Даам ба заяагүй ард түмэн

Даам тоглож байгаагүй, тоглодоггүй  хүн ховор байх аа. Социализмын үед их тоглодог байсан даа. Ажлын зав чөлөөгөөр, цайны цагаар үзэлцдэг байлаа. Сонирхолтой ч тоглоом. 
Тоглолтын явцад даам гарч чадвал ялалт бараг л хармаанд орсон гэсэн үг. Тэгэхээр даам гарна гэдэг бол амар биш, харин даам гарч  чадвал  пээдийнэ шүү дээ. Эндээс даам гарах гэдэг зүйрлэл бий болжээ. Ухаандаа даам гарсан хүн гэдэг бол томорчихсон, хэнд ч дийлдэшгүй, эрхтэй дархтай мундаг хүн гэсэн утгатай. 

Сая Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байх явцад УИХ-ын гишүүн Учрал энэ нэр томъёог хэрэглэж нэлээн ширүүн дуугарч харагдана лээ. Яамдын газрын дарга нар "даам" гарчихсан хүмүүс байдаг гэж шүүмжилж байсан залуу гишүүн маань төрийн алба хашиж байгаа хүмүүс яагаад даам гараад байгааг болон яавал даам гардаггүй болгох вэ гэдэг учир шалтгаан болон ямар шийдэл байж болох вэ гэдэг тухай харин ярьсангүй. 

За би Монгол улсын нэгэн сайн эр болж, Учрал гишүүний өмнөөс төрийн албаныхан болон бусад улс төрчид, эрх мэдэлтнүүд маань яагаад даам гараад байдгийг нэг амьсгаагаар тайлбарлах гээд оролдоё.

Ерөөсөө л засаглалын хэлбэрээс шалтгаалж байгаа юм. Парламентын засаглалын нэг сул тал нь энэ юм. Ялангуяа улс төрийн соёл, хувь хүний соёл хүмүүжил , зөв сэтгэлгээ төлөвшиж чадаагүй байгаа өнөө цагт хувь хүнд найдаж итгэх нь ихээхэн эрсдэлтэй. Ийм соёл, итгэл үнэмшил төлөвшиж, бидний ёс суртахууны хэв маяг зөв хандлагатай болтол нэлээн их хугацаа хэрэгтэй. Шинэ нийгэм байгуулаад удаагүй байгааг хэлэх үү. Улс төрийн соёл гэдэг бол бидний хувьд цоо шинэ ойлголт шүү. 

Тэгэхээр миний санаа бол ийм соёл, ёс суртахуун төлөвшиж хэвийн үзэгдэл болох тэр цаг хугацаа хүртэл аливаа мууг зөвхөн хуулийн зохицуулалт, тогтолцооны зөв сонголтоор л хазаарлаж чадах боломжтой. Бид 90-ээд оны хувьсгалын дараа буруу тогтолцоогоо сонгожээ. Парламентын тогтолцоо нь муу тогтолцоо гэдэг утгаар биш, харин бидэнд тохирохгүй хэлбэрийг сонгожээ гэсэн утгаар. Тэрнээс биш парламентын тогтолцоог сонгоод явж байгаа өндөр хөгжилтэй улсууд байлгүй яахав.
Парламентын тогтолцоог улс төрийн соёл төлөвшсөн, олон намын систем нэвтрээд удаж байгаа, хувь хүмүүсийн ёс суртахуун, соёл  өндөртэй болж чадсан тийм улсууд амжилттай хэрэглэж байгаа. Манай улс ийм түвшинд хүрэх болоогүй учраас Парламентын засаглал таарахгүй байгаа юм. 

30 жил энэ засаглалын хэлбэрийг  туршаад бүтсэн юм алга. Аливаа юмыг болохгүй бол өөр аргаар үздэг дээ, уг нь. Хуучин аргаараа болгох гээд зүтгээд байдаг муйхар хүнийг тэнэг хүн гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ?
Одоо бид цаашаа ингэж явж болохгүй ээ. Өдий болтол 30 жил бид чинь дандаа муу хүмүүсээ сонгоод байсан гэвэл алдас болох байлгүй дээ. Тэгэхээр хүндээ биш, тогтолцоондоо асуудал байсан байгаа биз? Бидний сонгосон тогтолцоо маань (Парламентын засаглал) сайн хүмүүсийг маань муу болгоод байгаад л хамаг учир байна. Юм үзээгүй, өлөн зөлмүүн хүмүүс маань эрх мэдэлд очоод л өлсгөлөн чоно шиг идэж уух гээд дайрдаг байхгүй юу! Хувь хүний ёс суртахуун, улс төрийн соёл байхгүй хүмүүс  чинь боломж олдсон дээр нь гээд л улайрдаг. Тэдэнд ичих нүүр, эмээх айх гэдэг ойлголт байхгүй. 

Төрийн албаныхан, эрх мэдэлтэй албан тушаалтнууд даам гардаг чинь ийм учиртай. Энэ яагаад Парламентын засаглалаас болж байна вэ гэвэл энэ засаглал бол намын дарангуйллыг өөгшүүлдэг, дэмждэг учраас тэр юм. Нам гэдэг халхавчийн цаана дураараа дургидаг гэсэн үг. Нам сонгуульд ялсан бол засгийн эрхийг авдаг тогтолцоо юм шүү дээ. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог. Гэхдээ УИХ-аас (Парламентаас) Ерөнхий сайд ба бусад сайд нар томилогддог учраас Засгийн газар нь Парламентаас хамааралтай байдаг бөгөөд УИХ-ын гишүүдээс Засгийн газрын сайдаар давхар ажилладаг. Ингээд хууль тогтоох байгууллага (УИХ) ба гүйцэтгэх засаг (Засгийн газар) хоёр нь нэг хөнжилд ордог юм. 

Нэг хөнжилд орсон хоёр этгээд бие биенээ хянаж чадах уу? Манай нөхцөлд өмнө өгүүлсэн тохироо бүрдээгүй учраас ийм хяналт байх боломжгүй. Давхар дээл өмссөн УИХ-ын гишүүд болон өмсөөгүй гишүүд бүгд л засгийн ажилд хутгалдаж мөнгөтэй холбоотой хэрэгт хошуу дүрж, хуруугаа хөдөлгөдөг. Ялсан нам өөрийнхөө гишүүд, дэмжигчдийг ажилд оруулж, албан тушаалд тавьдаг. Ялсан талын хишиг хүртээж байгаа юм уу даа. Ялсан намын буянаар нэг хэсэг нь ажилтай болж, хуучин ажиллаж байсан хэсэг нь гудамжинд гардаг. Даам гардаг дарга нар бүгд л ийм замаар томилогдсон учраас пээдгэр байх нь аргагүй. Тэд нарын ар талд томилсон сайд нь, дэмжиж нэрийг нь санал болгосон УИХ-ын гишүүн, ивээлдээ авсан нам нь байдаг учраас пээдгэр байдаг юм. Ийм даамууд хэр баргийн асуудалд бүдэрч унахгүй хамгаалалтанд байдаг учраас их пээдгэр байдаг. 

Хэрвээ даамнуудыг гаргахгүй гэж байгаа бол тогтолцоогоо л солих хэрэгтэй. Уг нь төрийн албан хаагчид, эрх мэдэлтнүүд чинь ард иргэддээ үйлчлэх үйлчилгээний ажилтнууд юм шүү дээ.  Тэг гэж сонгож, томилсон юм. Гэвч ардаа өчнөөн хамгаалалттай эрх мэдэлтнүүд маань үйлчилгээний ажилтан гэдгээ ойлгохгүй харин өөрсдийгөө захирагч гээд буруугаар ойлгочихоод биднийгээ загнаад, зандраад, чирэгдүүлээд, дарамтлаад сууж байдаг болсон доо. 

Энэ бүхнийг өөрчлөхийн тулд Ерөнхийлөгчийн засаглалыг тунхаглаж Үндсэн Хуулиндаа зохих өөрчлөлтийг хийх ёстой юм. 
Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь өөрөө засгийн газрынхаа гишүүдийг сонгож УИХ-аар батлуулсанаар багаа бүрдүүлээд явдаг. УИХ ба Ерөнхийлөгч хоёр хоёулаа бүх ард түмний сонгуулиар сонгогддог учраас бие биенээсээ хараат бус бөгөөд харилцан хяналт тавих тэгш эрхтэй. УИХ нь гүйцэтгэх засгийн ажилтай хутгалдахгүй, мөн давхар дээл өмсөх боломжгүй. Засгийн газрын гишүүд Ерөнхийлөгчийн сонгосон хүмүүс байх учраас хэн нэгний шахааны хүн, бүлэг фракцын төлөөлөгч ордог явдал алга болно. 

Мэдээж бүх ард түмнээс сонгогдсон учраас гүйцэтгэх засгаа тэргүүлэх Ерөнхийлөгч маань тухайн ажилд хамгийн сайн тохирох боловсон хүчнийг сонгож авах нь ойлгомжтой. Тэр хүн чинь улсаа өөд нь татна гэж тангараг өргөсөн учраас ямар нэгэн албан тушаалд огт тэнцэхгүй, чадваргүй, туршлагагүй хүнийг томилж өөрийнхөө нэрийг баастай хутгахгүй нь мэдээж. Хамаатан саднаа томилж, гараанаасаа эхлээд ард түмнийхээ итгэлийг алдаж хараалгаж зүхүүлэх, тэр ч байтугай огцрохдоо тулахыг хүсдэг тэнэг амьтан байхгүй болов уу. Тэгээд ч танхимын сайд нарыг нь давхар УИХ-аар шүүх учраас бор халзан хонь сайд болох магадлал тэгтэй тэнцэнэ. 

Шаардлагатай бол Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний хамаатан садан, гэр бүлийн, ураг төрлийн хүн засгийн газар болон түүний харъяа газарт ажиллаж болохгүй гээд хуульчлаад өгөх хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас шулуухан ингээд заагаад өгчихсөн ч болохгүй зүйл үгүй. Хүний эрхийг хаалаа боолоо гэдэг асуудал энэ дээр яригдах ёсгүй юм, яагаад гэвэл тухайн  хүний эрх ашгаас улсын эрх ашиг дээгүүр тавигдаж байгаа учраас тэр. Мөн Ерөнхийлөгчийн гадаад оронтой хийж байгаа хэлэлцээр, гэрээ зэрэг томоохон асуудлыг УИХ-аар хэлэлцэж зөвшөөрсөний дараа хүчин төгөлдөр болдог заалтыг зохих хуулиндаа оруулж өгөх хэрэгтэй. Ингэвэл хэн нэгэн гадны этгээдийн ашиг сонирхолд нийцүүлж, өөрийн улсдаа хохиролтой аливаа тохироо, хэлцэл хийгдэх боломжгүй болох юм. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн эрхийг тодорхой түвшинд хязгаарласан зохицуулалттай байвал Ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлэх аюулыг хааж өгнө. 

Харин дотоодынхоо засгийн ажилд УИХ-аас хамааралгүй өөрөө бие даан асуудлаа шийдээд, аж ахуйгаа аваад явах бүрэн эрхтэй байх нь ойлгомжтой. Ингээд зохицуулаад, хуульчлаад өгчихвөл Ерөнхийлөгч гадны нөлөөнд автаад улсдаа хохиролтой зүйл хийчихнэ, эсвэл гадныхан Ерөнхийлөгчийг худалдаад авчихна гэж эмээх шаардлагагүй болно. Мөн Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол дарангуйлагч бий болно гэж хийрхэгчид дарангуйлагч бий болгохгүй хуулийн зохицуулалт, аргаа санал болгоод хууль болгоод авах хэрэгтэй. Тэгвэл шөнө тайван амгалан унтаж болно шүү дээ. Намын дарангуйлалд олон жил дарлуулж гуйлгачин болчихоод, гадна дотны луйварчдад мөлжүүлж хамаг байдгаа алдчихаад, эцэст нь дааж давшгүй өрөнд орж өтөнд баригдчихаад, хамгийн сүүлд газар орноосоо тасдаж өгөх аюулд тулчихаад айж сандрахгүй дебил царайлах мөртөө Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлдог болгоё гэхээр дарангуйлагч гарч ирнэ гэж тэнэгтэх тэнэгүүдийг ойлгохгүй юм. Тэгвэл намын дарангуйлалтай Парламентын засаглалаа хэвээр нь байлгаад дахиад 30 жил яваад үз дээ. Одоо 3 хүний 1 нь ядуу болсон байгаа юм чинь дахиад 30 жил өнгөрөхөд 3 хүний 2 нь ядуу болсон байх биз. Тэр цагт мянга хашгираад сонсох хүн ч байхгүй болсон байна. Аль замаар нь явахаа өөрсдөө мэдтүгэй.

Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт нэрээр Парламетын засаглалаа хэвээр нь авч үлдэх "нийгмийн захиалгат" ажлынхаа сүүлийн шатанд орж байгаа гэнэ, манай УИХ-ынхан. Нийгмийн захиалга гэж гоё нэрийг Лүндаажанцан гэгч нөхөр хэлж байна лээ. Үнэндээ нийгмийн захиалга бол одоогийн энэ завхралыг арилгаад өгөөч ээ гэсэн захиалга юм шүү дээ. Тэрнээс биш энэ байдлаа хэвээр нь байлгая гэж ард түмэн захиалга өгөөгүй. Тэгэхээр Лүндаажанцан гэдэг нөхөр бас л ард түмний нэр барьж ичихгүй худлаа ярьж байгаа нь тэр. Ер нь манай улс төрчид, эрх баригчид, даам гарагсад бүгд л ард түмний нэрийг барих дуртай гэдгийг бид мэднэ. 
Одоо Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай ард түмний санал асуулга явуулна гэнэ ээ. Ямар асуулт байх юм бүү мэд. Ажлын хэсэг нь энэ ажилд бэлдэх юм байх. Бодвол тэр санал асуулгын хуудсан дээр дараах утгатай асуулт байх болов уу:

- Та Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа эсэх саналаа өгнө үү.
(Зохих хариултаа дугуйлж тэмдэглэнэ үү.)

1. Дэмжиж байна

2. Дэмжихгүй байна 

Иргэд маань нарийн сайн учир, ялгааг нь мэдэхгүй учраас ерөнхийдөө нөгөө дордуулсан гэх 7 өөрчлөлтийг засаж байгаа бол дэмжиж байна аа гээд л 1 гэснийг нь дугуйлчих байх л даа. Ингээд л манай эрх баригчид, улс төрчдийн, намуудын мөрөөдөл биелж, дахиад 30 жилээр тогтохгүй хугацаанд Парламентын гэх засаглал нэрийн дор намын дарангуйллаа үргэлжлүүлж, эрх мэдэл албан тушаалаа амин хэрэгцээндээ ашигладаг арвин туршлагаа баяжуулж, төрөөс тэрбумтан болох баталгаагаа гардаж авах нь тэр дээ. Хэрвээ 2 гэсэн дугаарыг дугуйлбал энэ нэмэлт өөрчлөлтийн төсөл хүчингүй болж, одоогийн Үндсэн Хууль хэвээрээ үлдэх юм.

Аль ч сонголт нь Парламентын засаглал гэгчийг өөрчлөхгүй.  Ажлын хэсэг засаглалын хэлбэрийг сонгуулах тухай санал асуулга явуулахгүй, зөвхөн одоо хэлэлцэж байгаа төслийн тухай л санал асууна гээд байгаа учраас аль ч сонголтоор нь Парламентын засаглалын хэлбэр хөндөгдөхгүй гэсэн үг.
Хэрвээ иргэд Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэж байгаа бол гудамжинд гарч жагсахаас өөр арга байхгүй. Парламентад суудалгүй жижиг намууд эсэргүүцээд нэмэр болоогүй. Одоо ард түмэн тэмцэж л УИХ болон эрх баригчдыг шахахгүй бол байдал огт өөрчлөгдөхгүй гэдэг нь ойлгомжтой боллоо. Гэвч Монголчууд маань мэгзмээ уншаад, нүд нь аниастай залбираад л хэвтэцгээж байх шиг. Заяа нь хаясан ард түмэн л гэж ийм байдаг байх даа. Одоо хувь заяатайгаа эвлэрээд л хошуугаа салтаандаа хавчуулаад, элдэв гомдол гаргалгүй, мөрөөрөө гэлдрээд л яваад байж дээ. Хэзээ энэ улс орон сэхэж босохыг тэнгэр л мэдэх байх даа.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө