АНУ диваажин биш шүү

АНУ-ыг диваажин гэж үздэг, тийм ойлголттой хүмүүст анхааруулга болгож товч  сэрэмжлүүлэг өгөхөөр  шийдлээ. Учир нь сая Чикого хотод өнгөрсөн 7 хоногийн сүүлийн 3 өдөр (Баасан, Бямба, Ням, Даваа) дараалсан аллага болж нийтдээ 72 хүн буудуулсанаас 13 хүн нас барсан хэрэг гарлаа.
Халдлага нэг цэгт, нэг цагт болсонгүй, харин уг хотын өөр өөр дүүрэгт, өөр өдөр, цагт болжээ. Зүгээр л таарсан хүмүүсээ буудаж зугаацсан бололтой. Учир нь хохирогчид нь гадуур явж байсан янз бүрийн насны, хүйсийн хүмүүс байжээ. Мафи буюу гэмт бүлэглэлүүд хоорондоо дайтаад байсан юм байхгүй гэж ойлгохоор байна. Ийм учраас энгийн иргэдээр буудлагын бай хийж зугаацсан алуурчид байсан гэж хэлж болно. Баригдсан хүн одоогоор байхгүй гэнэ.

Буу эзэмших явдал бол Америкийн үндэсний уламжлал гэж сайрхдаг хүмүүс ийм хэрэг гарсаны дараа ч байр сууриа өөрчлөхгүй нь ойлгомжтой. Энэ байтугай хэрэг гарсан ч , тухайлбал, сургууль руу нэвтэрч ороод сургуулийн сурагчдыг олноор нь хядсаны дараа ч буундаа үнэнч үлддэг хүмүүс. Тэдний ойлголтоор бол буунд буруу байхгүй, харин буруу хүмүүс буу эзэмшиж байгаад гол учир нь байгаа гэдэг. Энэ хэдийгээр нэг талаар үнэн мэт сонсогдовч, хэрвээ иргэдэд  буу эзэмшихийг (ангийн зориулалтын буунаас бусад) хориглочихвол ингэж бөөнөөр нь хядаад байх боломжгүй болно биз? Чанга хяналтан дор ангийн буу худалдаж авах, эзэмшихийг зөвшөөрдөг бөгөөд гар буу мэтийн бусад буу зэвсгийг хувь хүнд хориглочихвол буруу буюу муу хүмүүс буутай болох боломж маш багасна.  Хутга барьсан хүнээс биеэ хамгаалах нь буу барьсан хүнээс амьд мултрахаас хамаагүй илүү шанстай.  Хэн ч гэсэн сургууль дээрээ, ажил дээрээ, эсвэл зүгээр гудамжинд явж байгаад бууны суманд өртөх эрсдэлд  байнга байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй.
Амьд явахад баталгаагүй, хамгийн аюултай улсын нэг бол АНУ юм.
Калифорн мужийн Аламеда хотын цэцэрлэгт найзуудтайгаа зугаалж явсан Монгол охин дээрэм хийх гэсэн бүлэг этгээдийн буудсан суманд өртөж нас барсан  харамсалтай хэрэг гарч байсан.

АНУ-ын 50 мужаас нэжгээд нь марихуана гэх мансууруулагч өвсийг хэрэглэхийг хууль ёсны болгочихлоо. Яваандаа бүх муж нь ийм болох биз. Өмнө нь энэ өвсийг хэрэглэх (татах) нь хууль бус байсан бөгөөд зөвхөн эмчийн зөвшөөрөлтэй,тусгай карт бүхий иргэд өвчнөө намдаах зориулалтаар хэрэглэж болдог байсан. Одоо бол замбараагаа алдсан. Хаа саагүй ийм өвс татсан, муухай үнэртүүлж мансуурсан хүмүүс хэлхэлдэх цаг ирж байна. Колорадо, Калифорн зэрэг мужуудад энэ бизнес ид цэцэглэж, тэрбумаар нь ашиг олж байна. Ургуулж бэлтгэдэг, зардаг цэгүүд бий болжээ. Хэдийгээр энэ өвсийг татсан хүн илүү тайвширдаг, архинд согтсон хүнтэй адил тавтиргүйтэж сахилгагүйтдэггүй гэдэг боловч мансуурсан хүн өөрийгөө жолоодож, захирч чадах уу гэдэг эргэлзээтэй.
АНУ-ын коллеж, их сургуульд суралцагчид дотор өвс татдаг оюутнууд зөндөө байдаг аж. Одоо бол тамхи шиг л чөлөөтэй хэрэглэдэг болох боломж нээгдсэн учраас задгайрах нь мэдээж.
Өвс татаад донтчихсон хүмүүс өөр хүчтэй мансуурагч сонирхож, зэрэг нэмэх гэж оролдохыг үгүйсгэхгүй. Хүүхдээ сургууль соёлд өгсөн эцэг эхчүүдийн зовлон нэгээр нэмэгдэж байгаа нь энэ.

Шинэ Ерөнхийлөгчтэй болсон нь арьсны үзэлтэй, гадны цагаачдыг үзэн яддаг хүмүүст таатай явдал болжээ. Үзэн ядах гэмт хэрэг АНУ даяар илт нэмэгдсэнийг үүгээр тайлбарлаж байна. Трамп өөрөө арьсны үзэлтэй хүн гэдгээ өөрийнхөө байр суурь, хэлсэн үг, хийсэн алхмаараа нотолж ирсэн. Цагаан арьстан Америкчууд энэ үзлээ нуух гэж оролдохоо ч больж, ил тод илэрхийлдэг болсон. Трампын ээж нь  АНУ-д өмнө нь түрүүлж ирээд амьдарч байсан эгч нарыгаа бараадаж Шотландаас цагаачилж ирсэн бөгөөд олон жилийн дараа хууль ёсны амьдрах эрхтэй болсон байдаг. Хууль ёсны бичиг баримттай болтлоо олон жил хууль бус цагаач маягаар ажиллаж амьдарч байсан гэсэн үг. Харин эцэг нь Герман гаралтай бизнес эрхлэгч байжээ. Трампын ээж нь өнөөдөр хууль бус гэгдэж байгаа олон сая хүний хувь тавиланг туулж байсан гэхэд болно. Гэвч гаргасан хүүхэд нь "төрлөө танихгүй"  аашилж байна.

Ганц цагаан арьстан ч биш, бас хар арьстанууд ч арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргаж байна. Аль аль нь л бусад өөр арьстануудыг нутаг руугаа буц гэж ил тод хэлэх болжээ. Ялангуяа азиуд (шар арьстанууд) олноор хэлмэгдэж байна. Инээдтэй нь газар зүйн мэдлэг муутай Америкчууд шар арьстай л бол хужаа гэж ойлгодог болохоор Ази хүн л харагдвал  Хятад руугаа буц гэж "шаардах"  болжээ.  Хариуд нь цагаануудыг Европ руугаа, харуудыг Африк руугаа буцацгаа гэж хэлмээр байгаа боловч тэд маань өөрсдийгөө Америкийн уугуул гээд андуурчихаад "хөдөлж өгөхгүй"  байна. Харин нутгийн уугуул Америкчууд (Индианууд гэж андуу нэрлэдэг) уурандаа бүгдийг нь хөөдөг. Цагаанууд болохоор бид цагаачид биш, шинээр суурьшигчид гэж өөрсдийгөө чамин гоёор нэрлэдэг. Гэвч тэд нутгийн уугуул оршин суугчдаас зарим хэсэг газрыг худалдаж аваад харин  ихэнх газрыг булаан дээрэмдэж, хядлага явуулсан гэмтнүүд юм. Хойноос ирээд хот минийх,хотонд ороод хонь минийх гэдгийг үлгэр жишээгээр үзүүлсэн хүмүүс бол анх Америк тивд хөл тавьсан Европчууд юм. Ихэнх нь төрөлх нутаг улсдаа ад болсон, хавчигдсан тэнэмэлүүд байсан гэдэг. Харамсалтай нь өнөөдөр АНУ цагаачдын орон гэдэг өнгө төрхөө алдсаар байна. Уг нь бол зүсэн бүрийн амьтан цуглаж, эвтэй найртай амьдарч байсан газар боловч одоо тэр зураг алга болж, нэг хэсэг нь нөгөө хэсгээ гадуурхдаг, бие биенээ үзэн яддаг хогийн газар болж хувирч байна. Трамп Ерөнхийлөгч байх хугацаанд энэ байдал улам муудаж байна. Дараагийн сонгуульд Трамп дахин сонгогдох магадлал өндөр  байгаа ба хэрэв ингэх юм бол ирээдүйд энэ байдал дээрдэхгүй харин эсрэгээр улам л муудна гэхэд хилсдэхгүй.

АНУ-ын хамгийн баян муж гэгдэх Калифорн мужид алдартай нэгэн гүүр байдаг. Алтан хаалга (Golden Gate) нэртэй энэ гүүрийг  1937 онд ашиглалтанд орсоноос нь хойш 1700 хүн амиа хорлох хэрэгсэл болгож ашигласан байх юм. Энэ нь жилд 20 хүн энэ гүүрэн дээрээс үсэрч амиа хорлодог гэсэн үг. Энэ жил гэхэд л 14 хүн эхний 8 сарын байдлаар нөгөө ертөнц рүү үсэрсэн байна.  Сан Франциско хотын эрх мэдэлтнүүд хэдэн жил хэрэлдсэний эцэст гүүрэн дээр хамгаалалтын тор татаж амиа хорлогчдыг үсрэх боломжгүй болгохоор шийдсэн байна. Шөнийн цагаар тороо татах ажлаа хийж байх юм гэнэ.
Америкийн харгис зах зээлийн тогтолцоо бол чадвал амьдар, чадахгүй бол үх гэдэг зарчмыг мөрдүүлдэг. Ажилтай, орлоготой бол хоолтой, байртай, харин ажлаасаа халагдвал амьдрал нь төгсгөл болох нь гэдэг айдас  хамгийн түрүүнд толгойд нь  бууна. Зээлээ төлж чадахгүй өрөнд орох, эсвэл хамаг юмаа алдаж гудамжинд гарах нь амьдралынх нь дуусгавар мэт төсөөлөгдөнө. Энэ бол амиа хорлож өөрийгөө дуусгах гол шалтгааны нэг болдог аж.

Хэдийгээр Америкчууд баян бөгөөд хангалуун амьдралтай мэт төсөөлөгдөж, харагдах боловч үнэндээ тэдний олонхи нь өр зээлэнд баригдсан, зээлээр амьдардаг улс. Унаж яваа машин нь банкны зээлээр авсан, сар болгон төлбөр хийгдэнэ. Амьдарч байгаа  хувийн гэгдэх байшин нь мөн адил. Хэд хэдэн банкинд данс нээгээд зээлийн карт авчихаад зээлээр бараа, хүнсээ авч байдаг. Сургуульд сурсан ч мөн адил сургалтын төлбөрөө банкнаас зээл авч хийгээд төгссөн хойноо төлж барагдахгүй өрийн дарамтанд амьдарна. Энэ бүх зээлээ сар болгон бага багаар төлж байхын тулд орлоготой байх хэрэгтэй ба тийм учраас ажилгүй болсон хүн сэтгэл санаа ямар болох нь ойлгомжтой. Ийм цохилтонд орсон хүн Алтан Хаалга гүүр рүү явахаар шийддэг нь ойлгомжтой. Монгол маань энэ жишиг рүү явж байгаа. Шууд хуулж хэрэглэх нь манайд яавч зохихгүй туршлага санагдана.

10 жилийн сургуулиа төгсөөд аль нэг коллеж юм уу, их сургуульд элсэж орсон оюутнууд сурахын хажуугаар архидаж сурдаг. Эр эмээрээ нийлсэн элдэв бүлэг байгуулж, эгч дүүс эсвэл ах дүүс болж эвлэлддэг гаж уламжлал АНУ-ын их сургуулиудад тогтсон байдаг. Ер нь архидалт хавтгай болохоос гадна үүнийг далимдуулж зугаагаа гаргадаг явдал их гардаг.  Өөрөөр хэлбэл, эмэгтэй оюутнуудаа согтсоныг далимдуулаад хүчинддэг хэрэг их үйлддэг. Нэр хүнд багатай, олны танил бус сургууль байтугай дэлхийд алдартай Станфордын их сургуульд энэ "уламжлал"  тасардаггүй гэнэ. Сургуулиуд энэ мэтийн хэргийг дарагдуулдаг, авч хэлэлцсэн ч дорвитой шийддэггүй нь  оюутнуудыг өөгшүүлдэг нь мэдээж. Сургуулийн нэр хүнд гэдэг нэрээр ингэж хаацайлдаг нь үнэн юм.

Станфордын удирдлага 2014-2016 онуудад 84 хүчингийн хэргийн гомдол хүлээж авчээ. 2016 онд л гэхэд 33 хүчингийн хэрэг гарсан тухай холбогдох  яамандаа  мэдэгдэж байжээ. Энэ нь сард бараг 3 хүчингийн хэрэг гардаг гэсэн үг. Охидоо сургуульд явуулж байгаа ээж аавуудын  санааг  зовоох асуудлын  нэг энэ болж байна. Нэгэн коллежийн дотуур байрны бохир ус зайлуулах шугам бөглөрөөд байсан шалтгааныг тогтоох үеэр  мөнөөх сургуулийн оюутнууд усанд орохдоо гар хангалга их хийдгээс болжээ гэж дүгнэлт гаргасан  тухай хэвлэл дээр бичигдсэн байсныг уншиж байсан юм байна. Сургуулийн захиргаанаас гар хангалгаа усанд орохдоо хийхгүй байхыг оюутнууддаа уриалж байсан гэж байгаа.
Ер  нь армид алба хааж байгаа  цэргүүд биш юм чинь бэлгийн дур хүслээ хүчин хийхгүйгээр аргалж болмоор л юм.

Арьс өнгөөр ялгаварлах, зэвсэгт дээрэм, аллагад өртөх, сургууль дээрээ хүчиндүүлэх гэх мэт нь Америкийн өнөөгийн нийгмийн хар бараан зурагны зөвхөн нэг хэсэг нь юм. Мэдээж өөр асуудлууд зөндөө бий. Тэр тухай боломж олдвол дараа бичимз. Энэ удаа зөвхөн зарим нэгийг нь цухас дурдлаа.
АНУ-ыг амьдралаа өнгөрөөх газар болгох бодолтой, төлөвлөсөн хүмүүс сонголт хийхээсээ өмнө сайн эргэцүүлнэ биз дээ. Хамгийн ноцтой нь арьсны өнгө, гарал угсаанаас болж ад үзэгдэх, гадуурхагдах явдал юм.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө