Архи чи бидний зовлонд цадах болоогүй юу?

Архийг идээний дээд гэж өргөмжлөн шимсээр байгаад бид бүгдээрээ архичин болчихлоо. Хэн нь хэнийгээ хэлэхэв. Ихэнх нь навсархай хувцастай архичид байхад цөөн хэсэг нь гонжоомтой архичид аж. Архичин Монгол гэдэг нэрэндээ ч дасаж орхиж. Бүгдээрээ АА-ийн гишүүн болж цуглаанд нь суухаар болжээ. Төр засгийн тэргүүд маань хүртэл Сүхбаатарын талбай дээр олны өмнө шал согтуу, хүнээр түшүүлчихсэн гарч ирж үлгэр үзүүлэв дээ, дээхэн.

Одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж маань архигүй баяраа тэмдэглэцгээе, архигүй хурим найраа хийцгээе гээд л сайхан уриалга гаргасаныг хүмүүс дэмжиж л байгаа харагдах юм. Зарим нь инээд доог болгоод тоохгүй ч бий байх. Гэхдээ яахав дээ, ингэж уриалж байгаа нь их юм. Өөрөөр мань эр яг гардаад юу ч хийж чадах билээ дээ.

Монголчуудын маань нэг хэсэг архины эсрэг дайныг дэмжиж байгаа нь сайшаалтай. Гэхдээ жирийн иргэд тэмцээд эрх мэдэлтэй албан тушаалтангууд санаачлага гаргаж ажил болгохгүй бол хэрэг алга. Архи ямар гай авчирдагийг салбар салбартаа бодитоор харуулж архи уугаад амьдралаа алдахгүй болоод байна гэж яриад явдаг хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй байна.

Би энд 2 салбарыг онцгойлон сонгож аваад санаа бодлоо хуваалцая гэж бодлоо.

1. Согтуу жолооч нартай тэмцэх тухай

Энэ асуудал мэдээж замын цагдаагаас авахуулаад Цагдаагийн газар, Хууль Зүй, Дотоод хэргийн Яамны сайдад хүртэл хамаатай болоод явчих ёстой зүйл. Гэтэл одоогийн байдлаар гадаа хүйтэнд даарч зогсох замын цагдаа л ганцаараа согтуу жолоочтой үзэж тарж байна.
Саяхан Улаанбаатарт ганцхан шөнө 50 гаруй согтуу жолооч шалгагдсан гэж сонинд бичсэн байна. Цагдаагийн шалгалтанд өртөөгүй явж байсан нь хэд юм бүү мэд.

Манай муу замын цагдааг дээрэлхэж ажлыг нь ч хийлгэхгүй доромжилж , дарамталдаг юм байна . Дээд дарга даамлууд руу нь утас цохиж яриулаад үнэмлэхээ авах гэж оролддог гэнэ. Ажилгүй болгоно гэж дарамталдаг гэнэ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Ийм сэдвээр хошин шог хүртэл хийсэнийг үзээ биз дээ.

Элдэв янзын дарга даамлууд руу утасдаж дарамтлана гэдэг чинь цаад хүмүүс нь тэр согтуу жолоочид баталгаа гаргаад өгчихсөн байгааг харуулаад байгаа биз дээ? Үүнийг таахад Шерлок Холмсын ухаан шаардагдахгүй ойлгомжтой байгаа биз? Замын цагдаатай холбоотой ямар нэгэн асуудал гарвал над руу залгаад хэлчихээрэй; санаа зоволтгүй би аргалаад өгнөө гээд ам өгчихсөн гэсэн үг. Ар талдаа тийм баталгаатай учраас тэр согтуу тэгж даварч байхгүй юу! Энийг яаж шийдэж болохыг дор өгүүлэмз.

Согтуу жолоочид оногдох шийтгэл ямар байдгийг үнэндээ яг нарийн мэдэхгүй боловч ер нь их л хөнгөн ханддаг бололтой. Хатуухан шийтгээд туйлбартай байдаг бол архинд дуртай нөхдүүд хичнээн тэнэг ч гэсэн хохирохоо бодохгүй шүү дээ. Уусан ч гэсэн ямар ч байсан согтуу хүний сохор ухаанаар ямар нэгэн байдлааар зохицуулна. Эсвэл эрүүл хүн олж машинаа бариулах, эсвэл машинаа барихгүйгээр байгаа газраа өнжих болов уу.

За энэ хачин заваан байдлаас гарахад их амархан. Ядаж согтуу жолоочийн тоог маш ихээр бууруулж олон хүний амь насыг аврах боломжтой болно. Согтуу жолооч гэдэг бол хутга барьсан алуурчин гэж юутай үнэн. Ийм алуурчид бидний үр хүүхдийн, ээж аавын, найз нөхдийн амийг хороочихоод дараа нь бүгдийг хахуульдаад ялгүй мултардаг заваан байдлаас гарахын тулд иргэд бид л сайн дуугарах хэрэгтэй байна.

Үүний тулд хамгийн түрүүнд согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид оногдох шийтгэлийг бусад орны жишээгээр өөрийн орны нөхцөлд тааруулж чангатгах хэрэгтэй байна. Анхны удаа үйлдвэл, хэрэв ямар нэгэн осол гаргаагүй, гэмт хэрэг үйлдээгүй бол, ихээхэн хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг байх ёстой.

Хоёрдахь удаагаа давтан хийвэл ялыг чангаруулж, шоронд тодорхой хугацаагаар хорих, жолооны эрхийг нь удаан хугацаагаар хүчингүй болгох, мөнгөн торгуулийг овоохон нэмэгдүүлж, согтуугаар автомашин жолоодохын хор уршиг (САЖХУ) гэдэг хичээлд сууж шалгалт өгдөг байх ёстой. Ийм хичээл хөгжингүй орнуудад заадаг юм билээ. Сайн зүйлийг бусдаас сурах хэрэгтэй.

Гуравдахь удаагаа давтвал шийтгэлийг нь хэд дахин нугалах хэрэгтэй.
За тэгээд 4 дэх удаагаа баригдвал энэ нөхөр засрашгүй юм байна гэж үзээд хүний амь егүүтгэхээс нь өмнө үнэмлэхийг нь үүрд хурааж авах хэрэгтэй. Харин согтуугаар жолоо барьж яваад хүний амь хороосон бол санаатай хүн алсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж ялладаг байх нь зүйтэй. Ийм нөхөр ялаа эдэлж гарч ирээд ч машин барих эрх эдлэх ёсгүй.

Согтуугаар жолоо баривал ямар хохирол амсаж болох вэ гэдгийг сайн сурталчлах хэрэгтэй байна. Адаглаад торгуулиас авахуулаад машинаа очиж авах зардал, эрхээ хасуулсанаас үүдэх хохирол зэргийг нь тоон үзүүлэлтээр харуулсан сурталчилгааг ялангуяа зурагтаар байнга давтаж байвал сайн нөлөөтэй. Согтуу хүний барьж явсан машиныг өөр хүнд өгөөд явуулах биш заавал журамладаг байх нь зүйтэй.

Согтуу жолооч явж байгаа тухай мэдээллийг авдаг тусгай утас 24 цагаар ажиллуулах хэрэгтэй байна. Иргэд аюулгүй байдлаа хангах үүднээс хэрвээ согтуугаар машин барьж байгаа тухай тодорхой мэдээлэл (жолоочийн нэр, машины марк болон улсын дугаар, хаана байгаа болон хаашаа явах гэж эсвэл явж байгаа гэхчлэн) байвал шууд залгаад хэлдэг байх ёстой. Энэ нь таны аминд шууд аюулүй байж болох ч хаа нэгтээ яваа хэн нэгний амийг хөнөөхөөс сэргийлж болох чухал үйлдэл юм шүү гэдгийг иргэд маань ойлгож дэмжих биз ээ.

Цагдаагийн газар замынхаа цагдаа нарыг камераар хангаж өгсөн нь тэднийг элдэв хэл ам, гүтгэлгэнд автуулахгүй байлгах гэсэн сайхан санаачлага гэж үнэлж байна. Ер нь илэрхий хөл дээрээ тогтож, шулуухан алхаж чадахгүй байгаа жолооч нарыг гавлаад баривчлах эрхтэй байвал яасан юм? Тэгээд эрүүлжүүлэхийн цагдаа дуудаад өгчихдөг байж болох юм.
Цагдаагийн тухай хуулиндаа цагдаагийн биед халдах, хувцас эд зүйлсийг нь урж гэмтээх, хэл амаар доромжлох, заналхийлэх зэрэгт ял шийтгэл тооцсон заалт оруулж өгч цагдаагаа хамгаалах хэрэгтэй байна.

Өндөр албан тушаал хашдаг, эсвэл цагдаагийн удирдлагад ажилладаг, ямар нэгэн нөлөө үзүүлж чадах эрх мэдэл бүхий албан тушаалтнаар далайлгаж үнэмлэхээ авч шийтгэлгүй өнгөрөх гэсэн согтуу жолооч нарын утсаар залгаж өгсөн хүнтэй нь яриад бичлэг хийгээд авдаг болбол уг нь их зүгээр байгаа юм. Тэр хүний нэр , утасны дугаар зэргийг тэмдэглээд. яриаг нь бичээд авчихвал дараа нь нотлох баримттай гэсэн үг. Энэ баримтаа үндэслээд хэн гэдэг ямар албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж цагдаад нөлөөлөх гэж оролдовоо гэдгийг ил гаргаад ирэх хэрэгтэй. Ингэж чадвал албан тушаалтнууд эрх биш нэр нүүрээ бодоод согтуу найздаа туслах гэж хууль бус юм хийхээ болно.

Ер нь тэгээд замын цагдаагийн энэ хэл амтай зовлонтой ажлыг Замын цагдаагийн газрын дарга болон бусад удирдах албан тушаалтнууд ээлжээр нэг нэг шөнө гарч , энгийн замын цагдаа болж хийж үзмээр юм. Тэгвэл ямар хэцүү байдгийг биеэрээ мэдэрч тэр хэмжээгээр түргэн арга хэмжээ авч цагдаа нарынхаа ажлыг хөнгөвчлөх байхаа. Ялангуяа тэр согтуу жолооч нартай дарга нар өөрсдөө нэг тулж үзвэл их сайн шүү.

2. Архины хор уршигийн тухай сурталчилгаа

Архи 10 нас хорооно гэж ярьдаг ч тэрэнд үнэмшиж байгаа амьтан алга. Архичингүй айл, гэр бүл гэж алга болжээ. Архийг жигшээх сурталчилгаа, архины хор уршигийн талаарх сурталчилгаа бараг хийхгүй байна гэж болохоор.
Харин сайн архи, шилдэг бүтээгдэхүүн гэж сурталчлах нь илүүтэй байна.
Архины эсрэг сайн сурталчилгаанууд хийлгэж телевизийн сувгуудаар цацаж баймаар байна. Архины рекламыг бүрмөсөн болих хэрэгтэй.

Хамгийн сайн сурталчилгаа хийх уралдаан зарлаж шалгаруулаад сайн рекламтай болж авах боломжтой. Сургуулийн дунд ахлах ангийн эрүүл мэндийн хичээлийн програмд архи ба тамхины хорны тухай хичээл оруулдаг болох нь зүйтэй. Хүүхэд багачуудаа багаас нь архи тамхийг жигшдэг болгож хүмүүжүүлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга болов уу.

Иргэдийнхээ эрүүл мэндийн тухай санаа тавьж ажиллаж байх ёстой байгууллагын хувьд Эрүүл мэндийн яам энэ сурталчилгааны ажлыг хариуцаж хийх ёстой. Сурталчилгааны агуулга нь хий хоосон тунхагласан үг лоозонтой байвал хүмүүст хүрэх нь юу л бол.
Тийм учраас биет үзүүлбэр, видео монтаж түлхүү оруулсан, тоо баримт сайтай сурталчилгаа байвал хүнд тусах үйлчилгээ илүүтэй байх болно. Жишээ нь, архичин хүний элэгийг ашиглах, архи хүний биед яаж нөлөөлж байгааг хөдөлгөөнтэй дүрст байдлаар харуулах гэх мэт.

Архичдыг яаж эмчилдэг, хаана яаж асран сувилдаг, ямар үр дүнтэй болдог тухай цуврал нэвтрүүлэг хийж үзүүлбэл илүү бодитой нөлөө үзүүлэх болно. Энэ тал дээр Эрүүл мэндийн Яам болон МҮОНРТ хоёр хамтран ажиллавал их сайн.

Мөн Цагдаагийн байгууллага , радио телевизтэй хамтран архинаас үүдэлтэй гэмт хэрэг, түүний дотор хүн амины хэрэг, авто ослын хэргийн тухай нэвтрүүлэг, сурвалжлага хийдэг байвал хүмүүст их цочроо өгнө.
Тухайн хэрэгтэй холбогдолтой нарийн мэдээллүүдийг заавал оруулахгүйгээр болсон явдлын тухай ерөнхий мэдээлэл, холбогдох хүмүүсээс авсан ярилцлага зэргийг ашиглаад хүнд юм бодогдуулахаар боломжийн сурталчилгаа хийчихэж болно доо.

Насанд хүрээгүй залуус, охидод архи пивоор үйлчилж, шөнийн бааранд чөлөөтэй оруулж хуулиа зөрчиж байгаа газруудыг шалгаж олигтойхон арга хэмжээ авдаг болчихвол ийм асуудал давтагдахгүй. Энэ олон баар цэнгээний газруудыг шалгаж байхад гэмгүй. Ер нь тэдэнд тавих шаардлага гэж байх ёстой. Тухайлбал, халуун хоолоор үйлчилдэг байх, нас бага байж мэдэх хүмүүсийн биеийн байцаалтыг үзэж байж үйлчлэх, хэтэрхий согтсон хүмүүст үйлчлэхгүй байх, шаардлагатай бол эрүүлжүүлэх дууддаг үүрэгтэй байх, үйлчилгээний цагаа яг баримталдаг байх гэх мэт.

Ер нь тэгээд ийм газруудыг цөөлж, оронд нь бие бялдараа хөгжүүлэх газрууд олноор байгуулбал залуучууд маань архи ууж биеэ хордуулахын оронд фитнесээр хичээллэж биеэ хөгжүүлдэг болох нь дамжиггүй.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө