Корона гайхал

 


Өнөөдөр 2021 оны 8 сарын 3. Корона вирус одоогийн  байдлаар нийт 827 Монгол хүний амийг хөнөөжээ. 8 сарын эхний гурван  өдөрт  нийт 12 хүн өнгөрсөн байна.  Өдөрт халдвар авсан гэж оношлогдсон хүний тоо 1-2 мянгад хэлбэлзэж байна. Нийт өвчилсөн хүний тоо 167 мянга  хүрлээ.

Энэ өвчний албан ёсны нэр нь SARS-CoV-2 юм. Анх энэ тахал 2019 оны 12 сард Хятадын Ухань хотод дэлгэрсэнээс хойш 2020 оны 3 сар хүртэл манай улс "цэвэр" байсан боловч мөн сард  Монголд ирсэн  Францын нэгэн иргэн халуурч эхэлсэнээр энэ өвчин анх манайд бүртгэгдэж байсан түүхтэй. Ердөө 3 сар л тэсчээ. 

За тэгээд халдварласан хүний тоо бага багаар нэмэгдсээр 2020 оны 12 сарын сүүл хавьд 1000 хүрлээ. Уханьд анх гарсанаас яг 1 жилийн дараа гэхэд 1000 хүнтэй болчихсон байсан хэрэг. Ингээд 2021 оны 3 сараас эхлэн огцом нэмэгдсээр өдгөө 167 мянга хүрч, Хятадыг хол хаяжээ. (Хятадад өвчилсөн нийт хүний тоо 93 мянга гэж бичигджээ.)

Коронаг бүтэн жил барьж чадсан гэдэг бол худлаа юм байна. 3 сар тэсээд л тэгээд аажим аажмаар нэмэгдсээр 4 сар гэхэд өдрийн 1000 хүрсэн. Нэг өдрийн шүү! Мартын 8, цэргийн баяр задгай тэмдэглэсний балгаар 5 сар хүртэл өдрийн халдварын тохиолдол мянгаас буурсангүй.  5 сардаа бага зэрэг буурсан боловч аажмаар өссөөр  6 сарын дунд хавьд өдрийн 2700 хүрч рекорд тогтоожээ. Түүнээс хойш нэг өдөрт бүртгэх халдварын тоо дунджаар 2 мянгаас буусангүй дээ. 

Наадмын эхний өдөр гэхэд л 1700 хүн өвчилж, 11 хүн нас баржээ. Олон зуугаараа үрэгдээд байхад Наадам тэмдэглэнэ гэж мугуйдлах хуурамч эх орончдыг бурхан өршөөг. Наадам өнжүүлж тасалбал тусгаар тогтнолоо алдана гэнэ. Энэ тухай дараа хөндөж ярих тул ингэсгээд орхие. 

Корона гайхлыг эмчлэх эм тан хараахан бий болоогүй байна, гэхдээ туршиж байгаа дуулдсан. Одоогоор ганц сэргийлж чадах арга бол вакцин хийлгэх, хувийн хамгаалах арга хэмжээгээ сайн авч байх л байна даа. Вакцины тухай жаахан дэлгэрэнгүй бичье гэж бодлоо.

Ковид-19 гарсан цагаас хойш олон орнууд вакцин гаргаж авах гэж багагүй хөрөнгө гаргаж, янз бүрийн үзүүлэлттэй вакцин бүтээсэн байна. Одоо хэр нь ч өөр шинэ вакцин дээр ажиллаж л байна.

Одоогоор хамгийн сайн үзүүлэлттэй (үр дүнтэй) вакцинууд гэвэл АНУ-д гаргасан Модерна, Файзер хоёр л байх шив дээ. Энэ хоёр хоёулаа шинэ технологиор бүтээгдсэн. 

Файзер вакциныг АНУ, Германы компаниуд хамтарч гаргасан. Английн судалгааны байгууллагын тогтоосноор Файзер вакцин Ковидоос шалтгаалах  нас баралтаас 97% хамгаалж чадна гэнэ. Эхний тун хийлгэсний дараа хамгаалалт 80% тогтох бөгөөд хоёрдахь тунгийн дараа 97% болно гэнэ. Энэ вакцин нь олон жилийн, магадгүй насан туршийн хамгаалалт болж чадна гэж үзэж байна. Уг вакциныг одоо шуугиан болоод байгаа Дельта хувилбарын эсрэг 88%-ийн үр дүн үзүүлсэн гэж Public Health England байгууллагын 5-р сард хийсэн судалгаагаар тогтоожээ. Удаан хугацаагаар хадгалах бол -70 хэмд байлгах шаардлагатай. Онгойлгоогүй бол гэрийн хөлдөөгчид (-20 хэм)  2 долоо хоног хүртэл хугацаагаар байлгаж болно. Хадгалах, тээвэрлэхэд өндөр шаардлага тавигдана. Одоогоор 12 ба түүнээс дээш насныханд хэрэглэж болох заавартай.

Модерна вакциныг АНУ-ын Модерна компани бүтээсэн. Эмнэлгийн туршилтын 3 дахь шатандаа 94.1% -ийн үр дүн үзүүлжээ. Гэрийн хөлдөөгчинд, -20 хэмд 6 сар хүртэл хугацаагаар, гэрийн хөргөгчинд 30 хоног хадгалах боломжтой. Файзерийг бодвол хадгалахад тийм өндөр шаардлага тавигдахгүй учраас хэрэглэх, түгээхэд амар. 18 ба түүнээс дээш насныханд хэрэглэнэ. Хэдийгээр нас, хүйс, биеийн байдал, угсаа гаралаас үл хамаарч өндөр хувийн хамгаалалт үзүүлж байгаа боловч 65 ба түүнээс дээш насныханд үзүүлэлт нь 86.4% болж буурч байжээ. Гэсэн хэдий ч хамгийн өндөр үзүүлэлттэй вакцины нэг юм. Гаргаж авсан технологи нь Файзертай ижил тул Коронагийн элдэв хувилбаруудын эсрэг ижил үр дүнтэй гэж үзэж байгаа юм байна.

Жонсон вакцин нь бас нэг өөр төрлийн вакцин юм. Гэм хоргүй нэгэн төрлийн вирусыг (adenovirus) тээгч маягаар ашиглаж тусгай генийг биеийн эсүүдэд хүргэдэг. 72%-ийн үр дүнтэй. Бусад вакциныг бодвол ганцхан тун хийдгээрээ давуу талтай. Модерна, Файзер вакцинуудтай харьцуулахад хадгалах нөхцөл энгийн (жирийн хөргөгчинд) бөгөөд дагавар сөрөг нөлөө маш бага. Энэ вакциныг хийлгэсний дараа цөөхөн тохиолдолд цусны бүлэгнэл үүссэн явдал гарсан учраас АНУ-д хэрэглэхийг түр зогсоосон боловч одоо үргэлжлүүлж байгаа. Жонсон компаниас 7-р сард гаргасан мэдэгдэлд тус вакцины Дельта хувилбарын эсрэг хамгаалалт нь сайн гэсэн байна.  

Астразенека вакциныг Швед-Британы хамтарсан компани Оксфордын Их сургуультай хамтарч гаргаж авсан. Жонсонтой ижил төрлийн вакцин. Туршилтын хугацаанд 76%-ийн үр дүн үзүүлж байсан. Компанийн мэдээлсэнээр 65-аас дээш насныханд 85%-ийн үр дүнтэй гэсэн байна. Дельта хувилбарын эсрэг хэрхэн үйлчилдэг болохыг судлаад үзэхэд хоёр тун хийсний дараа 60%-ийн үзүүлэлттэй гарчээ. Энэ вакцин бусад өрсөлдөгчөө бодвол маш хямд үнэтэй, тээвэрлэх,хадгалахад асуудалгүй (жирийн хөргөгчинд 6 сараас дээш хугацаагаар хадгалах боломжтой). Зарим оронд энэ вакциныг хийсний дараа цус бүлэгнэх тохиолдол цөөнгүй гарсан учраас хэрэглэхийг түр хориглосон. Гэвч Европын эм зүйн агентлаг (ЕЭЗА) энэ сөрөг үзэгдлийг ховор тохиолдол гэж үзээд вакцины хэрэглээг зогсоох нь илүү эрсдэлтэй гэсэн шийдвэр гаргасан. 18-аас дээш насныханд хэрэглэх заавартай. 

Хятад вакцинуудаас хэрэглээнд нэвтэрсэн нь Синофарм ба Синовак вакцинууд юм. Хоёулаа хуучин технологиор гаргаж авсан бүтээгдэхүүнүүд. Уламжлалт хуучин технологи гэдэг нь идэвхгүйжүүлсэн вирус ашигласан гэсэн үг. 

Туршилтын үр дүн газар газар янз бүр байсан аж. Синовак вакцины хувьд Бразильд 51%, Чили улсад 67%, Индонез улсад 65%, Турк улсад 84% байсан бол Синофарм вакцин нь  Арабын Эмират улс, Египет, Бахрейн, Жордан улсуудад 78%-ын үр дүн үзүүлсэн гэнэ. 

Амьдрал дээр эдгээр вакцинуудын үзүүлэлт бас янз бүр байна. Чилид хийсэн судалгаагаар Синовак 67%-ийн үр дүнтэй  гарсан бол Синофарм вакцин Бахрейн улсад 90%-ийн үр дүнтэй гэж гарчээ.

Гэвч  хятад вакцин түлхүү хэрэглэсэн зарим улсад сөрөг үр дагавар гарсан байна. Жишээ нь, Сэйшеллийн арлуудад Синофарм түлхүү хийж (Астразенека бага хэмжээгээр), хүн амынхаа 68%-ийг бүрэн вакцинжуулсан боловч саяхнаас халдварын тохиолдол өссөн гэнэ. Ийм тохиолдол гарсан орнуудын тоонд Монгол, Чили зэрэг улсуудыг дурджээ. 

Бахрейн болон Арабын Емират улсуудад мөн Синофарм түлхүү тарьсаны дараа халдварын тоо эрс өссөн тул Файзер вакциныг сэргээх тун маягаар иргэддээ санал болгож байгаа аж. Чили улс хэдийгээр хүн амаа хамгийн сайн вакцинжуулсан 5  дахь орон болж чадсан боловч (хүн амынх нь 58% нь бүрэн тун, 75% нь эхний тунгаа хийлгэсэн) халдвар ба үхлийн тоо эрс нэмэгдсэн тул хатуу хорионд шилжжээ.  

Манай улсын хувьд ч мөн иймэрхүү дүр зураг харагдаж байгаа. Хүн амаа хятад вакцинаар өндөр хувьтай тарьж чадсан боловч халдварын тоо ихсэж байгаа 5 орны тоонд манай улс оржээ. Арабын Эмират улс, Сейшеллийн арлууд, Уругвай, Чили, Монгол.

Монцамэ агентлагийн мэдээлсэнээр, манай улс 5-р сард 2.3 сая тун Синофарм вакцин авсан нь Оросын 80 мянган тун Спутник, Файзерийн 255 мянган тун вакцинаас тооны хувьд хол давжээ.  Энэ 7-р сард Спутникийн 20 мянган тун орж ирсэн бөгөөд 1-р тунгаа хийлгэсэн хүмүүсийг тарих юм байна. Хувийн хэвшлийнхэн цөөн ч гэсэн оруулж ирээд байхад төр засаг нь санаа тавьж байгаа царай алга. Нөгөө л хятад вакцинаа шахсаар...

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) өгсөн мэдээгээр Синофарм вакцин 79%-ийн үр дүнтэй гэж байгаа боловч амьдрал дээр энэ нь нотлогдохгүй л байх шиг. Синовак вакцин нь Синофармаас бага үзүүлэлттэй (51%) гэж анх бүртгэгдсэн. 

Вакцины чанар маш чухал гэдэг нь мэдээж. Хятад вакцин хэдийгээр муугүй гэгдэх боловч дээр дурдсан 5 орны жишээн дээрээс дүгнэхэд бас л хангалтгүй хамгаалдаг гэдэг нь илт байна. 

Спутник вакцин нь Орос улсад бүтээгдсэн. Астразенека, Жонсон вакцин шиг тусгай тээгч вирус ашиглаж хамгаалалт бий болгодог технологи ашигласан бөгөөд гэхдээ 1 биш, 2  тээгч вирус  ашигласан.  Тээгч вирус нь дээрх хоёр вакцинаас  өөр гэнэ. 3.8 сая хүнд туршихад 97.6%-ийн үр дүн үзүүлсэн гэж вакцин бүтээсэн институт мэдээлжээ. Туршилтын 3-р шатанд нэгдүгээр тунг хийсний дараа ч 73.6%-ийн үр дүнтэй байсан гэнэ. Оросууд үүнээс санаа авч  нэг тунгаар хийдэг Спутник Лайт (Sputnik Light) вакциныг бүтээж хэрэглэж эхэлсэн байна. Спутник В 2 тун хийдэг бол Спутник Лайт вакцин 1 л тун хийдэг гэнэ. Үр дүн нь 79.4% байсан аж. 

Хэдийгээр ДЭМБ болон ЕЭЗА-аас зөвшөөрөгдөөгүй ч гэсэн Спутник вакцины найдвартай болон үр дүнтэй болохыг нотолсон мэдээллүүд гарсаар байна. Аргентинд хийгдсэн судалгаагаар нэг тун хийдэг Спутник Лайт вакцин 78.6%-ийн үр дүн үзүүлжээ. Вакцин хийлгэсний дараах дагавар нөлөө нь дээрх ижил төрлийн хоёр (Астразенека ба Жонсон) вакцинтай ижил байсан боловч хамгийн аюултай гэгдсэн цус бүлэгнэх нөлөө Спутник дээр огт гараагүй нь сонирхолтой.

ДЭМБ болон ЕЭЗА-ыг Оросууд шударга биш, нэг талыг баримталсан бодлого явуулж байна хэмээн буруутгаж байгаа. Ялангуяа ЕЭЗА-т  Файзер вакциныг дэмжигчид байгаа учраас Спутникийг өрсөлдөгч гэж үзээд зөвшөөрөл өгөхөөс цааргалж байгаа хэмээн Оросууд мэдэгджээ. Бодоход, үр дүн багатай хятадын вакциныг зөвшөөрсөн мөртлөө илүү сайн үзүүлэлттэй Оросын вакциныг дэмжихгүй байгаа нь Европын Холбооны улс төрийн болон эдийн засгийн сонирхолтой холбоотой биз ээ. Хэдийгээр тийм боловч дэлхийн 67 орон хэрэглэхийг  зөвшөөрсөн бөгөөд цөөнгүй улсууд, түүний дотор Өмнөд Солонгос, Аргентин, Энэтхэгт  Спутник вакциныг үйлдвэрлэж байна.

Хамгийн олон оронд зөвшөөрөл авч нэвтэрсэн вакцины жагсаалтыг одоогоор Астразенека (Англи) тэргүүлж байна. Удаах байранд Файзер (АНУ), тэгээд Спутник оржээ. Синофарм, Модерна, Жонсон гурав араас нь нэхэж байна. 

Бас нэг шинэ вакцин, Новавакс, туршилтынхаа сүүлийн шатанд явж байна. Энэ вакциныг АНУ-д бүтээж буй. Бусад вакцинтай адилгүй өөр төрлийн вакцин гэнэ. Корона вирусын протейн буюу уургийг ашиглаж хамгаалалт бий болгодог аж. Их Британид явуулсан туршилтын 3-р шатанд 89.3%-ийн үр дүн үзүүлжээ. Энэ вакцин зөвхөн "ориг" Корона вирус төдийгүй Их Британи болон Өмнөд Африкт бий болсон хувилбаруудын (мутац) эсрэг амжилттай үр дүн үзүүлсэн гэнэ. Давуу чанар нь үйлдвэрлэхэд амархан, хадгалахад онцгой нөхцөл шаардахгүй (хөргөгчинд хадгалж болно) аж. Туршилтын үр дүнгээр 65-аас дээш настай, эрүүл мэндийн асуудалтай буюу эрсдэлтэй хүмүүст 91%-ийн сайн үр дүн үзүүлжээ. Тус компаний мэдээлсэнээр энэ вакцин нь Корона вирусын олон янзын хувилбаруудын (мутац) эсрэг 93%-ийн үр дүнтэй гэсэн байна. Альфа, Бета нарын эсрэг сайн үр дүнтэй байсан нь АНУ болон бусад оронд явуулсан туршилтаар нотлогдож байгаа боловч Дельта хувилбарын эсрэг ямар байхыг тогтоохын тулд нэмэлт мэдээлэл шаардлагатай байгаа аж.  

Иргэд маань харьцангуй мэдээлэл их сайн авдаг болжээ. Интернэт гээч юмны ач тус юм даа. Гэсэн хэдий ч зарим иргэд маань аль вакцин нь ямар гэдгийг сайн мэдээгүй, бас төр засгийн ухуулга, шахалтанд автаж хятад вакциныг хийлгэж байгаа.Төр засаг нь ч тодорхойгүй шалтгаанаар хятад вакцин их хэмжээгээр авч сонголтгүй болгочихоод сонголт байгаа гэж гүрийдэг.  Зарим нэг олны танил хүмүүс ч төр засгийн ухуулгийн ажилтан болчихсон тууж явааг харсан биз дээ. Тэд хятад вакцин л чухам хамгийн чанартай нь, бас хамгийн үнэтэй нь гэж рекламдаж байгаа. Гэвч амьдрал дээр өөр байгааг дээр дурдсан билээ.

Хэдийгээр Спутник амьдрал дээр маш сайн үр дүн үзүүлж байгаа боловч Орост халдвар буурахгүй, үхэл нэмэгдээд байгаа шалтгаан нь вакцин хийлгэх нь хүний генд нөлөөлдөг учраас аюултай гэдэг сөрөг сурталчилгаа хүмүүст  хүчтэй нөлөөлсөний гай юм. Одоогийн байдлаар Оросын хүн амын (144 сая)  дөнгөж 13% нь бүрэн вакцинд хамрагджээ. 

Тэгвэл АНУ-ын хүн амын (328 сая) бараг тал нь буюу  49% нь бүрэн вакцинд хамрагджээ. Канадад 47%-ийг  бүрэн вакцинжуулсан. Эдгээр орнуудад байдал эргээд хэвийн болж эхэлж байна. Хэдийгээр Дельта хувилбар гэгч нь хурдтай тархаж, шинэ давалгаа бий болж байгаа ч дээрх улсууд сайн вакцинтай учраас өртөх нь бага, өртсөн ч хөнгөн байгаа. Тэгээд ч дээр дурдсан НОВАВАКС гэдэг вакцин удахгүй зөвшөөрлөө авчихвал айх аюулгүй болох нь ойлгомжтой.

Хятад вакцинаар иргэдээ бөмбөгдөөд амжилт олоогүй улсын тоонд Индонез орж байна. Энэ улс нийтдээ 118.5 сая тун Синовак вакцин, 4.8 сая тун Синофарм вакцин авчээ. Эхний үед хятад вакцинуудыг шат дараатай ихээр авч иргэдээ вакцинжуулж байсан бөгөөд завсар хооронд нь бас өөр вакцинууд (Астразенека, Модерна) цөөхнийг авч байсан гэнэ. Ер нь бол манайх шиг хятад вакцин түлхүү авч шахсан юм байна. Гэвч тус нэмэр болсонгүй, өнөөдөр л гэхэд  1200 хүн нас баржээ. Мөн 50 мянган шинэ халдвар нэмж бүртгэгдсэн бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 2 сая 700 мянга хүрчээ. Энэ улс 276 сая хүн амтай. Вакцинжуулалтын хувь нь дөнгөж 6% байгаа юм байна. 

Өнөөдөр бид энэ балгийг амсаж сууна. Хэдийгээр бид иргэдийнхээ 55%-ийг бүрэн вакцинжуулсан боловч өнөөдөр гэхэд 1019 халдвар шинээр илэрч, 4 хүнээ алдлаа. Сая Наадам хийнэ, хийхгүй гэж баахан мэтгэлцээд Наадмаа хойшлуулсан боловч иргэд маань хөдөөгүүр их л явцгаалаа. Эрхбиш Наадам хийж цугласанаас эрсдэл бага байж болох боловч тэр болгон хамгаалах арга хэрэгслээ ашигласан болов уу даа. Наадмын урт амралт өнгөрөөд намар болохын алдад халдвар бага гарах болтугай л гэж найдахаас. 

Төр засгийн буруу бодлогоос гэх үү, ашиг сонирхолоо бодсон бэртэгчин байдлаас гэх үү, ямар ч байсан өнөөгийн байдалд хүргэсэн эрх баригчид бүх бурууг хүлээх ёстой. Тэднээс хэзээ нэгэн цагт ял асуух өдөр ирэх биз ээ. Гуравхан сая хүнтэй улсыг чинь аль хэдийн чанартай вакцинаар бүрэн тарьчихсан бол өдийд бид хэвийн амьдралдаа орчихсон байх байлаа. Элдэв чанаргүй, үр дүн муутай вакцин авч мөнгө үрж байхын оронд сайн вакцинуудаас мөнгө хайрлахгүй эртхэн захиалж авах ёстой байсан юм. 

Хажууд нь Оросын вакцин байсаар байтал өдийг хүртэл хангалттай хэмжээгээр захиалаад авчихгүй цааргалах нь ямар учир байна гэдгийг эрх баригчдаас асууя. Заавал ДЭМБ-аас зөвшөөрөл гарахыг хүлээх шаардлагагүй шийдвэртэй арга хэмжээ авч Спутник захиалах байсан юм. Спутник дээр алцаганаад байсан юм бол эргэлзэлгүй хамгийн сайн үр дүнтэй гэгдэх АНУ-ын Файзер ба Модерна вакцинуудыг захиалах байсан юм.  3 сая хүнээс чинь хүүхэд балчираа хасчихвал вакцин хийлгэх нь 2 сая л биз дээ? 2 сая хүнд 2 тунгаар бодвол 4-хөн сая тун вакцин л хэрэг болно доо?

Нэг тунг нь 100 доллараар авахад л 400 сая доллар болно биз? Шууд компаниас нь авбал мэдээж хямд байна, гэхдээ зуучлагчаар дамжуулаад авахад дунджаар 100 доллар болно гэж тооцож байгаа юм. 

Тэгвэл манай улс вакцин авахад зориулж нийт хэдэн төгрөг зарцуулаад байгаа вэ гэдэг асуулт байна. Оюунэрдэнийн засгийн газрын 100 хоногийн тайланд бичсэнээр 5-р сарын 6-ны байдлаар 2 сая 900 мянган тун татан авчээ. Үүнээс 2 сая 600 мянга гаруй нь хятадын Синофарм вакцин байгаа юм байна. Үлдсэн цөөхөн нь Спутник, Файзер, Астразенека ажээ. Энд нэг зүйл анхаарал татлаа. Засгийн газрын тайланд Синофарм вакцин гэж бичигдсэн байгаа. Гэтэл Эрүүл Мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа гэгч 4-р сараас Синовак вакцины 2-р тунг хийж эхэлнэ гэж ярьж байснаас үзвэл Синовак вакциныг оруулж ирсэн ч юм шиг. Вакцины нэр андуурч хэлсэн байх болтугай л гэхээс. Уг нь Синофарм нь илүү үр дүнтэй гэх юм билээ. 

За дахиад тооцоо хийе. 2 сая хүнийг тарих 4 сая тун вакцин хэрэгтэй гэсэн байх аа? Дээр дурдсанаар бараг 3 сая тун ороод ирчихсэн, нийслэлийнхэн бараг бүгдээрээ тариулчихсан, МОНЦАМЭ худлаа яриагүй бол нийт улс даяар 79.2%  нь бүрэн тунгаа хийлгэчихээд байхад яагаад өдөрт мянгаараа халдвартай гэж оношлогдоод байна аа? Дахиад хэлье, яагаад гэвэл нөгөө л үр дүн муутай хятад вакцин шахсаны балаг. Бараг 80% нь бүрэн тунгаа хийлгэсэн гэжуга. Ийм өндөр хувьтай вакцинжуулсан улс байна уу? 

Дээр нь нэмээд КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ядуу буурай орнуудад чадуу орнуудаас хандиваар вакцин өгсөн, мөн зарим улсаас шууд хандивлаж байгаа вакциныг тооцвол шаардлагатай тунгийн хэмжээ 4 саяд хүрэхээр байгаа. Япон улсаас 3 төрлийн (Астразэнэка, Файзер, Модерна) вакцины 1.3 сая хүнд шаардагдах тунг хандивлана гэсэн сайхан мэдээ буй. 6-р сард оруулж ирэхээр ярьж байсан боловч өнөөг хүртэл  чимээгүй л байна. 

АНУ-аас мөн ядуу орнуудад вакцин хандивлахаа мэдэгдсэн ба дундаас доош орлоготой ядуу орны тоонд Монгол багтсан тул амласан 500 сая Файзер вакцинаас   бага ч гэсэн хувь хүртэх бололтой. Ядуу буурай байлгаж чадсан үе үеийн эрх баригчдын гайгаар дэлхийн шившиг болсоор...

"Ковидгүй зун" цагийг амлаж байсан энэ засгийн газар элдэв баяр, сонгууль зэргийг явуулсаны балгаар халдварыг улам тарааж хяналтаасаа алдаж магадгүй боллоо. Ядаж байхад нөгөө бөөндөж авсан хятад вакцин нь хамгаалж чадсангүй. Аргаа бараад 3 дахь тунг хийх тухай ярьцгааж байна. 

Хятад вакцин хийлгэхгүй гэсэн хэсэг хүмүүс байгаа. Тэдний буруу ч биш. Сонголттой гэчихээд хятад вакцин шахаад байгаа эрх баригчид үнэхээр ширэн нүүрлэжээ. Алдаагаа ойлгож, буруугаа хүлээхийн оронд харин ч эсрэгээрээ хятад вакцинаа шахах гэж элдвийн арга хэрэглэн муйхарласаар. Ажлын байртай нь ярина гэж ил далд сүрдүүлнэ, төрийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж илтэд дарамтлана, одоо сүүлдээ бүр улаан цагаандаа гарч дэлгүүр хоршоонд орохдоо вакцин хийлгэсэн бичгээ үзүүлж байх журам гаргаж иргэдийнхээ эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа. Энэ тал дээр нөгөө хүний эрхийн байгууллага, хууль тогтоогчид, сахиулагчид таг шүү! Ийм л "ардчилсан" улсад амьдарч байна даа. Загас шиг дуугүй байсаар хайруулын тавган дээр морилох хувь тавилантай ард түмэн болж дээ.

Одоо дэлхийг айлгаж байгаа Дельта хувилбар нь ороод ирчихсэн гэж дуулдана. Хэрэв үнэн бол хятад вакцин хийлгэсэн хүмүүс яана даа. Ямартай ч маскаа зүүж, гараа орсон гарсан даруйд ариутгаж өөрсдийгөө л хамгаалахаас өөр арга алга. Хэрэв туслаа гэхэд хөнгөн байх болтугай гэж найдахаас даа. Арчаагүй төр засагтай улс ч хөгөө чирэх юм даа. Гуравхан сая иргэдээ бөөцийлөөд аваад явчихаж чадахгүй байгаа явдал бол зөөлөн хэлэхэд шившиг юм. 



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө