Загдааг залхаахын учир

ЗАУТББ-ын тэргүүн Г.Загдаа
''Зөв амьдрах ухаан ТББ''-ын (ЗАУТТБ) тэргүүн  Г.Загдаа гэдэг хүн бий. Одоо Монголчууд ихэнх нь энэ хүний тухай мэддэг болсон. Нэг хэсэг нь тэр хүний хийдэг лайв бичлэгээс мэдэж авсан бол бусад  нь сая Загдааг баривчилсан цагдаагийн ажиллагаанаас мэддэг болжээ. Өнөөдөр Загдаа гэдэг хүний асуудал Монголчуудыг талцуулж хоёр хуваалаа. Дэмждэг  тал нь зүхдэг хүмүүсээс тооны хувьд цөөн бололтой харагддаг. Интернет дээр тавигдсан янз бүрийн бичлэг дээр үлдээж байгаа сэтгэгдлүүдээс багцаалахад шүү дээ. 
Загдааг үзэн ядагсад яагаад ийм олон байгаа тухай хөндөхөөс  өмнө  мань эрийг сая баривчилсан тухай эхлээд ярилцая. Болж өгвөл нуршихгүйг хичээсэн боловч  зарим зүйлийн учир жанцанг олохын тулд жаахан дэлгэрэнгүй тайлбар хийснийг болгооно биз ээ.






Г.Загдааг баривчилсан шалтгааны тухай  Цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээлэл хийжээ:
Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5 хэрэг байгаа гэнэ. 


Хурандаа Ч.Чинбат
1. Эрүүгийн хуулийн 23.1.1-д заасан ''Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн'' гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн
(2700 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялтай)

2. Эрүүгийн хуулийн 11.6.1-д заасан ''Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан'' гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн
(450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай)

3. Эрүүгийн хуулийн 12.1-д заасан ''Хүчиндэх'' гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн
(1-5 жилийн хорих ялтай)

4. Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасан ''Гүтгэх'' гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн
(2020 оны 1 сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон заалт)

5. Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасан ''Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах'' гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн
(15.2.1-д заасан зөрчилд 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, 15.2.2-д заасан зөрчилд 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялтай)

Дээрх 5 хэрэг тус бүр дээр нь шинжилгээ хийж үзье:

Эхний хэрэг дээр өөрийн бодлоо хэлэхэд, цагдаа нартай ''халз тулж'' байгаа бичлэгүүдээс нь харвал мань эр цагдаа  нарын өөдөөс хүч хэрэглээд эсвэл хүч хэрэглэхээр заналхийлээд байсан юм ажиглагдаагүй. Харин ам хэлээрээ зөндөө л юм хэлж, шүүмжилж, загнаж байгаа харагддаг. Тэгэхээр энэ заалтаар хэрэг үүсгэж байгаа нь буруу гэж бодож байна. Үндэслэлгүй юм аа гэж. Цагдаа нарт өөрсдөд нь тийм хүч хэрэглэсэнийг, эсвэл хүч хэрэглэнэ гэж заналхийлсэн бичлэг байгаа бол шүүх дээр гаргаж тавих биз ээ. 

Хоёрдахь хэргийн тухайд гэвэл, хурандаа Ч.Чинбатын хэлсэнээр иргэн Б, М нар Загдаад зодуулж хөнгөн хохирол амссан бололтой. Энэ тухай ямар ч мэдээлэл байхгүй учраас хэлэх юм үнэндээ алга. Хэрэв үнэхээр тэгж хүн зодоод бэртээсэн бол зохих ял шийтгэлээ авах биз ээ. 60 гарсан настай хүнд зодуулдаг ямар хүн байдаг юм бол оо?

Гуравдахь хэрэг бол хамгийн ноцтой бөгөөд учир битүүлэг хэрэг юм. Ноцтой гэдэг нь ойлгомжтой. Учир битүүлэг гэдэг нь үнэн худал нь мэдэгдэхгүй бөгөөд тогтооход бас төвөгтэй байж мэднэ гэсэн санаа. 
Нэг нь хүчиндсэн гээд, нөгөө хүн нь үгүйсгэж байгаа. Хүчингийн гэх энэ хэрэг үйлдэгдээд цаг хугацаа зөндөө өнгөрсөн учраас элдэв шинжилгээ үзлэгээр тогтоож баримтжуулах боломжгүй болсон. Одоо ганцхан Цагдаагийн ажилтнуудын ур чадвар, ажлын арга барил ямар түвшинд байна  гэдгээс шалтгаалж энэ хэрэг үнэн зөв шийдэгдэх эсэх нь шалтгаална. Мэдээж бүх талуудыг байцаана. Цагдаа шударга хандаж, аль нэг талыг барилгүй ажиллаж чадах эсэхээс бүх юм хамаарна.
Загдаагийн тухайд нэг муу тал нь гэвэл мань эрийг цагдаа нартай байнга шөргөөцөлдөж байдаг болохоор цагдаагийнхан энэ хэргийг мөрдөхдөө нөгөө талд илүү таатай буюу давуу байдлаар үйлчлэх маягаар хандах вий гэдэг хардлага байна.

Энэ хүчингийн гэх хэргийн талаар бодлоо хэлэхэд, энд цөөнгүй эргэлзээтэй зүйлүүд харагдаж байна. Хүчиндүүлсэн гэх Халиун гэдэг залуу эмэгтэй хэвлэлийн хурал дээр хэлэхдээ зөвхөн Загдаад биш, бас ЗАУТТБ-ын нийгмийн ажилтан 2 хүн бас хүчиндсэн гэж мэдэгдсэн. Тэр төвийн нийгмийн ажилтан гэх хоёр хүн бол Мэндээ, Идэрээ нар юм л даа. Эндээс нэг асуулт гарч байна:
- Хүчин хийсэн гэх энэ хоёр хүнийг тэгвэл яагаад адилхан барьж хорьж шалгахгүй байна аа? 

Гурван өөр хүн нэг нэгээрээ тусдаа хүчиндсэн гэж бодоё. Энэ олон хүнд удаа дараа хүчиндүүлээд л юу ч болоогүй юм шиг явж байснаа гэнэт л яриад унах нь сонин биш санагдахгүй байна уу? 
Идэрээ гэдэг залуу тахир дутуу юм билээ. Зүүн гар нь мөрөө хүртэл огт байхгүй мухар. Өрөөсөн гартай энэ хүн, эрхтэн бүтэн залуу эмэгтэйг ганц гараараа дарж байгаад нүцгэлээд хүчиндсэн гэвэл итгэхэд хэцүү. 
Тэгвэл хэн нэгэнтэй нь хамжиж хүчиндсэн болж таарах уу? Ингэсэн бол бүлэг хүчингийн хэрэг болно биз дээ? 

Халиун хэзээ яаж хүчиндүүлж байснаа мэдэх ёстой. Одоохондоо эмгэн болчихоогүй,нас залуу цус шингэн хүн ой тогтоомж нь муудчихсан баймааргүй. ''Хэргийн газар'' очоод хүчиндүүлсэн газраа зааж өг гэхэд мэдэхгүй, санахгүй байна гэхчлэн хариулж байсан гэж сонссон. Бас л үнэмшил муутай сонсогдож байгаа биз?!  Загдаа намайг  хүчиндсэний дараа  доогуур нь цус гарсан гэж хэвлэлийн хурал дээр тэр эмэгтэй ярьж байсан. Хүүхэд гаргасан эмэгтэй онгон байна гэж байхгүй, тэгэхээр Загдаа биенийх нь сарын тэмдэг ирж байгаа үеэр ''хүчиндсэн'' байж таарах гээд байна. Хүчиндүүлсэн гэх өдрүүдийг нь тогтоогоод, Халиуны сарын тэмдэг ирдэг өдөртэй жишвэл бас нэг учиг олдоно.

Бас нэг юм байна. Халиун асрамжийн газар байхдаа жирэмсэн болсон бөгөөд эмнэлгээс гараад очих газаргүй байхад нь Загдаа авсан юм билээ. Асрамжийн газар нь буцааж авахгүй гэсэн гэнэ лээ. Халиун ЗАУТББ-д ирэхдээ тэмбүү өвчтэй байсан гэсэн. Хэрвээ Загдаа, Мэндээ, Идэрээ нар хүчиндсэн бол лавтай тэмбүүгийн халдвар авсан байх ёстой. Энэ гурван этгээдээс шинжилгээ аваад тэмбүүтэй эсэхийг тогтоох хэрэгтэй. Мөн энэ гурвын эхнэрүүдээс  ч шинжилгээ авах нь зөв. Ингээд хэрвээ тэмбүү гарахгүй бол Халиунтай бэлгийн харьцаанд орсон гэдэг нь эргэлзээтэй болоод явчихна. Мэдээж Халиунаас бас шинжилгээ авах нь ойлгомжтой.

Дөрөвдэх хэргийн тухайд гэвэл, хуулийн нь зүйл анги хүчингүй болсон учраас Загдаад оноосон мөнгөн торгуулийг шүүхээс  хүчингүй болгосон юм байна. Гэвч цагдаа заавал торгоно гээд шүүхэд давж заалдсан байгаа гэнэ. Угаасаа хүчингүй болсон заалтаар яллах гээд улайраад байгаа цагдааг ойлгохгүй л байна. 

Тавдахь хэргийн тухайд гэвэл, Загдаагийн өөрийнх нь хийсэн шууд лайв бичлэгээс харахад яалт ч үгүй энэ зөрчлийг гаргасан нь харагддаг. Тиймээс энэ зөрчилдөө зохих ял шийтгэлээ хүлээх биз ээ. Зөв ч байсан буруу ч байсан, албаны эрх мэдэлтнүүдийн ''үгэнд орохгүй '' бол болохгүй болсон цаг.

Энэ бүхнээс дүгнээд харахад, хүчингийн гэх хэргээс бусад нь зөрчлийн шинжтэй хөнгөн хэргүүд байна. Баривчилж хориод байх шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр зөвхөн хүчингийн гэх хэргээр барьж хорьсон гэж ойлгогдохоор. Гэтэл Мэндээ, Идэрээ хоёрыг яагаад ''тоохгүй'' байна гэдэг их сонин! Эндээс харвал ганц Загдааг л яллаж, залхаах ганц зорилготой ажиллагаа явагдаад байгаа мэт! Хууль хүчнийхэн шударга ажиллаж байна уу? УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын нэр бүхий 4 гишүүнийг хууль дуудаад ирэхгүй болохоор нь шүүхэд албадан ирүүлэх захирамж гаргаж өгөх хүсэлт гаргасан боловч мөнөөх шүүх нь татгалзсан сурагтай. Ингэж л ялгаатай ханддаг. Загдааг бол дор нь баривчилж, сүрийг үзүүлсэн билээ. Дээдэстээ ''энэрэнгүй'' ханддаг, доод давхаргадаа ''шударга'' ханддаг ийм л нийгэмд амьдарч байгаа билээ, бид.

Төрийн албаныхан өөрсдийг нь шүүмжилсэн жирийн иргэдээ залхаан цээрлүүлэх аянд мордсон гэлтэй. Угаасаа илжирч ялзарсан төр засгийн албаныхан шүүх, хэвлэл мэдээллийг ''шидэт'' дохиураараа занган ажиллуулж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалуулж, зөвтгөж чадаж байна. Тиймээс ч цөөнгүй иргэд буруу ойлголт авч Загдаа нарыг хараан зүхэж давшилж байгаа юм. Угаасаа боловсрол муутай иргэд маань албаны мануухайнууд юу ч гэж хэлсэн туйлын үнэнд тооцож сохроор итгэдэг нь үнэн. Цагийн хүрдээр гарч байгаа мэдээ бүхэн ''үнэн'' гэж итгэдэг. Ийм иргэдэд олон талын эх сурвалж ашиглаж, олон өнцгөөс нь харж аливаа асуудалд бодит дүгнэлт хийх чадвар муу учраас бусдыг дагаж туйлшрах нь хэвийн үзэгдэл. Тийм учраас албаныхан муулж байгаа учраас Загдаа бол муу хүн гэдэгт итгэсэн хэрэг. Хэвлэл мэдээлэл нь ч тэнцвэртэй мэдээлэл хүргэж чаддаггүй, аль нэг талд нь үйлчилдэг, худалдагдсан байдаг учраас тэр утгаараа тархи угааж буруу ойлголт тараадаг хэрэгсэл болж хувирсан. Сэтгүүлч нэртэй оронцогууд нь ажлаа ч зөв хийж мэдэхгүй, асуултаа ч оноод асуучихаж чаддаггүй, тухайн сэдэв, асуудлынхаа тухай ямар ч мэдлэг ойлголт байхгүй харанхуй мулгуунууд байдаг.

Ер нь шударга хүн олж тавиад бүх юм шударга, сайхан  болчихгүй. Тийм шударга хүн ч олдохгүй. Гагцхүү шударга ажиллахаас өөр аргагүй байдалд байлгадаг тогтолцоо системийг л бий болгочихвол аяндаа бүх юм хүссэн хүсээгүй  эвэндээ орно. Одоогийн тогтолцоо бол тийм байдлыг хангаж чадахгүй байгаа учраас энэ бүх завхрал чөлөөтэй явагдаж  байгаа юм. Тэгэхээр хүндээ биш, тогтолцоондоо л байгаа юм. Тогтолцоо нь ийм хойно бид хичнээн бухимдаад яах билээ. Явж явж тогтолцоогоо солихоос нааш юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгоход дахиад хэдэн жил шаардагдах бол?




Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө