Үнэн худлыг дэнслэгч шүүгчдийн эргэн тойронд

Ерөнхийлөгч Х.Баттулга сая зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

 :
ЗАРЛИГ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.
  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ерөнхийлөгч зарлигаа 3 зүйл дээр үндэслэж гаргажээ. Эхнийх нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалт (9.1.) , удаах нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалт (17.1.8.), эцэст нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гаргасан санал юм байна. 
Эхний заалт нь Ерөнхийлөгч зарлиг гаргах эрхтэй тухай, удаах нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн (ҮАБЗ)  зөвлөмж гарсан тохиолдолд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл болох тухай, эцэст нь ШЕЗ-ийн гаргасан санал. Эндээс харвал Ерөнхийлөгч маань ШЕЗ-ийн гаргасан саналыг  ҮАБЗ-өөр ( Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав нийлж суугаад) хэлэлцээд нэр бүхий 17 шүүгчийн эрхийг цуцлая гэж л дээ.  

Бүх юм номын дагуу болж гэж харагдахаар. Хамгийн сонирхолтой нь ШЕЗ-ийн санал гэгч дээр юу гэж бичсэн бол гэж. Бодвол дээр нэр дурдсан нөхөд маань авилга авсаныг ШЕЗ олж мэдээд баримт нотолгоотой нь ҮАБЗ-д өгсөн бололтой. Энэ баталгаатай бол тангараг өргөсөн шүүгчид маань тамд унах болж дээ. Одоогийн УИХ-ын дарга Занданшатар нэгэнтээ "13 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа бичлэг нь байгаа. Долоон шүүгч Салхитын ордоос 125 сая ам.долларын авилга авсан" гэж мэдэгдсэн байдаг. Эрхийг нь түдгэлзүүлсэн дээрх 17 шүүгч Занданшатарын хэлээд байсан шүүгчид бололтой. Салхитын мөнгөний ордыг 2 хятад булаацалдаж шүүхдэлцээд Монголын шат шатны шүүгчдийг хахуульдаж өөртөө ашигтай шийдвэр гаргуулж байсан гэдэг. Монголын шүүгчид тэр хоёр хятадад хуваагдаад худалдагдчихсан байсан дүр зураг харагдаад байна даа. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн тухай бичсэн нийтлэлүүд зөндөө л гарч байсан. Жишээ нь, энэ нийтлэл

Дээрх жагсаалтанд 7-рт бичигдсэн шүүгч Ж.Оюунтунгалаг зарлиг гарсан даруйд хэвлэлийн хурал зарлаж, өөрийгөө гэмгүй бөгөөд хэлмэгдэж байна гэж мэдэгдлээ. Бусад нь одоогоор чимээгүй л байна. Аяндаа учир нь олдох биз. 
Жагсаалтанд Дээд шүүхийн шүүгч 5 хүний нэр оржээ:
1. Ц.Амарсайхан (гэр бүлийн жилийн орлого нь  17 сая,  нийт 301 сая төгрөгний үнэтэй 3 орон сууц ба 1 байгууламжтай, 40 сая төгрөгний үнэтэй 1 машинтай, 10 сая төгрөгний хадгаламжтай) 
2. Д.Цолмон (гэр бүлийн жилийн орлого нь 17 сая, нийт 435 сая төгрөгний үнэтэй 3 орон сууц болон  2 байгууламжтай, нийт 53 сая төгрөгний үнэ бүхий 3 автомашинтай, 21 сая төгрөгний хадгаламжтай) 
3. Г.Цагаанцоож (гэр бүлийн жилийн орлого нь 21сая, 32 сая төгрөгний үнэтэй 1 орон сууцтай, 60 сая төгрөгний үнэтэй 1 автомашинтай, 21 сая төгрөгний хадгаламжтай) 
4. Х.Сонинбаяр (гэр бүлийн жилийн орлого 360 сая, нийт 300 сая төгрөгний үнэ бүхий 4 ширхэг орон сууцтай, 100 сая төгрөгний үнэтэй 2 машинтай, хадгаламжгүй)
5. П.Золзаяа (гэр бүлийн жилийн орлого нь 67сая төгрөг, нийт 477 сая төгрөгний үнэтэй 2 орон сууц ба  1 байгууламжтай, 73 сая төгрөгний үнэтэй 1 автомашинтай, 100 мянган төгрөгний хадгаламжтай)
(Жич тайлбар: Гэр бүлийн орлого гэдэгт шүүгчийн цалин ороогүй бөгөөд бүх тоо баримтыг  2017 оны ХОМ-ээс авав.)

Дээрх 17 шүүгчдээс гадна "могойны чуулгантай тааралдаад" огцом бөгөөд үсрэнгүй баяжсан олон шүүгчид байдаг юм билээ. Үнэхээр могойны чуулгантай тааралдаад баяжсан байна уу, авилга авч хөлжиж үү гэдгийг нь тогтоох шаардлагатай гэж иргэд үзэж байгаа. Тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал цалингаараа ингэж хөрөнгөжиж чадах уу гэж асуумаар. 
За ямартай ч үнэн шударгыг дэнслэгч, тангараг өргөсөн хэдэн нөхөд дээлээ нөмрөх болж байх шиг байна. Гэснээс Шүүгчийн тангараг гэж ямар юм байдгийг сонирхоё.

“Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.”

Ард түмэндээ батлан тангараглая гэж байна шүү!  Тангарагаасаа няцвал хуульд заасан хариуцлага хүлээнэ гэнэ. Ямар хариуцлага хүлээлгэхийг харъя. Бурууг шүүж, түүний дотор авилга хахууль мэтийн бусармаг явдалтныг цээрлүүлж байх ёстой шүүгчид маань өөрсдөө гэмт хэрэг үйлдээд байхаар чинь хэн нь шударга ёс тогтоох билээ? Ялзарсан нийгэм гэж үүнийг л хэлэх байх. Шүүгчдийг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг  хатуу чанга болгож онцгойлон хуульчилж, нарийвчлан зааж өгөхгүй бол хамгийн их итгэл хүлээлгэсэн хүмүүс маань албан тушаалаа ашиглаж насаараа идэж барахгүй хөрөнгө авилгаар олж  авчихаад нэг зөөлхөн алгадуулсан болоод инээд алдаад л ажлаа өгөөд зайлах юм байна. 

Тийм учраас шүүгч хүн гэмт хэрэг үйлдвэл ямар хэрэгт нь ямар ял шийтгэл оноохыг нэгбүрчлэн тодорхой зааж зохих хуулинд (Авилгын эсрэг хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэх мэт) оруулж өгөх хэрэгтэй. 
Ер нь шүүгч хүн ёс зүйгүй, шударга бус байж болохгүй. Тиймээс жижиг гэлтгүй асуудалд холбогдсон л бол албан тушаалаас нь огцруулдаг байх нь зүйтэй. Түүнээс биш сануулга, цалин бууруулах зэрэг толгойг нь илсэн хачин шийтгэл нэртэй оромдлогыг халах хэрэгтэй. Ганцхан шийтгэл л байх ёстой. Ажлаас нь халаад зохих ялыг нь өгөх л хэрэгтэй. Ингэж байж хариуцлагатай болно. Тангараг өргөчихөөд дараа нь тангарагаа нулимж байгаа хүнд ямар ч сануулга хэрэггүй. 

Эцэст нь хэлэхэд, шүүгч нарыг сонгох, томилох арга барилаа өөрчилмөөр байгаа юм. Бусад оронд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаас хамааралгүй шүүх засаглалаа яаж байгуулдаг туршлагаас сурах хэрэгтэй. Энэ сэдэвтэй холбоотой өмнө нь нэг нийтлэл бичиж байсныг энд дарж уншина уу.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө