Баярцогтын хятад найз хэн бэ?

С.Баярцогт
Швейцарийн Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газраас мөн улсын банкинд буй зарим дансыг битүүмжилжээ. Дансны эздийн нэг нь С.Баярцогт.  Ардчилсан Намын гишүүн, Сангийн сайд байсан (2008-2012) , мөн УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Панамын жагсаалт хэмээх ил болсон нууц баримтанд  мань эрийн нэр бичигдсэн цагаас эхлээд Оффшор данстай хэмээн хэдэн жил адлагдаж байгаа хүн. Данс нээсэн компаний нэр нь "Леженд Плас Капитэл лимитэд" (Legend Plus Capital Ltd.).  Оюутолгойн гэрээг хийсэн хүний нэг.

Анх Панамын баримт ил болоход Баярцогт юу гэж ярьж байлаа? "Би хэдэн найзуудтайгаа мөнгө нийлүүлээд, компани байгуулж Швейцарьт данс нээлгэж байсан. Хувьцааны бизнес хийх  зорилготой. Нэг сая доллар байсан бөгөөд манай найзууд удалгүй мөнгөө буцаагаад авчихсан. Миний хэдэн төгрөг үлдсэн байсныг би Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ (ХОМ) бичихээ мартсан маань алдаа болсон" гэж байв даа.

Швейцарийн Ерөнхий Прокуророос 2016 онд хэрэг үүсгээд хийсэн  шалгалтын явцад Баярцогтын данс руу 10 сая доллартай тэнцэх Евро шилжүүлсэн байсан нь тогтоогджээ. Мөн тэр мөнгө удалгүй буцаад гарсан гэнэ. Энэ тухай мэдээлэл (Ройтерс агентлагын мэдээ) гараад удаагүй байтал Баярцогт Монголд яаран ирж (гадаадад сургуульд сурч байгаа гэнэм) хэвлэлийн хурал хийж, тухайн мэдээлэлтэй холбоотой  няцаалт өгч өөрийгөө өмөөрлөө. Тэрээр хэлэхдээ, "Би нэг чинээлэг эрхмээс мөнгө зээлээд дансандаа хийсэн юм аа. Тэр хүн бол Монголд хэн бүхэн таних баян хүн. Нэрийг нь одоо хэлэхгүй, цаг нь  болохоор ил болно" гэлээ.

Дараахан нь  Нэг цонх хэмээх нэгэн клубын гишүүд гэгдэх хоёр залуу бас хэвлэлийн хурал хийж, Баярцогтыг уучилцгаая гэж уриалав. Уучилна гэдэг чинь буруутай хүнд л олгодог өршөөл биз дээ? Харин Баярцогт маань хэлэхдээ би ямар ч буруугүй бөгөөд Оюутолгой гэрээ бол гайхамшигтай гэрээ болсон хэмээн ам бардам хэлсэн хэвээр. Тэгэхээр одоо уучлая гэж байгаа тэр хоёр нөхөр бол Баярцогтыг шууд буруутан болгож байна.
Тэд нарын ярианаас харин нэг сонин мэдээ сонсогдсон. Юу гэвэл, тэд Швейцарийн зохих байгууллагаас авсан мэдээлэлд Баярцогтын данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн этгээд бол Хятад улсын иргэн А гэдэг хүн байсан тухай ярьсан. Тэгэхээр тэрхүү өгөөмөр баян этгээд бол Баярцогтын хэлээд байгаа шиг Монголын нэртэй баян биш, харин Хятадын баян иргэн байсан байх нь. Баярцогт дахиад л худал хэлэв үү?

Битүүмжлэгдсэн дансны нэг болох 1.8 сая долларын үлдэгдэлтэй дансыг эзэмшигч нэгэн этгээд тэр мөнгөө авах гэж оролдсон боловч бүтээгүй гэнэ. Тэр этгээд Би дипломат эрхтэй, мөн тодорхой нотлох баримтгүй учраас хэрэг үүсгэх шалтгаан байхгүй, Швейцарийн эрх мэдлийн асуудал биш, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх зэрэг тайлбар гаргасан боловч Швейцарийн шүүх уг тайлбарыг хүлээж аваагүй. Шүүхээс өгсөн татгалзах шалтгаандаа эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн нь мөнгө угаах үйлдэл байсан байж болзошгүй гэдгийг   баримтууд нотолж байна гэжээ.  Энэ этгээд аль улсын хэн гэдэг нөхөр вэ?  Сүүлд яригдаж байгаагаар бол энэ дансны эзэн нь Баярцогтын данс руу 10 сая доллартай тэнцэх Евро шилжүүлсэн мөнөөх хятад иргэн гэнэ. Ямар ч байсан энэ данснаас Баярцогтын данс руу мөнгө орж гарч байсан учраас л сэжиглэж царцаасан байх. Гэвч Баярцогтын хэлж байгаагаар энэ дансны эзэмшигч нь нөгөө 10 саяыг зээлсэн баян Монгол хүн гэнэ. Бизнесмэн мөртөө дипломат хамгаалалттай хүн байсан бололтой.Тэгэхээр уг этгээд хятад уу Монгол уу гэдэг нь нууц байна, одоохондоо.

Швейцарийн банкууд найдвартай, нэр хүндтэй хэмээн янз бүрийн орны авилгач, хулгайчид мөнгөө тэнд нуух дуртай байдаг бололтой. Гэвч Швейцариуд шударга ёсыг эрхэмлэдэг учраас хулгайн мөнгө хадгалах нь нэр хүндэд нь халтай тул иймэрхүү хадгаламжуудыг нарийн шалгадаг юм байна. Тэр улсын Ерөнхий Прокурор энэ тал дээр онцгой анхаарал тавьж хянаж байдаг аж. Тийм ч учраас хулгайн болон авилгын мөнгө анх гарсан  улсдаа буцаж очиж байсан жишээ олон байна. Зөвхөн хоёр гурван жишээ сонирхуулая. (Өөр илүү мэдээлэл авъя гэвэл сайт руу нь ороорой. Линк нь энд байна. )

1. 2010 онд Швейцарийн Ерөнхий Прокурор 20 сая Швейцарь Франкыг (2018 оны 3 сарын 23-ны өдрийн ханшаар 1 ШФ = 1.06 US$)  Taйваньд өгөх шийдвэр гаргажээ. Авилгын хэргээр шийтгүүлсэн Тайваны Ерөнхийлөгч асан Чэн Шү Биян энэ мөнгийг Швейцарийн банкинд   хийсэн  байжээ.   (Энэ этгээд эхнэрийн хамт авилгын хэргээр нийтдээ 19 жил шоронд суух ял авсан)

2. 2015 онд Швейцарийн Ерөнхий Прокурор 19.4 сая ам долларыг  Бразильд өгөх шийдвэр гаргасан. Бразилийн хэдэн иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй мэдээллийн дагуу  шалгаад  Швейцарьт нээсэн дансуудыг царцаажээ. 2003 оноос эхлэн  шалгаж эхэлсэн  энэ асуудал ийнхүү 12 жилийн дараа шийдэгдэж мөнгө нь Бразильд  буцаж иржээ. Гэхдээ хөрөнгө хуваах гэрээ ёсоор гэмт  хэргийн угшилтай хөрөнгийг Швейцарийн тал, нөгөө хохирогч улстай тэнцүү хувааж авах ёстой боловч Бразилийн зохих байгууллагууд энэ хэргийг илрүүлэхэд идэвхтэй хамтран ажилласан бөгөөд хөрөнгийн эх үүсвэр нь авилга, мөн энэ хэрэг тус улсад их хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг хөрөнгийг (19.4 сая доллар) бүтнээр нь буцааж өгсөн байна.

3. 24 жилийн өмнө  Чех улсын нүүрсний нэгэн уурхайг булхайгаар хувьчилж авсан 5 этгээдийн  мөнгө угаах зорилгоор Швейцарьт нээсэн данснуудыг битүүмжилж, уг хураагдсан хөрөнгийг нэхэмжлэх эрхийг Чех улсад сэргээж өгсөн тухай Швейцарийн шүүхээс 2017 оны 12 сард мэдэгдлээ. Ингэснээр Чех улс тэнд байгаа хэдэн зуун сая долларыг буцааж авах боломжтой болж байна. Нийтдээ 660 сая Швейцарь Франк (ШФ) буюу 670 сая америк доллар байгаа аж.
Тэр 5 хэрэгт холбогдогч этгээдүүд уурхайг хувьчилж авахдаа эхлээд уурхайн нэг хэсгийг уурхайн өөрийнх нь мөнгөөр худалдаж аваад, дараа нь үлдсэн хэсгийг нь Засгийн газраасаа хямдхан худалдаж авсан байна. Тэд 3-4.5 жилийн ял авч, торгууль төлсөн гэнэ. Тэдний энэ булхайд чухал үүрэг гүйцэтгэж тусалсан   өөр улсын нэгэн иргэн байсан нь тухайн үед Олон Улсын Валютын сангийн ажилтан (1970-1990) байсан  Бельги улсын харъяат Жак Де Грүүт юм. Тэрээр мөнгөн торгууль хүлээсэн.

Сангийн сайд асан С.Баярцогтын эрх чөлөө хумигдсаар байна. Ардчилсан Намын удирдлага нэр баастсан гишүүнээ хөөснөөр мань эрийн  улс төрийнх нь карьер будаа болж байх шиг байна. Өөр намд элсээд, эсвэл шинээр нам байгуулаад дахиж Монголын улс төрд орж ирсэн ч хол явахаасаа өнгөрсөн байхаа.
Өөрийнх нь нэр дээр нээсэн компаны дансанд хэн нэгэн этгээд их хэмжээний мөнгө хийжээ. Тэр өгөөмөр этгээд хэн байв гэдгийг Баярцогт л мэднэ. Мөн Швейцарийн банк, шүүх прокурор мэднэ. Одоо Баярцогтод нэг арга байна. Яаралтай нөгөө 10 сая доллар өгсөн этгээдтэй холбоо барьж, ам хэлээ нийлүүлээд үгсэх хэрэгтэй. "За чи надад туслах зорилгоор л 10 сая доллар зээлсэн  гэж хэлнэ шүү. Би хэджфанд байгуулж, хувьцааны бизнест хүчээ үзэх санаатай байсан гээд л хэлээд байгаа. Тухайн үед би сангийн сайд болсон нь цэвэр тохиолдлын хэрэг бөгөөд энэ данс нээсэнтэй ямар ч холбоогүй гэж тайлбарлаж байгаа."
Монголын нэртэй баян гээд хэлчихсэн байдаг, тэгсэн чинь хятад гээд гараад ирдэг. Одоо энийгээ яаж тайлбарлах вэ гэдэг л хэцүүхэн даваа болчихоод байна.

Нэг таамаг байна. Баярцогт Рио Тинтогоос авилга авч тэд нарт ашигтай нөхцлөөр гэрээ хийж Оюутолгойг өгөөгүй байж мэдэх юм. Гэвч Швейцарийн банkинд нээлгэсэн компанийн болон хувийн гэсэн 2 дансанд нь хийгдсэн орлогын гүйлгээ, эх үүсвэрийг нь харвал мөнгө угаах бизнест нэгэн хятад түнштэйгээ хамтарч ажилласан байж мэдэх дүр зураг харагдаж байна. Өөрийнх нь хэлж байгаачлан  ямар нэгэн хэджфанд (hedge fund) байгуулж бизнес хийх гэж компани байгуулсан биш, харин хятад найзтайгаа нийлж мөнгө угаасан юм биш үү? Өөрөө бол тэр найзаа Монгол хүн гээд байгаа. Магадгүй. Яагаад гэвэл хятад паспорттой Өвөрмонгол баян эр байж болох юм. Тэр хятад (буюу Өвөрмонгол) найзын данснаас Баярцогтын компанийн данс руу мөнгө орсон ба дараа нь буцаад гаргачихсан. Мөн Баярцогт өөрөө компанийхаа данснаас хувийнхаа данс руу мөнгө шилжүүлсэн. Энэ мөнгө нь бас гараад явчихсан. Энэ мэтээр мөнгө угаах (мөнгө нааш цааш нь баахан шилжүүлж ул мөрийг нь балладаг мөнгө угаах арга л даа) бизнест оролцсон байж мэдэх сэжиг төрөхөөр байна. Тэгсэн бол манай хууль хүчний байгууллагууд Швейцарийн зохих албадтай хамтарч ажиллаад, нотлох баримт сэлтийг нь авч чадвал Баярцогт мөнгө угаасан хэргээр ялд унах магадлал өндөр харагдаж байна. Швейцарийн хуулийн байгууллага Баярцогтын тэр найзын 2 ч дансыг царцаагаад, мөнгө угаасан байж болзошгүй байна гээд тогтоочихсон байгаа гэсэн. Тэр хятад царцаасан данснуудынхаа мөнгийг авах гэж заргалдаад бараагүй юм гэнэ лээ. Хятадууд өөрийнхөө тэр А гэгч иргэнтэй яаж хариуцлага тооцохыг бид мэдэхгүй. Харин бид өөрийнхөө энэ хүнтэй хууль нь байдаг бол хариуцлага тооцох л ёстой. Юу болохыг цаг хугацаа харуулна.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө