Шавраас яаж гарах вэ?

 


Бид "шаварт" суучихжээ. 90 онд хоёр салаа замын билчэр дээр ирчихээд бурууг нь сонгочихож. 30 жил тэр замаар бэдэрч явсаар нэг мэдсэн чинь шавартай газар ирээд таг суучихлаа. Одоо цаашид яах вэ? 

Хоёр сонголт байна. Нэг бол  шавраасаа яаж ийгээд гарчихаад энэ замаараа үргэлжлүүлж цааш явах, үгүй бол нөгөө салаа замыг нь олоод түүгээр замнах. Эхний хувилбараар явбал маш муу зам гэдэг нь өнгөрсөн жилүүдэд нотлогдсоноос гадна цаашлах тусам улам их шавар намаг таарах өндөр магадлалтай. Харин нөгөө зам нь туулж үзээгүй тул эрсдэлтэй байж болох ч тэр замаар бусад этгээд амжилттай явж туулсан туршлага байгаа тул бас найдлага буй.

Ер нь аливаа зүйл болохгүй, бүтэлгүй болбол өөр аргаар үздэг нь амьдралын алтан дүрэм юм. Тэнэг хүн л нэг л аргаараа болгох гэж муйхарладаг. 

Эхний салаа зам нь олон улсад нэрлэж дадсанаар Парламентын засаглал хэмээх нэртэй. Нөгөө салаа замыг нь Ерөнхийлөгчийн засаглал гэмой. Орчин цагт аль аль нь ардчилсан засаглалд ордог. 

Бидний сонголт бол нөгөө зам нь гэдэгт миний хувьд бат итгэлтэй байгаа бөгөөд яагаад гэдгийг товчхон тайлбарлая.

Юуны өмнө уншигчиддаа анхааруулахад, эхний замыг сонгосон тэр цаг үеийн эрхмүүдийг буруутгах гэсэнгүй, зөвхөн өнөөдөр бид алдаан дээрээ суралцаж зөв замаа сонгоё л гэж байгаа юм шүү.

Аливаа засаглалыг бүрдүүлж байгаа гурван гол бүтэц хэдийчинээ бие биенээс хараат бус, харилцан хяналт тавих чадвартай байвал төдийчинээ тэр засаглал тэнцвэртэй, элдэв гажуудал гарах магадлал бага, гарсан ч хариуцлага  тооцдог механизм нь ажилладаг учраас илүү шударга байж чаддаг гэнэ. Францын алдарт философч Барон Монтескю гэдэг хүн энэ тухай номлосон байдаг.

Тэр гурван бүтэц бол бидний мэдэх хууль тогтоох засаг (УИХ), гүйцэтгэх засаг (Засгийн газар), Шүүх засаг гурав билээ. Энэ гурвыг тусдаа байлгадаг ганц тогтолцоо нь Ерөнхийлөгчийн засаглал юм. 

Одоо бидний хэрэгжүүлж байгаа Парламентын засаглалд эдгээр 3 бүтцүүдийн  хараат бус байдал хангагдаагүй учраас бие биедээ хяналт тавих, хариуцлага тооцох боломжгүй болчихсон. Хууль тогтоох засаг нь (УИХ) гүйцэтгэх засагтайгаа (Засгийн газар) холилдоод "нэг хөнжилд" орчихсон, шүүх засаг нь дээрх хоёрынхоо тааллаар томилогддог учраас тэд нарынхаа эрх ашигт үйлчилдэг. Бидний мэдэх наад захын нотолгоо гэвэл давхар дээлний асуудал, эрх мэдэлтэнгүүд оролцсон том хэргүүд замхардаг, эсвэл ял завшдаг явдал. Бид бүгд л мэддэг боловч  хоосон бухимдахаас хэтэрдэггүй.

За тэгээд ялсан намын дарга гүйцэтгэх засгийн тэргүүн (Ерөнхий сайд)  болж, намынхаа гишүүдийг  ажилд оруулж шагнадаг. Өмнө нь ажиллаж байсан нам бус болон өөр намын харъяалалтай албан хаагчид бөөнөөрөө ажлаасаа халагдаж гудамжинд гардаг. Энэ бол бас л энэ Парламентын гэдэг тогтолцооны гажиг. УИХ, ЗГ хоорондоо холилдсон учраас их хэмжээний мөнгөний ямар ч ажлыг (тэндэр, концесс г.м) тэнд байгаа хүмүүс өөр хоорондоо дамжуулж наймаалцдаг, тохиролцдог. Зөвхөн бизнесийн ажлууд ч биш, албан тушаал, элдэв томилгоонууд бас тэнд яригдана. УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын яамны сайд хийж байгаа юм чинь наймаалцахгүй асуудал, яригдахгүй тохироо гэж байхгүй. Ийм байхад энэ бүтцүүд яаж харилцан хяналт тавьж, хариуцлага тооцох билээ?

Шүүх засаг нь мөн адил хараат учраас дээрх хоёрынхоо дохио зангаагаар ажилладаг. Шүүгч нарыг  сонгож томилох ажиллагаа  нь УИХ-аар дамжиж, Ерөнхийлөгчийн зарлигаар дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл, гурван шатны шүүгчдийг томилох ажилд УИХ ба Ерөнхийлөгч гар бие оролцдог бөгөөд Шүүхийн тухай хуульд энэ оролцоог хуульчлаад өгчихсөн байгаа юм. Тийм болохоор шүүхийн хараат бус байдлын тухай яриад ч хэрэг алга. Шүүхийн Ерөнхий Зөвлөлд ч, Сахилгын Хороонд ч УИХ-ын нөлөө ордог (ШЕЗ-ийн 10 гишүүний 5-ыг, Сахилгын Хорооны 9 гишүүний 5-ыг  УИХ томилдог). Шүүхийн тухай хуулиндаа шүүхийн хараат бус байдлыг хангах тухай сайхан сайхан өгүүлбэрүүд бичсэн байгаа ч амьдрал дээр энэ нь хангагдах ямар ч боломжгүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн амьдрал хангалттай харуулсан даа. Шүүх мөнгөтэй хүнд, эрх мэдэлтэнд үйлчилдэг гэж иргэд маань оргүй гүжирдэхгүй л дээ. 

Ийнхүү хараат бус, харилцан хяналт тавьж, хариуцлага тооцож байх ёстой засаглалууд маань бие биетэйгээ холилдоод сүлбэлдчихсэн юм чинь бид шударга ёс, эрх тэгш хандлага горьдоод хэрэггүй ээ. 

Тэгвэл гарц нь юу юм? Дээрх гурван бүтцүүдийн  тусдаа, хараат бус байдлыг хангасан Ерөнхийлөгчийн засаглалыг л сонгох нь ганц зөв зам юм аа. Мэдээж энэ өөрчлөлтийг эсэргүүцэгчид олон бий. Ялангуяа намчингууд гэх намын улаан фэнүүд их эсэргүүцдэг. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Яаж ийгээд УИХ-д орчихвол мөнгөний авдарт (Засгийн газарт) ойрхон очдог учраас тэд тийшээ үхэн хатан зүтгэдэг. Тэд мөнгө үнэртээд байгаа учраас тэр. Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцдэг нөгөө нэг хэсэг бол намчин бус иргэд юм. Эд нарын хэлдэг гол үндэслэл нь урд, хойд хоёр хөрш маань үндсэндээ нэг хүний болон намын дарангуйлалтай учраас дунд нь манайх Парламентын засаглалтай байвал хоёр хөршийн нөлөөнд автахгүй гэдэг тайлбар. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол НЭГ хүнийг (Ерөнхийлөгчийг хэлж байгаа санаа)  хөршүүд маань амархан худалдаад авчих юм гэнэ. Харин 76 хүнийг худалдаж авахад амаргүй гэнэ. Энэ тайлбарыг  хадны мангааны үлгэртэй агаар нэг гэхэд болно. 

Дээр хэлсэнчлэн, Ерөнхийлөгчийн засаглалын үед гурван бүтэц нь хараат бус оршдог бөгөөд харилцан хяналттай байхыг хуульчлаад өгчих учраас хэн нэг нь (жишээ нь, Ерөнхийлөгч) эрхээ хэтрүүлж улс орондоо хохиролтой үйлдэл хийх боломжгүй болох юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн гадны улс орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүд нь УИХ-аар дамжиж хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болох жишээтэй. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгч бол засгийн газраа тэргүүлдэг, УИХ нь хууль тогтоомжоо бичиж баталдаг учраас хариуцах ажил, хүрээ нь тусдаа, хэрэв хэн нэг нь алдаа хийвэл хараат бус шүүх нь хариуцлагыг нь тооцоод явдаг байх учраас засаг тэргүүлдэг нэг хүн гадаад улсад худалдагдаад улс орноо баллаад хаячихна гэж ярих нь хадны мангаагаар хүүхэд айлгадагтай ижил хэрэг юм аа.

Ер нь яагаад намчингууд УИХ-д орох гэж мөнгө хайрлахгүй цацдаг вэ? Хууль бичих дуртайдаа биш юм аа, харин цацсан мөнгөө хэд дахин нугалж олж чадах учраас зөгийн бал шиншилсэн баавгай шиг дайрдаг юм. Зөгийн бал нь гүйцэтгэх засаг буюу мөнгө ихээр эргэлддэг Засгийн газар юм аа.

Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ? Юуны түрүүнд Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулж засаглалынхаа хэлбэрийг сольж бичих хэрэгтэй. Парламентын засаглалыг халж Ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглаад зохих өөрчлөлтүүдийг хуулиндаа оруулах шаардлагатай. Үүний дараа бусад чухал хуулиудыг ч эргэж харах хэрэгтэй болно. Үүнд, УИХ-ын тухай хууль, Намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Шүүхийн тухай хууль гэх мэт.

Энэ бүх өөрчлөлтийг УИХ хийх ёстой. Үүний дараа УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль зарлаж явуулна. Мөн шүүхийг шинэ хуулийн дагуу  байгуулна.

Мэдээж намчингуудаар дүүрсэн УИХ ийм өөрчлөлт хийхгүй л гэнэ. Үүн дээр л иргэд шаардаж тэмцэх шаардлагатай байгаа юм л даа. Тэрнээс биш бид луйварчдаас ажлаа хий гэж шаардах, элдэв хулгайчдыг барьж шийтгэ гэхчлэн жагсах нь үнэндээ ямар ч үр дүнгүй юм. Суурь фундаментаа өөрчлөхгүй бол наана нь илэрсэн идээ бээрийг мэдчихээд, арилга, пүү паа гээд ямар ч нэмэргүй. Хэсэг байж байгаад дахиад л өөр газраас идээ бээр нь гараад эхэлнэ, дахиад л орилолдоно.

УИХ засаглалын хэлбэрийг солихгүй гэвэл бүх ард түмний санал хураалт явуулахыг шаардах нэг зам байж болох юм. Иргэд маань алийг нь сонгохоо шийдэг. Одоо байгаа Парламентын гэх хэлбэрийг үү, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалыг уу гэдгээ сонгог.

Харамсалтай нь Референдум (бүх нийтийн санал асуулга) явуулаад амжилт олох магадлал тун бага, учир нь олон жилийн турш нам засаг маань иргэдээ улс төр, нийгмийн тухай ямар ч мэдлэггүй, харанхуй байлгаж ирсэн учраас "хар масс" зөв сонголт хийх эсэх нь эргэлзээтэй. Дээрээс нь намчингууд энэ өөрчлөлтийн эсрэг маш том кампанит ажил явуулж, үүндээ бүх л мэдээллийн хэрэгслийг мөнгөөр зодож ашиглан сөрөг сурталчилгаа хийх нь ойлгомжтой. 

Тийм болохоор иргэд гудамжинд гарч л өөрчлөлтийг шаардахаас өөр арга алга шиг. Зохих мэдлэг, мэдээлэлгүй иргэд маань гудамжинд гарахдаа ч хойрго, буруу зөвийг ч ялгаж салгах, дүгнэлт хийх  чадвар хомс, дээрээс нь нэмээд тархиа угаалгачихсан байдаг болохоор үнэндээ ойрын ирээдүйд өөрчлөлт сайжралыг хүлээгээд нэмэргүй ч юм шиг. Дахиад хэдэн жил ингэж тарчилж, гасалцгаах улс юм бол доо. 

Хажуудах Казахстан цойлоод алга боллоо, хорьхон жилийн дотор Гуулин улс дэлхийн шилдэг улсуудын нэг болж, бараг л нэг түвшинд байсан Азийн орнууд бар ирвэс цол зүүгээд  танигдахгүй болжээ. Энэ бүхнийг харсаар байж л хоосон атаархах бид хөөрхий юм даа. Энэ янзаараа бол хар масс гэгээрч, хувьсгал хийтэл дахиад хорь гучин жил шавар намагтай замаар туучих юм уу?  Тэгвэл одоо гурван хүний нэг нь ядуу байгаа бол удахгүй таван хүний гурав нь ядуугийн армид бүртгэгдэх биз ээ. Ямар заяа нь хаячихсан улс гэхээрээ ингэдэг байна аа? 


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө