Эрс өөрчлөлт хийх үү, энэ байдгаараа байх уу?



Завхан аймгийн Идэр сумын оршин суугч, төрийн албан хаагч С.Тэгшжаргал  хэмээгч амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Дам сургаас сонсвол ажлаасаа халагдсанаас болсон гэнэ. Нэгэн гэр бүл үгүй болж , хүүхдүүд өнчирлөө. Юутай эмгэнэл. Ямар хямдхан амь бэ гэх хүн ч байна. Амьжиргаа залгуулах эх үүсвэрээ алдсан хүн сэтгэл зүйн ямар ч байдалд орсон байж мэднэ.  Сэтгэлийн хатуужил сайтай хэсэг байхад эмзэг нэгэн ч байдагт гайхах юмгүй. Хүн бүр адилгүй, хүлэг бүр жороогүй гэдэг байх аа?

Талийгаачийг амиа егүүтгэхэд хүргэсэн 2 том шалтгаан байна.
1. Намын талцал
2. Хууль гууль болсон явдал

- Талийгаач Монгол Ардын намын хүн байжээ. Тийм учраас МАН эрх барьж байх үед мэргэжилтэн сонгон шалгаруулах шалгалтанд авсан оноогоороо 3-рт  эрэмблэгдсэн хэдий ч намын нүүрээр төрийн албан хаагч болж чаджээ. Сумын засаг дарга нь намынхаа хүнийг томилсон хэрэг. Арын хаалгадсан байхгүй юу.
Хамгийн өндөр оноо авч 1-рт орсон хүн заргалдаад бараагүй  юм байх. Намчирхах солиорлын буянаар ажилтай болсон тэрээр саяын сонгуулиар ялалт байгуулсан Ардчилсан намын "цэвэрлэгээнд"  өртсөн байна.
- Тухайн сонгон шалгаруулалтаар эхний байранд орсон хүнийг томилолгүй Төрийн албаны тухай хуулийг зөрчин том толгой гаргасан тус сумын хуучин Засаг дарга бас буруутай.  Энэ нөхөр ингэж хуулиа нулимаагүй бол ийм хэрэг болохгүй байсан. Хууль гууль болсон жишээ энэ. Хэн дуртай сэтэртэн нь хуулиа нулимдаг болжээ.

Энэ эмгэнэлт явдал намчирхдаг донтонгуудад цочроо өгөх ёстой.  Гэвч харамсалтай нь ийм байдал ажиглагдахгүй байна. Хятадын дарлалд бачимдсан Төвдийн лам нар зулын гол болсон тохиолдол нэг зуу (!) гарсан боловч дэлхийн олон нийт тоохгүй байна. НҮБ ч  хэрэг алга. Мянгаараа зул болж, Төвдүүд устаж алга болсоны дараа л  дуугарч магадгүй. Үүнтэй адил  ганц хүн чад хийхэд намчирхсан Монголчуудын чих нь ч загатнаагүй бололтой. Намаараа талцаад гэр бүл хэрэлдэж салсан тохиолдол дуулдаж байсан. Хэдэн хүний амь, амьдрал хохирч, сүйрсэний дараа бид цочроо авч ухаарах вэ? Монгол улс доройтож туйлдсаны дараа, магадгүй энэ байдлаасаа болж гадны улсын хараат болсоны дараа ухаарцгаах юм биз дээ. Тэр цагт "оройтсон бороо"  болсон  байх вий.

Хөрсөн дороо эрдэнээр баян, хөдөө тал нь малаар дүүрэн ийм улсыг ингэж ядуу байлгахад нэлээд "мундаг менежмент"  шаардагдана. Хүлцэнгүй гэдэг нь гайхалтай манай ард түмэн мөн ч их тэсэж байна даа. Аргагүй л тэвчээртэй ард түмэн юм. Гэхдээ түрүүчээсээ энд тэнд дуугарч эхэлж байна. Төв талбайд хагас нүцгэн 3 хүүхэн эсэргүүцэл илэрхийлж зогсоод торгуулсан. Ард түмний онц зөвлөл (АТОЗ) жагсаал хийх гэж байна. Зохицуулагч Батчулуун иргэдээ жагсаалд ирэхийг уриалсан. Олноороо ирвэл бид ялна, ирэхгүй бол бид ялагдаж, бидний үр хойчийг  боолын хувь заяа хүлээж байна гэж тэр хэллээ. Улаанбаатарын утаа хэрээс хэтэрч том багагүй хордож байхад цуглаж жагсахгүй байгаа хүмүүс АТОЗ-ийн цуглаанд ирэх болов уу?
Боломжтой нь очицгооё, боломжгүй нь бусдыгаа уриалцгаая! Үр хүүхэд, улс орныхоо ирээдүйн төлөө очоорой гэж ах дүү, амраг садандаа дамжуулцгаая! Огноо нь энэ сарын 31.

Нийгмийн тогтолцоо, системээ өөрчлөхгүй бол өнөөдрийн байгаа хэв маягаар явахгүй нь мэдэгдэж байна. Үндсэн Хуулийг өөрчилж, олон толгойтой ойлгомжгүй тогтолцоогоо халах цаг болжээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэдэг 2 албан тушаалыг 1 болгох хэрэгтэй байна. Хэн гэж нэрлэх  нь чухал биш. Энэ хоёрыг нэгтгэж нэг хүнд хариуцуулаад, эрхийг нь өгөөд ажиллуулдаг болохгүй бол хоёр хүний (Ерөнхийлөгч, Ерөнхий сайд) дунд хариуцлага саармагжаад, хэн ч ял үүрэхгүй бултдаг жишиг хэвээрээ үлдэнэ. Хүчтэй Ерөнхийлөгчтэй (буюу Ерөнхий сайдтай) байж, хууль тогтоох байгууллага нь бүхний дээр байдаг энэ гаж байдлыг өөрчлөх хэрэгтэй. Шүүх засаглалыг мөн хэн нэгэн субьектээс  сонгогдож ямар нэгэн байдлаар хараат болдог байдлыг халмаар байна. Зарим иргэд 2 танхимтай Парламент байх нь дээр гэж үзэж байна. Гэвч 100 ямаанд 60 ухна гэдэг шиг юм болох вий. Сайтар тунгааж бодох асуудал.

МАН-ын Засгийн газар саяхан  хурдан морины уралдаан явуулахыг түр түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрийг зөрчиж Дүнжингаравын уралдааныг зохион байгуулсан жишээ бол төр засаг маань яаж дампуурсаныг нотлох том баримт болж байна. Аргаа барсан хүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд Засгийн газрыг дахин шүүхэд өгчээ.  Гурав дахь удаагаа өгч байна гэнэ үү? Марзан юм ч мөн болж байна даа. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, албан байгууллагыг албаддаг биз дээ? Тэгвэл манай шүүх Засгийн газраа яаж шийтгэхийг харъя.
Энэ мэт олон завхралыг засаж, ном горимд нь оруулахын тулд эрс өөрчлөлт хийхээс өөр арга алга. Хийхэд уг нь амархан.Гол нь иргэн бүр л биечлэн оролцож дэмжих хэрэгтэй байна.


 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө