Исламын шашин ба Монголын казахууд

Баян-Өлгий аймагт буй Исламын сүм

Найман жил засаглаж байсан  Ил-хаан Газан  1304 онд нас барсаны дараагаас эхлэн  Иран дахь Монголын ноёрхол бууран буурсаар  задарсан байдаг. Газаны ах Өлзийт христийн шашнаас Исламд "урван", Мухамед нэр авч хаан ширээг залгамжилсан боловч мөн л цөөхөн жил амьдарчээ. Түүний хүү, 10 настай Абу Саид хааны титмийг өвлөсөн боловч 30 насандаа таалал төгссөнөөр Ил хаант улс хэд хуваагдан задарч унасан гэдэг.  Монголчууд Персийг эзэлж одоогийн  Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армени, Азербайжан, Гүрж, Турк,  Пакистан зэрэг улсуудын нутгийг хамарсан Ил хаант улсыг байгуулсан нь  1256-1335 он хүртэл  оршин тогтнож байсан түүхтэй. Газан хаан, Өлзийт хаан зэрэг Монгол хаад тэр үед  Исламын  шашны Шийа (Shia)  урсгалыг дэмжин хөхиүлэгч байжээ.  Исламыг үүсгэгч, номлогч Мухамедыг нас барсан цагаас эхлэн түүнийг хэнээр  залгамжлуулах  вэ гэдэг дээр зөрөлдсөнөөс болж  Шийа (Shia), Сүнни  (Sunni) хэмээх 2 том урсгал  өнөөг хүртэл дайсагналцаж  иржээ.

Эдгээрээс гадна бас Ахмадияа (Ahmadiya) ба Сүфизм (Sufism) гэдэг Исламын шашны   хоёр урсгал  бий.  Монголчууд  1258 онд  Муслимын хоёрдахь эзэнт гүрэн болох Аббасидын халифатыг эзлэн нураах үед Сүфизм цэцэглэж эхэлсэн түүхтэй аж. Харин Ахмадияа Ислам хэмээх урсгалыг   сүүлд 1889 онд Энэтхэгт Мирза  Ахмад гэгч бий болгож байсан гэнэ. Өнөөгийн ертөнцөд дуулиан шуугиан болж байгаа урсгалууд нь Сүнни , Шийа хоёр юм. Ислам буюу Лалын шашинтай Ирак улсад дээрх хоёр урсгал бие биенээ хөнөөх зорилготой  алан хядах үйл ажиллагаа явуулсан тухай мэдээ байнга шахуу цацагдаж байдаг. Уг нь Исламын шашин чинь Христийн шашныг бодвол дотроо харин ч хамаагүй  цөөхөн урсгалтай гэгддэг боловч харамсалтай нь бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй ингэж хатуу харгис ханддаг нь хэцүү.

Сүнни Ислам бол Лалын шашин дотроо хамгийн том урсгал юм. Тэрбум гаруй лалын шашинтан дотроос 940 сая нь Сүнни гэнэ. Алжир, Кувейт, Афганистан, Израил, Египт, Турк, Узбекистан, Судан, Сири,  Тажикстан, Ливи зэрэг улсуудад Сүнни дийлэнх  олонхи аж.
Харин Шийа урсгалыг дагадаг 120 сая хүн дэлхий дээр байдаг аж. Ирак ба Иранд  энэ урсгалыг олонхи нь төлөөлдөг. Мөн Азербайжанд ихэнх нь Шийа гэнэ.

Бидний мэдэх Ирак улсад 65% нь Шийа, 32% нь Сүнни юм байна. Сүүлийн жилүүдэд энэ улсыг сүйтгэж байгаа дайны хажуугаар амиа золиослогчид бөмбөг дэлбэлж энгийн ард иргэдийг ихээр  хороож байна. Иракийн  Шийа муслимууд (буюу мусульманууд)  алдарт Саддам Хусейний засаглалын үед ихээр хэлмэгдэж байсан аж. 2003 оны Иракийн дайн хүртэл Саддамын засгийн албан тушаалтнууд  ихэнх нь Сүнни байсан бөгөөд тэр үед Шийа нарын аливаа эсэргүүцэл, бослогыг харгислан дардаг байжээ. Иракийн дайн эхэлсэнээс хойш энэ хоёр урсгалын мөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж байна. Осама бин Ладены  баруун гар гэгддэг асан алдарт Абу Заркави Иракийн Шийа нарыг "хорт могой" гэж нэрлээд дагагч нартаа устгаж байх үүрэг өгч байжээ. Мөн алан хядагч бүлэг гэгдэх Ал Кайда  өөрийн вэб сайт дээрээ Иракийн Шийа нарыг хаа тааралдсан газраа хэзээ ч хамаагүй устгаж байхыг уриалжээ.

Афганистанд ноёлж байсан Талибан хэмээх бүлэг мөн л Шийа нарын эсрэг аллага үйлдэж байжээ. Монголчуудын удам угсаа гэгдэх Хазар монголчууд Шийа муслимууд учраас энэ хядлагад өртөж маш олноор хэлмэгдэж байсан гэдэг. Талибаны удирдагчид Хазар Монголчуудыг  Исламын шашинтан биш хэмээгээд хаа явсан газар нь устгахыг бусаддаа үүрэгдэж байжээ. Талибаны дэглэм Афганистанд нурж  унасаны ачаар Хазар Монголчуудын зовлон нимгэрсэн байна.

Саудын Араб улсад Шийа мөн цөөнх (15%) учраас бас л олонхидоо дарлуулж ирсэн аж.  Улс  төрд оролцох, зан үйлээ хэрэгжүүлэх, сургуульд болон  ажилд орох зэрэг нийгмийн олон салбар,  үйл ажиллагаанд Шийа муслимууд өнөөдөр хүртэл гадуурхагдаж, ад үзэгдэж байдаг.  Саудын  Араб улс Талибаны дэглэмийг дэмжиж байсан цөөхөн  улсын нэг. Иракийн дайны үед Сүнни нарын алан хядах үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэр Саудын Арабаас гаралтай байсан гэдэг. Анти-Шийа үзэлтэй Саудын Арабын олонхи өнөөдөр өөрсдийнхөө мөнгөөр  дэлхийн бусад олон оронд босгосон лалын төвүүдэээр дамжуулан үзэн ядалт, терроризмыг дэмжиж байна. Иракийн  арми 1990 онд  Кувейтийг эзэлсэний дараа АНУ тэргүүтэй олон улсын хүчин Кувейтийг чөлөөлөх дайн хийхэд гаргасан 60 тэрбум долларын зардлын 40 тэрбумыг Саудын Араб ганцаараа дааж байжээ. Сайндаа ч биш,  Шийа давамгайлсан Иракийг дарах сонирхолтой байсан нь анти-Шийа үзэлтэй нь холбоотой байсан биз ээ. Иракын муслимуудын ихэнх нь Шийа юм.

Монгол улс  Саудын Араб улстай   ямар харьцаатай билээ? Бидний мэдэхээр их л баян улс гэдэг. Өөрсдөө ажил хийдэггүй, дандаа гадны цагаач хямд хүчийг зарцалж суудаг хүмүүс гэлцэнэ. Баячууд нь шонхор шувуугаар ан бариулж наадсан шиг. Саудын  Арабын шах бусад Арабын орнуудын шахуудын адил Монголоос шонхор худалдаж авдаг.

Лалын шашинтнууд хэдийгээр "загалмайтнууд" (Христийн шашинтнууд) шиг дотроо олон чиглэлд хувааагдаж салбарлаагүй боловч цөөхөн хэдэн урсгал нь бие биенээ тэвчдэггүй нь дээр жишээлсэн Сүнни ба Шийа нарын "тэмцлээс" харагдаж  байна. Монгол улсад Исламын шашныг  шүтэж, хөгжүүлж байгаа хүмүүс бол цөөнх үндэстэн болох Казахууд юм. Баян-Өлгийд голдуу амьдрах Казахууд өдгөө шашны зан үйлээ гүйцэтгэх олон сүмтэй болсон бизээ. Кувейтэд Элчин сайдаар сууж байсан Сайрааны хэлсэнээр  нийслэл хотод 4 замын хавьцаа Исламын хамгийн том сүм баригдсан гэнэ. Соёлын төв болох юм гэсэн. Ер нь шашны иймэрхүү газруудад  "соёлын төв"  гэдэг гоё нэр өгдөг юм биш үү?

Казахстаны ардын жүжигчин Макпал Жүнүсова
Харин Монголын Казахууд чухам аль урсгалыг нь номлож шүтдэг юм бол оо? Тэд бусад шашинд хэрхэн ханддаг вэ? Баян-Өлгийн аймгийн төвөөс урагш  нэгэн хөтөл дээр барьсан  буддистуудын суваргыг гэмтээж эвдэлж доромжилсон хэрэг гарч байсан. Казахууд өөр шашны (буддын) байгууламжийг Баян-Өлгийд байлгахыг тэвчихгүй  гэдгээ илэрхийлж уг суваргыг сүйтгэж янз бүрийн хараалын үг казакаар бичсэн байжээ. Суварганы орой болох алтан соёмбыг хагалж их биеийг нь хазайлгасан байсан гэнэ. 2010 оны наадмаар Өлгий хотод Казахстаны ардын жүжигчин Макпал Жүнүсова хэмээх эмэгтэй ирж Монгол улсын далбаа хатгасан  шонгоос зуурч баарны хүүхэн аятай "шонгийн бүжиг" хийж Монгол төрийг "шоглосон" гэнэ.  Шашин хоорондын зөрчил, мөргөлдөөн энэ мэтээс эхэлдэг. Бие биенээ үзэн ядахаас эхэлдэг. Монгол Улсад цөөнх үндэстэн болох Казахууд маань иймэрхүү үзэл бодол, хандлагаа өөрчилж халахгүй бол энэ улсад үймээн самуун гарахад ойрхон байна. Том асуудал жижиг асуудлууд хуримтлагдсанаас бий болдог. Исламын  шашин бусдыг хүлцдэггүй юм бол дэлгэрүүлээд, дэмжээд байх эд мөн үү гэж асуумаар. Эсвэл Казахууд маань Исламын Сүнни, Шийа мэтийн хатуу муйхар урсгалуудаас өөр аядуу чиглэлийг баримталж номлодог бол энэ мэт  зохисгүй үйлдэл гаргахгүй, гаргуулахгүй баймаар байна.

Монгол Улсын иргэн юм бол Монголоор ярьж чаддаг  байх хэрэгтэй. Баян-өлгийд очсон Монголчууд харь улсад очсон юм шиг сэтгэгдэл төрлөө гэж ярьдаг нь нэг юм хэлээд байна. Ингэж хүйтэн хөндий болоход Казахуудын шашин нь "буруутай" юу, эсвэл хаа нэгтэйгээс тодорхой зорилготой ямар нэгэн бодлого хэрэгжээд байна уу? Эсвэл Казахууд "монголжих" дургүй, Монголчуудад дургүй юм уу?

Казахстаны иргэдийн 70% гаруй нь  Ислам шашинтай бөгөөд үүнээс бараг ихэнх нь  Сүнни гэнэ. Үүнийг бичигчтэй тааралдсан Казахстаны Казахуудаас асуухад бүгд л Сүнни урсгалыг дагадаг гэж байна. Зөвлөлт Холбоот Улс задарч Казахстан тусгаар улс болсоноос хойш  Исламыг улам дэлгэрүүлсэн бөгөөд Саудын Араб, Кувейт, Турк зэрэг улсаас маш их санхүүжилт авч Исламын сүм болон сургуулиуд олноор барьжээ. Энд дурдсан 3 улсад Сүнни дийлэнх олонхи гэж өмнө дурдсан билээ. Монголын Казахууд мөн 90 оноос хойш өөрсдийн шашнаа эрх чөлөөтэй  хөгжүүлэх боломжтой болсон ба энэ хүрээнд олон залуус хүүхдийг дээрх орнуудад сургалтанд явуулж ирсэн байдаг. Энэ гурван оронтой шашны хэргээр идэвхтэй харилцах болсон Монголын Казахууд тэгвэл мөнөөх улсуудад хамгийн их нөлөөтэй Сүнни урсгалыг баримталж, номлож байгаа юм биш үү? Үүний баталгаа нь дээр өгүүлсэн "буруу номтны" суваргыг зэрэмдэглэсэн явдал юм. Монголын Буддистууд харин ч ноомой хүлцэнгүй улс тулдаа энэ мэтийг "тоохгүй" өнгөрөөсөн биз. Хэрвээ Исламын ямар нэгэн байгууламжийг ингэж доромжилсон бол манай Казахуудаас эхлээд дэлхийн Ислам шашинтнууд ер нь яах байсан бол? Нөгөө америкийн цэргүүд Коран судрыг шатаагаад юу боллоо?

Сүнни бол "аядуу" урсгал биш болох  тухай өмнө өгүүлсэн буй.   Хамгийн ойрын төрөл садан болох Казахстаны Казахуудын  олонхи нь Сүнни юм бол манай Казахууд мөн тэр урсгалыг шүтэж дагадаг байх магадлалтай.
Энд тэнд өгсөн Баян-өлгийн  нэр нөлөө бүхий казах хүмүүсийн ярилцлагаас харахад Монголын Казахууд Исламын ямар урсгалыг шүтдэг тухай ерөөсөө ярихгүй байх бөгөөд хэрвээ асуувал хариулахгүй өөр юм яриад дүйвүүлээд өнгөрөөж байсан байх юм. Нуух ямар нэгэн шалтгаан байна уу? Монгол гэдэг тусгаар улсад харъяалагдаж, тус улсын олонхи үндэстэн болох Монголчуудтай эв найртай, ах дүү шиг амьдрая гэж байгаа бол бие биендээ нээлттэй байж, бие биенээ хүндэтгэж байх ёстой бус уу? Монгол хэл Монгол Улсын албан ёсны хэл учраас бас Монголоор ярьдаг байх нь зүй ёсны хэрэг юм. Өөр хоорондоо, гэр орондоо Монголоор ярих ёстой гэж хэлж байгаа юм биш харин  хос хэлтэй байж, шаардлагатай үед аль ч хэлээр нь нэвтрэлцэх чадвартай байх тухай ярьж байна. Төр засгаас мэдээж цөөнх үндэстнүүдэд  хэл соёлоо хадгалах, хос хэлтэн болох тэр боломжийг нь хангаж өгөх ёстой. Мөн Монголчуудын зүгээс  цөөнх үндэстэн Казахуудад ханддаг зарим нэг буруу хандлагаа больж, тэдний ёс заншлыг хүндэтгэж байх хэрэгтэй. Чингис хааны үеэс Монголчууд олон шашинтнууд зэрэгцэн энх тайвнаар орших боломжийг хангаж, шашин шүтэх эрх чөлөөг бий болгосон гэдгээрээ алдаршсан хүмүүс. Өнөөдөр ч энэ боломжийг хангаж өгч байгаа. Гагцхүү тэдгээр шүтлэгтнүүд маань бие биеэ хүлээн зөвшөөрч, найрсаг зэрэгцэн орших л хэрэгтэй болж байна.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө