Эмэгтэйчүүдэд хаяглав

Шинэ гэр бүл

Эр хүн логикоор, эм хүн эмоцоор сэтгэдэг, ажилладаг, дүгнэдэг,  шийдвэр гаргадаг. Сайн эхнэр сайхан амьдралын баталгаа. Тэгвэл сайн эхнэр байхын тулд эм хүн ямар байх ёстой вэ?

Эм хүний баримтлах  алтан дүрэм

1. Эр хүнээ хүндэтгэж, дээдэлж байх ёстой

Гэрийн, өрхийн тэргүүн хэмээн хүндэтгэж, хосын харилцааг тэтгэгч, хангагч гэдэг утгаар дээдлэх ёстой. Эр хүн тайван амьдралыг хүсдэг. Эмэгтэй нь түрүүлж дуугардаггүй, эр хүнээ эхлээд сонсдог, сөрдөггүй, зарим үед амаа татаж чаддаг байх хэрэгтэй.

2. Эр хүний удирдлага манлайлалд захирагдаж, дагах ёстой

Эр хүнийг эр хүн шиг байлгаж манлайлах боломжийг олго. Зарим эм хүн биеэ даасан, хамааралгүй байхыг хүсдэг, уриалдаг. Энэ нь тухайн хосын нэг цул байх байдлыг алдагдуулж, ан цав үүсгэдэг. Дуулгаваргүй эмэгтэй бол эр хүний амьдралд хань болж чадахгүй. Эр хүний шийдвэрийг дагадаггүй, алдааг нь хэлэхэд хүлээж авдаггүй эмэгтэй бол эр хүнийг дорд үздэг, дээрэнгүй, өөрийгөө ихэд бодсон  нэгэн учраас хол явбал зохино. Ийм эмэгтэй өөрийгөө эр хүнээс дээр гэж үздэг учраас байнга маргаж сөргөлддөг бөгөөд зовлонгийн эх үүсвэр болдог. Эм хүн эр хүнийхээ зорилгод өөрийн зорилгоо нийцүүлэх ёстой. Эр хүн эмэгтэйгээ захиргаадах гэж биш харин амьдралаа авч явахад нь дэмжээсэй, өөрийнх нь талд байгаасай, хамгийн ойрын туслагч нь байгаасай гэж хүсдэг. Эр хүн эмэгтэйнхээ өмгөөлөн хамгаалагч, эм хүн эрийнхээ дэмжигч нь, урам өгөгч нь байх ёстой.

3. Эм хүн итгэл даадаг, үнэнч байх ёстой.

Эр хүнийг муу хэлэх, түүний нэр хүнд, зорилгыг гутаах ёсгүй. Эм хүн итгэл даадаг байх ёстой учир нь  хосын амьдрал  харилцан итгэл дээр тогтоно.

4. Эм хүн эр хүнийг халамжлах ёстой.

Эр хүнийг ямагт халамжилж, сайнаар хандаж  байх ёстой. Гомдоож болохгүй.

5. Эм хүн эр хүний үнэнч дагуул нь байх ёстой.

Эм хүн эрийнхээ дотнын  туслах нь бөгөөд дагуул нь байх ёстой.  

НЭГЭН ЗҮЙЛ. Эрчүүд тийм их яриасаг биш. Эмэгтэйчүүд үүнийг бодох хэрэгтэй. Эрчүүд   бүх юмыг дотроо шингээж залгидаг. Эр хүнийг дотроо онгойлгож нээлттэй байлгаж чадах орчныг бий болгох эрдмийг эмэгтэйчүүд эзэмшээгүйн улмаас үл ойлголцол, зөрчил үүсдэг.

НЭГЭН ЗҮЙЛ. Хэрвээ эр хүн эмэгтэйдээ үнэнийг хэлсэн тохиолдолд хэдийгээр эмэгтэйд сонсож хүлээж авахад хэцүү байсан ч гэсэн тэр байдлаа эр хүнийхээ эсрэг  уурласан үедээ зэвсэг болгон ашиглавал энэ нь эр хүний нүүрийг алгадсантай адил хэрэг болдог.  Тэгчихээд дараа нь эр хүн яагаад надтай ярихгүй байна, ярихыг хүсэхгүй байна, яагаад урьдынх шигээ байхаа больчихов гэж гайхах хэрэггүй.  

НЭГЭН ЗҮЙЛ. Эр хүн өрхийн тэргүүн учраас амьдралаа авч явах ёстой гэх мөртөө Би биеэ даасан, эр хүнээс хамааралгүй мундаг чадалтай эмэгтэй хүн байх ёстой гэж боддог, оролддог, уриалдаг эм хүнд тэгвэл эр нөхрийн хэрэг юу байна? Би эр хүнээс дутахгүй, эр хүнд захирагдаж чадахгүй гэдэг үзэл бодолтой эм хүн эсвэл гэр бүл болж чадахгүй, үгүй бол насаараа өрх толгойлсон эмэгтэй байж амьдралаа дуусгана гэсэн үг. 

НЭГЭН ЗҮЙЛ. Эм хүний хувьд хосын харилцаа (гэрлэлт) хүүхдүүдээс нь илүү чухал байх ёстой. Хүүхдүүд бол тэргүүн зэргийн ач холбогдол өгөх асуудал биш, харин хосын жаргалтай амьдрал чухал гэдгийг аав, ээжүүд бодож, баримтлах ёстой юм. Аав ээжүүд жаргалтай бол хүүхдүүдэд нь түүнээс илүү сайхан зүйл үгүй гэдгийг ойлго. Хүүхдүүддээ хэт анхаараад, эр хүнийг үл тоож эхлэвэл хайр чинь хөрчээ гэж бод. Нөхрөө ажлаасаа гэртээ оройхон ирэхэд нь хутга барьж биш хайраар тосож угтаж чадахгүй бол хамтын амьдрал хоёр тийшээ болох эрсдэл үүсчээ гэж ойлго. 

НЭГЭН ЗҮЙЛ. Эр хүний дотор түмэн бодол эргэлдэж, амьдралын олон асуудлыг шийдэх аргаа сүвэгчилж, тархиа гашилгаж явдаг. Амьдрал дажгүй юу гэхэд дажгүй сайн гэж хариулах боловч яг үнэндээ худлаа л хэлдэг. Өдөр бүр маргааш яах тухайгаа, ирээдүйн зорилгоо бодож боловсруулж завгүй явдаг хүний хажууд үглээ яншаа эм хүн байвал амьдын там. Эр хүн зовлонгоо нуух гэж инээдэг, эм хүн алдаагаа нуух гэж уйлдаг.

НЭГЭН ЗҮЙЛ. Эм хүн сэтгэл хөдлөлөөр (эмоцоор)  юм болгонд ханддаг учраас их чалчаа байдаг бол эр хүн эсрэгээрээ их бодож, бага ярьдаг. Эмэгтэйчүүд үүнийг ойлгох хэрэгтэй. Их ярьж л байвал төдийчинээ сайн гэсэн үг биш. Эр хүнд хэлэх гэсэн санаагаа товчхон хэлэх хэрэгтэй. Эр хүн шаардлагатай гэж үзвэл аяндаа өөрөө асууж дэлгэрэнгүй мэдээлэл авна.  Эм хүнд өөрийнхөө доторхийг уудалж хэн нэгэнд хэдэн цагаар ч хамаагүй ярих чадвар байдаг бол эр хүнд тийм чадвар байхгүй, тиймээс эр хүн дотроо их олон зүйл хадгалж явах болдог.

НЭГЭН ЗҮЙЛ. Орчин цагийн эмэгтэйчүүд Би-гийн өвчнөөр их өвчилсөн байдаг. Энэ бол нэг ёсны сэтгэцийн өвчин юм. Би Би хэмээн өөрийгөө дөвийлгөж, бусдыг дорд үзэх, ялангуяа хажуудах эр хүнээ доош нь хийж, "Энэ нэг мангар юм", "Энэ юу ч хийж чаддаггүй"  гэж ханддаг эмэгтэйчүүд олширчээ. "Би л энэ амьдралыг авч явж байна, Би л чадаж байна, Би л чухал, Би л шийддэг , Би бүхнийг мэддэг"  гэж аархдаг босс эмэгтэйд дуртай эр хүн гэж байхгүй. Хүүхдүүддээ аавыг нь муулж байгаа ээж бол энэ өвчнөөр өвчилсөн нэгэн. Ийм эмэгтэйн хажууд тайван амьдрал гэж байхгүй.

НЭГЭН ЗҮЙЛ. Маргаан гардаггүй гэр бүл ховор. Хамгийн гол нь маргаан үүссэн асуудалдаа төвлөрч ярилцахын оронд сэдвээсээ халиад хорвоогийн хамаг зовлонг хамж ирээд овоолчихдог эмэгтэйчүүд хэзээ ч ойлголцолд хүрч чадахгүй явсаар амьдралаа нураадаг. Гэр бүлийн доторхи асуудлыг гадагш нь цацаж, эцэг эх, ах дүүс, найз нартаа дэлгэх дуртай эмэгтэйчүүд эр хүнийг бусдад муухай харагдуулж, муу хүн болгодог бөгөөд ийм амьдрал жаргал үзэхгүй. Эр хүнд маш муухайгаар хандчихаад хариу үйлдлийг нь буруутгадаг үзэгдэл бол эм хүний гаргадаг сонгодог гуйвуулга, гүтгэлэг байдаг.

НЭГЭН ЗҮЙЛ. Эр, эмийн дотно харьцаа,  бэлгийн харьцаа бол аз жаргалтай гэр бүлд маш чухал, заавал байх ёстой зүйл. Энэ бол сонголт биш. Секс үгүй бол амьдрал үгүй. Элдэв шалтаг тоочиж эр нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орохоос татгалзаж байгаа эмэгтэй эр нөхрөө хүндэтгэх, дуулгавартай байх эхнэр хүний үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг. Энэ нь эр хүн хөндийрөх,  хосын харилцаанд ан цав гарах шалтгаан болдог. 

НЭГЭН ЗҮЙЛ. Эр эм хүйсийн эрх  тэгш байдал гэдэг ойлголтыг сүүлийн үед эмэгтэйчүүд буруугаар тайлбарлаж, ойлгох явдал газар авчээ. Эр эм хоёр хүйс адилхан биш ээ. Эр хүйс бол эмээсээ давуу өгөгдөлтэй, биологийн хувьд ч , сэтгэл зүйн хувьд ч тэр. Харин хүний эрхийн тухайд ярьж байгаа бол хүн гэдэг бодгалийн хувьд хоёулаа тэгш эрх эдлэх нь зүй.  Адилхан нийгмийн үйлчилгээ авах, сурч боловсрох гэх мэт. Феминист байна гээд эм хүний үүргийг умартуулж, эр хүний байр суурийг өөрчлөх буюу үгүйсгэх нь гэр бүлийн бүхий л асуудлын гол шалтгаан болж, буруу хандлага, буруу ойлголтыг нийгэмд түгээж байна. Эцсийн эцэст эмэгтэйчүүд эндээс хохирогч тал нь болж байгааг ойлгох хэрэгтэй.

НЭГЭН ЗҮЙЛ. Манай олон эмэгтэйчүүд эр нөхрөө "баздаг" тухай бахархалтай ярьж, эр хүнтэй доромж байдлаар харьцах ёстой гэж охиндоо сургадаг. Эр хүнийг дарамталж, доромжлоод зогсохгүй  хаашаа явах, хэзээ явах, хэнтэй уулзахыг цагдаж, утас хэрэгслийг нь хянадаг. Цалинг нь хурааж аваад, ямар ч эрх мэдэлгүй, гарын дор албат мэт харьцдаг эхнэрүүд зөндөө. Ямар сайндаа хошин урлагынхан хүртэл энэ сэдвээр үзвэр бэлдэж байх вэ дээ. Энэ бол эмгэнэл. Эртний Монгол эмэгтэйчүүд ийм байгаагүй нь мэдээж. Хэрвээ эм нь босс юм бол өрхийн тэргүүн гэж ямар ч эрх мэдэлгүй эр хүнийг цоллож жүжиглэх  хэрэггүй, өөрийнхөө нэрээр л явах хэрэгтэй. Нэг гэр бүлд 2 толгой байж таарахгүй л дээ.

НЭГЭН ЗҮЙЛ. Эр хүнийг түрүүлж "Уучлаарай"  гэж хэлүүлэх гээд зөрүүдлээд суухын оронд өөрийнхөө алдааг ухамсарлаад өөрөө түрүүлж уучлалт гуйсан эмэгтэй амьдралаа аварч чадна. Санаачлагатай бай, түрүүлж гуйснаараа алдахгүй харин ч хожно, аз жаргалыг хожно. Эр хүн аяндаа уучлалт гуйна, ил биш ч зүрхэндээ.

НЭГЭН ЗҮЙЛ. Олон эмэгтэйчүүд ганц бие, хорлонтой найз нарынхаа ятгалга, зөвлөгөөг дагаж  хосын харилцаагаа тасалдаг, нөхрөөсөө салдаг.  Тийм найз нар чинь "Би эр хүний дотны туслагч нь байх ёстой" гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Би-гээр өвчилсөн "хорт могойнууд" юм шүү дээ. Ямар сайндаа ганц бие гозон толгой байх вэ дээ.

НЭГЭН ЗҮЙЛ. Ухаантай эмэгтэй хүн эр хүнийг түшиж, бас шүтэж амьдардаг. Ухаалаг эмэгтэй хатан ухаан гаргавал эр хүнийг яаж ч өөрчилж, хурцалж чадах чадвартай. Эмэгтэй хүний уран ухаанаар эр хүнийг архинаас ч гаргаж чадна. Ухаалаг эмэгтэй эр хүнийг амжилтанд хүрэхэд тусалж чаддаг. Хэдийгээр эр хүн төгс төгөлдөр биш ч гэсэн, тийм болоход нь ухаалаг эмэгтэй тусалдаг юм. Эр хүнд урам, урам, бас дахин урам хэрэгтэй гэдгийг эмэгтэйчүүд ямагт санаж байх хэрэгтэй.

НЭГЭН ЗҮЙЛ. Орчлонгийн жамаар хэн нэг нь түрүүлээд тэнгэрт халина. Тэр үед булшин дээр нь үлдсэн нэг нь "Бид арай цөөхөн л  хэрэлдэж дээ" гэж харамсдаггүй байх аа.  Ихэнх тохиолдолд эрчүүд түрүүлээд явчихдаг, эмэгтэй нь ганцаар хоцордог. Хожим "Би яах гэж эр нөхрөө юм болгон дээр буруутгаж, доош нь хийдэг байв аа"  гэж харуусахгүйн тулд яавал сайн эхнэр болох вэ гэдгээ эртнээс бодож, харуулах хэрэгтэй шүү гэдгийг залуу эмэгтэйчүүддээ зөвлөе.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө