Шар ба хар хувалзнууд

За, ойрд юм бичсэнгүй, ажил гэж толгой болон биеийн маань бусад хэсэгт байгаа үснүүдийг нийлүүлсэнээс ч их байлаа. :)
Өнөөдөр эсэн бусын хувалзнуудын тухай бичмээр санагдаад. Гэхдээ нөгөө мал амьтны цусыг сордог хачиг хувалз биш, харин хүний "цусыг сордог" хүн-хувалзны тухай юм шүү.

Миний бодлоор Монголд 2 төрлийн хүн-хувалз бий болж, амь бөхтэй оршин тогтнож байна. Нэгдэх нь "шар хувалз", удаах нь "хар хувалз." Шар хувалз гэхээр хүмүүс бараг тааж байгаа биз. Нөгөө орхимжтой нөхөд шүү дээ. Эрт дээр цагаас эхлэн гадны орноос Монголд нүүж орж ирээд нутагшсан "амьтан" даа. Коммунизмын үед устгал хийгээд гайгүй дарсан боловч харх, жоомноос дутахгүй амьд үлдэх чадвартай юм байж. "Шавьжны устгал" хийхээ зогсоосноос хойш жоом мэт үржиж галзуурч эхэлсэн дээ. Одоо бараг айл болгонд  нэг ийм хувалз байна гэх. "Ядаж байхад яр" гэгчээр дээрээс нь нэмэгдээд гадны элдэв төрлийн хортонгууд орж ирээд Монгол хүний оюун санааг мөн ч баллаж байна даа.  Монголчууд тархиныхаа цусыг соруулж мунхаг болоод чулуун зэвсгийн үе рүүгээ  буцаж байна гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Лам нар болон элдэв бөө удган, "алсыг харагч" зөнч мэтийн хүмүүсийн аманд багтаж хувь заяагаа даатган сохорч байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг хоосон тунхаглал болжээ. Өөрсдөө хичээж, өөрсдийгөө өөд нь татахын оронд   энэ мэт хувалзнуудад өргөл барьц өгч амьдралаа "баталгаажуулах" нь илүү биед амар бөгөөд найдвартай гэж итгэх нь даанч дээ гэмээр. Ядуу хоосон гэх мөртөө хамаг байдгаа шавхан өргөж, баяжих хамгийн хялбар "аргыг" сонгох нь тархины тураалд орсоны шинж биш үү?

Лам нарын залуу халаа
Шар хувалзнууд таргалсаар, харин мухар сохор Монголчууд турсаар.  Өргөл барьц өгч, ном уншуулж, элдэв лекц айлтгал сонссоноороо болдог бол өдийд бидний Монголчууд дотор ядуу хүн гэж байх ёсгүй баймаар. Гэвч тийм биш гэдгийг харсаар мэдсээр байж  ингээд байдаг нь эмгэнэл. Шашин Монголд гай болсон уу гэхээс гавъяа болоогүй. Шашин хөгжлийг боомилж, хүмүүсийг хүлцэнгүй сохор байлгасанаар ямар үр дүнд хүрдэгийг энэ "импортын" шашны уугуул орон Төвдөөс харж болно. Лам нар болон бусад шашинтнууд бол баялаг бүтээгчид биш учраас үнэндээ бол энгийн олны "цусыг сорж" амьдардаг хувалзнууд юм.

Сүүлийн үед бөө удган гэж бүхэл бүтэн арми бий болж, угаас мухар сүсэгтэй Монголчуудыг улам ихээр "айлгах" боллоо. Бараг л айл болгон нэг бөө тодруулсан юм уу даа. Айл болгонд л нэг тийм цаанаасаа бөө эсвэл удган болох шинж төрхийг агуулсан нэг хүн байх. Монголчуудын төрөлхийн "авъяас" гэж дундаршгүй юм даа.
"Нэр нь үл мэдэгдэх" нэгэн үхсэн хүний сүнснээс нөгөө бөө маань миний байдлыг тандаж, юу хэлсэнийг нь надад дамжуулж хэлдэг юм гэнэ. Ирээдүйгээ ингээд урьдчилаад хэлүүлчихээр харин ажил хэргээ төлөвлөж, тухайн цагт нь хэрэглэх тактикаа боловсруулахад тустай ч юм уу. Цаг хугацааны машинд суугаад ирээдүй рүүгээ оччихоод ирсэн юм шиг л болж байгаа биз дээ.  Энэ Оюутолгой, Тавантолгой ирээдүйд юу болохыг манай томчууд тэр бөөнүүдээр дамжуулаад мэддэг сүнснүүдээс нь асуулгачихмаар юм. Тэгвэл Рио Тинто мэттэй харьцах тактикаа боловсруулчихгүй юу!

Хулгайч намчингууд (С.Цогтбаярын зураг)
Нөгөө нэг  "хар хувалз" гэж нэрлээд байгаа "цус сорогчид" бол төрийн хар хүмүүс юм. Албан хэллэгээр бол төрийн алба хаагчид. Том жижиг гэхгүй бүх л шатны хүмүүс энд багтана даа. Тэд Монголчуудын цусыг шууд болон дам аргаар сордог. Авилга, шан харамж, хувь  авах зэргээр шууд "сорох" хэсэг байхад бас улсын мөнгөнөөс хумслах, хулгайлах зэргээр дам аргаар сордог нь ч бий. Өндөр бөгөөд чухал албан тушаалтнууд бол голдуу дам аргаар цэвэрхэн үзэх гэж оролдоно. Шууд сордог хувалзнууд бол голдуу жижиг гарууд байдаг.  Хар хувалзнууд шараасаа дутахгүй Монголд их гай болж байгаа. Монголыг тамирдуулж, сэргэж босоход нь саад болж доройтуулж байгаа энэ хар хувалзнууд 90 оноос хойш илт олширч, хэр баргийн хоронд үхэхээргүй болжээ. Өнөөдөр бид ямар хор  хэрэглэж энэ хувалзнуудыг устгахаа мэдэхгүй сууцгааж байна. Эд нарыг устгах хорны  жорыг   шинээр  зохиосон  хүнд  алтаар хөшөө босгосон ч багадна. Хар хувалзнуудын үүр уурхай бол улс төрийн нам гэгдэх мафи бүлэглэл юм. Энэ бүлэглэлийг устгаагүй цагт энэ төрлийн хувалзнууд түүгээр дамжин хүссэн байр байрандаа очиж "цус сордог" ажлаа хийсээр байх болно. Учир нь энэ нам гэгч бүлэглэлээр дамжиж, түүний нөлөө дэмжлэгтэйгээр хаана ямар судсан дээр очиж суух вэ гэдгээ шийддэг учраас ирээдүйн хувалзнууд мөнөөх намуудыг бараадаж шавалддаг. Ингээд зохих  судсан дээрээ очиж суусан хойноо оногдсон хэмжээгээрээ сорж эхэлдэг юм. Зарим нь хэмжээгээ  мэдэхгүй цусалсанаас болж хагарч үхэх нь бий, гэхдээ ихэнх нь их болгоомжтой ханддаг. Тийм ч учраас тэд баригдах нь ховор, тэгээд ч шар хувалз шиг шууд таних боломжгүй болохоор устгахад хэцүү.

Шар, хар хувалзанд бариулсан Монголчууд энэ байдлаараа бол эргүүтэж, өтөнд бариулсан хонь шиг явсаар эцэстээ чонын хоол болно. Юун бар болох. Эдгээр хувалзнуудыг цэгцлэх цаг болжээ. Яаж?
Саналаа танилцуулахаас  өмнө миний хэлсэнд өрвөлзөж эсэргүүцэх хүмүүст хандаж ганц үг урьдчилаад хэлчихье. Хувалзнуудыг бүрмөсөн устгаж чаддаггүй юм аа гэхэд маш ихээр цөөрүүлж, хүчгүйдүүлэх нь улс үндэстний маань мөхөх сэхэхтэй холбоотой учраас хүний эрх (шашин шүтэх, эвлэлдэн нэгдэх г.м.) зөрчигдөх нь гэдэг шалтагийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ хэлье. Монголын эрх ашиг, нийт Монголчуудын хувь заяа хэсэг бүлгийн эрх ашгаас дээгүүр залрах ёстой  гэж бодож байна.

1. Шар хувалзнаас ангижрах арга

- Юуны өмнө шар хувалзнуудын залгамж халаа бэлддэг асуудлыг хумих
Дотоодын болон гадаадын шашны сургуульд бага насны хүүхдүүд олноор явуулдагыг болиулах шаардлагатай.  Хүн ам цөөтэй манайх шиг улсад ялангуяа ингэж ирээдүйн хүн хүчнийхээ нөөцөөс алдах нь хохиролтой юм.  Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хүчээр шашны сургуульд явуулахыг хуулиар хориглох нь зүйтэй. Тэд нэг ёсондоо хүүхдийн эрхийг зөрчиж байна. Лам болох  эсэхийг насанд хүрсэн  хойноо өөрөө шийдэж байхаар зохицуулахгүй бол хүүхдийг учир мэдэхгүй, шийдвэр гаргах чадваргүй байдлыг далимдуулан захиргаадаж өөрсдийн дураар хувь заяаг нь шийддэг явдал арилахгүй. Шашны сургуульд явах залуучуудын тоонд хязгаар тавих хэрэгтэй.
- Сүм хийд, лам нар иргэдээс өргөл барьц авдаг явдлыг цэгцэлж журамлах хэрэгтэй. Сүм хийд олсон орлогоосоо татвар төлдөг байх нь зүйтэй.
- Шинээр сүм хийд олноор барих, элдэв суварга дуган, шашны холбогдолтой байгууламж барихыг  дэмжихгүй байх хэрэгтэй.
- Уламжлалт ёс заншил нэрээр шашны зан үйлийг элдэв арга хэмжээн дээр үйлдэж ёсолдогийг болиулах  (шинэ байгууламжын шав тавих, спортын арга хэмжээг нээх ёслол гэх мэтэд лам нарыг оролцуулах, ном уншуулахыг болиулах гэх мэт. Мөн уул хад, модонд элдэв хадаг зүүдэг явдлыг хориглох)

2. Хар хувалзнаас салах арга

- Төрийн албан хаагчтай холбоотой хууль журманд хэрэв ёс зүйн алдаа гаргасан бол дахиж төрийн алба хаших эрхийг нь бүрмөсөн хориглох зохицуулалт хийж өгөх нь чухал. Нэг удаа хулгай хийсэн хүн  хэсэг хугацааны дараа дахиад хулгай хийхгүй гэсэн баталгаа байхгүй. Ёс зүйгүй авир гаргаж тараа таниулсан хүн дараа нь өөрчлөгдөнө гэж худлаа. Тиймээс ямар нэгэн  байдлаар энэ албанд тэнцэхгүй гэдгээ л харуулсан бол тэр хүнийг дахиж "урих"  нь тэнэг хэрэг.
- Төрийн албыг ашиглаж хувийн сонирхлоо хэрэгжүүлэх гэсэн санаатай хүмүүсийг соронзон мэт татдаг НАМ гэгч бүлэглэлийг бүрмөсөн татан буулгаж чаддаггүй юм бол ядаж эхний ээлжинд хатуу гишүүнчлэлгүй болгох зохицуулалт хийх хэрэгтэй.
- Өөрийгөө төрийн алба хаших чадвартай гэж итгэж үнэмшсэн, зохих боловсролтой, шаардлага хангасан иргэдээ бие даан  нэрээ дэвшүүлж төрийн албанд өрсөлдөхийг илүү дэмжих бодлого явуулах нь зүйтэй.
- Авилга авсаныг нь шийтгэж, өгсөнийг нь өршөөдөг зохицуулалт бий болгох
- Хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал тогтоож, засгийн ажлыг хариуцдаг эзэнтэй болгох нь маш чухал. Нам дээр бүгдийг тохон  хариуцлагаас мултарч,  гай тарьчихаад гэмгүй үлддэг практикийг халахгүй бол хэтэрлээ. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч  нам гэж туйлшрахгүй өөрийн багаа бүрдүүлж засгаа толгойлоод явдаг болчихвол  бид  адаглаад хэнтэй тооцоо хийхээ мэддэг болно. Иймийн тулд Үндсэн Хуулиндаа зохих өөрчлөлт оруулах шаардлагатай. Иргэд ийм өөрчлөлт хийхийг шаардах хэрэгтэй. Эс тэгвэл одоо төр засаг барьж  байгаа намууд мэдээж ийм өөрчлөлт хийхгүй бөгөөд одоогийн энэ байдлаа хадгалж үлдэхийн төлөө байх нь ойлгомжтой. Тэдэнд нам нэрээр төр засгийн эрхэнд ээлжлэн гарч дураараа дургиж , хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж байх сонирхол л байгаа.

Хувалзнуудаас салж, бие оюунаа эрүүлжүүлж  өөдлөн дэвжих нь зөвхөн бидний идэвхээс шалтгаална. Үндсэн Хуулиа өөрчилж засаглалынхаа тогтолцоог солих болжээ.  Одоогийн тогтолцоо олиггүй гэдэг нь батлагдлаа. Бид өөрсдөө одоо байгаа  шигээ цалгар хүлцэнгүй байгаад байвал улам л доройтох болно. Хүчтэй засаглалтай Хятад, Казахстаныг л хар. Өөдлөх уруудах сонголт өмнө ирээд хүлээгээд удаж байна. Сонголтоо хийж сэрэх цаг болжээ, Монголчууд аа!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө