуультай улсад хууль нь үйлчилдэг учраас Байден 2021 оны 1 сарын 20-нд тангарагаа өргөж ажлаа авах нь тодорхой бөгөөд Трамп гуай зайгаа тавьж Цагаан ордноос нүүж гарах нь дамжиггүй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө