Х.Ганбаатар сайн хүн болох гээ юү?

Х.Ганбаатар
Монголын ажил олгогч  эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар гэж юу ярьж байгаагаа мэддэггүй нэг нөхөр байнаа. Саяхны Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр барилгын компаниуд ерөөсөө зөвшөөрөл авах гэж цаг алдаж байхын оронд шууд барилгаа барьчихсан нь зөв ухааны юм хэлж байх юм. Зөвшөөрөлгүй барилгын ажлаа эхэлсэн нь Засаг зөвшөөрөл өгөхгүй хүнд суртал гаргасны буруу гэнээ. Одоо тэгээд мөнөөх баригдаад эхэлчихсэн зөвшөөрөлгүй барилгуудыг нураавал засгийн газар  эдийн засгийн хариуцлага хүлээх ёстой юм гэнэ. Барилгыг нь нураавал  эздийг нь хохиролгүй болгож мөнгө төлөх юм гэнэ. Ёстой харин хуцлаа байна шд.

За би зарим хэлсэн үгнээс нь иш татаж байгаад няцаая:

- "Барилгын (одоо зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгыг хэлж байна) үйл ажиллагааг зогсооно гэдэг бол цаад эздийнх нь эрхийг зөрчиж байна гэсэн үг". гэжээ.
Ямар эрх вэ? Хууль зөрчих эрхийг нь үү? Хулгай хийж байгаа хүний үйлдлийг зогсоох нь хулгайчийн хууль зөрчих эрхийг нь зөрчиж байна гэдэгтэй адил сонсогдож байх чинь!

- "Өнөөдөр бид зах зээлийн нийгэм байгуулж байна. Хувийн хэвшлийнхний эдийн засгийн эрх ашгийг төр хааж боогдуулах ёсгүй"  гэжээ.
Хувийн хэвшлийнхэний эдийн засгийн ашиг сонирхол  хуульд захирагдахгүй юм биз дээ. Тэгвэл дураараа хаа дуртай газраа барилгаа бариад уная л даа.Тэгвэл юу болох бол? Төр улс гэж нэг юм байгаа бол хууль дүрэм байх л ёстой. Харин бид түүнийг нь мөрдөх ёстой. Харин муу хууль, систем байгаад түүнийг  өөрчлөх тухай асуудал бол тусдаа сэдэв.

- "Би тэднийг (зөвшөөрөлгүй барилга  барьж буй компаниудыг хэлж байна) өмгөөлж хамгаалаад байгаа хэрэг биш л дээ. Зөвшөөрөлгүй барилга барьж байгаадаа хариуцлага хүлээх хэрэгтэй." гэжээ.
Мань эрийн санаа нь ухаандаа тэр баригдаад эхэлчихсэн барилгуудыг нураах гээд хэрэггүй ээ, харин эздийг нь торгоод тэгээд л барилгыг нь бариулаад дуусгахаас  өөр арга байхгүй гэж  байгаа бололтой.  Тэр яриад байгаа хариуцлага нь торгохоос өөр юу байв гэж. Гэтэл ийм жишиг тогтчихвол яах билээ?  Нөхдүүдэд  ёстой буруу ойлголт өгөөд, зөвшөөрөл энэ тэр гэхээ болиод шууд барилгаа эхлүүлдэг моод дэлгэрнэ биз дээ?

- "12 давхар байшин (зөвшөөрөлгүй) барьж байна гээд нэг бизнесменийг цоллоод байх юм.  Тэр хүн чинь хувьдаа байшин бариагүй шүү дээ. Нийтийн эрх ашгийн төлөө барилга  барьж байна." гэжээ.
Тийм буянтай үйл хийж нийтийн эрх ашгийн төлөө барилга бариулж байгаа тэр өглөгч компаний эзнийг алдаршуулах хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд ийм тохиолдол бараг байхгүй дээ. Ганбаатар гуай амныхаа зоргоор сайхан бурах юм даа.  Эздийн холбооны дэд  ерөнхийлөгч болохоор эздээ өмөөрөхгүй бол болдоггүй байх л даа. Гэхдээ буруу юман дээр нь өмөөрөөд байгаа нь инээдтэй бөгөөд өрөвдөлтэй.

- "Зөвшөөрөлгүй 80 гаруй (!) барилга гээд адлаад компанийх нь нэрийг дуудаж , буруутгасан өнгө аясаар төр засгийнхан хандах бол буруу. Буцаад энэ чинь сөрөг үр дагавар авчрана." гэж хэлсэн байх юм.
Буруутгаж биш зөвтгөж, магтаж сайшаах юм болж байна уу?  Нэртэйгээр нь тэр  компаний эздийг төрийн одонгоор шагнах хэрэгтэй гээд хэлчихмээр юм даа. Хуулийг дагаж мөрдөх гэж гаргадаг  гэдгийг энэ Ганбаатар гэгч ер нь мэддэг юм болов уу?  Сөрөг үр дагавар гэдэг нь юу юм бол доо. Бодвол нөгөө 80 гаруй хууль бус барилгын эзэд өлсгөлөн зарлаж, жагсаж сүйд болно гэж байгаа юм уу даа. Одоо тэгээд яамаар ч юм бэ дээ.  Ерөөсөө хууль дүрэмгүй болчихоод  дураараа сайхан авирладаг нийгэм байгуулдаг юм бил үү.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө