МАНгасууд дахиад 4 жил амар сайхандаа жаргаж дээ

2020 оны УИХ-ын сонгууль дуусч дүнгээ гаргалаа. Үе үеийн сонгуультай адил бас л бөөн маргаантай болж өнгөрлөө. Одоо мэдэгдэж байгаа дүн ёсоор УИХ-ын 76 суудлыг 2 нам, 2 эвсэл, 1 бие даагч хувааж авчээ. 

Үүнд:

- МАН  - 62
- АН    - 11
- Та бидний эвсэл -  1
- Зөв хүн электорат эвсэл - 1
- Бие даагч - 1

Үндсэндээ энэ сонгуулийн өмнөх дүр зураг хэвээрээ шахуу үлджээ. Хуучин УИХ-д МАН 65 суудалтай байсан бол энэ сонгуулиар 3 суудал л алдсан байна. Харин АН 9 төлөөлөлтэй байсан бол 11 болж нэмэгджээ. 

Миний адил олон хүн сонгуулийн үр дүнг сонсоод шоконд орсон. Яагаад гэвэл энэ хүмүүс өөрчлөлтийг хүлээж байсан юм. Яагаад өөрчлөлт гэж?
Яагаад гэвэл дийлэнх олонхи болж төр засгийн эрхийг авсан МАН өнгөрсөн 4 жилд олигтой дэвшилд хүргэж чадаагүй учраас тэр. МАН-ын УИХ дахь төлөөллүүд, төрийн өндөр алба хашигчид ёс зүйгүй үйлдэл гаргаж нийгэмд бухимдал үүсгэж нэрээ баастсан. 

Эргэн санавал, анх л 2016 оны УИХ-ын сонгуулийн дараахан 60 тэрбумын гэх хэрэг илэрч МАН-ын хууль бус ажиллагаа шуугиан тарьсан. Энэ хуйвалдааны гол оролцогч Ц.Сандуй (тухайн үедээ нийслэлийн МАН-ын дарга бөгөөд НИТХ-ын дарга байсан) нарын 2 хүн хэрэгт татагдсан. МАН-ын дарга байсан М.Энхболд харин цэвэрхэн мултраад өнгөрсөн. Ц.Сандуйд анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял оноосон боловч давж заалдах шүүхээс уг шийдвэрийг прокурорт буцаасан. Өөрөөр хэлбэл, Сандуй нарын холбогдсон 60 тэрбумын гэх хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа гэсэн үг.

Ингэж дуулиантайгаар төр засгийн эрхийг авсан МАН өнгөрсөн жилүүдэд хаширсангүй ''зүггүйтсээр'' хугацаагаа дуусгаж 2020 оны сонгуультай золгосон доо. Эрх баригчид маань олонхи болсондоо дулдуйдаж, ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн дээ. 

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн  сайд бөгөөд УИХ-ын гишүүн  Б.Батзориг өөрийн яамны мэдэлд байх Жижиг Дунд Үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөртөө болон  ''ангийнхаа бусад хүүхдүүдэд'' харамгүй зээл өгсөн хэргээр ялд унаж байгаа. (Эндээс үзнэ үү
Одоогоор уг сангаас зээл авсан УИХ-ын гишүүдээс 4 нь албан ёсоор хэрэгт татагдсан байгаа: Г.Солтан, Д.Дамба-очир, Б.Ундармаа, Л.Энхболд 
МАН-ын нийт 30 УИХ-ын гишүүн, сайд нарын нэр дуулдаж байгаа. Тэр ч байтугай МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө дүүдээ зээл авч өгсөн гэж яригдаж байна. 
(Энэ далимд сануулахад, тээр жил У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ''Хадгаламж банкны'' гэх хэргээр шүүхээс 5 жилийн хорих ял авч байсан боловч Дээд Шүүхэд давж заалдаад хэрэгсэхгүй болгуулж байсан түүхтэй.)

ЖДҮ сангийн зээл 3%-ийн хүүтэй юм билээ. Жинхэнэ жижиг, дунд бизнес эрхлэгч нарт олгох ёстой зээлийг өөрсдийн албан тушаал, танил тал, давуу байдлаа ашиглаж өөрийн болон хамаарал бүхий этгээдийн компаниудад авсан эрх баригчдад ард түмэн дургүйцэж, мэдээллийн суваг болгоноор л харааж зүхсэн. Зээл авсан эрх баригчдаа ''ЖДҮ-чин'' гэж өхөөрддөг болсон доо. Нийтдээ Ерөнхий сайдыг оруулаад 50 УИХ-ын гишүүд  ''ЖДҮ-чин'' цолоор шагнуулаад байна.  Үүнээс 30 гишүүнийг нь 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дахин нэрийг нь дэвшүүлжээ. 

МАН-ын булхай ЖДҮ-гээр дуусахгүй. ЖДҮ-гээс гадна эрх баригчид тэндэр дээрэмдэх, концесс булаах, лиценз зарах зэргээр зөндөө л нүгэл үйлдсэн тухай ярьдаг. Энэ тухай зөндөө л баримт сэлттэй бичигдсэн байдаг.

 Өнөөдөр шударга дүр эсгэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг нь намынхаа нэр хүндийг сэвтээсэн дээрх нүглийг үйлдэгсэдийг 2020 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй гэж зарлаж сүрийг бадруулж байсныг санаж байгаа биз дээ? Гэвч дээр хэлсэнчлэн 30 ЖДҮ-чин, концессчин, тэндэрчинийг дахин нэр дэвшүүлсэн. Ингээд л мань эр худлаа сүржигнэдэг гэдгээ нотолсон доо. Чухам л сэлмээр цавчаад өгнө гэж сүржигнэж байв даа.
Сүр Данзан гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй байх даа, мань эрд.

Хэдий ийм байсан ч МАН 2020 оны УИХ-ын сонгуульд өмнөхөөсөө дутахгүй амжилт гаргаж ялсаны учир юунд байв? Дээр хэлсэнчлэн, нэр хүндээ баастах нүгэл үйлдчихээд байхад шүү дээ! За тэр хүчингийн хэрэг хийсэн гишүүн, хүн амины хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтан, бэлгийн дарамт үзүүлсэн гишүүний хэрэг зэргийг нь орхиё! 

МАН саяны сонгуульд ийм олон суудал авсаны буюу бусад нам эвслүүд ялагдсаны шалтгаан юу байв аа гэдгийг тунгааж үзье.
Энэ удаагийн сонгууль тус бүр 2-3 мандаттай 29 том тойрогт мажоритар сисемээр явагдсан. Сонгуулийн хуулийг өөрсөддөө тааламжтай байж болно гэсэн хэлбэрээр өөрчлөн баталдаг нь МАНАН-гийн уламжлал.
Тойргуудад мандат хувиарлахдаа хүн амын тоог нь харгалзаагүй. Өөрөөр хэлбэл, нэг мандатад оногдох сонгогчийн тоо тойрог бүрд адил тэнцүү байх болзол хангагдаагүй. Мөн гадаадад байнга болон түр оршин суугаа болон санал авах тухайн өдөр гадаадад оршин байгаа иргэдийнхээ саналыг авахгүй гэж хуульчилсан нь багцаагаар 200 мянган иргэдийнхээ сонгох эрхийг шууд боомилж хаасан явдал болсон.

Хулгайч, луйварчдаар дүүрсэн эрх баригчдыг энэ сонгуулиар буулгаж чадаагүйн шалтгаан хэд хэд бий гэж үзэж байна:

1. МАН VS Бусад гэсэн зохион байгуулалтаар ажиллаж чадаагүй.
Өөрөөр хэлбэл, эрх баригчдын эсрэг бусад хүчнүүд нэгдэж чадаагүй. Үндсэндээ хоёр л блок болох байсан юм. Бусад гэдэгт АН болон бусад бүх намууд, бие даагчид орж эвсэл байгуулж сонгуульд нэг баг болж орсон бол сонгогчдын санал тусгалаа зөв олох байлаа. Хуульчилсан систем нь мажоритар боловч хэрвээ дээрх загвараар явсан бол бараг л пропорционал гэж хэлэхээр болох байж.

2. Эрх баригчдын давуу байдал
Зүй нь аливаа төрийн сонгуульд оролцож байгаа нам хэрвээ тухайн үед төр засгийн эрхэнд байгаа бол тэр  давуу байдлаа сонгуульд ашиглаж болохгүй байх ёстой. Төрийн ямар ч ажилтан зөвхөн сонгууль зохион байгуулах, явуулах ажилд томилогдсоноос бусад тохиолдолд сонгуулийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглосон хуулийн зохицуулалт байх хэрэгтэй. 
Засаг захиргааны анхан шатны нэгжээс авахуулаад бүх шатанд төлөөлөлтэй МАН энэ давуу байдлаа ашигласан.

3. Мөнгөний сонгууль
Нам бүр санхүүгийн чадвар харилцан адилгүй. Тэр утгаараа сонгуулийн сурталчилгаа хийх, ажиллах хүчин хөлслөх боломж нь янз бүр. Сурталчилгааны материал (сэтгүүл, сонин, ухуулах материал г.м) хэвлүүлэх, онлайн дээр реклам байршуулах, мэдээлэл тавиулах, хэвлэл болон ТВ зэрэг мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх зэрэгт маш их мөнгө шаардлагатай. 

4. Сурталчилгаа тэгш бус  
Санхүүгийн чадвар зөрүүтэй учраас сурталчилгаа маш ялгаатай явагдсан. Зүй нь сурталчилгааны материал нэг загвартай, нэг хэмжээтэй, ижил тоотой хэвлэгдэж тараагддаг байвал тэгш шударга байх юм. За энд тэнд тарааж байрлуулсан самбар бол замаа алдсан. Үүнийг ч гэсэн цэгцэлж журамлах хэрэгтэй. Сонгуулийн сурталчилгааны хугацаа маш давчуу учраас сонгогч бүр нэр дэвшигчидтэй нэгбүрчлэн танилцах боломж олдоогүй. Ялангуяа санхүү муутай нэр дэвшигчид, бие даагчид энэ богино хугацаанд хүн бүрт хүрч ажиллаж чадаагүй хоцорсон. 

5. Булхай
Сонгогчдын санал авахын тулд элдэв булхайтай арга хэрэглэсэн гэдэг олны хэл ам бий. Хамгийн гол арга нь бэлэн мөнгө өгөх явдал. Мөнгө өгөхдөө регистрийн дугаар цуглуулах аргыг хэрэглэсэн гэдэг. Энэ нь иргэдийнхээ мэдлэггүй байдлыг ашигласан зальтай мэх юм. Тухайн онилсон сонгогчоос эхлээд тодорхой хэмжээний мөнгө өгвөл манай намын нэр дэвшигчдэд саналаа өгөх үү гэж асууна. Хэрэв зөвшөөрвөл тэр сонгогчийн регистрийн дугаарыг авна. Тэгээд ингэж хэлнэ: ''Та манай намын хүний төлөө саналаа өгөөд сонгуулийн дараа мөнгөө аваарай. Хэрвээ худлаа хэлээд өөр хүний нэр дугуйлбал регистрийн дугаараар чинь шалгаад мэдчихнэ.''

Мөн саналаа яаж өгсөнөө баримтжуулаад гар утсаараа зураг авчихаад гарч ирээд үзүүлбэл амласан мөнгөө өгдөг хувилбарыг ч хэрэгжүүлж байсан гэнэ. Зарим нэг этгээд болгоомж алдаад гар утасныхаа зураг авах үед дуугардаг дууг хаагаагүй учраас саналын хуудсаа бөглөчихөөд зураг авах үед нь шажигнасан дуу гарч баригдсан тохиолдол гарчээ. Хэдийгээр хуулиараа санал авах байранд бичлэг хийх, зураг авахыг хориглосон ч гэсэн нэгэнт л иргэдээ санал авах байранд ороход нь нэгжлэг хийнэ гэж заагаагүй юм чинь иргэд маань гар утсаа чөлөөтэй хармаалаад л орж байсан хэрэг.

Сонгогчийн нэрийн жагсаалтанд тухайн айлын хаяг дээр огт танихгүй хүмүүс бичигдсэн байсан гэдэг яриа ч явж байна. Царцаа гэж ч нэрлэдэг энэ арга бас энд тэнд хэрэгжсэн сураг байна.

Дээрх олон шалтгаанууд зохих хэмжээгээр нөлөөлсөний дотор эхний шалтгаан хамгийн их нөлөөлсөн гэхэд буруудахгүй байх. Өөрөөр хэлбэл, нэгэнт л эрх баригчдыг буулгаж авая гэж бодож байгаа бол бусад нь нэгдэж нэг баг болж тэмцэх ёстой байсан юм. Бие даагч нар ч ялгаагүй эвсэх ёстой байлаа. Эвсэл болж ороод л ялсан хойноо эсэн бусын тохироогоо хийж болох л байлаа. Гэхдээ мэдээж том эрх ашгаа буюу улсынхаа эрх ашгийг эхэнд нь тавина шүү дээ. Гэвч харамсалтай нь МАНгасын эсрэг нэгдэж чадаагүй учраас үхлийн цохилт авч байгаа нь энэ. Одоо гаслаад яахав. Тархай бутархай тэмцээд ялалтанд хүрдэггүй жишээг үзэхээрээ л нэг болсон боловч хашрахгүй тэнэгүүд юм даа. 

Олон тархай бутархай жижиг "гөлөгнүүдийг"  нэг нэгээр нь ганцхан ширвээд хаясан хэзээ ч ханаж цаддаггүй өлөн МАНгас одоо эрх дураараа тонгочох 4 жилийн жаргал эхэллээ дээ. Харж л бай.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө