Хүүхэд тамлагч цэцэрлэгийн "багш"

Монгол улс хүүхдэд ээлгүй улс гэдэг нь үнэн болохыг олон баримтаар нотолж болно. Нотлогдсоор ч байгаа. Ирээдүйн иргэдээ нас бие нь гүйцээгүй нялх балчир байхад нь хурдан морь унуулж ална, сургуулийнх нь гадаа машинаар дайрч ална, төрсөн болон төрөөгүй эцэг эх нь зодож тамлаж ална, эсвэл элдэв ослоор цааш нь харуулна (2019 он гарсаар 4 нялх үрсээ гадаа ил жорлонд унагаж хөнөөжээ). Алуулчихалгүй амьд мэнд азаар салгалж яваа нэг нь гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар цэцэрлэг сургуульд очиж элдвээр тамлуулж, сэтгэл санааны ба бие махбодийн яргалал амссаар нас бие гүйцдэг. Ийм амьдрал туулж яваад том болсон хойноо эдгээр хүмүүс зан авир, ёс суртахууны хувьд яаж тайван амгалан, өрөвч, хүнлэг байж чадах вэ дээ. Ойлгомжтой асуудал.

Энэ удаа цэцэрлэгийн хүүхдийн асуудлыг хөндөж ярих болно. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийг шинээр элсүүлэхдээ цахимаар бүртгэл явуулсаны дараа сугалаагаар азтанг тодруулсан байна. Хүүхдийнх нь нэр сугалаанд таарсан эцэг эхчүүд бөөн баяр болж, "Манай хүүхэд ёндоорсон" гэж бие биендээ гайхуулцгаав.  "Ёндоорсон" азтангууд албандаа яваад удаагүй байхад элдэв хэл ам гарч эхэллээ.

Өвөрхангайн Арвайхээрийн 1-р цэцэрлэгийн  багш нар хариуцсан ангийнхаа 2 настай хүүг сандалтай нь скочоор барьж хүлэн шийтгэсэн тухай мэдээ цацагджээ. Видео бичлэг дээр гарч байгаагаар бол тэр жаахан амьтныг хүлээстэй нь 30 минут байлгаж, баас шээстэй нь хутгасан аж. Харгис багш нар ажлаасаа халагдаад энэ хэрэг хаагдсан бололтой.  Нөгөө хүүхдийн эрхийг хамгаалах хууль яасан бэ? Хүүхэд тамлан зовоосон хэрэгт ял байхгүй юу?

Цэцэрлэгийн насны хүүхэд гэдэг бол дөнгөж ургаж яваа нялх цэцэг. Ээж аавын үргэлжлэл, эх орны маань ирээдүй үе. Оюун ухаан дөнгөж төлөвшиж байгаа, бие махбодь нь хөгжиж яваа эдгээр нялх амьтдыг багаас нь сэтгэл оюун, бие махбодийн дарамтанд оруулаад байхаар ямар хүн бий болох вэ?
Дархан хотын цэцэрлэгт хүүхдүүдийг харанхуй өрөөнд хийж түгждэг гэсэн шуугиан яригдсан байдаг. Солонго гэдэг нэртэй цэцэрлэг гэнэ лээ. Цэцэрлэгийн эрхлэгч нь үүнийг гүтгэлэг гэж байна лээ. Гэвч эрхлэгч үнэн хэлж байгаа гэдгийг хэн яаж батлах юм?

Энд яригдаж байгаа "харанхуй өрөөнд шийтгэдэг"  аргыг  Монголчууд  харь оронд ч амжилттай хэрэгжүүлж байдаг  гэвэл та үнэмших үү?  Тухайлбал, АНУ-ын Сан Франциско хотод байдаг Монголчуудын дунд хувийн цэцэрлэг ажиллуулдаг  бизнес эрхэлдэг гэр бүлүүд цөөнгүй байдаг. Энд байдаг Монголчууд өөрсдөө цэцэрлэг ажиллуулахаас гадна зарим нь Оросуудын эрхэлдэг  цэцэрлэгт туслахаар ажилладаг.  Америкт хувийн цэцэрлэг нээж ажиллуулахад  уг нь бол асуудалгүй гэнэ. Байр нь шаардлага хангасан байх ёстой бөгөөд мэдээж ажиллуулах этгээд нь хууль ёсны бичиг баримттай байх хэрэгтэй аж. Авч болох хүүхдийн тоо дээд тал нь 12 гэнэ. 

Монголчуудын болон Оросуудын эрхэлдэг цэцэрлэгүүдэд ажиллаж байсан хүмүүсийн яриагаар бол тэнд хүүхдүүдтэй маш бүдүүлэг , хүйтэн ханддаг аж. Мэдээж орой ээж аав нь хүүхдээ авах гээд ирэхэд цэцэрлэгийн багш (эзэн нь) болон туслахууд нь хайлсан тугалга шиг хачин сайхан ааш гаргаж жүжиглэдэг гэнэ.  Монгол эзэнтэй цэцэрлэгт хүүхдийг харанхуй өрөөнд хийж дарамтлах, хооллож байхдаа ам хамар руу нь халбагаараа гудрах, элдвээр харааж зүхдэг гэнэ. Хар арьстай хүүхдийг харуудын шээс гэх мэтчилэн  элдвээр хэлж доромжилдог гэнэ.

Зарим Монгол цэцэрлэгт тухайн хотод амьдардаг Монголчууд хүүхдээ өгдөг бөгөөд хүүхэдтэй нь чоно шиг харьцаж байсан багш нар эцэг эхийг нь харахаараа хонь шиг болж хушуу амаа нийлүүлэх нь холгүй үй зайгүй найз болцгоож дүр эсгэдэг аж.
Хамгийн зэвүү нь эдгээр Монголчууд өөрсдөө үр хүүхэдтэй мөртлөө хүний үр хүүхдэд, ялангуяа Монголчуудынхаа хүүхдүүдэд ингэж ханддаг нь арай дэндүү муухай байгаа юм.
Цаад эцэг эхчүүд нь хүүхдээ Монгол цэцэрлэгт өгчихсөн гээд санаа амар ажлаа хийж яваа шүү дээ, зайлууул.

Ингэж л Монголдоо ч , харь оронд ч "алдар нэрээ"  дуурсгаж явна даа, хүмүүжүүлэгч нэртэй хүний сүгнүүд. Монгол дахь улсын  цэцэрлэгүүдээс зарим нь элдэв засварын мөнгө нэхэж эцэг эхчүүдийг зовоож эхэлсэн сурагтай. Холбогдох эрх мэдэлтнүүд нь анхаарна биз. Хүүхдээ өгсөн эцэг эхчүүд ёстой хүүхдээ бодоод л арай ядан хүргэж байгаа мөнгөнөөсөө илүүчилдэг байх. Мөнгийг нь өгөхгүй бол хүүхдийг нь яаж ч дарамталж зовоох юм билээ, бүү мэд шүү дээ.

Ер нь хүүхдийг хамгаалах тал дээр үнэхээр сул гэдэг нь хүүхэд зовоож тамласан багш нарыг ажлаас нь халсан болоод л толгойг нь илээд явуулдаг жишгээс тодорхой харж болно. Хэзээ нялх ирээдүйн иргэдээ хайрладаг, хамгаалдаг болсон цагт л улс нь хөгжих байх даа. Тэр болтол хэрэгтэй газар нь дуугарч, холбогдох газар нь ажлаа олигтойхон хийдэг болмоор байна. Бүгд л адилхан үр хүүхэдтэй биз дээ?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө