Өөрчлөлтийг юунаас эхлэх вэ?

 Улны айл

Бидний Монголчууд ямар хүмүүс вэ, яагаад өнөөдөр дэлхийн сүүл мушгиж байна вэ гэдэг асуулт тавиад тэр асуултанд хариулах гээд үзье. Тэгэхийн тулд өөрсдийнхөө тухай илэн далангүй  ярилцах хэрэгтэй  болж байна.

Суурин соёлгүй бидний хувьд  өнөө цагт суурин амьдралд суралцахад их хүндрэлтэй байна. Аажим аажмаар суралцаж л байна, гэхдээ яст мэлхийн хурдаар. Хөгжихэд  хамгийн том бэрхшээл бол энэ. Бусад бүх хүндрэлүүд эндээс урган гарна. Үүнд суралцахад хамгийн гол саад болж байгаа зүйл бол бидний араншин. Бидний араншин бол бидний ахуйгаас үүдэлтэй. Цаг барьдаггүй, амиа бодсон бэртэгчин, шуналтай, лазан, удаан, хэнэггүй, дуулгаваргүй дур зоргоороо  чанарууд бол нүүдэлчдийн ахуйгаас бий болсон уламжлал. Бидний яс маханд шингэсэн эдгээр чанаруудаас салах тийм ч амархан биш байна. 

Ардын хувьсгалын дараа Монголчуудыг ногоо идэж сургах гэж яаж зовж байлаа, санаж байна уу? Цөөнгүй жил соёлын хувьсгал хийж байж ногоо иддэг, усанд ордог, шүдээ угаадаг болгож сургасан, сургалт өнөөдөр ч үргэлжилсээр. Хүүхдийн шүдний өвчлөл маш их байгаа нь хүүхэддээ шүдээ угааж сургахгүй, өөрсдөө ч угааж хэвшээгүйн нотолгоо. Автобусанд арай дэндүү үнэртэй иргэд бусдыгаа ам хамраа дарж, аргаа барахдаа  олон нийтийн сүлжээний хэрэгслээр ус цасанд орж байхыг уриалахад хүргэж байна. . Шүлс, нус цэрээ уламжлал ёсоор энд тэндгүй чөлөөтэй цацаж явдаг нь хэвээрээ.  Болиоч ээ гэж нэг хэсэг нь нөгөө хэсэгтээ уриалаад ч олигтой дэвшил харагдахгүй л байна. 

Хар амиа боддог, атаач жөтөөч чанарууд бидний амьдралд түгээмэл илэрдэг. Би л болж байвал бусад нь хамаагүй. Миний гэр цэвэрхэн байвал гадаах орчин ямар байх нь надад ямар ч хүртээлгүй гээд л угаадасаа хашааныхаа гадаа асгаж орхино. Байшинд амьдардаг нь гэрийнхээ хогийг тусгай саванд нь хийхээсээ залхуураад доод давхрынхаа шатан дээр тавиад орхичихно. 

Хөдөөнийхөө иргэдийг ОРК гэж доромжлох боловч хотын иргэд нь дээрдэх юм алга. Бие биендээ зам тавьж өгөхгүй гэж зүтгэсээр хоорондоо шүргэлцдэг машинтай малнууд зөндөө. Машин доторхи цугларсан хогоо зам дээр хаячихаад явж оддог хотын соёлтой иргэд олон. Зугаалсан газраа, хөдөө хээр  хоноглосон газартаа хогоо хаяж явах бүр их дуртай гээч.

Иймэрхүү үзэгдлүүд хаа сайгүй. Мэдээж энэ мэт мулгуу үзэгдэл аажим аажмаар багасаж, бид суурин соёлд бага багаар суралцсаар байх боловч дийлэнх масс маань соёлжих хүртэл маш их хугацаа шаардах бололтой. Хар аяндаа сурна гээд хүлээх юм бол хайран хугацаа алдана. Тиймээс бид хуулийн хүчийг, төрийн нударгыг ашиглаж энэ хугацааг нааш нь татах  хэрэгтэй. Яг л хүчээр төмс байцаа идүүлж сургадаг шиг. Өөрөөр хэлбэл, зохих хууль журмыг мөрдүүлж, ухуулж, зорилготой кампанит ажил болговол үр дүнд хүрнэ. Сошиалаар пүү паа гэж жигшээд олигтой үр дүн авчрахгүй.

Хамтач, нийтэч, бүлсэг чанарыг эзэмшүүлэхэд их хэцүү боловч бас боломжгүй юм биш гэж бодно. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдэг ухамсар, чанарыг суулгахын тулд бид иргэдээ хууль нийгмийн  боловсролтой болгох хэрэгтэй. Мөн хууль дүрэм нь зөв бөгөөд нэгмөр хэрэглэх боломжтой, олон санаа утгагүй байх ёстой бөгөөд хууль хэрэгжүүлэгч, сахиулагч албад шударга байж чадвал иргэд маань бэртэгчин зангаа гээх болно. Хуулийн хэлмэгдүүлэлт хэвээрээ, шударга ёсыг сахиулагч (шүүх) нь бохир байвал хэн ч гэсэн хар амиа бодож буруу үйлдэл гаргах, буруугийн хажуугаар нүд чихээ таглаад  хараагүй мэт өнгөрөх,  бусдыг хохироох явдал арилахгүй. 

Дашваанжил компаний шатдаг хий тээвэрлэж явсан машин өөр машинтай шүргэлцсэний улмаас хий алдагдаж, улмаар дэлбэрсэн хэрэг саяхан гарсан. Дэлбэрэлт болоход хийтэй сав шидэгдэж, 3 гал сөнөөгч залуугийн аминд хүрсэн билээ. Төр засаг нь бурхан болоочдын ар гэрийг орон сууцаар "шагнаад" амыг нь тагласан. Энэ хэрэг дээр  буруутныг тогтоож шударга ёсыг хангаагүй. Зүй нь ажлын алдаа гаргаж, аюулын бүсэд гал сөнөөгчдийг оруулсан, газар дээр нь удирдаж ажилласан дарга нь, бүр цаашлаад Онцгой байдлын газрын дарга ял асуугдах ёстой байсан юм. Харамсалтай нь өнөөдөр Монголд хариуцлага гэдэг юм үзэмжээр хэмжигдэх болсон учраас эрх баригчид өөрсдийн дарга ангиа хамгаалан үлдээж, амь үрэгдэгсэдийн хохь болгоод өнгөрч байгаа юм. Иргэд нь нийгмийн идэвхигүй, нийгмийн боловсролгүй, эвсэг хамтач биш, хар амиа бодсон учраас бид дээрх 3 залуугийн төлөө хариуцлага нэхэж дуугарахгүй өнгөрсөн. 

Сая Баянхошуунд дэлгүүр шатахад унтраахаар ирсэн гал сөнөөгчдөөс нэг нь бас эндчихлээ. Иргэд маань бас л ум маани бад ми хум гээд л өнгөрч байх шиг. Зүй нь тухайн газар дээр ажиллаж байсан удирдлага нь хариуцлага хүлээх ёстой юм. Галыг унтраах үед хамгийн түрүүнд гал сөнөөгчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Гэвч бид үүнийг мэддэггүй  учраас хариуцлага нэхэж, ял асуухаа ч мэдэхгүй гаслаад өнгөрч байх шиг. Дарга нар ч энэ харанхуй байдлыг нь ашиглаад хохирогчийн ар гэрийг орон сууцаар хахуульдаад амыг нь тагладаг. 80 квадрат метр талбай бүхий орон сууц ар гэрт нь өгөөд хүүхдэд нь 18 нас хүртэл аавынх нь авч байсан цалинг олгох юм гэнэ. Хүний амь ийм үнэтэй болжээ. Эрх баригчид, ялангуяа хариуцлага тооцох ёстой дээрх албан тушаалтнуудын хармаанаас энэ мөнгө гарахгүй шүү дээ, тиймээс тэд маасайгаад л сууж байгаа.  

МАН-ын сонгуулийн амлалт болох агаарын бохирдолгүй хот болгох зорилгын хүрээнд шахмал түлш буюу нунтаг нүүрсийг тусгай барьцалдуулагчаар наалдуулж хэвэнд оруулсан нүүрсийг үйлдвэрлэж иргэдээ хангаж ирсэн өмнөх жилүүдэд олон хүн энэ шахмал нүүрснээс ялгарах хийнд хордож нас барлаа. Саяхан л гэхэд нэг гэрт насанд хүрсэн 10 хүн угаартаж нас барсан тухай мэдээ хуучраагүй байхад дахин нэг айлд 7 хүн угаартсанаас 2 нь нас барсан гэж мэдээллээ. Бидний Монголчууд мөн л бэртэгчин зангаараа би л угаартаагүй бол бусад нь хамаагүй гэсэн байдлаар хандаж байх шиг. Бараг дөжирсөн гэхэд болохоор байна. Угаартаж цаг бусаар одсон олон иргэдийнхээ төлөө бид гудамжинд гарч жагсах нь бүү хэл зарим нэг нь өөрсдийнх нь буруу хэмээн цэцэрхэж байх жишээтэй. Шахмал биш, задгай нүүрс түлдэг байсан он жилүүдэд ийм олноороо хортой хийгээр бурхан болж байсныг санахгүй юм. Угаартах нь угаартдаг байсан, гэхдээ ховор. 

Эрх баригч луйварчид, тэдний хамсаатан бараа бологч бирдүүд цусалж болох бүхий л сан хөмрөгийг хоосолж, завшиж болох бүхий л ажил үйлчилгээг хамж аваад хагартлаа баяжиж, цатгалдаж байхад, шавхруу долоон өдөр хоногийг арайхийн аргацааж байгаа гуйлгачин Монголчууд ийм л тавилантай юм биз ээ хэмээн эвлэрч, дорой царайлан сууцгаана. Хийморь лундаа нь үхэж, арчаагаа алдсан сүгнүүд болжээ, бид. 

Боловсролын зээлийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хулгай, Ногоон автобусны луйвар гээд л мөнгөн дүн нь тэрбум,их наядаар хэмжигдэх хулгай илрээд байхад л нөгөө харанхуй Монголчууд нь амандаа үглэхээс өөрийг үл хийн таг чиг. Иргэд нь нийгэм, улс төрийн зохих мэдлэгтэй, хамтач эвсэг ард түмэнтэй улсад ийм том хулгай луйвар гарсан бол тэр даруйд иргэд нь гудамжинд жагсаж, хариуцлага нэхэн түйвээж байгаа. Манайхан ам амандаа гаслахаас өөрийг хийж үл чадна.

Харанхуй иргэдээ гэгээртэл нь ингээд л байгаад байх уу, эсвэл тэр цагийг нааш нь татаж , улс үндэстнээ аврах ажлаа эртхэн хийж эхлэх үү гэдэг асуулт байна.  Мэдээж өнөөгийн эрх баригчид болон магадгүй оронд нь гарч ирэх улс төрийн хүчин ч одоо байгаа статус кво-г хэвээр нь хадгалах сонирхолтой байх биз, яагаад гэвэл тэдэнд харанхуй массыг дөрлөчихөөд дуртай зүг рүүгээ хөтөлж явахад амар байх учраас тэр. Гэгээрсэн массыг бол тэгж чадахгүй гэдэг нь мэдээж. Тэгэхээр масс харанхуй байх тусам тэдэнд ашигтай. 

Бидний Монголчууд социализм байгуулж байсан 70 жилд огт боловсроогүй гэдгийг хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Социализм гоё, капитализм муухай гэдэг ойлголттой л хоцорсон. Одоог хүртэл хуучин нийгэмд сайхан байсан гэх хүмүүс зөндөө л байна. Улс төр, нийгмийн тогтолцоо, эдийн засаг, засаглалын тухай энгийн ч ойлголтгүй, мэдлэггүй ард түмэн гэдгийг нотлоход амархан. Гудамжинд яваа иргэдээс засаглалын ямар ямар тогтолцоонууд байдаг тухай асуугаад үз. Ардчилсан нийгэм, тоталитар нийгмийн ялгааг асуугаад үз. 

Тэмцэж чаддаггүй, тэмцэж мэддэггүй ард түмнээр тоглох амархан. УИХ-ын гишүүдийн тоог 76-аас ахиулж 126 болгож Үндсэн Хуулийг бас өөрчлөхөд Монголчууд олноороо эсэргүүцсэн боловч эвлэлдэн нэгдэж тэмцэх ухаан, зориг  дутсан учраас намчингууд санасандаа хүрч чадсан. УИХ-ын гишүүний ачаалал өндөр байгаа учраас тоог нь нэмэх хэрэгтэй гэсэн тайлбар хийсэн боловч үнэндээ УИХ-ын гишүүд нь үндсэн ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй, гадуур хувийнхаа бизнесийг хөөцөлдөөд явчихдаг учраас чуулганы болон Байнгын хорооны ирц бүрддэггүй, бүрдсэн ч маш цөөн төлөөлөлтэй хууль хэлэлцдэг, баталдаг. Тэгсэн мөртөө ачаалал ихтэй гэж жүжиглэдэг, олон иргэд итгэдэг.

Нэг удаа сургуулийн найзынхаа  аавтай улс төр, нийгмийн сэдвээр хөөрөлдөж байхад тэр буурай нийгмийн өөрчлөлтийн талаар  пассив байр суурь илэрхийлж билээ. Өөрөөр хэлбэл, цаг нь болохоор аяндаа өөрчлөгдөнө гэсэн санаа л даа. Тэр цаг нь хэзээ ч ирэх юм, тэр үед энэ улс орноос авах юм үлдэх үү?

Тэр сайн цагийг хүлээх нь өөрсдийгөө л алж байгаатай ялгаагүй. Яагаад? Маш их цаг алдана! Дээр дурдсан хулгай луйврын хэргүүд өөр өөр нэрээр, хэлбэрээр, аргаар үйлдэгдэж, давтагдсаар байх болно. Арга нь улам нарийсна, хуулиар аргаа зөвтгөнө. Учир нь эрх мэдэл байгаа цагт хулгай хийх маш олон боломж олдоно. Хүний шунал хязгааргүй. Хууль шүүхээ худалдаад авчихдаг учраас эрх мэдэлтнүүдийн шуналыг хазаарлах боломжгүй.   Ингээд л энэ байдал үргэлжилсээр байх болно. Яагаад гэвэл өөрчлөлтийг харанхуй масс хийж чадахгүй, зөвхөн хангалттай хэмжээнд гэгээрсэн хойноо л хийнэ. Харин эрх мэдэлтнүүд харанхуй массыг гэгээрүүлэхийг хүсэхгүй, хас масс аяндаа гэгээртэл түмэн жил болно. 

Энэ асуудал бидний хувьд ийм төвөгтэй байдаг нь өмнө өгүүлсэнчлэн бидний ахуй соёл, амьдралын уламжлалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, биднээс огт өөр хэв маягийн буюу суурин амьдралтай ард түмний хувьд дээр дурдсан бидний сул талууд байхгүй учраас тэд өөрчлөлт дэвшлийг дор дор нь хийж түрүүлж хөгжсөн байдаг. Нүүдэлчин ахуй соёлтой ард түмний хувьд цоо шинэ зүйлд суралцах ёстой болдог нь асуудлын цөм нь  гэх юм уу даа. Мэдээж энд нүүдэлчин соёл, уламжлал,зан заншлаа муу хэлэх гэсэнгүй. 

Иргэдээ гэгээрүүлэх ажлыг кампанит ажил болгож эрчимтэй хийх, одоогийн засаглалын хэлбэрийг даруй халж, Ерөнхийлөгчөд засаг барих эрх мэдлийг өгч чадвал бид ихээхэн хугацаа товчилж, дэвшил хөгжлийн замд гарч чадах болно.

Гэгээрүүлэх ажлын тухайд ойлгомжтой, гагцхүү хэн хэрхэн хийх бэ гэдгээ тодорхой болгочихвол асуудалгүй байх аа. Харин засаглалын хэлбэрээ солих тал дээр эрх баригч ба эрх барихыг горилогч бусад намууд бүгд одоо байгаа Парламентын засаглалыг авч үлдэхийг бүх л аргаар оролдоно. Парламентын засаглал сүүлийн 30 жилд намчингуудад их "өгөөжөө" өгсөн учраас тэд мэдээж өөрчлөхийг хүсэхгүй. Сая Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулаад бүр Парламентын гишүүдийн тоог заагаад өгчихлөө. Хэрвээ бид засаглалын хэлбэрээ халж Ерөнхийлөгчийн засаглалтай болсугай гэж шийдвэл  Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Тэгвэл энэ өөрчлөлтийг УИХ-ын олонхи хийх эрхтэй бөгөөд дээр хэлсэнчлэн намууд энэ тухай сонсохыг ч хүсэхгүй. Тиймээс энэ өөрчлөлтийг хийлгэж чадах ганц хүч нь ард түмэн юм. Тэд л гудамжинд гарч өөрчлөлт хийхийг шаардах ёстой. Гэвч иргэд маань гудамжинд гарч тэмцэж чадах уу?

Иргэдээ гудамжинд гаргахын тулд гэгээрлийн ажил нь түрүүлж явах шаардлагатай гэж харагдаад байна л даа. Гэгээрүүлэх ажлыг Монголын оюунлаг, боловсорсон, сэхээрсэн хүмүүс нь хийх ёстой. Яагаад бид засаглалын хэлбэрийг өөрчлөхийг шаардах ёстой юм гэдгийг ойлгуулна гэсэн үг. Яагаад энэ Парламентын гэх засаглалын хэлбэр чинь болж бүтэхгүй байгаа юм гэдгийг тайлбарлаж өгнө гэсэн үг. Яагаад бид дэлхийн адаг болоод байгааг нотлоно гэсэн үг. Бид яагаад өөрчлөгдөх ёстойг хэлж өгнө гэсэн үг. Олон яагаад гэдэг асуултын хариуг иргэддээ өгч сэхээрүүлэх, ухуулах ажлыг хийх болно. Харин ЯАЖ гэдэг дээр санаа бодлоо уралдуулж шийдэх биз ээ. Мэдээж олон хүний цаг зав, хичээл зүтгэл шаардагдана. Санхүүгийн асуудал ч яригдана. Монголоо гэсэн цохилох зүрхтэй хүн бүрийн сэтгэлийн дэм хэрэгтэй нүсэр ажил гэдэг нь ойлгомжтой.

Чингис хаанаас хойш Монголын доройтол эхэлсэн. Эрх мэдлийн төлөө хуваагдан алалцаж, эсвэл бусдад урваж элэг нэгтнээ дарж,шан харамжаар тусгаар тогтнолоо худалдаж, бусдад дагаар орохыг сонирхох болж, эх хэл, ёс заншлаа дорд үзэж эхэлж байсан үе бий. Сүүлийн үед нийгэм өөрчлөгдөхийн хэрээр олон намд хуваагдан талцаж, биесээ хөнөөхөөс буцахгүй авирлах болжээ. Зөвхөн намаараа ч биш, нутаг нугаараа, яс гарлаараа, элдэв үзэл бодлоороо талцаж хуваагдан дайсагналцах нь хэвийн болсон байна. Нөгөө л амиа бодсон, атгаг зан нь Монголоо гэсэн сэтгэлийг бүрхэж орхижээ. Эвсэлдэх биш арсалддаг зан нь хагарлыг бий болгожээ. Хагарч бутарсан шаазан мэт Монголчуудыг эвлүүлж наахад амаргүй мэт санагдавч бас ч боломжгүй биш хэмээн мунхаглана.  Сэтгэлээ чилээх хүмүүс байвал үгээ хэлнэ үү.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө