Далай лам ба Монголын ирээдүй

Есүсийн төрсөн  өдрийн мэнд хүргэе! Христчин мөн, биш олон сая хүн энэ өдрийг тэмдэглэж, биесдээ бэлэг сэлт өгцгөөж байна. Гэхдээ тэр нөхөр энэ өдөр төрсөн эсэхийг хэн юугаар батлах юм?  Төрсөний гэрчилгээ нь байна уу? Маргаантай л асуудал. Энэ өдөр төрсөн эсэх тухай байтугай ер нь тийм хүн байсан юм уу гэдэг нь том асуултын тэмдэг.  За тэр Есүсийн төрсөн өдөр ч яамай. Цаана чинь ичиж үхмээр юм болж. Далай лам Монголын сүсэгтнүүдийн хүсэлт, урилгаар, цэвэр шашны шугамаар Монголд айлчиллаа. Тэгсэн чинь хятадууд хилэгнэж, манай эрх баригчид өмдөндөө шээс алддаг юм байна.

Ц.Мөнх-Оргил
Гадаад харилцааны  сайд Ц.Мөнх-Оргил хятадуудаас уучлалт эрж, Далай ламыг Монголд дахиж ирүүлэхгүй гэж амласан гэнэ. Хэрэв энэ үнэн бол сайдтан зүрх сэтгэлээрээ Монгол хүн мөн эсэх нь эргэлзээтэй болж байна. Баабарын магтаад байсан "Харвард боловсролтой" гэгдэх Мөнх-Оргил 2008 онд  С.Баярын засгийн газарт Хууль Зүйн сайд хийж байхдаа сонгуулийн дараа болсон үймээний үеэр 4-5 иргэн буудуулж амиа алдсан асуудалтай холоотой хариуцлага хүлээх ёстой хүний нэг. Гэвч өнөөдөр Гадаад Харилцааны сайдын суудлаар "шагнуулаад"  л сууж байна.

Олон жилийн өмнө МАН-ын "шударга улс төрч" гэгдэх Ц.Нямдорж хятадын нууц албаныхантай холбогдож байсан юмдаг. Үүнийг манай тагнуулынхан илрүүлсэн боловч тухайн үед эрх баригч байсан МАН дараад өнгөрсөн түүхтэй. Нямдорж жинхэнэ Монгол эх оронч мөн үү гэдэг нь маргаантай асуудал болж үлдсэн. "Хятадын тагнуул" цол хүртсэн энэ нөхөр түүнээс хойш жигтэйхэн шударга хүний дүрд тоглож олон хүнийг бишрүүлэн араасаа дагуулж байгаа. Тэр ч байтугай УИХ-ын дэд дарга болж, жинхэнэ дарга эзгүй үед Их Хурлыг даргалж байна. Уг нь хэдэн жилийн өмнө   нь бас л УИХ-ын дарга хийж байгаад "хууль бусаар хууль зассан"  нь илэрч, даргын албан тушаалаас огцорч байсан нөхөр шүү дээ. Гэтэл өнөөдөр Их Хурлыг мөн л удирдаад  сууж байна. Хоншоортой хувь заяа гэж.

Ц.Мөнх-Оргил сайдыг энэ удаа нам нь бас хамгаалаад аваад үлдэх биз. МАН ямар сураагүй биш. Гэмтэнгүүдээ гэсгээж зайлуулах биш, харин өмөөрч хамгаалаад, өөд нь татаад шагнаад явдаг энэ намд Монголын сонгогчид итгэсээр байна гэдэг санаанд багтамгүй.
Манайхан ч Есүсийн төрсөн өдөр, шинэ жилээ тэмдэглэж эхлээд юун Мөнх-Оргилтой манатай л байгаа бололтой. Хэдэн "эх оронч царайлсан" хүмүүс л хэл ам хийж бухимдаж байх шиг.
Мөнх-Оргилын дэмжээд байгаа давхар иргэншлийн асуудал ч бас маргаантай.  Ер нь МАН-ынхан гол тэтгэгчээ уурлуулж, дэмжлэгээ алдахаас үхтлээ айж байгаа нь илт. Хэрэв дэмжлэг, тэтгэлгээ алдчихвал нөгөө мөрийн хөтөлбөр энэ тэр нь биелэх магадлалгүй болж улмаар дараагийн сонгуульд унах магадлал өндөрсөх учраас ямар ч аргаар (Монгол Улсын нэр хүндийг шавартай хутгаад ч хамаагүй)  болов ийм байдалд хүргэхгүй гэж машид ихээр мэрийж байгаа бололтой. Энэ байдал  нь дараах бичлэгийг үзэхэд илт байна.



 Ер нь өнөө цагийн МАН-ын эрх баригчдыг харахад Манжийн эрхшээлд орох үөийн Монголын урвагч хаад ноёдтой их адилхан мэт. Зөвхөн өөрсдийнхөө арьсыг л хамгаалж, эрх ашгаа, сонирхлоо авч үлдэж байвал  Монголын тусгаар тогтнол, нэр хүндийн асуудал "ерунда" бололтой.
Монголыг хятадын нэг хэсэг байсан гэж үздэг, буцааж авах ёстой гэдэг,  тэгж сурталчилдаг хятадын бодлогыг дэмжиж байгаа юм шиг, тийм бодлогыг сурталчлагчдад бэлэн зууш болох санаа сэдэл өгсөн хариуцлагагүй үг, үйлдэл гаргасан одоогийн эрх баригчидтай хариуцлага тооцох эрүүл саруул эх оронч Монгол хүнээр өнөөдрийн Монгол Улс их дутаж байна даа. Маш их дутаж байна шүү.  Хэрэв тийм биш байсан бол Монголчууд өнөөдөр энэ ичгүүргүй, гутамшигтай явдлын дараа шууд гудамжинд гарах байсан биз ээ. Бусад орны байдлаас харахад жинхэнэ эх оронч хүмүүс жагсаж тэмцэж чаддаг юм билээ. Бидэнд тийм хоншоор алга. Ер нь явж явж нийт иргэдийн олонхийн санал асуулгаар хятадад нэгдэж орох санал дэмжигдэх тэр цагт бүх юм аль хэдийн оройтсон байх вий. Тэр үед  Монголын иргэдийн ихэнхийнх нь санаа сэтгэл хятад руу эргэсэн, олноороо эрлийзэжсэн, давхар иргэншилтэй иргэд төр засгийн шийдвэр гаргах чухал албан тушаалуудыг эзэгнэсэн байх биз ээ. Монголыг зөөлөн аргаар эрхшээлдээ оруулах хятад төлөвлөгөө ингэж хэрэгжих болно. Хятадууд танкаар биднийг эзлэхгүй ээ.

Монголчууд жинхэнэ утгаараа хятадын эзэмшилд орох тэр цаг мөчийг ойртуулахад хувь нэмрээ оруулсан МАН-ын гавъяаг хятадууд үнэлж, төр засгийн эрх барьж байгаа хугацаанд нь хөрөнгө мөнгөөр харамгүй дэмжих нь ойлгомжтой. Хятад баян улс болсон учраас алсдаа өөрт нь ирэх том олзыг (Монголыг гэж ойлго) хурдан авахын тулд гар татахгүй. Баян хятадуудын шууд дэмжлэгээр МАН-ын амласан бүхэн хэрэгжиж, ард олон сэтгэл хангалуун байх  учраас Монголын сонгогчид энэ намыг дахин дахин улируулан сонгох болно. Харамсалтай нь хэн нь ч булаад нуучихсан хавхыг үл  харах бөгөөд харсан нэг нь хараагүй юм шиг явсаар нэг мэдэхэд бид Манжуудын араас орно. Монгол гэдэг үндэстэн уусан алга болж, зөвхөн нэр нь түүхийн сурах бичигт үлдэнэ.  

жич: Уг нь Далай лам Түвдийг хятадын нэг хэсэг байхад татгалзах зүйлгүй гэж мэдэгддэг юм гэнэ лээ. Гагцхүү түвдүүдийн шашны эрх чөлөө, эрхийг хангаж өгөхийг хүсдэг юм гэсэн. Гэвч хятадууд энэ байр суурийг нь хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд  аль эртний үг, үйлдэлд нь шүд зууж явдаг бололтой. Тийм ч учраас Далай ламыг зочлуулсан аль ч улстай хэрүүл хийдэг. Далай ламын өнөөгийн үзэл бодол, байр суурийг авч үзвэл Түвдийг хятадаас тусгаарлах тухай ямар ч яриа байхгүй бөгөөд ийм байр суурьтай хүнийг урьсан Монголын сүсэгтнүүд  хятадын эсрэг үзэлтэн болох учиргүйгээс гадна  түүнийг уриагүй төр засгийнхан буюу МАН-ынхан гэм хийсэн хүүхэд шиг уучлалт гуйж хошуугаа цорвойлгох шаардлагагүй байсан баймаар. Гэвч  ийм л юм болчихлоо. Яагаад гэдэгт өгөх  ганц  тайлбарыг дээр хийсэн тул ойлгогдсон биз ээ гэж найдая.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө