Баригдвал яанаа гэж ерөөсөө нэг ч удаа бодож байгаагүй юм байх даа

Японд байгаа гэдгээ мартчихаад даваагаа найраад явж байсан 5 монгол сумоч шившгээ тариад нутаг буцах болж дээ. Улсын наадмын торгон гэх боловч яагаад ч торго шиг биш зүлгэн дээр мөнгө хармаалчихаад харайлгаж явна гэж арай бодоод явсан баймааргүй юм. Баригдвал яанаа гэж нэг ч удаа бодож байгаагүй гэж үү?

Энэ чинь зүгээр нэг наадмын барилдаан биш, та нарын амь амьдралын хувь заяатай холбоотой нэг ёсны хоолоо олж идэх ажил чинь байсан биз дээ? Бид нарын орлого олдог үндсэн ажил чинь энэ сумо барилдах гэдэг ажил учраас энэ ажлаа сайн хийх нь чухал, хуурч мэхлэхгүй үнэн шударгаар хийх нь бүр ч чухал гэж бодож яваагүй юм уу, Мөнх-Оргил оо, Базарсад аа, Өнөржаргал аа, Ганболд оо, Лхагваа?

Одоо тэгээд юу хийж амьдарна аа? Сургуульд сурч ямар нэгэн мэргэжил эзэмших үү?
Насаараа зүгээр суугаад идчих хэмжээний мөнгө байтугай энд тэнд хөрөнгө оруулчих хэмжээний , эсвэл хувийн бизнес нээх хэмжээний мөнгө хурааж чадаагүй л болов уу.
Ах дүүс тэтгээд болно биз дээ гэж үү?

Тийм л дээ. Монголчууд ийм л гэнэн хүүхэд шиг цайлган ард түмэн. Энэ зангаасаа ч болж их алддаг. Аль багаас нь биеэ даасан байдалд хүүхдээ сургадаггүй учраас Монголчууд том болоод өтөлсөн хойноо ч ээжийнхээ мээмийг идэх гэж дайрдаг, эрхэлдэг. Эвий минь. хөөрхий минь гэсээр байгаад хүүхдээ хэлээ хазсан эрхийн мангар болгож хувиргадаг. Тэр мангар нь тэгээд хичнээн өсөж том болсон ч гэсэн тархиа ажиллуулж, бие дааж юм сэтгэж чаддаггүй.

Ийм л хэлээ хазсан хэнэггүй гарууд сумочин болж тоглоно гэж явчихаад биеийн жаахан алжаалаас шантарч амар хялбар аргаар дээшээ ахиж мундаг сумочин болох гэж үзээд барсангүй хийсэн мэхэндээ өөрсдөө уналаа. Хайран ч нэр хүнд, хөлс хүч, цаг хугацаа!

Мансууруулагч хэрэглээд хөөгдсөн хоёр Орос сумочин одоо инээгээд сууж байгаа. Энэ тэнэг Монголчууд шиг бид хоёр мөнгөөр барилдаж байгаагүй харин жинхэнээсээ үздэг байсан юм шүү гэж. Юу ч гэхэв дээ, жанжин минь гэдэг шиг л юм болж дээ. Одоо яая гэхэв. Та нарын үе ингээд дууслаа гэхэд араас чинь ийм карьерээр явах гэсэн хүсэл зоригтой олон Монгол хүүхдүүдийн нэрийг ч бас баастаж байгаа нь даанч муухай.

Энэ Монголчууд юу ч хийж мэдэх итгэлгүй улсууд гэсэн ойлголт Япончуудын дунд бий болсон гэдэг нь ойлгомжтой. Монгол бөх оролцсон зарим нэг барилдаан хойшид Япон хүний нүдэнд худлаа болж харагдах магадлал өндөр болсон ч байж мэднэ.

Гадаад бөхчүүд дотроо хамгийн нэр хүнд муутай нь Орос, Монгол хоёр болж тодрох шив дээ. Одоо нэгэнт шийдвэр гарсан хойно бид ямар ч буруугүй гэж мэлзээд яах вэ дээ. Чимээгүйхэн алга болоод өгөхөөс өөр ага алга. Хакухо аварга маань сайн барилдвал Монголын нэр хүндийг нэг хэсэг өргөж явах байх даа. Гэхдээ л энэ 5 нөхрийн баастсан нэр тийм амархан цэвэршиж арилахгүй биз ээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө