Хүний үнэргүй амьтас

Ц.Энхбаяр
Эрүүл мэндийн байгууллагад хийх шинэчлэл эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч байгаагийн нэг жишээ нь Гэмтлийн эмч нарын "бослого" юм.  Шинэчлэл гэдэг нь авилга, хахууль, хүнд суртал, үйлчилгээний чанарын доголдол зэргийг арилгах тухай асуудал юм. Шинэчлэлийн хүрээнд мөн эмнэлгийн ажилчдын цалин хөлс, үнэлгээ  яригдах боловч энэ нь тусдаа ярьж шийдэх асуудал юм.  Манай нийгэмд бий болсон авилга хээл хахуулийн "халдварт өвчин" бараг салбар болгонд туссан бөгөөд  эдгээж илааршуулахад тун хүнд байх нь мэдээж. Эрүүл  явах, өвдсөн хавдсан, бэртэж гэмтсэн үед эдгэрч тэнхрэх нь  бидний хэтэвчээс хамаараад удаж байгааг бид байнга л ярьж шүүмжилж ирсэн.  Эрүүл мэндийн салбар бол онцгой салбар. Ажилчид нь ажил хаях эрх нь хуулиар хориотой, учир  нь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой болохоор тэр. Гэтэл энэ салбар  өөрөө энэ "халдварт өвчнөөр" өвчилсөн нь ядарч  байгаа ард иргэдэд маань бүр зовлон болжээ. Эмнэлгийн үйлчилгээний хэцүү зовлонг биеэрээ амсаагүй  хүн байдаг юм уу?

Яривал хүн бүхэн л нэг байтугай түүх ярих байх. Би ч гэсэн өөрийнхөө мэдэх түүхийг жишээ болгож яръя. Ойрын танил О гэдэг залуухан бүсгүй  төрөх тун дөхсөн байлаа.  Тэр нэгэн өдөр маш хүчтэй өвдөөд  гэрийнхэн нь түргэн дууджээ.  Гэвч төрөх эмнэлэг дээр очоод "ор байхгүй", "төрөх болоогүй байна" гэдэг  хариу сонсоод гэртээ буцаж ирэхээс аргагүй болсон юм. Ингээд тэр өдөртөө 3 удаа түргэн дуудаж төрөх эмнэлэг дээр очсон гээд бод доо! Гурван удаа шүү! Очих болгонд адилхан тайлбар хэлээд  буцаагаад байсан байгаа юм. Тэр шөнөдөө бүр тэсэхээ байгаад дахин түргэн дуудаж хүргүүлсэн бөгөөд энэ удаад ээлжийн сувилагч эмэгтэйд 20 мянган төгрөг, шоколадны цуглуулга (набор гэдэг дээ) өгч байж ор гаргуулан хэвтжээ. Ингээд удалгүй үүр цайхын алдад төрсөн юм.  За ёстой эсэн мэнд төрсөн юм чинь тэр өгсөн мөнгө төгрөг яамай байнаа гээд л шинэ хүнтэй болсондоо баярлаад л явж өгсөн дөө.

 Монгол  хүний нэг тийм дэндүү амирлангуй мангардуу гэмээр ч юм шиг, эсвэл бэртэгчин гэмээр ч юм шиг зан байнаа. Хэдэн удаа төрөх эмнэлгээс "хөөгдөж гарсанаа" ч мартчихсан, мөнгө санга өгч яаж царайчилж байснаа ч мартчихсан, "миний хэрэг бүтсэн бол боллоо" гэсэн сэтгэхүйгээр ханддаг энэ тэнэг зан өөрсдийг нь "алж" байгаа юм. Энэ хэрэг хэдэн жилийн өмнө болсон бөгөөд өнөөдөр  тэр сувилагчийн "ханш" нь суга өсөө биз дээ. Энэ мэтчилэн эмнэлэгт "мөнгө хийдэггүй " хүн гэж алга. Зиндаа зиндаанд нь  тохирсон хэмжээнд нь "гарыг нь хүндрүүлэхгүй" бол болдоггүй тийм л  "ёс заншил" тогтжээ.  Хэдийгээр эмнэлгийн эмч ажилчдын цалин хангамж сайн биш боловч энэ нь хүний өвчин зовлонгоор барьцаалж "нэмэлт орлого" олох  иймэрхүү аргыг зөвтгөх үндэслэл биш. Цалингийн  "дутууг" ийм байдлаар "нөхөх" нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ёс суртахуунд байж болшгүй  үзэгдэл.

"О" бүсгүйн ар гэрийнхэн тодорхой хэмжээний "өргөл барьц" өгч  байж асуудлаа шийдүүлэхгүй бол болохгүй нь гэдгийг ойлгосон учраас "бусдын жишгийг" дагахаас өөр аргагүй байдалд оржээ. "Бусдын  жишиг" яв явсаар эмч сувилагч нарыг  "хүний үнэргүй амьтас" болгож хувиргасан байна.  Өвчтөний амь насыг аврах, эмчилгээ хийж  эхлэхээс  өмнө тэдний толгойд яаж  хэдэн цаас салгах тухай бодол орж ирдэг болсон байна.  Ийм "хууч өвчин" тусаагүй эмч сувилагч ч өдий цагт ховор байх.

Энэ гажигтай  "ёс заншлаасаа" салъя гэж л шинэчлэл хийх гээд байгаа юм. Шинэчлэлийг  шинэ хүн л хийдэг. Дотроосоо хүн сонгоод хийнэ гэдэг бол зангууны үлгэр. Гэмтлийн эмч сувилагчидын цөөнгүй хэсэг нь (100 гаран хүн шинэ даргаа эсэргүүцсэн гэсэн байх аа)  тус эмнэлэгт тогтсон "ёс заншлаа" халахгүй хэмээн тангараг тавьж Эрүүл мэндийн сайдын томилсон шинэ даргын эсрэг "цусгүй дайн" зарлаж "амь хайргүй" тэмцсэний дүнд Сайдын зөвлөлийн шийдвэрээр Ц.Энхбаяр эмчийг  Гэмтлийн эмнэлгийн даргаар томилсон сайдын тушаалыг  цуцлуулж  санасандаа хүрсэн байна.   Гэхдээ Энхбаяр эмч  Гэмтлийн эмнэлгийн дарга дахин томилогдтол ажлаа хийж байх болсон гэнэ.

"Бослого" гаргасан дээрх зуу гаруй эмч сувилагчдын хэлж байгаа шалтгаан нь  Удвал сайд "хууль бусаар" хүн томилсон гэдэг асуудал. Сонгон шалгаруулалтаар шалгарч ирээгүй  учраас "хүлээж авах" боломжгүй гэж ярьж байсан. Бас нэг өөр яриа бол Энхбаяр эмчийг хүнийх нь хувьд "голсон" асуудал. Туршлагагүй бөгөөд "муу хүн"  учраас  ийм хүн биднийг удирдаж чадахгүй гэсэн яриа гаргасан. "Босогчдод" ийм л 2 шалтаг байсан.  Тэгвэл эдгээр шалтагуудыг нь шинжиж үзье.

1. Сонгон шалгаруулалтаар орж шалгарч ирээгүй

Төрийн Албаны Зөвлөл (ТАЗ) гэдэг сонгон шалгаруулалт явуулдаг байгууллага нь ажлаа хийхгүй өдийг хүргэж цаг хугацаа алдсан учраас Удвал сайд эрх мэдлийхээ хүрээнд томилгоо хийж Ц.Энхбаяр гэдэг эмчийг Гэмтлийн эмнэлгийн даргаар тавьжээ.  Сонгон шалгаруулалт явагдаагүй удсан  бөгөөд хэзээ явагдах нь тодорхойгүй учраас сайд нь тушаал гаргасан хэрэг. Энхбаярын нэр болон  холбогдох  материал нь сонгон шалгаруулах комисст очсон байгаа.
Гэмтлийн эмнэлгийн "босогчдын" хувьд энэ сонгон шалгаруулалтаар шалгарч ирээгүй гэдэг бол хүндэтгэж үзэх шалтгаан биш  харин  зүгээр л эсэргүүцэж байгаагаа халхлах гэсэн шалтаг.  Хэрэв ТАЗ одоо сонгон шалгаруулалт явуулаад тэндээс Энхбаяр эмч шалгараад гараад ирвэл "босогчид" юу гэх бол?

2. Туршлагагүй бөгөөд "муу хүн"

Гэмтлийн эмнэлгийн "босогчид" шинэ даргаа  туршлага байхгүй, эмнэлэг удирдаад явах чадваргүй бөгөөд хувь хүнийхээ  хувьд "тааруухан"  нөхөр учраас  хамтран ажиллах боломжгүй гэж  ярьж байна лээ.   Мөн мэргэжлийн бус хүн гэсэн яриа гарч байсан. Тэгэхээр энэ бүхэн бол бас л  үндэслэлгүй шалтаг. Энхбаяр эмч бол Монголын урдаа барьдаг  тархины мэс заслын эмч юм.   Ажлын чадварын тухайд  тухайн хүний удирдах чадвар буюу менежментийн чадварыг ажил авсанаас хойш тодорхой хугацааны дараа  үнэлж дүгнэж хэлэхээс биш урьдчилан дүгнэж хэлэх боломжгүй юм. Тэгвэл Энхбаяр эмчийг Гэмтлийн эмнэлгийг удирдаад аваад явах чадваргүй гэдгийг эсэргүүцэж байгаа эмч нар  "урьдчилаад  харчихсан"  байгаа нь гайхалтай. Ванга эмээд л ийм чадвар байсан байх. Хувь хүнийхээ хувьд "өөдгүй хүн" гэдгийг  Энхбаярыг танихгүй шахуу  байж тэд яаж мэдэж хэлнэ вэ? Бас л эсэргүүцэхийн тулд,  муулах зорилгоор  тараасан  хов жив.

Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар сая Энхбаярын томилгоог түдгэлзүүлжээ. ТАЗ-ын сонгон шалгаруулалтаар  дахин шинэ дарга иртэл Энхбаяр түр ажиллаж байх юм гэнэ. Энхбаярын хэлж байгаагаар тэрээр өөрийнхөө материалыг сонгон шалгаруулах комисст  өгсөн бөгөөд өөрөө тэр сонгон шалгаруулалтанд ороход бэлэн гэсэн. Хэрвээ тэр "конкурс" нь явагдаад, тэр дундаас Энхбаяр эмч  ялаад гараад ирвэл яахав? Гэмтлийн "босогчид"  мөн л  зөвшөөрөхгүй гэснээрээ гүрийх байх даа. Тэгвэл яах вэ? Тэдэнд "бууж өгөөд"  конкурсын ялагч Энхбаярыг "пялах" уу, эсвэл тэр 100 гаруй хүнийг халаад оронд нь хүн "олж тавих" уу?  Энд нэг юм нэмж хэлэхэд , "босогчид" дотроосоо даргаа тавина гэж бас ярьж байсан шүү. Энэ  нь юу гэсэн үг вэ гэвэл,   "гадны хүн" шинэчлэл хийгээд хамаг буруу булхайг  нь илрүүлээд , "цалингаас гадуур  орлого" олдог сувагнуудыг байхгүй болгочих "аюултай" учраас өөрсдийнхөө дундаас нэгнийгээ даргаар тавих нь тэдний хувьд маш чухал гэдгээ  түс тас хэлчихэж байгаа нь энэ.   Дотроосоо даргаа тавина гэх тэдний хүсэлт нь  шинэ даргаа эсэргүүцэх гол шалтаг болж харагдаж байна. Хэрэв тийм бол дээр дурдсан 2 шалтгаан нь  зохиомол болж таарах гээд  байгаа биз? Дээрх бүгдээс дүгнэж үзэхэд  "босогчдын" хэлсэн ярьсан, гаргаж тавьсан шалтаг шалтгаанууд нь  хоорондоо зөрчилдсөн, бие биенээ үгүйсгэсэн байгаа нь тэдний зорилго  юу байсныг илтгэж байна. Ерөөсөө  л "шинэ салхи" оруулахыг эсэргүүцэж бүх юмаа хэвээр нь хадгалж үлдэх гэсэн  арчаагүй санаа агуулж байсан нь харагдаж байна.

Одоо ТАЗ сонгон шалгаруулалтаа явуулах байх.  Энхбаяр эмчийн хувьд энэ шалгаруулалтанд ороход бэлэн байгаа  бөгөөд ялаад гараад ирэх нь ч нээлттэй гэсэн үг. Яг нарийндаа Энхбаяртаа ч биш, гадны хэн ч байсан "босогчид" хүлээн зөвшөөрөхгүй байх байсан болов уу. Ингэж ажил төрлөөрөө дэнчин тавьж тэмцэхийг бодоход  "но" ихтэй байгаа гэж хардахад хүргэж байна. Иргэдийн гомдол ч энэ хардлагыг баталгаажуулж байгаа.  Твиттерээр зарим нэг жиргээчид Энхбаярын томилгоог цуцалсан шийдвэр гарсанд баярлаж "өвчтөнүүд аврагдлаа" хэмээн жиргэж байхад зарим нь  өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн байна. Нэгэн жиргээч бүр "Гэмтлийн эмнэлэгт мөнгө сайн төлбөл бага өвдөж зовлонгоосоо түргэн ангижирдаг, харин мөнгөгүй хүн өвдөөд л хэвтдэг,  асаргаа эмчилгээ удаан хойрго " гэжээ.

Эррүл мэндийн салбар онцгой салбар учраас боловсон хүчний  буюу хүний нөөцийн хангалтыг анхаарахгүй бол болохгүй нь.  Эс тэгвэл  өөрөөс нь өөр бэлдсэн боловсон хүчин байхгүй хэмээн бардаж энэ мэт зүй бус шаардлага тавин шантааж хийдэг тангарагтангуудын "аманд багтаж", эцэст нь ард иргэд маань хохирч амь насаа хүртэл алдах аюултай болжээ.  Тангарагаасаа няцсан эмч, сувилагчдыг  юу гэж нэрлэвэл зохих вэ?   Хүний амь насыг  барьцаалж  шантаажилж байгаа цагаан  нөмрөгтнүүд  бол  баг өмссөн  хүний сүгнүүд юм. Учир нь тэд мөнгө өгвөл хүний амь авардаг, эс өгвөл "цааш нь харуулдаг" хүний үнэргүй амьтад болой. 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө