Хоёр хөршийн байдал алаг цоохор

Орос, Хятад хоёр улсын төрийн тэргүүнүүд Монгол Улсад ээлж дараалан айлчилж,  эдгээр 3 хөрш улсууд  харилцаагаа эрчимтэй гүнзгийрүүлэх нь хэн хэндээ ашигтай хэмээн ойлголцов бололтой.  Хоёр хөршийн маань томчууд тэгж үзэж, хүлээн зөвшөөрч байгаа болохоор энэ зарчмаар хамтарцгаах байх. Хятадууд даргынхаа айлчлалын өмнө Интернетээр "алдагдсан нутагаа" хятад савхны дохиогоор хөгжүүлж бөөцийлөх болно хэмээсэн утгатай бичлэг тарааж баахан сагсуурсан хэдий ч  өөрсдийнх нь хэлдгээр "ард түмэн бол юу ч бичиж болох цагаан цаас" учраас үүнийг үл тоон цааш явсугай гэж. "Цагаан цаас" учраас  толгойгоо нэг хүнд мэдүүлсэн  хоёр хөршийн борчууд даргынхаа  хий гэснийг нь хийгээд л явах болно. Хэдийгээр хойд хөрш маань олон намтай гэх боловч одоогоор нэг "царь"-ийн нударга дор атгуулсан байгаа. Урд хөрш маань мэдээж бас нэг намын, нэг даргын жолоодлогоор явж байгаа.

Оросын Ерөнхийлөгч Путин
Сүүлийн  үед хоёр хөршийн маань байдал тийм сайнгүй байна. Оросууд "газар нутгаа тэлэх" бодлого хүчтэй явуулж түүнийхээ улмаас "эзлэн түрэмгийлэгч" нэр зүүлээ, Путин дарга олон улсад нэр хүндээ алдав. Орос улс баруунынхантай түнжин хагарч ганцаардаж эхэлж байна. Энэ хүнд үед түүнд  нэг ч гэсэн "сайн найз" илүүдэхгүй. Сайн найз нь эртний түнш Монгол. Европын Холбоо болон АНУ, Япон гээд дэлхийн эдийн засгийг тодорхойлогч  этгээдүүд Украйнаас Крымийн хойгийг булааж авсан Оросын үйлдлийг эсэргүүцэж хориг арга хэмжээ цөөнгүй авсаны гайгаар Оросын эдийн засаг хүндрэлд орж байна. Рублийн ханш унаж, хориг арга хэмжээний улмаас хохирсон аж ахуй, компаниудад нөхөн төлбөр олгох  тусламжийн сан байгуулахад хүргэж байна. Барууны зээлдэгчид Оросын нэгжүүдэд зээл олгохоо зогсоож, гадны олон банк санхүүгийн байгууллагууд түдгэлзэх болжээ.  Роснефть мэтийн Оросын томоохон  компаниуд хүртэл  улсынхаа  нөөцийн  сангаас зээл авахад хүрч байна. Хувь хүмүүс  мөнгөө авч гадагш нь гаргаж эхэлсэн бөгөөд  энэ  мөнгөний хэмжээ энэ жил 100 тэрбум долларт хүрэх байх гэж таамаглаж  байна.    Автомашины худалдаа 26%-иар буурч, албаны зориулалтын  байр, агуулахын  түрээслэлт 40-45%-иар багасчээ. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) энэ жил 0.5%-иас хэтрэхгүй төлөвтэй аж. 2000 онд 10%-д хүрч байсан өсөлт шүү дээ. Хөрөнгө оруулалт 2012 онд 15%-д хүрч байснаа энэ жилийн дунд үед -2% болтлоо буурч хасах руу оржээ. Путины мугуйд бодлого эцсийн дүндээ Орост өөрт нь ашиггүй, бүр  хохиролтой болж тусах  шинж төлөв  ажиглагдаж байна. Ийм цаг үед Монголыг "хань татаж" байгаа зорилго нь ойлгомжтой. Ганцаардаж буйгаа бага ч гэсэн халхлах, нөгөөтэйгүүр хүндрэлтэй байгаа эдийн засагтаа бага ч гэсэн дэм олгох давхар санаа байсан биз ээ.

Хятад улсын дарга Си Жин Пин
Урд хөршийн хувьд хойдохыг бодвол гадаад улс төрийн байдал нь гайгүй боловч дотоодын эдийн засгийн өсөлт нь 2010 оны 12%-оос жил бүр буурсаар энэ жилийн 2-р хагаст  7.5%-д хүрсэн үзүүлэлттэй байна. Нэмүү өртөгтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн өмнөх жилийнхээс буурчээ. 2014 онд тавьсан зорилгодоо хүрч чадахгүй шинж төлөв ажиглагдаж байна. Тэрбум гаруй хүнтэй улсын эдийн засгийг  хөгжүүлэхийн тулд  авч явуулсан бодлого нь үр дүнгээ өгч өнөөдөр хятадуудын 90% нь ядуу гуйлгачин байсан үе хол хоцорчээ. Оросыг бодвол Хятад руу олон улсын банкууд зээл өгч мөнгийг цутгаж байна. Оны эхний хагасын байдлаар гаднаас орсон мөнгө эрс нэмэгдэж 30 их наяд (триллион) долларт хүрчээ.
Хятад ч  өөрөө  өсөн нэмэгдэж байгаа үлэмж хэрэгцээгээ хангахын тулд  дотооддоо болон гадаадад асар их хөрөнгө цацсан. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийг "хаа байгаа газраас нь ямар ч үнээр хамаагүй авах" бодлого явуулж ирсэн бөгөөд  энэ нь эцэстээ багагүй алдагдалд хүргэж байх шиг байна. "Шинэ баян цээж өвчтэй" гэдэг шиг аашилсан юмдаг уу даа.

Африкийн  зах зээлд хаясан хөрөнгө нь зарим газар шороо болох аюул тулгарч түүнийгээ хамгаалахын тулд цэрэг хүртэл илгээж байна.  Саявтархан тусгаар тогтносон гэх Өмнөд Суданд буй хятадын ажилчид, эд хөрөнгийг хамгаалахын тулд НҮБ-ийн энхийн сахиулагчийн мандатын дор 700 хятад цэрэг тийш нь явууллаа. Хятадын төрийн өмчит Үндэсний Петролеум Корпораци нь Өмнөд Судан дахь  газрын тосны талбайд үйл ажиллагаа явуулж буй хамтарсан компаний 40%-ийг эзэмшдэг аж.  Өмнөд Суданд  иргэний дайн эхлэхээс өмнө энэ улс Хятадын газрын тосны хэрэгцээний 5%-ийг хангадаг байсан бол одоо буурчээ. Дайны улмаас тус хамтарсан компаний эзэмшдэг газрын тос дамжуулах 1500 км урт хоолой аюулд учирсан байна.

Австралид төмрийн хүдэртэй орд газар лиценз аваад уурхай барьж эхэлсэн хятадын нэгэн компаний оруулсан хөрөнгө анх төлөвлөж байснаасаа хамаагүй давж ихээхэн алдагдалд орж байгаа тухай бичиж байна. Томоохон төслийг сайн бэлдэлгүйгээр яаруу сандруу эхэлсэний балгаар урьдчилан тооцоогүй элдэв зардал гарч  ийнхүү асуудал үүсчээ.
Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч болсон хятадууд ирэх  жилээс чанар муутай нүүрсийг хориглож эхлэхээр шийдэж байх шиг. Энэ нь агаар их бохирдож байгаатай холбоотой аж. Индонези болон Австаралиас ирж байгаа муу чанарын нүүрсийг авахаа болих юм гэнэ. Нүүрсний агуулганд үнсний хольц 40 ба түүнээс дээш хувь, мөн 1.5% ба түүнээс дээш хүхэртэй  байвал ийм нүүрсийг импортлох ба худалдаалахыг  ирэх оны 1 сарын 1-нээс хориглож эхлэх нь.  Хятад жилд 3.5 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг гэхээр ямар том "мангас" гэдэг нь харагдаж байгаа биз? Жилд гаднаас авдаг хэмжээ нь 300 сая тонн юм байна.

Урд хойноо хоёр том хэрэглэгчтэй манай улсын хувьд энэ боломжийг ашиглах л хэрэгтэй. Хэдийгээр байдал алаг цоохор байгаа боловч "том савнуудын" ашиг тус бидэнд наалдаж л таараа. Харин хэтэрхий хүзүү сээрээрээ хэлхэлдэх нь дэмий биз ээ. Ялангуяа тэр хийн хоолой Монголын нутгаар дамжуулах нь хэдийгээр зүгээр л мөнгө "саагаад" байх юм шиг  ойлгогдовч ачир дээрээ газар нутгаа  төмөр хоолойгоор тасдаж хэрүүлээд байх нь байгаль орчны болон экологи талаас нь бодоход хүлээн  зөвшөөрөмгүй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө