Ингээд л байгаад байх уу?

Ажлын хэсгийн ахлагч Лүндаажанцан
За цаадуул чинь Үндсэн Хуульд жижиг сажиг өөрчлөлт оруулсан нэр зүүж одоо байгаа дампуурсан тогтолцоогоо хэвээр нь хадгалж үлдэхээр улайрч эхэллээ.  Өөрөөр хэлбэл, одоо байгаа дампуу Парламентын засаглалаа өөрчлөхгүй гэж шийдэх бололтой. Ер нь бусад намууд ч гэсэн Парламентын засаглалыг солих тухай ярих хүсэлгүй байгаа нь илт байна. Энэ бол тэдний ашиг сонирхолд харшлах учраас ярих, санаачлах сонирхолгүй байгаа нь ойлгомжтой.
Хэрвээ Парламентын засаглалыг солиод Ерөнхийлөгчийн засаглал тогтоочихвол өнгөрсөн 30 жилд дураараа дургиж байсан шиг боломж нь хумигдаж хаагдах учраас УИХ болон намууд статус кво-г хадгалж үлдэх сонирхолтой байгаа юм.

Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол  Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогдож, Засгийн газраа толгойлоод явах учраас нөгөө Парламентын (УИХ-ын) гишүүд нь Засгийн ажилтай хутгалдаж оролцох, нөлөөлөх, өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах, бүр өөрсдөө сайд болж давхар дээл өмсөх зэрэг боломжууд нь алга болох юм. Яагаад гэвэл одоогийн байгаа тогтолцоо ёсоор  УИХ нь Ерөнхий сайдаа томилж, Засгийн газрын бүтцийг (сайд нарыг) баталдаг бүрэн эрх нь үгүй болох учраас  хулгайчид дургүй байгаа юм. Тэд энэ тогтолцоогоо мөнхөд хадгалж үлдэхийн тулд   Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай  хууль гэгчийг баталж, Үндсэн Хуульд эрс өөрчлөлт хийх боломжгүй  болгосон юм.

Дээрх  журамд зааснаар  Үндсэн Хуульд өөрчлөлт оруулбал уг  хуулийн 35%-аас дээшгүй хувьд өөрчлөлт хийж болох ба нэгэнт нэмэлт өөрчлөлт хийсэн бол түүнээс хойш 8 жилийн дотор дахиж гар хүрэхийг хориглосон байна. Өөрөөр хэлбэл, одоо хэлэлцэж байгаа нэмэлт, өөрчлөлт гэгчээ  баталчихвал  8 жилийн хугацаанд Үндсэн Хуулийг өөрчлөх боломжгүй болно гэсэн үг бөгөөд Парламентын засаглал буюу намын дарангуйлал хэвээрээ хадгалагдаж, нам дамнасан луйварчдын бүлэг айх аюулгүй 8 жил дураараа тонгочих баталгаатай болох юм.

Одоо иргэд маань үүнийг зогсоохын тулд юу хийж чадах вэ? Гудамжинд гарч тэмцэхээс өөр арга алга. Санаагаар болдог бол ард иргэдийнхээ дунд санал асуулга явуулж, засаглалын аль хэлбэрийг сонгох вэ гэж асуумаар байгаа юм. Хэрвээ ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг тогтоох хэрэгтэй гэж шийдвэл иргэд бид  УИХ-д хандаж, дээр дурдсан Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмыг хүчингүй болгож, шинэ Үндсэн Хууль санаачилж батлахыг шаардах хэрэгтэй.

Харин энэ санал асуулгыг явуулахын өмнө ард иргэддээ энэ 2 засаглалын хэлбэрийн тухай товч ойлголт өгөх мэдээлэл, сургалт явуулж сонголтоо зөв хийх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд ард түмнээрээ шийдүүлье. Нэгэнт улс төрийн намууд нэртэй бүлгүүд тогтолцооны тухай ярихыг ч хүсэхгүй байгаа нөхцөлд иргэд өөрсдөө л тэмцэж дуугарахгүй бол номхон морийг ноолоход амар гэгчээр хувалзнууд биднийгээ ноолсоор, цусыг чинь сорсоор байх болно. Өнгөрсөн 30 жилд ингэж л явж ирсэн учраас хачиг хувалзнууд таргалсаар, цусаа соруулсан ард түмэн турж эцсээр өдийг хүрлээ.  Хувалзнуудын таргалсан, бидний турсан хоёр адилхан болсон гэдгийг хэлүүлэлтгүй харж  байгаа биз ээ.

Ард нийтийн дунд санал асуулга явуулах, түүнээс өмнө сургалт мэдээлэл өгөх зэрэг ажлуудад тодорхой зардал гарах ба энэ ажлыг санаачилж, зохион байгуулах олон нийтийн байгууллага, иргэний байгууллагууд идэвхтэй санаачлагатай ажилламаар байна. Энэ бол улс орны, ард түмний сайн сайхны төлөө хийж байгаа том ажил учраас нэг ёсондоо нэр төрийн хэрэг юм. Тийм эх оронч байгууллага, иргэд байна уу?  Байгаа бол дуугарах, хөдлөх цаг болсон юм биш үү?


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө