Үндсэн Хуулийн өөрчлөлт буюу Шүдгүй арслан

Үндсэн Хуулиа өөрчлөх тухай ярьж эхэллээ. Ер нь бол өөрчлөх нь зөв. Өөрчлөх шаардлага байгаа учраас өөрчлөе гэнэ биз дээ? Тэгвэл ямар шалтгаан  байна? Хамгийн гол шалтгаан нь төр засгийн бүтцүүд өнөөгийн хуулийн зохицуулалтаар цаашид ажиллаж чадахгүй юм байна гэдэг нь өнгөрсөн 20 гаруй жилд батлагдсан  явдал. Баталгаа нь юу вэ? Энэ олон жилд үргэлжилж буй засаглалын хямрал , төрийн гурвал өндөрлөг гэх эрх мэдэлтнүүдийн зөрчил, ойлгомжгүй бөгөөд зөрчилтэй эрх мэдлийн хувиарлалт үүнийг батална. Олон ч засгийн газрууд хугацаанаасаа өмнө татан буугдаж, эрх мэдэл хомс Ерөнхий сайд нь  улс төрчдийн тоглоомын хөзөр болж ирсэн бол  Ерөнхийлөгч нь бэлгэдлийн гэх боловч засгийн ажилд оролцох ёстой ч юм шиг ийм нэг хачин жонхуу олон жил хутгаж идлээ, бид.

Тийм учраас одоо энэ ойлгомжгүй байдлыг засаж, ойлгомжтой болгох цаг болжээ. Гэхдээ яаж гэдэг нь их чухал. Олуулаа хэлэлцэж, нухацтай ярьж шийдэх үү, эсвэл 76 хүнд даатгах уу гэдэг асуулт. Нөгөөтэйгүүр, Үндсэн Хуулиа шинээр бичих үү, эсвэл нэмэлт өөрчлөлт буюу өнгөн засвар хийх үү гэдгээ бас шийдэх хэрэгтэй байна. Иргэд маань энэ 2 асуултанд эхлээд нэг утгатай хариулт өгмөөр байна. Үүнийгээ шийдсэний дараа эх хуулиа хөндөх ажилдаа орох нь зөв болов уу.

За тэгвэл аль алиныг нь шинжиж үзье л дээ.
1. Ард түмнээрээ хэлэлцэж шийдэх үү, эсвэл УИХ-д даатгах уу гэж асуувал иргэд маань ихэнх нь олуулаа хэлэлцэе гэх болов уу гэж бодож байна.
2. Үндсэн Хуулиа шинээр бичих үү, эсвэл өнгөн засвар хийх үү гэдэг нь бас чухал асуудал. Шинээр бичнэ гэдэг нь засаглалынхаа  тогтолцоог өөрчлөнө гэсэн үг. 

Одоогийн манай тогтолцоо бол парламентын  засаглал юм. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засгаа парламентаас баталдаг. Хууль тогтоох бүтэц ба Гүйцэтгэх засаг хоёр хоорондоо орооцолдсон, холилдсон  байна. Ерөнхийлөгч нь хязгаарлагдмал эрхтэй. Манай парламент (УИХ) Засгийн газраа баталж, хариуцлага тооцно гэх боловч өөрсдөө давхар дээл өмсөөд жинхэнэ утгаараа холилдож бантан болсоныг  бид мэдэж байгаа. Хариуцлага тооцно гэхээр эзэн нь тодорхой биш болчихдог. УИХ-тай тооцох уу, эсвэл түүнээс сонгогдсон Ерөнхий сайдтай тооцох уу гэдэг нь ойлгомжгүй. Зарим иргэд  хагас дутуу эрхтэй Ерөнхийлөгч рүү дайрч хариуцлага нэхдэг. Гэтэл Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлдоггүй, гүйцэтгэх засгийн тэргүүн биш учраас ял үүрүүлэх нь шударга биш юм.   Ингээд энэ гурван этгээд (УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч) хариуцлагаас цэвэрхэн мултарч , харин иргэд маань, улс орон маань үр дүнд нь хохироод өнгөрдөг энэ заваан байдлыг одоогийн энэ эрлийз тогтолцоо бий болгож иржээ.

Энэ ойлгомжгүй жонхууг арилгаж цэвэрлэх ганц л арга бий. Энэ бол Үндсэн Хуулиа шинээр бичиж, хариуцагч этгээдүүдийг зохих байранд нь тавьж, эрх мэдлийг нь өгч, гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал гурвыг зааг ялгаатай, ойлгомжтой болгох явдал юм. Парламентын засаглал манайд тохирохгүй нь олон жилийн үйл явц үр дүнгээр нотлогдсон учраас бид системээ өөрчлөх хэрэгтэй болжээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн засаглал тогтоож, хариуцлага  хүлээх, харилцан хянах бүтцийг бий болгох хэрэгтэй  байна.

Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглал юугаараа ялгаатай вэ? Зарим иргэдийн хэлээд байгаа шиг  эрсдэлтэй , аюултай засаглал биш гэдгийг  эхлээд хэлье. Парламентын засаглалаас ялгарах гол ялгаа нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн гүйцэтгэх засгаа толгойлдогт оршино. Ерөнхий сайд гэдэг орон тоо байхгүй болно гэсэн үг. Парламентаас (УИХ-аас) биш, харин бүх ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа байгуулж, сайд нараа өөрөө сонгож багаа бүрдүүлээд хэн нэгнээс хараат бишээр ажлаа хийдэг. Давхар дээлний асуудал байхгүй болно. Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн ба гүйцэтгэх засаглалын тэргүүн байх юм.
УИХ нь хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг ажлаа хийж, Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа тэргүүлж улс орныхоо аж ахуйн ажлаа хариуцаад, гадаадад улс орноо төлөөлөөд  явна гэсэн үг.

Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол ганц хүн гадны улсын нөлөөнд автах аюултай гэдэг болгоомжлол  их яригддаг. Улс орны эрх ашигтай холбоотой бөгөөд гадны этгээд оролцсон аливаа томоохон асуудлыг Ерөнхийлөгч дангаараа шийддэггүй , заавал УИХ-аар оруулж санал дэмжлэг авдаг байхаар хуульчлаад өгчихвөл энэ асуудал шийдэгдэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч хэдийгээр засгаа тэргүүлдэг боловч иймэрхүү томоохон асуудлаар заавал Конгрессийн дэмжлэг зөвшөөрөл авч байж шийддэг.

Бид 4 жилийн дараа Ерөнхийлөгчийн ажилд дүн тавьж хугацааг нь дахин сунгах уу, эсвэл зайлуулах уу гэдгээ шийддэг болно. Хэрвээ Ерөнхийлөгч хуулийн хугацаандаа алдаа эндэгдэл (авилга авах, гадны улсын этгээдэд үйлчлэх, эх орны эрх ашигт хортой үйлдэл хийх, Үндсэн Хууль зөрчих, эх орноосоо урвах гэх мэт.)  гаргавал огцруулж болох зохицуулалт мэдээж байх нь зүйтэй. Бас нэг гал хамгаалагч гэх юм уу даа. Мэдээж энэ зохицуулалтыг Үндсэн Хуулиндаа хийж өгөх хэрэгтэй. Бусад орны туршлагаас харвал, хууль тогтоогчдын гуравны хоёроос доошгүйн саналаар итгэл хүлээлгэхгүй гэж тогтоовол Үндсэн хуулийн Цэцэд шилжүүлж, тэнд мөн хэмжээний санал авсан тохиолдолд огцруулахаар, мөн ард түмний санал асуулгаар шийдэх гэх мэтээр  зохицуулсан байх юм. (Үндсэн Хуулийн Цэцэд ийм эрхийг хуульчилж өгөх хэрэгтэй болно. Огцруулсаны дараа уг хэрэг шүүхээр шийдэгдэнэ)

Ингэж  засаглалынхаа хэлбэрийг өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгож, Үндсэн Хуулиа шинээр бичсэнээр бид бүх юмаа шинээр эхэлж, ажил хийнэ гэж сонгогдсон аливаа этгээд ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээдэг, хүлээлгэдэг ёс журмыг тогтоож чадна.
Одоо эрх барьж байгаа хүчин болон бусад олон хүмүүс, зориудаар болон эс мэдэхийн гайгаар Үндсэн Хуулиа шинээр бичихийн эсрэг байгаа. Тэд зөвхөн өнгөн засал хийгээд УИХ гэх хязгааргүй эрхтэй этгээдийн ноёлох үүргийг хэвээр үлдээх сонирхолтой байна. Тэд Ерөнхий сайд болон Засгийн газрын сайдуудыг томилдог эрхээ хадгалж үлдэх гэж , хууль санаачилж бас засгийн ажилд хошуу дүрэх гээд байдаг Ерөнхийлөгчийн эрхийг алга болгох гэж, бүр чадвал Ерөнхийлөгчийг ард түмнээс биш УИХ-аас томилдог болгох гэж бүх л эрх мэдлээ ашиглан ухуулж байна. Одоо орон даяар явуулж байгаа Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг  гэдэг нь ганц ийм л зорилготой байна гэж харагдаж байна.
Иргэд үүнийг буруушааж, дээр өгүүлсэнээр 2 асуудал дээр эхлээд шийдлээ тохирч байж хэлэлцүүлэг рүүгээ орох хэрэгтэй гэдгийг шаардах хэрэгтэй байна. 

Одоо хэлэлцүүлж байгаа гэх төсөлд саявтархан зохион байгуулсан  Зөвлөлдөх санал асуулга гэгчийн үр дүнд гарсан  саналуудыг тусгасан гэнэ. Энэ төсөлтэй холбогдуулан иргэн бүр санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэгт оролцох боломжтой аж. Гэхдээ тухайн санал, өөрчлөлтийг оруулах эсэх тухай эцсийн шийдвэрийг Төсөл боловсруулах ажлын хэсэг (ахлагч нь УИХ-ын гишүүн Д.Лүндаажанцан) гаргах юм байна. Төсөл бэлэн болсоны дараа 9 сарын 10-нд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Хэрвээ энэ төлөвлөгөөгөөр явбал эцсийн шатанд УИХ-ын 76 гишүүн Үндсэн Хуулиа өөрчлөх юм байна. Дэндүү цөөхөн хүн энэ хамгийн чухал хуулиа хөндөх юм байна. Нөгөөтэйгүүр, нэг нам УИХ-д олонхи байгаа үед энэ өөрчлөлтийг хийх нь бас зохимжгүй бөгөөд ихээхэн хар дагуулна.

За тэгээд одоо хэлэлцүүлж байгаа төсөлд ямар өөрчлөлт хийх саналууд орж вэ гэдгийг харъя.

- Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хассан
- Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хассан
- Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно ("давхар дээл")
- Үндсэн 5 чиг үүргийн яамтай байна (ХЗДХ, Сангийн, Гадаад хэргийн, БХЯ, Байгаль Орчны)

Дээрх саналууд тусгагдсан төслийг одоо бүх нийтээрээ ийнхүү  "хэлэлцэж"  эхэллээ. Хөдөө орон нутагт болон хотод  энэ арга хэмжээ ид явагдаж байна. Иргэдийн янз бүрийн зарчмын өөр саналыг тусгахаасаа илүү уг төсөлд тусгагдсан дээрх өөрчлөлтүүдийг дэмжүүлэх ухуулга сурталчилгааны ажил  өрнөж  байгаа бололтой. УИХ-ын ажилтнуудаас бүрдсэн тусгай багууд аймгууд руу нисэж хэлэлцүүлэг нэртэй ухуулгын кампанит ажил явуулж байна.
Гадаадад байгаа иргэд онлайнаар саналаа өгч болох юм гэнэ. Ер нь иргэн бүр хэлэлцүүлэгт оролцож саналаа хэлж болох боловч, дээр хэлсэнээр эцсийн үгийг Лүндаажанцан даргатай ажлын хэсэг хэлнэ. Тэд уг төслийн эцсийн хувилбарыг яаж бичихээ  шийднэ гэсэн үг.


Хэрвээ эрх баригчдын зорилго бүтэж, одоо хэлэлцүүлж байгаа гэх төсөл нь УИХ-аар ороод батлагдчихвал юу болох вэ?
Ерөнхийлөгч гэдэг хүн жинхэнэ бэлэг дэмбэрэлийн чанартай, шагнал гардуулах, элчин сайдын жуух бичиг хүлээж авах, Наадам нээж үг хэлэхээс  өөр ажилгүй хүн бий болно. Төрийн тэргүүн гэх шүдгүй арслан төрнө.
УИХ -ын эрх мэдэл улам нэмэгдэж, Ерөнхий сайд болон бусад сайд нарыг томилдог хэвээрээ, тодорхой тооны дивтаат яамны сайд хийж болохыг  хуулиар (Үндсэн Хуулиар давхар дээлийг баталгаажуулж байна шүү!) баталгаажуулах болно. Эцсийн дүндээ байдал өөрчлөгдөхгүй, харин ч УИХ-ын дивтаат болох юм бол халдашгүй мундаг эрх мэдэлтэн болно гэдэг ойлголт улам бэхжиж, ямар ч үнээр хамаагүй парламентын гишүүн болох улайрал улам даамжирна. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл, хууль тогтоогч, хэрэгжүүлэгч, хянагч байна гэдэг ойлголт алга болно. Тэд сайд томилох, унагаах эрх мэдэл нь  эд баялагт хүрэх арга зам гэж ойлгоно. Давхар дээл бол бас нэг соронз болно.

Эрс өөрчлөлтийг хүсэж байгаа иргэн бүр дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байна. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох хоёрыг тусдаа болгосоноор хэнтэй хариуцлага тооцох, үр дүн нэхэх вэ гэдэг нь ил тодорхой болно. Хамгийн энгийн логикоор бодоход л энэ 2 этгээд холилдохоо больж, салж тусгаарласанаар хууль тогтоох байгууллага нь элдэв далд зорилготой бизнесмэн болон бусад этгээдийн шургалдаг газар байхаа больж, илүү мэргэшсэн хүмүүс оюуны ажил хийж ухаанаа уралдуулдаг газар болох юм. Ямар ч ашиггүй юм бол ямар тэнэг бизнесмэн тэнд очиж цаас шагайж цагаа үрж суух билээ?  Аль нэг намаас биш, ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч өөрөө сонгосон багтайгаа амжилттай ажиллаж ард түмнийхээ талархлыг хүлээхээ бодно биз дээ? Эсвэл өөрийн ч юм уу өрөөлийн намын хэн нэгэнд тал засаж,тэнцэх тэнцэхгүй амьтан ажилд авч, өөрийнхөө засгийн ажлыг унагаж эцэс сүүлдээ нэр хүндээ баастай хутгаж ард иргэддээ нүдэнд орсон хог шороо шиг болохыг хүснэ гэж үү? Мэдээж Ерөнхийлөгчийг сонгосон ард түмэн, парламент болон шүүх засгийнхан  ажиглаж хянах нь ойлгомжтой. Бас дээр нь 4 дэх засаглал гэх хэвлэл мэдээллийнхэн ажлаа хийх юм бол Ерөнхийлөгчөд албан тушаалаа урвуулан ашиглах, ажлаа муу хийх ямар ч боломж байх ёсгүй.

Ямар замаар явахаа ард иргэд маань шийдэх болж дээ. Үндсэн Хуулиндаа өнгөн засал хийгээд хуучнаараа хэрүүл уруултай цухалдаж дахиад 25 жил мөлхөх үү, эсвэл эрс өөрчлөлт хийгээд бүх юмаа шинээр эхлэх үү гэдэг асуулт. Ж.Эрдэнэбатын засгийн газар огцрох тухай шуугиад эхэллээ. Энэ бол танил дүр  зураг. Хойшид хичнээн ч засгаар тоглохыг бурхан л мэднэ. УИХ төрүүлсэн засгаа хэзээ дуртай цагтаа, хэдэн ч удаа унагаж чадна. Тэр хэмжээгээр улсын ажил, ард түмний амьдрал саатаж, доголдож будилна. Харин ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчийн засгийн газрыг УИХ унагааж тарааж тоглох ямар ч боломж байхгүй. Тэр хэмжээгээр засаг тогтвортой байж, хийх ажлаа саадгүй гүйцэтгэж иргэддээ тайлан тавих боломжтой. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмнэ ч гэх шиг алиа юм яриад байгаа. Нэмээд нэмээд УИХ-ын гараас гарах биш дээ. Тэндээс сонгогдсон хүүхэлдэй хэвээрээ л байна шүү дээ.





Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө