Лүндээжанцан та худлаа лүндэгнэхээ болиорой

4 сарын 4-ны Өдрийн сонинд МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ярилцлага өгчээ. Мань эрийн цаад санаа энэхүү ярилцлагаас ингэж ойлгогдож байна:

- Яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах,гэхдээ хамгийн чухал нь Их Хурал 2 танхимтай байна гэж өөрчлөх. (Ингэж өөрчлөх төслөө аль хэдийн хийчихээд бэлдчихсэн бололтой.) 3-4 сарын хугацаа үлдсэн учраас түргэлэхгүй бол болохоо байлаа гэж шавдуулж байна. Тэгээд дараа нь түүндээ тааруулж Сонгуулийн хуулиа шинээр зохионо гэнэ.

- Хэрэв Үндсэн хуулиа өөрчилж амжихгүй бол Сонгуулийн хуулиар оролдоод яах вэ, одоогийн мөрдөж байгаагаар нь сонгуулиа явуулчихаад дараагийн Их Хурал Үндсэн хуулиа өөрчлөх болбол тэр үед нь нэгмөсөн Сонгуулийн хуулиа солъёо гэсэн санаа хэлж байна.

За тэгээд ярилцлагыг нь уншаад байхад үнэхээр инээдтэй шалтаг, худлаа шалтгаан хэлж Үндсэн хууль өөрчлөх асуудлаа зөвтгөөд байгаа нь илт харагдаж байна. Энэ тухай одоо тайлбарлая:

- Яагаад 2 танхимтай парламентын хэлбэрийг дэмжээд унав гэсэн асуултанд ингэж хариулжээ:

76 гишүүнтэй , нэг танхимтай хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, гишүүдийн тоо нь өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагатай нийцэж байна уу гээд харахаар боловсронгуй болгох хэрэгтэй байгаа >
< Өөрөөр хэлбэл, парламентат ёсыг хөгжүүлэхийн тулд парламентаа өөрчлөн шинэчлэх шаардлага гарна.

Энэ хүн одоо юугаа яриад байнаа? Өнөөгийн Монголын нийгмийн хэрэгцээ шаардлага бол чанартай хуулиуд батлах, гаргасан хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавьж байх явдал. Өөр юм байхгүй. 76 гишүүн бидэнд цөөдөөгүй. Гишүүнийхээ тоог нэмэхээр парламент нь боловсронгуй болдог гэж хэн Лүндээжанцанд хэлсэн юм бол оо? Иимэрхүү хүүхэд шиг гэнэн юм ярьдаг Их Хурлын гишүүдтэй бид хөөрхий.

Парламентат ёсыг хөгжүүлэхийн тулд парламентаа өөрчилж байх ёстой юм гэнэ. Хэний зохиосон аксиом бэ?

Цаашилбал, эрхэм гишүүн маань 2 сая хүм амд уг нь 76 биш харин 100-150 гишүүнтэй парламент байх ёстой юм байна гэдгийг бусад орны жишээнээс олоод мэдчихэж.
Их хурлаа хоёр танхимтай болгох вариант нь бүтэлгүйтэхдээ хүрвэл одоо байгаа гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх саналыг зүтгүүлэх санаатай нь харагдаж байх шиг.

76 байхдаа хуралдаа суудаггүй, ирц нь хүрдэггүй хүмүүс маань 150 болохоор ирц нь нэмэгдээд, хуралдаа идэвхтэй суудаг болоод, гаргаж байгаа хууль нь улам боловсронгуй болж чанаржих юм биз дээ. Хүний өмнөөс кноп дардаг, ажилдаа ирэхгүй тасалдаг гэх мэтийн цагаандаа гарсан шившигтэй уламжлал, зөрчлүүдээ арилгаж , дэг журамтай болгож дутагдлаа арилгах талаар ярихгүй шууд л орон тоогоо нэмэх тухай л яриад байх юмаа.
Ингэхэд 76 гишүүд чинь би Их Хуралд очоод ажил хийнээ гэж сонгогдож гарч ирээ биз дээ?

Шулуухан хэлэхэд, Их Хурлын гишүүдийн орон тоог нэмэх тухай Ардын намынхан хүчтэй ярьж эхэлж байгаа нь саяхныг хүртэл хэрэглэж ирсэн ард түмний тархийг эргүүлэх тактик, мөнгө амлаж бэлэг тарааж саналыг нь худалдаж авдаг арга зэрэг нь ирээдүйд явуургүй болж байгааг ойлгож, одооноос өөр арга залиар суудлаа хадгалж үлдэх санаатай хийж байгаа үйлдэл мөн.

Одоогийн Их Хурлын гишүүдийн тоог 100-150 болгох, эсвэл 2 танхимтай парламент байгуулах хоёрын аль ч тохиолдолд нь орон тоо нэмэгдэх учраас сонгогдож үлдэх магадлал ихэсч байгаа гэдгийг Ардын Намынхан сайн мэдэж байгаа.
Үүнийг эс зөвшөөрвөл Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахгүй ээ гээд боох гээд байна шүү дээ.

Лүндээжанцан гуай Их Хурлыг 2 танхимтай болгох нь юунаас үүдэлтэй болон ингэх ямар шаардлагууд байна вэ гэдэг талаар ийн өгүүлжээ:

...эдийн засгийн шинэ нөхцөл байдал үүслээ. Геополитикийн онцлогтой орон учраас дэлхий дахины анхаарлыг татаж байна . Ийм асуудлуудаас болж
(1) үндэсний аюулгүй байдлын дархлааг сайжруулах, (2) төлөөллийн ардчилалыг илүүтэй хөгжүүлэх, (3) хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх, (4) улс төрийн тогтвортой байдлыг хангаж олон намуудын парламентад орж ирэх нөхцлийг нь бүрдүүлэх шаардлага гарч байгаа.

Дээр хэлсэнийг задлаж тайлбар хийж үзье л дээ:

1. Гол нь эдийн засгийн шинэ байдал үүсэж, Монгол улс дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна гэнээ. Мань хүн энд нөгөө уул уурхайтаи холбоотой хөгжил, хөрөнгө оруулалтыг хэлээд байгаа бололтой. Энэ байдлаас болоод үндэсний аюулгүй байдлын дархлаа муудсан учраас Их Хурлын гишүүдийн тоог нэмэх буюу 2 танхимтай болгох шаардлага гарч байгаа гэнэ. Их Хурал 76 гишүүнтэй байвал гадныханд худалдагдчихна, харин 150 гишүүнтэй байвал худалдагдахгүй юм биз дээ? Тэгвэл нэгмөсөн найдвартайгаар нь 1000 гишүүнтэй , 3 танхимтай болчихвол яасан юм?

2. Бас төлөөллийн ардчилал дутуу хөгжөөд байсныг илүү хөгжүүлэх шаардлага байна гэнэ. Жендерийн асуудал, үндэстний цөөнхийн асуудлаар бамбай барьж, Их Хурлыг 2 танхимтай болгох гэсэн жинхэнэ санаагаа нууж байгаа юм байх даа.

3. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны чанар гишүүдийн тоо олон болохоор сайжирдаг гэдэгтэй санал нийлж чадахгүй нь. Харин ажлаа хийдэг хүмүүсээ сонгоод, ажлаа хийж чадахгүй бол зайлуулчихдаг механизмыг нь бүрдүүлээд өгчихвөл чанар нь сайжирч магадгүй.

4. Улс төрийн тогтвортой байдал нам болгоноос Их Хуралд төлөөлөл орсоноор хангагддаг юм уу? Бодоход, Их Хуралд 2 нам байна гэж үзвэл 2 хүн л хэрэлдэнэ биз дээ? Харин 10 нам орчивол 10 хүн хэрэлдээд тохиролцоонд хүрч нэгдмэл шийдвэр гаргана гэдэг хэцүү л баймаар юм. Бас л жинхэнэ санаагаа нуух гэсэн арга ядсан тайлбар шалтаг.

Монголын мэдээ сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа гол баатар маань Аль болох олон нам парламентад ороосой гэсэн зарчим барьж байгаа> гэж хэлсэнийхээ дараахан Манайх бол цөөхөн сонгогчтой учраас хэтэрхий бага босго тавибал хэт олон нам орж ирэх болно. Энэ тохиолдолд засаглаж чадахаа байх асуудал гарна гэж өмнө хэлсэнтэйгээ зөрчилдсөн юм ярьсан баидаг.

Ер нь ярилцлагаас харахад Ардын намынхан их яарч байгаа бололтой. Тогтолцоогоо (Үндсэн Хуулиндаа өөрчлөлт хийх замаар) хурдхан өөрчлөөд түүндээ тохируулж Сонгуулийн тухай хуулиа шинэчлээд тэгээд сонгуулиа явуулая гээд л адгаад байна. Тэгэхгүй бол оройтлоо, дахиад яаж 4 жил хүлээх юм ч гэж байх шиг. Нэг л их яарсан хүн.

76 -аар дээл эсгэхэд үнэхээр багадаад байна. Эмэгтэйчүүдийн квотын асуудал, Баян-Өлгий аймгийн төлөөлөл гээд бөөн гацаа үүсээд байна гэж цэцэрхсэн байх юм. Бас л хүний нэр барьсан худлаа сүржигнэл.
Дашрамд харин хэлэхэд, эмэгтэй хүн, эсвэл казак хүн гэдгээрээ Их Хуралд заавал тогтоосон тоогоор заларч байх ёстой юм уу? Тойрогтоо өрсөлдөөд л шударгаар гарч ирсэн нь сонгогддог чинь ардчилсан зарчим биз дээ? Эсвэл нам дотроо олонхийн дэмжлэг авсан нь намаа төлөөлж орж ирнэ биз. Хэн нэгний таашаалд нийцүүлж шударга зарчмыг эвдэх, эсвэл тэдгээр бүлгээс оноо авах гэж худлаа ингэж саймширахаас ичиж зовохоо больжээ.

Тэмүүжин гишүүний хэлдгээр дахиад хэдэн жил туршилтын туулай болмооргүй байна. Байгаа юмаа, бий болгосон зүйлээ чанаржуулаад аваад явах нь хамгийн зөв сонголт. Бидэнд толгой цөөдөөгүй. Олон толгойтой Монгол угаасаа түүндээ түүртээд хэцүү байгаа. Дээр нь нэмээд хэрэггүй.

Худлаа хоосон сүржин үгээр цэцэрхэж байхаар улс орныхоо байдлыг өөрчлөе, ард түмнээ ядуурлаас гаргая гэсэн үнэнхүү эх оронч сэтгэл гаргаж , асуудал дэвшүүлж, санаачлагатай ажиллавал яасан юм бэ, Лүндээжанцан гуай?
Эдийн засаг урагшаа явчихлаа. Араас нь парламентын тогтолцоо нь ард түмний санаа бодолд нийцсэн бүтэц бүрэлдэхүүнтэй болмоор байна гэж юугаа яриад байнаа?

Эдийн засаг нь урагшаа яваад байгаа бол ард түмний амьдрал хойшоо яваад байгааг харж байгаа биз дээ? Цөөн хэдхэнд нь баялаг хүртээд, бусад масс нь үнсэнд хаягдаж байхад бид хөгжиж байна гээд байдаг чинь зөв үү? Төр засгийн эрх барьж байгаа Ардын Нам өнгөрсөн жилүүдэд ганц төрөх эмнэлэг, ганц цэцэрлэг, ганц сургууль шинээр барив уу? Шатаалгасан намын байрныхаа буурин олон давхар мундаг ордон нүд ирмэхийн зуур бариулах чадалтай нам гэдгээ нотолсоныг хүмүүс харлаа.

Ардын Нам нэгдүгээрт, Ардын намын гишүүд хоёрдугаарт , ард түмэн гуравдугаарт гэсэн дарааллаар та бүхэн асуудалд ханддаг бол та бүхэн намынхаа нэрийг бас л солих болж дээ. Ардын Нам чинь ардынхаа төлөө л байх ёстой.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө