Хятадын демографик

хятад хүү
Хүн амын хэт өсөлтийг хазаарлах, ядуурлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн "Нэг хүүхдийн" бодлого анх бодсончлон сайн үр дүн авчирсан  гэхээсээ илүү ноцтой муу үр дагавартай болж байгаа тухай бичиж байна. Хятадын сүүлийн үеийн түүхэнд гарч байсан томоохон бодлогын алдаануудаас (1959-1961 оны өлсгөлөн, 1966-1976 оны Соёлын хувьсгал) илүү сөрөг нөлөөтэй гэгдэж байгаа энэ "Нэг өрх-нэг хүүхэд" бодлогын үр дүн юу болов оо гэдгийг сонирхоё.

1959-1961 оны их өлсгөлөнгийн үеэр зарим судлаачдын тооцоолсоноор 20-43 сая хүн амь үрэгдсэн бөгөөд ган гачиг, засгийн буруу бодлогын уршгаар ургац алдаж ийм гамшиг тохиолджээ. Соёлын хувьсгалын үеэр 1.5 сая хүн амиа алдаж, олон саяараа хэлмэгдэж байсан байх юм. Тэгвэл "нэг хүүхдийн" бодлогын үр дагавар тэдгээрийн хажууд харьцуулшгүй их гэнэ. Энэ бодлогын уршгаар хятадын хүн амын өсөлт 15 жилийн дараа тэглэх юм байна.

40-өөд жилийн турш засаг төрийн даалгавраар  хэрэгжүүлсэн энэхүү "гэр бүл төлөвлөлтийн"  бодлогын үр дүнд 1.35 тэрбум хүнтэй энэ үндэстэний насны ангиллын тэнцвэр алдагджээ. Өөрөөр хэлбэл, хэтэрхий олон настангууд, маш цөөн залуус, хүүхдүүд, эмэгтэйчүүд  бий болсон байна. Өрх бүр ганц хүүхдээ угсаа залгамжлах хөвгүүн байхыг хүсдэг учраас төрж буй хүүхдүүдийн  хүйсний тэнцвэр алдагдаж  эр хүйс давамгайлах болж.   Хөдөөгийн олон гэр бүл "нэг хүүхдийн" бодлогоос чөлөөлөгдөж байгаа  боловч хятад  эмэгтэй дунджаар 1.5 хүүхэд төрүүлж байна. 1960-аад онд нэг эмэгтэй дунджаар 6 хүүхэд  төрүүлж байжээ.( Аливаа үндэстний хувьд  хүн амынхаа тоог тэнцвэртэй хадгалахын тулд нэг эмэгтэйд дунджаар 2.1 хүүхэд ноогдох ёстой аж.)

2030 онд хятадын хүн амын тоо  хамгийн дээд цэгтээ хүрч 1.4 тэрбум хүрээд, түүний дараагаас урт хугацааны бууралт эхлэнэ. Хөгжингүй орнуудын эдэлж байгаа "зовлонг" хөгжөөгүй хятад одоо эдэлж эхлэхэд ойрхон болжээ гэсэн үг. Энэ нь  хүн амын дийлэнх олонхи болсон настангуудын тухай асуудал юм. Хятад баян болж өөрсдийгөө асрах тэнхээтэй болохоосоо өмнө хөгширч эхэлжээ.  Ядаж байхад  ганц хүүхдээ эрэгтэй хүүхэд болгосоны уршгаар өнөөдөр 25 сая "илүүдэл" эрчүүдтэй болжээ. Энэ тоо 2020 он гэхэд 30 саяд хүрнэ гэнэ. Хүйсийн тэнцвэргүй байдал мэдээж нийгэмд олон сөрөг үзэгдэл бий болгоно.

Хоёр оронтой тоотой эдийн засгийн өсөлттэй он жилүүдэд хятадын хөдөлгөх гол хүч нь ажлын чадвартай маш том хүн хүчний арми байлаа. Өнөөдөр энэ арми жижгэрч байна. Өнгөрсөн онд 13600 бага сургууль сурагчгүй улмаас хаагджээ. 2050 он гэхэд 3 хятадын нэг нь 60-аас дээш насны хөгшин байх болох нь.  Настангуудын арми 430 сая хүнтэй болсон  байх нь.

Гэр бүл төлөвлөлтийн энэ бодлогын "ачаар"  олон  сая хүнийг ядуурлаас гаргаж, хүн амын хэт өсөлтийг зогсоож чадсан боловч хэтэрхий удаан хугацаанд хэрэгжүүлсэний балгаар эцэстээ нийгэмдээ томоохон асуудал хүндрэлүүд бий болгох үндсийг тавьжээ. Хятадууд ийнхүү  өнөөдөр хүрсэн амжилтынхаа төлөөсөнд ирээдүйд томоохон төлбөр төлөх болох нь дээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө