Рио Тинтогийн салаавч

Мопани зэсийн уурхайн орчмын суурьшил (Замби улс)
ЮүТюүб сайт дээр   "Stealing Africa"  ("Африкийг шулсан нь" гэж орчуулмаар юм уу) гэдэг нэртэй кино үзлээ. Холбоос нь энэ байна: 

https://www.youtube.com/watch?v=WNYemuiAOfU

Энэ кинонд баян Швейцарийн Гленкоор (Glencore) хэмээх компани Замби гэдэг Африкийн нэгэн ядуу улсад зэсийн уурхай болон зэсийн үйлдвэр ажиллуулж хэрхэн "цөм" ашиг олж байгаа болон Замбийн ард түмэнд гадны  энэ компаний хөрөнгө оруулалт хэрхэн "наалдаж" байгаа тухай өгүүлнэ.

Тэгвэл Оюутолгойн уурхай бидэнд хэр наалдацтай байх бол? Байгаль орчин сүйдэхгүй гэсэн баталгаа байна уу?  Зэс хайлуулах үйлдвэртэй болбол орчны агаар болон  усны бохирдолт гарах уу?  Замбигийн Мопани хэмээх энэ зэсийн уурхай, үйлдвэрийн орчмын агаар ба усны бохирдолоос болж  зарим хэсгийнх нь үйл ажиллагааг зогсоож байжээ.     Киноны  зохиолч Швейцарь дахь Гленкорын төв байр луу утас цохиж Замби дахь уурхайгаас алдагдаж байгаа хортой хүхрийн хийн хэмжээ болон үзүүлэлтийн тухай тоон мэдээ авах гэсэн боловч энэ мэдээллүүд олон нийтэд зориулагдаагүй гэсэн хариу авч байх юм. Ингэхээр тэдэнд нууцлах юм байна. Нууц юмс голдуу "но"-той байдаг даа.  Тус уурхайн зэсийн үйлдвэрээс алдагдсан химийн хортой бодис тухайн орчныг бохирдуулан ундны усыг хордуулж, мөн тэндээс  ялгарч байгаа хортой хий агаараар дамжин тэр хавийн оршин суугчдад нөлөөлж олноороо эмнэлэг бараадахад хүргэсэн байна. Ханиалгахаас эхлээд л бөөлжих, гэдэс нь  өвдөх , нүд  өвдөх, цээжээр хөндүүрлэх зэрэг шалтгаанаар зуу зуугаараа эмнэлгийн тусламж авч байжээ.  Агаарын шинжилгээ нь хортой агуулгын зөвшөөрөгдөх хэмжээ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тавьж байгаа стандартаас хэдэн зуу, мянга дахин  илүү гэж гарчээ. Үүнийг л Гленкор нууцлаад  ил зарлахаас дургүйцэж  байгаа хэрэг.

Кинон дээр Замбийн  Их сургуулийн  багш,  доктор Матиас Мпанде  хэлж байна: Улсынх нь эрх мэдэл бүхий улс төрчид авилгад автагдсан бол  эх орноо хууль ёсоор, үнэн шударгаар төлөөлж, эрх ашгийг нь хамгаалж чадахгүй.  Тэгвэл МАНАН-гийн засгийн газар буюу түүний толгойлогч Ерөнхий сайд С.Батболд болон тушаал гүйцэтгэсэн  3 сайд (Баярцогт, Зоригт, Гансүх) эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадсан уу? Хангалттай хамгаалж чадаагүй учраас өнөөдрийн олон асуудлууд үүсээд  төвөг болоод байгаа юм биш үү?  Тэд Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллаж , Монголд хохиролгүй боломжийн гэрээ байгуулсан юм бол яагаад нөгөө гэрээ нь одоо болтол "хэл ам татлаад" байгаа юм гэдэг асуулт гарч ирж байна.  УИХ-ын дарга З.Энхболд сая нэг ярилцлага өгөхдөө уг гэрээг их "учир дутагдалтай" байсан гэжээ. Манайхан саявтархан Лондон явж Рио Тинто-той хэлэлцээ хийж хоёр талаас гаргаж тавьсан 30 асуудал байгаагийн 15-ыг шийдэж тохиролцоод ирлээ гэж байна. Цаана нь бас 15 асуудал үлджээ. Ямар ч олон "асуудалтай" гэрээ байгуулчихсан юм, МАНАН-гийнхан.   УИХ-ын гишүүн Баярцогт "пиншүү" хочит УИХ-ын гишүүн Ганбаатартай Оюунтолгойн  гэрээний тухай зурагтаар ном хаялцахдаа  мөнөөх гэрээгээ чухам хорвоод хосгүй гэх нь  холгүй магтаж байв даа.

Оюутолгой компанийг төлөөлж "эх орныхоо эсрэг" ажиллаж байсан Оюутолгой ХК-ий тэргүүн дэд Ерөнхийлөгч байсан Мөнхбат гэгч сая өгсөн ярилцлагадаа Оюутолгойн гэрээг байгуулсан МАНАН-гийн  сайдуудыг "эх орончид" гэж магтсан байх юм. "Дайсны" талд ажиллаж байгаа хүн "дайсны" талд ашигтай гэрээ байгуулахад "тус болсон" эсрэг талынхаа баатруудыг тэгж магтах нь зүй ёсны хэрэг.  Мөнхбаттай нэг л юман дээр санал нэг байна:  Гадны хөрөнгө оруулалт бол манай улсын аюулгүйн баталгаа гэж. Гэхдээ энэ маань өөрсдийнхөө эрх ашигт харш, эсвэл хохиролтой гэрээ байгуулаад ч хамаагүй гадны хөрөнгө оруулагчдыг дэмжээд бай гэсэн үг биш юм.   Монгол улсын эрх ашиг гэж нэг юм бий.  Гэрээ шударга байх хэрэгтэй, нөхцөл болзлууд нь тэгш байх хэрэгтэй, аль аль талдаа ашигтай байх хэрэгтэй. Харин гэрээгээ байгуулахдаа  аль нэг тал нь илүү давуу байдлаа ашиглаж (илүү туршлагатай байдлаа ч юм уу) нөгөө талдаа хохиролтой  заалтууд "шургуулах" нь хэдийгээр ёс зүйгүй боловч Оюутолгойн гэрээн дээр энэ "уламжлал" давтагдсан бололтой. Манай тал туршлагагүйдэж (үзэглэсэн хэдэн сайдуудаа "урвагч" биш гэж итгэвэл) , "дайсны тал" хожжээ. Энэ ёс зүйгүй байдлыг олон улсын хэмжээнд халж, дэлхий нийтээрээ мөрдөх нэгдсэн нэг стандартын гэрээний загвартай  болох санал санаачлага хурдан ажил хэрэг болоосой.  Тэгвэл Монгол мэтийн ядарсан улс орнуудын сайд нар "урвагчаараа" дуудуулахгүй амар болохгүй юу.

Барууны хөгжсөн орнуудын том компаниуд луйвар хийдэггүй, жигтэйхэн шударга байдаг гэж Мөнхбат үздэг бололтой.  Сайхан  залах  юм даа. Дээр жишээ авсан Гленкор компанийг л харахгүй  юу. Муу Замбичуудыг шулах мөрөөрөө шулахгүй, хажуугаар нь бас агаар орчныг нь бохирдуулж ард иргэдийг нь   хордуулж "хорлож" байгаа биз дээ? Манайд зэс хайлууладаг үйлдвэр барьчихвал ингээд заваараад байх юм биш байгаа?  Ер нь гадны хөрөнгө оруулагчид ашиг хайж л орж ирнэ шүү дээ. Ойлгомжтой. Мэдээж өөрсөддөө ашигтай байдлаар гэрээ хэлэлцээрээ хийж батлуулах гэнэ. Хамгийн гол нь эзэн орон энэ байдалд автахгүй өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж туршлага дутах боловч бусдаас асууж заалгах арга зам бас бий.

Замбийн Уул уурхайн сайдын хэлж байгаа  "Бид баян боловч ядуу"  (We are wealthy, yet poor) гэдэг үг нь бидний "Алтан дээр суусан гуйлгачин" гэж хэлдэгтэй адил сонсогдож байна.  Замбийн ард түмэнд бурхнаас  аварга том зэс, кобальтийн орд  заяасан  боловч  иргэдэд нь наалдаж байгаа юм тун бага байгаа учраас ингэж халаглах нь зөв.  Хөндлөнгийн шинжээчдийн олж мэдсэнээр Замбичууд гэрээн дээрээ алджээ. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулагч (энэ тохиолдолд Швейцарийн Гленкор компани) ба Замбигийн хооронд байгуулсан гэрээн дотор "но"-той заалт их байсан гэнэ. Мэдээж Замбийд ямар ч үр ашиггүй, харин гадныханд ашигтай хийгдсэн байж. Олон асуудалтай Оюутолгойн гэрээ бас үүний нэг хувилбар уу? Гадны хөрөнгө оруулалт хэрэггүй, бид өөрсдөө чадна гэдэг "мэргэн жараахайнууд"  ганц Монголд ч биш, хаа сайгүй бий, гэвч тэд цөөхөн . Монголчуудын дийлэнх нь гадны хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа бөгөөд харин ганцхан шударга бөгөөд аль аль талдаа ашигтай байхыг л шаардаж байгаа.
Замбичууд "хулхидуулсанаа" мэдээд "гэнэтийн ашгийн татвар"-ыг бий болгосон боловч гадны компаниуд хаяж явна, шүүхдэнэ гэж айлгасаар хуулийн хэрэгжилтийг зогсоож чаджээ.

Гленкор компанийг анх Марк Рич Ко нэртэйгээр 1974 онд АНУ-ын бизнесмэн Марк Рич байгуулж байжээ. 80-аад онд татвараас зайлсхийж  оффшор данс ашиглаж байсан тухай асуудал  нь илэрч татвараас зайлсхийсэн, залилангийн хэргээр шийтгүүлжээ. Марк Рич  шоронд орохгүйн тулд 1983 онд   АНУ-гаас зугтаж гарчээ. Холбооны Мөрдөх Товчоо түүний нэрийг хамгийн их эрэн сурвалжилж байгаа хэрэгтнүүдийн жагсаалтанд оруулсан байна. Тэрээр 1983 онд Швейцарь улс руу  амь зулбажээ.  Сүүлд нь Клинтон Ерөнхийлөгч байхдаа өршөөл үзүүлж шуугиан тарьж байсан байх юм. Марк Ричийн компани хожим АНУ-д 150 сая доллар төлөхөөр тохиролцож байжээ. 1994 онд Марк Рич компанийхаа удирлагаас бууж өөрийнхөө эзэмшлийн хувийг  компанийхаа хүмүүст заржээ. Ингээд энэ компаний нэр Гленкоор болж өөрчлөгдсөн  түүхтэй аж.

Манай Оюутолгойн  ордыг нээсэн Роберт Фрийдланд бас л иймэрхүү паянтай нэгэн. Айвенхоу Майнз компаний эзэн  Фрийдланд уг нь АНУ-д төрсөн Америкийн иргэн боловч эзэмшиж байсан  уурхай нь байгаль орчин хордуулсаны улмаас асуудалд орж, улмаар АНУ-гаас зугтаж Канадын харъяат болсон түүхтэй хүн. Байгаль орчны нөхөн сэргээлтэнд зориулж тодорхой хэмжээний мөнгө төлөхөөр сүүлд нь АНУ-гийн эрх баригчидтай тохирсон гэдэг. Цианид хэмээх химийн хорт бодис алдагдаж нэгэн голын сав газар хордож гамшиг болж байжээ. "Хорт Боб" гэдэг хочийг  мань эр эндээс "олж" авсан байна. Мянмар (хуучнаар Бурма) гэдэг улсад ажиллуулж байгаа зэсийн уурхай нь мөн л байгаль орчин бохирдуулсан, хууль бус зохисгүй үйл ажиллагааныхаа төлөө хэл ам таталж байгаа сурагтай.

Хорт Бобыг Оюутолгойн ордыг нээж өгсөнийх нь төлөө хөшөө босгох хэрэгтэй гэж мөнөөх Мөнхбат дулдуйджээ. Хүн олж нээхэд хэцүү ч юм биш байсан л даа. Мань эрийн аз дайрсан хэрэг. Фрийдланд нээгээгүй байсан ч нэг их удахгүй өөр нэг нь илрүүлчих байсан биз. Тэр тусмаа шинжлэх ухаан, техник технологи  хөгжиж байгаа энэ үед тэр бол асуудал биш байх байсан биз ээ. Гол  нь хугацааны асуудал юм. Монголд магадгүй хэрэгтэй цаг хугацаанд нь олчихсон учраас талархалтай хандаж болох боловч хөшөө баримал босгоод байх нь ч юу юм. Долооно гэхэд дэндүү долоож байгаа бус уу? Тэгвэл Эрдэнэтийг нээсэн хүнд хөшөө босгоё л доо.

Одоо Монголчууд "хорт Боб"-той биш харин хорт Боб-ийг "аажмаар залгиж"  байгаа   "том мангас" Рио Тинто хэмээх үндэстэн улс дамнасан том компанитай үзэлцэж байна.  Фрийдланд эзэмшлээ шилжүүлээд голлон тоглогчийн дүрээ Рио Тинто компанид өгч  байна.  Марк Рич эзэмшлээ зараад "бултдаг"  шиг. Марк Рич татварын луйврын хэргээр эх орноосоо зугтаж байсан бол компанийг нь авсан багийнхан нь нэрийг нь өөрчлөөд (Гленкоор болгоод) ёс зүйгүй "уламжлалаа"  хадгалж байгааг дээрх киноноос  мэдэж авч болно.    Бид Рио Тинто компани Замби улсад зэс олборлож хайлж буй Гленкорийн хувилбар биш байгаасай  гэж залбирч, тийм болгохгүйн тулд л өнөөдөр гэрээ хэлэлцээр  юмаа эргэж харж, харилцан ашигтай, шударга болгохоор тохиролцох гэж "үйлээ үзэж" байх шиг байна. Батболдын "баасан баасыг"  Алтанхуяг "цэвэрлэх" гэж зовж байна гэх үү дээ.  Гадныханд дэндүү найрсаг, таатай боломж олгож, өөрсөддөө хохиролтой ч хамаагүй хөрөнгө оруулалтын "бүүм" (boom ) үүсгэж  ард түмэндээ ямар ч наалдацгүй эдийн засгийн хөөсөн өсөлт бий болгоод яах ч юм билээ. МАН-ынхан "Бид нар дэлхийд байхгүй 17%-ийн өсөлт бий болгосон" гэх боловч тэр нь бидэнд наалдсан юм алга.  Сонгуульд ялахын тулд баахан мөнгө амалчихаад, тэр  мөнгөө олохын тулд сэдсэн  арга нь энэ. Гадны хөрөнгө оруулагчид таатай бөгөөд өөрсөддөө хохиролтой гэрээ байгуулчихаад шанд нь баахан мөнгө зээлж аваад сарын 21 мянгаар тараачихсан.

Замбичууд бас л мөнгө хэрэгтэй  болоод гадныхныг (Гленкоор гэх мэт)   "ямар ч хамаагүй болзлоор"    оруулсан нь хожим улс орондоо хохиролтой "наймаа" хийчихсэн хэрэг. Дараа нь "шударга биш байна" гэж мянга хашгираад яах билээ.  Өнөөдөр Рио Тинто өөрт ашигтай байдлаа алдахыг бодохгүй. Лондон явж хэлэлцээ хийсэн "Ардын засгийн төлөөлөгчид" 15 асуудал шийдчихээд ирлээ гэх боловч бодвол тэдгээр нь ач холбогдол багатай "жул" асуудлууд байсан биз ээ. Үлдсэн 15 асуудал нь Рио Тинто-гийн эрх ашиг, сонирхолыг ноцтой хөндөх учраас тэд "бууж өгөхгүй" нь мэдээж.  Ингээд Гленкоор шиг салаавч үзүүлэх биз.  Хас банкны Ганхуяг саявтархан бухимдахдаа  Төрийн Ордон руугаа харж зогсож байгаад салаавч үзүүлж  доромжилсон. Төрөө доромжилсон гэх үү дээ. Рио Тинто-гийн салаавчийн хажууд Ганхуягийнх бол ёстой юу ч биш. Тэгж ярьвал ийм байдалд хүргэсэн бид өөрсдийгөө салаавчаар булсан ч багадна. МАНАН-г ялангуяа. Өөрсдийнхөө эрх ашгийг эх орныхоосоо дээгүүр тавьсан МАНАН-гийнхан ичиж үхэх хэрэгтэй. Харакири хийцгээ, арай нэр төртэй юм даа.  Тинто-г зүхэхээ больё. Буянаараа болог.  Бүр дургүй хүрчихлээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө