Бат-Үүлийг чулуугаар цохиж алах хүсэл

Э.Бат-Үүл (УБ хотын захирагч асан)
"Шүүр унасан шулам" асууж байна:   - Чи ер нь  ял сонссвол яахуу?  Цагаан толгойтой нэгэн  хариулж байна:  - Чи намайг буруутай гэж бодоод байгаа юм уу?
Цензургүй яриа- ны Мөнхбаясгалан ээлжит нэвтрүүлэгтээ Улсын баатар Бат-Үүлийг  дуудаж авчраад "байцааж"  байгаа нь энэ.
Бас ч гэж олон жил сэтгүүлчээр ажиллаж буй энэ бүсгүй ийм асуулт тавьж "дарууханаар өөрийгөө илчилж"  байхад энгийн бүдүүн борог бөгөөд брендээр өвчилсөн хоосон толгойтнууд Бат -Үүл рүү  хараалаа урсган хашгичаж дайрах нь хэвийн үзэгдэл.
Ер нь бол мань эрийг нүцгэлээд ухсан нүхэн дотор хийгээд чулуугаар нүүлгэж цохиж ал гэвэл ура гээд дайрах улс зөндөө байгаа бололтой.
Энэ бол гутамшиг. Том эмгэнэл. Баатар минь ингэж л дуусах хувь заяатай байж дээ. Хар амиа бодоод энгийн олон дотор холилдоод,  сүргийн нэг болоод явж байсан бол арай урт наслах ч байсан юм бил үү , хэн мэдлээ. Бусдын төлөө, нийгмийн сайхны төлөө бие, нойр хоол, нервээ золиосолж, бусдын манлайд явж  байсны шан харамж нэг иймэрхүү ирж байх шив дээ. Монголчууд жинхэнэ арчаагүй араншингаа энэ удаа дахин тод харууллаа.

Хуулийн дагуу шалгаад зөв бурууг нь тогтоогоод явдаг дэгтэй журамтай нийгэмд байсан бол санаа зовох юм алга. Тэгэх боломжийг нь ч бид хангаж өгөх ёстой. Харин элдэв бусармаг аргаар хэн нэгний сэтгэл зүйд нөлөөлж, нийгмийг төөрөлдүүлэх санаатай санаагүй цуу тараах, тийм боломжийг өөгшүүлэх, хүлцэх зэрэг нь эцэстээ юу нь мэдэгдэхгүй бантан болж, аливаа бодит дүгнэлт хийх, бие даасан байр суурь баримтлах боломжгүй болгож байна. Тэр тусмаа цуурхал, хов живэнд итгэх дуртай Монголчууд шар мэдээгээр тархиа цэнэглэж, өгдөг ял дүгнэлтээ аль хэдийн өгчихсөн  сууцгааж байна. Хууль хяналтынхан нь чихээ даран , эс үйлдлээрээ энэ байдлыг өөгшүүлэн гүлдийнэ. Дурын  хэвлэлийнхэн дуртай адал явдлаа зохион бичиж хүний нэр  төрийг гутаан унагаж, мунхаг иргэдийнхээ толгойг эргүүлж, орлогоо дээшлүүлэн амь зогооно. Бухимдсан нэг нь эсэргүүцэн өмөлзөхөд хэвлэлийн эрх чөлөө хэмээх бамбайг өмнөө барин хаах ба энэ ёс бус байдлыг зохицуулж байх төр засаг нь дүлий дүмбэ оргин эс хөдөлнө.

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдохоос нааш хэнийг ч буруутанд тооцдоггүй  гэдэг байх аа? Шүүхээр орох нь байтугай шалгагдаж дуусаагүй байгаа гэх энэ хэргийн "эзнээр"  тодорсон Бат -Үүл баатар шоронгийн хадаас болохоосоо өмнө эцсийн удаа телевизийн нэвтрүүлэгт орж байгаа нь энэ.
Байзаарай. Ингэхэд нотлох баримт байгаа юм уу? Аан, тийм. Малгайгаа мартсан гэж байгаа. Хэрэг гарсаны дараа очоод мартсан гэдэг бил үү? Тэгээд? Мартагдсан малгай юуг нотлох юм? Хэргийн газар тухайн үеийн Цагдаагийн даргатай цуг очсон гээ биз дээ? Гарахдаа малгайгаа мартаж. Найз нь алуулсан байхыг хараад хэн ч цочирдоно. Малгай байтугайгаа ч мартана, гээнэ. Малгай яагаад сэжигтнээр татахад баримт болов гэдэг сонин. Өөр бас баримт байгаа юм уу? Байгаа бол шүүх дээр ил гарах биз ээ. Тэр болтол даравгараа хамхиад хүлээж байж чадах нь уу, энэ өлөгчингүүд?!



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө