Дамшигууд чинь даншиглана гэнэ үү?

УБ хотын мээр Э.Бат-Үүл
Даншиг наадам гэгч ямар учиртай баяр цэнгүүн бэ гэдгийг эхлээд ойлгох гэж оролдоё. Учир мэддэг, ном уншиж судалдаг хүмүүсийн бичиж тэмдэглэсэнээр бол анх 1639 онд Даншиг наадам хийжээ. Занабазарыг Халхын (!) шашны тэргүүнээр өргөмжилсөнийг тохиолдуулж уг наадмыг зохиосон гэнэ.  Энэ үед Өвөрмонгол Манжид дагаар ороод 3 жил болж байв. Халх өөрөө 52 жилийн дараа ийм хувь тавилантай учирсан билээ. Зүүнгарын хаант улс Халхаас хойш 66 жил тэсээд баралгүй Манжид эзлэгдсэн түүхтэй. Анхны гарал үүслээс нь харвал энэ наадам цэвэр шашны "зорилготой" байсан нь ойлгомжтой байна.  Хамгийн том даншиг наадмыг 1696 онд Долонннур гэдэг газар зохиосон нь Халх Манжид дагаар  орсоны 5 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Манжийн хаанд даншиг өргөн нүсэр наадацгаасан гэнэ. Энэ утгаараа Манжид дагаар  орсоноо бас давхар тэмдэглэж байсан  ч юм шиг.
Манжаас тусгаар тогтносон 1911 оноос хойш энэ цэнгүүнийг тэмдэглэхийг зогсоосон Богд хааны шийдвэр "нэг юм хэлээд" байгаа  биз? Тэгэхээр энэ наадам маань  шашныг  "пи-ар"-дсан,  Манжид дагаар орсоныг хөхиүлэн дэмжсэн утгатай болж харагдаад байгаа юм.

Өнөөдөр энэ цэнгүүнийг сэргээх ямар шаардлага байна?  Яг үнэндээ бол 1911 онд гаргасан  Богд хааны шийдвэрийг "зөрчих"  эрх УБ хотын мээр Бат-Үүлд байхгүй. Төр хутгалдах ёстой юм бол хууль тогтоох дээд байгууллага нь шийдэх ёстой. Тийм биш юм бол энэ явдал цэвэр лам нарын асуудал. Ер нь тэгээд ч энэ наадмыг  дэмжмээргүй, сэргээж болохгүй  хэд хэдэн үндэс, шалтгаан байна:

1. Цэвэр шашны зорилготой, гарал үүсэлтэй гэдэг шалтгаанаар дэмжих боломжгүй. Шашин төр хоёр тусдаа л байх ёстой юм бол аливаа шашны хэрэг явдал, ёс зүй төрийнхөөс тусдаа байх хэрэгтэй. Шашныхны санаачилсан аливаа хэрэг зорилгыг төрөөс дэмжээд хөөрцөглөөд байх нь зүйд нийцэхгүй санагдана.  Сүүлийн үед төр засгийн болон бусад арга хэмжээнүүд лам нарын оролцоогүйгээр явахаа больсон харагдана.  Аливаа юм туйлшрахаараа биш болдог.

2.  Энэ наадмын  анх үүссэн учир шалтгаан нь түүхийн явцад өөрчлөгдөж улс орны тусгаар тогтнолтой  асуудалтай холбогдоод, агуулга зүс царай нь хувирсан учраас татгалзах нь зүйтэй. Хятадууд Манжийн төрийг өөрсдийнхөө гэж үздэг (болгодог), ингэж хүчтэй сурталчилж байгаа  энэ цаг үед тэр үеийн үйл хэргийг сэргээнэ гэдэг бол Монголчууд өөрсдийгөө "Хятадын харъяат" байснаа хүлээн зөвшөөрч, талархахаа байдаг юм гэхэд нэг их дургүйлхдэгээ больжээ гэдгээ харуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Монгол бол Хятадын нэг хэсэг байсан, ирээдүйд ч тийм болох болно гэдэг сурталчилгааг өөрсдөө дэмжээд байгаа ч юм шиг.

3. Монгол төрийн албан ёсоор хуульчилсан, нийт ард түмний баяр болох Улсын Наадамын нэр хүнд, ач холбогдлыг бууруулах үр дагавар гарахыг үгүйсгэх аргагүй.

4. Төрийн хэрэг тусдаа байх ёстой гэдэг утгаараа шашны газраас санаачилсан, зохион байгуулах гэж байгаа энэ арга хэмжээг төрөөс ямар нэг хэмжээгээр дэмжих, оролцох нь буруу.  Төр оролцож байгаа  нь төр өөрөө шашыг дэмжин дэлгэрүүлэх үйл хэрэгт зүтгэж байгаа гэсэн үг.  Бат-Үүл захирагчийн хэлж байгаа шиг аливаа шашин бол "иргэншил"  гэдэг бол дэмийрэл юм. Иргэншил гэдэг чинь нөгөө кинон дээр гардаг шиг "Галсан мээрэнгийн авгай чинь шал хөгшин чавганц байхгүй юү!" гэдэг шиг  шал өөр "юм" байхгүй юу.  Тэгээд ч өнөөдөр явагдаж байгаа энэ туйлшралыг зогсоохын оронд "Өнөөдөр ламгүй, багшгүй хүн байна уу?" гэж асууж байгаа ийм  төрийн зүтгэлтэн  байгаа нь даанч  харамсмаар.

5. Монгол Улс хөгжин мандахын тулд хүн бүр хөдөлмөрлөх хэрэгтэй. Яг л шоргоолж шиг. Хөдөлмөрч ард түмэн яаж хөгждөгийг Япончууд, Солонгосчууд, Хятадууд, Вийтнамчууд харуулж байна. Тэд өдөрт 10-аас доошгүй цаг ажиллаж байж ийм түвшинд хүрчээ. Хятад, Вийтнам саяхан л ядуу орнууд байсан бол одоо "төрөл арилжсан" байна. Хятад улс ядуу хүнийхээ эзлэх хувь жингээр толгой цохидог байсан бол одоо   хамгийн бага хувьтай болсон байна. Вийтнам улс бэлтэй болж  гадаад орноос арваад тооны усан доогуур явагч онгоц худалдаж авна хэмээн том наймаа хийж байна. Тэгэхэд бид хэдэн хүүхдээ асруулах цэцэрлэг, хангалттай сургууль барьж чадахгүй л байна. Харин баярлах цэнгэх болохоороо хөрөнгө мөнгө гаргаж чадах аж. Бид баяр наадмаа багасгаж, хөлсөө урсгах цаг болжээ. Гадны хөрөнгө оруулалтын хэдэн ногоонд дулдуйдаж, газар дор байгаагаа ухаж бэлэнчлэхийн оронд бүтээлч хөдөлмөр, санаачлагыг дэмжиж хөгжүүлмээр байна. Өнгөрсөн баларсан, утгаа алдсан наадам сэргээж , баялаг бүтээх өдөр цагийг хоосон өнгөрүүлэхийг дэмжихийн оронд бүтээлч иргэдээ дэмжиж, иргэн бүхнээ манлайлаасай. Энэ хэрэггүй арга хэмжээнд зориулж гаргах төсвөө  хэрэгтэй хүнд нь өгч , хэрэгтэй газарт нь  хөрөнгө оруулаасай.

"Хотын зүгээс энэ наадмыг аялал жуулчлал хөгжүүлэх, аялалын бизнесийг өргөжүүлэх гарц гэдэг үүднээс илүү ач холбогдол өгч байна" гэж хотын мээр айлджээ.  Улсын Наадам болон бусад дагалдах баяр наадмуудыг үзэх гэж жуулчид ирдэг байх, харин даншиг үзнэ гэж зорьж ирэх нь юу л бол. Мээр гуай дэгсдүүлсэн бололтой. Хүн ч тэгээд өөрийгөө зөвтгөх гэж юу ч гэж тайлбарлахаас сийдэггүй "амьтан" шүү дээ, угаасаа. Аялал жуулчдыг хөгжүүлэх, сайжруулах олон арга, боломж, шаардлага байна. Жуулчдыг татах ганц арга нь элдэв наадам шинээр зохиох биш юм. Бид наадам шинээр зохиохоос өмнө нутагтаа үзүүлэх жуулчдын үйлчилгээг сайжруулах, шинэ маршрут, үзэх газар шинээр байгуулах, тохижуулах, ая тухыг хангах  гэх мэт хийх ажил зөндөө л байгаа юм шиг.

Ерөнхий сайд маань улс даяар  баяр наадмын  ажиллагааг 8 сар гэхэд дуусгавар болгож ажилдаа орцгооё гэж хэлсэн  сурагтай. Харин хотын мээр маань лам багш нарынхаа үгэнд орж Ерөнхий сайдынхаа үгнээс зөрж байгаа бололтой.  Монголчууд ч олон "толгойтой" болоод сайн сайхныг лав үзсэнгүй 20 гаран жил болжээ. Айл гэр нэг л толгойтой байдаг шиг улс орон бас нэг л толгойтой баймаар байгаа юм. Орчин үед ч тэгээд ийм  байхаа больж дээ. Өрхийн тэргүүн гэдэг цолтой нэг "сүг" айл болгонд байх боловч жинхэнэ "хутгуур" нь тэр айлын "тэргүүн хатагтай" байх жишээтэй.  Монгол улсад ерөнхийлөгч нэртэй нэг "хүүхэлдэй" байх бөгөөд харин жинхэнэ эрх мэдэлтэн нь өөр нөхөр байх жишээтэй. Ийм олон толгойтой айл өрх, улс орны амьдрал ч тэгээд дээр доороо орсон, үймээн бужигнаан ихтэй, тайван биш, ойлгомжгүй, замбараагүй, цадиггүй, тогтворгүй, ирээдүйгүй, бүрхэг.
Эззн хичээхгүй бол заяа хичээхгүй. Бид өөрсдөө хичээж, энэ мэт "дэмийрлийг" болиулж, баярлах шалтаг, унтах цагаа цөөрүүлж, хөлсөө ахиухан урсгаж хичээхгүй бол хөгжлийн замд орж чадахгүй суурин дээрээ хий эргэж хөрвөөсөөр ирээдүй үедээ ийм байдалтай улс орноо хүлээлгэж өгөх нь байна шүү дээ. Бодох цаг болжээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө